Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

"Номын баяр"-т очсон хүмүүсийн 13 ДУЛААН сэтгэгдэл


Өнгөрөгч баасан гарагаас эхлэн гурав хоногийн турш ном зохиолд дурлагч хэн бүхний хувьд Сүхбаатарын талбай наадмын талбай болон хувирсан билээ. Жил бүр зохион байгуулагддаг "Номын баяр" энэ жил олон шинэ зохиолч, шинэ номтой, илүү олон уншигчтай болж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөлөө. Тус баярт очсон, жил бүр очдог хүмүүсээс сэтгэгдэл асууж, мөн баяртай холбоотой пост цуглуулсныг та бүхэндээ хүргэж байна.


1. Номын баяр бол номонд хайртай, дуртай хүмүүсийн Цагаан сар, Наадам, Плэйтайм юм. Хямдхан ном авахдаа ч учир биш, зах зээл дээр буй бараг бүх ном нэг талбайд байгаа учраас цаг хэмнэх, мэдээлэл авах боломжтой болж байгаа юм. Бас бүтээгчидтэй нь уулзаж болдог учраас их сайхан. Номоо зараад анх удаа асарт гарч буй хүнд бол уншигчид зорьж ирэхдээ ганц чихэр ч болтугай бариад ирдэг нь сайхан хэрнээ санаа зовом байлаа. Мөн хөрш асрууд, номоо хэвлэдэг, номоо тавьж борлуулдаг газрууд маань их халамжилсанд маш их баярласан. Орой бүр номоо зөөх болох нь гэж бодтол "Алфабүүк" номын дэлгүүрийнхэн асартаа хонуулаад, хадгалаад өгсөн гэх мэт сайхан зүйлс ч их боллоо. Их дулаахан, дотно, сайхан мэдрэмж төрүүлсэн баяр боллоо.  

Ч.Бат-Уянга

2. Орчуулсан, бичсэн хүнээс нь хүссэн номоо аваад зогсохгүй хямдралтай үнээр авдаг нь үнэхээр гоё. Болзоонд очиж байгаа юм шиг л догдлоод байдаг. Унших дуртай номыг минь бичсэн хүнийг харах, ярилцах боломж олгодог нь хамгийн олзуурхууштай. Номын баяр болох дөхөөд ирэхээр л цаанаасаа зардлаа танаад, мөнгө хадгалж эхэлдэг. Одоо авсан номуудаа яаж, хэрхэн амжуулаад гоё уншиж дуусгах вэ гэсэн "жаргалтай зовлонтой" байна даа.  Сэтгэл санаа тавгүй хэцүү үе минь яг таараад байсан ч төв талбайд очиход л дотор уужирч орхисон. Тэнд бүгд л инээлдээд, цаанаа л нэг таатай дулаахан орчин угтаж авсан. Асруудаар явж, хүмүүстэй мэндлээд яваад байсан чинь яваандаа дотор уужраад сайхан болсон.  

-Золбоо

3. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг номын баярт алгасалгүй очдог. Энэ жил өмнө жилүүдээ бодвол зохион байгуулалт маш сайн байсан нь их таалагдсан.

   "Бууны сумыг буцааж болдоггүй" киноны үзүүлэн болон Монгол бичгээр бичигдсэн босоо ном үнэхээр онцлох хэсэг нь байж чадсан шүү. Зөвхөн ном аваад л өнгөрөх биш өөр олон гоё зүйлийг харж мэдэрч болдог нь сайхан. Уран зохиол гэх агуу галыг цогшоон унтраалгүйгээр улам асаахыг эрмэлзсэн шинэ залуу зохиолчид энэ жил өнөр байсан нь сэтгэлд дулаан санагдсан.

4. Энэ жил би охинтойгоо явсан. Зохиолч нөхөдтэйгөө нэгэн цагт хамт уулзах, шинэ, хуучин сонин содон номыг хямдралтай үнээр нэг дор авах гээд маш олон гоё боломжууд байдаг.

Гэхдээ хямдралтай гэхээсээ үндсэн үнээр нь авч хөдөлмөрч зохиолчдоо дэмжихийг их хүсдэг ээ. Жил ирэх тусам уншигчид ч, зохиолчид ч улам олуулаа болж байна. "Номын баяр"-ын арга хэмжээ нь хүүхэдтэйгээ очиход урамтай, ном унших нь "күүл" гэсэн мэдрэмжийг төрүүлж байдаг. Ном авахаар олон ч хүүхэд ирсэн байгаа харагдсан. Тиймээс цаашид ч жил бүр ирэх болно оо. Жич: Талбай дүүрэн номын үнэр... Зүгээр л гайхалтай.  

