Хайх зүйлээ бичнэ үү

S.M.O.K, Grandmaster брэндүүдийн креатив директор О.Анхбаяртай бид энэ удаа ярилцлаа. Үндэсний хэв маяг бүхий сонирхол татам фудволкуудаар нь анх түүний бүтээлийн “танихгүй танил” болж байв. Харин энэ удаа дотоод ертөнц рүү нь бага ч болтугай өнгийж, хийж бүтээх асар их хүсэл зориг нь хаанаас ундардаг болохыг танин мэдэхээр оролдсон юм.

-Бид таныг “S.M.O.K” брэндээр мэднэ. Харин “Grandmaster”-тай одоо л танилцаж эхэлж буй. Яагаад анх “Grandmaster”-ийг хийе гэж бодсон бэ?

-“S.M.O.K” бол өөрчлөгдөж болохооргүй концепц. Үндэсний мөн шашны гэх мэт үсэг тэмдэглэгээнүүд орсон байдаг. Миний харж байгаагаар “S.M.O.K” Улаанбаатарын залуусыг илэрхийлсэн байдаг. Харин “Grandmaster” философи дээр тулгуурладаг. Жишээлбэл, “Grandmaster” маань “Монгол” гэсэн дүр зураг, илэрхийллийг харуулдаг. Анх “S.M.O.K” консцепцийг олсноос хойш “Монгол” гэдэг агуулгыг гаргаж ирэхийг их хүсэж байсан. Гэхдээ дээр нь нэмчихвэл арай өөр зүйл болох гээд байсан юм. Үүнийгээ “Grandmaster” дээр гаргаж өгсөн. Мөн логоны утга юуг илэрхийлж байна вэ гэдэг маш чухал. Хүн тэр логог хараад цаана нь яг юу оршиж байгааг шууд мэдэж байхаар ойлгомжтой хийхийг хүссэн. Түүнийг хөгжүүлэхийн тулд философи талаасаа илэрхийлэхийг хүсэж байгаа зүйлээ илүү хүчтэй болгож, амилуулж хүргэхийг зорьсон.

-Энэ хоёр брэндийг зэрэг авч явахад хэр байна. Яаж амжуулж байна?

-Нэгийг нь хийж байхдаа нөгөөх дээр нь төвлөрч чаддаггүй. Гэхдээ хүн болгоны дотор хүүхэд зан нуугдаж байдаг шүү дээ. Яг хүүхэд тоглож байхдаа юмыг хийдэг шиг хийдэг нь “S.M.O.K” юм. Нэг их зүйл дээр санаа зовохгүй бага багаар хөгжүүлсээр байгаад учраа олчихдог. Харин “Grandmaster” бол арай бэрх талдаа. Зэрэг авч явахад ер нь хүндрэл бэрхшээлтэй зүйл байдаггүй. Хоёр өөр характер талаас хандаж байгаа болохоор гайгүй. Ер нь бол цаг хугацааны л асуудал. Миний хувьд өмнө нь хоёр зүйл дээр зэрэг ажиллаж үзээгүй. Одооноос л ажиллаж эхлэх гэж байна.  

-Та ямар мэргэжлээр сурч байсан бэ?

-Кино найруулагчийн мэргэжлээр Бээжингийн Кино Академид сурч байсан. Бас Солонгос улсад График дизайны чиглэлээр сурч байсан. 

-Кино урлагаар цааш явна гэсэн бодол байдаг уу?

-Тийм ээ. Яг бэлэн болсон үедээ киноны чиглэлээр явна гэж боддог. Миний ирээдүйн хамгийн том төлөвлөгөө кино байна байх. Бас “S.M.O.K”, “Grandmaster”-ийг хийхээс гадна хөгжим дээр ажиллаж байгаа. Брэндийн тизер, шторк зэргийг би өөрөө хийчихдэг. Энэ хоёр брэнд бол зөвхөн хувцас талаасаа хийгдэж байгаа зүйл нь. Хөгжим болон видео талын юм хийхийг маш их хүсэж байгаа. Хобби маягаар зэрэг хийж явахыг хүсдэг. Энэ бүгдийн учрыг олоод, нэлээн туршлагажаад ирэхээрээ, магадгүй 40 настайдаа кино хийнэ дээ. Түүнээс өмнө хөгжмийн тал дээр хэд хэдэн зүйл хийж байгаа. 

-Ямар нэг зүйлийг хийе гээд зориглох үргэлж л хэцүү байдаг. Яаж энэ бүгдийг хийе, амжуулъя гэдэг шийдвэрийг гаргасан бэ?

-Хийж эхлээгүй байхад дандаа эргэлзээ төрж, зориг шаарддаг байсан. Маш удаан хугацаанд бодсон. Тиймээс эхлээд маш жижиг алхам хийсэн. Юмыг хийхдээ тэр зүйл нь хүн шиг амьд мэт бүх зүйл нь бүрдчихсэн байх ёстой гэж би боддог. Юмыг бүтээнэ гэдэг нь огт байхгүй зүйлийг бий болгож үүсгэх гээд байгаа асуудал шүү дээ. Тэр зүйл дээр чинь төрх нь байх ёстой. Тэр төрх нь зан характерыг нь агуулсан байх ёстой. Бас нэгэн утга учиртай байх ёстой, илэрхийлэх зүйл нь байх ёстой гээд бүх талаас нь бодсоор байгаад тэр бодол дотор чинь тухайн зүйлийн төрх нь амилна. Тэр үед эргэлзээ гарч ирдэг. Гэхдээ маш жижиг зүйлээс нь хийгээд эхэлчихвэл бусад нь ар араасаа амилаад эхэлж байгаа юм.