-Морри 

5. "Номын баяр"-ын эхний өдөр очсон. Энд тэндгүй дүүрэн инээсэн хүмүүс байсан. Хамгийн сонирхолтой нь, бүр хөөрхөн нь ч гэх юм уу, тэр үеэр нэг ангийн уулзалт болж байх шиг байсан. Яг сайн хэлж мэдэхгүй ч утга зохиолын ангийг төгсөж байсан болов уу гэмээр 40 орчим насны ах эгч нар байсан. Бүгдээрээ адилхан цамцаар жигдрээд ирчихсэн, сэтгэлээсээ нүүр дүүрэн инээгээд, аз жаргал цацарчихсан. Тэнд зургаа авахуулж байгаа хүмүүсийг хараад л сэтгэл цаанаа л сайхан болчихсон. Би өөрөө Тодко Самсон зохиолчийн романыг авах гэж очсон. Номоо ч аваад, гарын үсэг ч зуруулсан болохоор ёстой сайхан өдөр байсан.  

Ц.Хулан 

6. Талбайгаа ямар том юм бэ гэж их гайхлаа. 2 цаг хагас тойроод дууссан ч дараа нь дахиад тойрмоор санагдаад, хорхой ч их хүрсэн. Бас сонин ховор ном их олж харсан. 1983 онд гарсан Хятад-Монгол бичгийн толь байсан. Хуучны ном олж, "Ийм ном гарч байсан юм байх даа" гээд гайхшруулж байсан нь хамгийн гоё байсан.  

-Аминаа 

7. Номын баярт очиход угаасаа сэтгэлд нэг л дулаахан байдаг. Гэхдээ би өнгөрсөн жил хайж байсан номоо энэ жил ч бас олоогүй л дээ. Гэхдээ зүгээр ээ.   Гоё сайхан хүмүүстэй их таардаг, бас тэнд очиход надаас хамгийн эелдэг сайхан ааш гараад байдаг. Энерги нь цаанаасаа л сайхан газар гэвэл уг баярыг л хэлэх байх. Ном авахгүй байлаа ч дундуур нь явахад л сэтгэл дүүрмээр тийм өег. 

"Мангас" гэдэг үгийг багаасаа хэрэглэж ирсэн ч юу гэсэн үг вэ гэдгийг мэддэггүй байснаа бас мэдэж авсан шүү. Гоё сайхан ном их байна лээ.

-Түвшинзаяа

8. Номын баярт очсон сэтгэгдлээ хуваалцсаныг та бүхэндээ пост хэлбэрээр сонирхуулж байна.

9. Жил бүрийн "Номын баяр"-ыг тэсэн ядан хүлээж, зорин очдог ч гэсэн багадаа 25,000 төгрөгтэй байж л очих ёстой, тэгвэл ядаж нэг ч болов ном авна гэсэн ойлголттой байдаг байлаа. Энэ жил шинэ гарсан номын асраас илүүтэй, ховор хуучин номын асраар явж үзсэн минь миний ойлголтыг эрс өөрчилсөн. "Бүх ном 1000" гэсэн урт гудамж эрдэнэсийн агуй шиг л санагдсан. Тун санаандгүй явж байгаад ганцхан аяга кофены мөнгөөр 3 ховор нандин ном авсандаа маш их баяртай байгаа. Дараа жилээс бэлтгэлтэй очиж байгаад тэр номуудыг нэг бүрчлэн ухаж үзнэ гэж бодож байгаа. Халаасандаа ердөө 1000 төгрөгтэй байсан ч та "Номын баяр"-аас шилмэл бүтээлийг худалдан авч чадах юм шүү.  

-Ану.

10. Үеэл минь монгол хэл сурах юмсан гээд байдаг байсан юм. Өөрөө ч номонд их дуртай. "Анхан шатнаас нь үзээд 35 үсгээ бүгдийг нь сурчихсан, одоо ном худалдаж авна" гээд л хэл мэдэхгүй байж арваад хүүхдийн ном авчихсан байсан. Номын баяраар асруудад байсан худалдагч, зохиолчид бүгдээрээ сэтгэл гараад үеэлд минь зөв, сонирхсон номыг нь авахад тусалсанд би маш их баярласан. Тэгээд бүр одоо монгол хэл бичгээ хамгаалах аян өрнөж байгаа дээр бас давхар монгол бичиг сурна гээд сурах бичиг авчихсан байсан. Нэг гайхшруулсан юм нь үеэлд найзууд нь хүүхдийн ном захисан байгаа юм. Зарим нь би ч өөрөө унших нь байтугай гартаа барихаас халширдаг дээр үеийн уран зохиол, шүлгийн түүврийг уншиж сурна гээд л ам өчиг өгөөд ням гарагт бид хоёр дахиад л хүүхдийн үлгэрийн ном, уран зохиолын ном аваад өнөө өглөөхөн гадаад руу каргогоор явуулсан. Найзууд нь дараа жил хил нээгдэхээр заавал ирж оролцоно гээд л байна лээ. Одоо арван сарын нэгнээс Анна Каренинаг үзнэ, түүнээс өмнө номыг нь уншина гэсэн зорилготой болсон доо бид хоёр.   Мэдээж номын баяраар гоё байдаг юм нь ном тодорхой хэмжээгээр хямдраад, бас номын холбогдолтой хавчуурга дагалдаж ирдэг. Басхүү уулзаагүй удсан, худлаа ярьж бултаж явсан хүмүүстэйгээ нүүр тулах... Номыг зохиогчдын болон орчуулагчдын гарын үсэгтэй нь авч үг солилцох алтан боломж гараад ирж байгаа нь сайхан. Нэг сонин юм хэлэхэд гэрээр хичээл заадаг багш маань түрүү жил бараг л таван зуун мянгаар ном авчихсан дараа сар юу иддэг юм билээ гэчихсэн явж байсан. Энэ жил бас л цалингаа урьдчилж аваад машиныхаа арын суудлаар дүүрэн ном авчихсан байсан.

-Rosemary

11. Жил бүр номын баяр сайхан болдог. Хамгийн сайхан нь үндэсний баяр ёслол шиг өргөн болж зөндөө хүмүүс цугларч номын талаар ярилцаж, худалдаж авч оюунаа цэнгээдэг. Бас шинэ болон хуучин номууд хямдралтай зарагддаг. Зөв бодолтой сайхан хүмүүс цуглардаг гэдэг утгаараа ч сайхан болдог.

Миний хувьд жил бүр "Номын баяр"-т оролцож шинээр гарсан болон хуучны ховор зохиолууд худалдаж авдаг. Энэ жилийн хувьд Тагтаа хэвлэлийн газраас орчуулагч Б.Сувддуламын орчуулсан Туркийн зохиолч Эльф Шафакын "Хайрын дөчин дүрэм" номыг ихэд олзуурхаж сонгосон.

Сүүлийн жилүүдэд ном унших хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь сайхан санагддаг. Тэр дундаа залуучууд номонд хорхойсож байгаа нь талархууштай. Шинэ номын нээлт, номын хэлэлцүүлэгт зэрэгт хүрэлцэн очдог залууд зөндөө болсон байсан. Энэ номын баярын онцлох зүйл гэвэл шинээр нээгдсэн хэвлэлийн газрууд, мөн үндэсний хувцас өмссөн залуучууд байсан.  

-Г.Ганбат

12. Энэ л баяраар хүмүүс хамгийн их хүндэлдэг зохиолчидтойгоо уулздаг нь хамгийн сайхан...

13. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний номын баярын хамгийн олзуурхууштай зүйл нь томоохон хэвлэлийн газрууд, зохиогч, орчуулагч, ном бүтээгчид гээд номын ертөнцийн бүхий л төлөөлөл нэг дор цуглаж бүтээл, номоо дэлгэдэгт байдаг. Уншигч, номын хорхойтнуудын хувьд ийм сонголт арвинтай, баялаг худалдаанаас номоо тааваараа, бас хямдралтай үнээр худалдан авах нь ёстой л шавай нь ханасан сайхан хэрэг болдог нь мэдээж. Хамгийн гол нь номын баярын үеэр зохиол бүтээлийг нь шимтэн уншдаг хайртай зохиолч, орчуулагчтайгаа биечлэн уулзах, гарын үсгийг нь авах боломжтой болдог нь маш том баяр. Номын хорхойтнуудын хувьд хайртай зохиолчийнх нь гарын үсэгтэй ном гэдэг хэчнээн үнэтэй өв болохыг, бас хэчнээн нандин бэлэг билээ дээ. Амьдралын хүнд хэцүү, баяр жаргалтай гээд ямар ч цаг үед ном хүнд түшиг тулгуур, найз нөхөр, эрхэм зөвлөх, багш, эсвэл амьдралыг маань хуваалцагч, дэмнэгч болж байдаг. Нэг найз маань хэлж байсан юм, хүний нутагт ганцаардаж, эх орноо, хайртай дотно бүхнээ санаж байхад эх хэлээрээ ном уншихаар л санасан сэтгэл жаахан ч атугай тайлагдаж санаа амардаг гэж. Зарим утга зохиолын дүрүүд уншигчдын сэтгэлд бодит хүнээс ч илүү хоногшиж, зарим номын уур амьсгал, орчин нөхцөл, ер нь ном доторх ертөнц бодит амьдралаас ч илүү уншигчдад нөлөөлсөн нь байдаг. Тийм гайхалтай ертөнцийг үгээрээ урласан эрхэм хүнийг уншигчид нь бишрэн хайрлахаас ч аргагүй. Тийм эрхэм хүмүүнтэйгээ биечлэн уулзах, үг солих, эсвэл зүгээр л харах гэдэг сайхан учрал тохиол шүү. Энэ номын баяраар миний хувьд үнэхээр онцгой нэгэн үйл явдал болсон нь биширдэг зохиолч Д.Урианхай ахтай уулзаж, бүтээлийн чуулган 10 ботийг нь өөрийнх нь гараас худалдан авсан явдал байлаа.

-Ж.Тэгшзаяа


Энэ мэтээр ном зохиолд шимтэн дурлаж, жил бүрийн "Номын баяр"-ын дулаан мэдрэмжийг мэдрэхээр, зохиолчид, орчуулагчидтай уулзахаар яардаг та бүхэндээ баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.