-Анх хийсэн зүйлээ хүмүүст хүргэхэд ямар мэдрэмж төрдөг вэ. Хүмүүст таалагдах болов уу гэх айдас байдаг уу?

-Яг гаргасны дараа тийм айдас төрдөггүй. Гараас гарсан зүйлийнхээ бусдад таалагдах, таалагдахгүй дээр нэг их анхаардаггүй. Гэхдээ хүмүүст таалагдаж байвал үгээр илэрхийлэх аргагүй гоё мэдрэмж төрдөг. 

-Улаанбаатар хотын залуу иргэн болон амьдрахад ямар санагддаг вэ? 

-Жаахан байхад Бээжинд бараг долоон жил амьдарсан. Бас Солонгост ч амьдарсан. Мэдээж гэр гэдэг утгаараа Улаанбаатар гоё байдаг л даа. Намайг жаахан байхаас эхлээд өсвөр насан дээрээ байх үед хүртэл Улаанбаатар хот шал өөр байсан. Соёл, байр байдал гээд бүх юм нь одоогийнхоос илүү чөлөөтэй байсан. Тухайн үед ямар нэгэн хотын соёл гэсэн хандлага байгаагүй. Илүү амьд байдаг байсан. Энэ мэдээж бидний туулж өнгөрүүлсэн соёлын л нэг хэсэг. Үүнтэй одоог харьцуулахад Улаанбаатар тийм ч том хот биш болохоор тухайн үеийн уур амьсгал хэвээрээ л байгаад байдаг юм. Гадаадын хотуудад удаан байж чаддаггүй шалтгаан минь ердөө энэ. Жишээлбэл, Бээжинд яг ямар нэг үйлдвэрийн шат дамжлагаар явж байгаа мэт уйтгартай, амьд мэдрэмж ховор байсан. Барилга байгууламж, машин тэрэг, олон хүн гэх мэт зүйлээс өөр юм байдаггүй. Ямар нэг зүйлд баригдмал байдаг. Харин надад Улаанбаатар тэгж санагддаггүй. Зүгээр л байдгаараа. Одоо хотын соёл гэдэг юм орж ирээд байна. Мэдээж нэгнийгээ хүндэтгэхгүй байх нь зөв зүйл биш. Гэхдээ ямар нэгэн драм шиг хуурамч байх хэрэггүй, тэр зүйлийг заавал мөрдөх шаардлагагүй юм шиг санагддаг. Эрх чөлөөтэй улсад амьдарч байгаа юм чинь зүгээр л чөлөөтэй, ухамсартай байхад болно. Улаанбаатар бол залуус амьдрахад маш гоё хот. Жижигхэн, бүгдээрээ бие биенээ таньдаг, хүрээлэл хүрээллээрээ харилцаатай, элгэмсэг дотно бас хөндий ханддаггүй нь маш гоё. Бид Улаанбаатар хотын хүмүүс гэдгээрээ маш баялаг. Жижиг хот мөртлөө Азийн бусад хотуудтай харьцуулахад хамаагүй баялаг, хүчтэй санагддаг. 

-Манай хотод залуус их гоё өвөрмөц хувцаслаад явдаг шүү дээ. Ер нь гадаад болон монгол залуучуудын хувцаслалт танд хэр ялгаатай санагддаг вэ?

-Ялгаа нь том хот, жижиг хотдоо л байдаг юм шиг санагдсан. Бүх л улс орон, хотуудад залуус нь маш гоё хувцасладаг. Бид чинь жижигхэн хотод байдаг болохоор нэг нэгэнтэйгээ уулзаж, харах нь элбэг, очдог газар нь цөөхөн болохоор байнга тааралддаг. Би бас монголчууд л хамгийн гоё хувцасладаг, монгол охид л хамгийн гоё гэж боддог байсан. Гэхдээ яалт ч үгүй монгол охид хамгийн гоё нь. Ер нь Солонгос, Хятадад яг өөрийгөө илэрхийлж чаддаг хүмүүс нь тэр том дүүрэг, хотын хэсэгхэн газар л цуглардаг болохоор тийм ч их тааралддаггүй. Гэхдээ яг хүн амынх нь тоогоор авч үзвэл хэдэн хувь нь ганган байна, хэдэн хувь нь уйтгартай хувцаслаж байна гэдэг аль ч газар адилхан л байдаг. 

-”Мода Монголоор дуусна” гэж нэг үе их яригддаг байсан шүү дээ. Ер нь Монголын загварын чиг хандлага хаашаа явж байна гэж боддог вэ?

-Дөнгөж эхэлж байгаа л гэж боддог. Яагаад гэвэл интернет байгаа болохоор шүү дээ. Дэлхийн бусад залуустай яг нэг хуудсан дээр байгаад эхэлж байгаа юм. Өмнө нь бид зөвхөн зурагтаас л тийм зүйлийг олж мэддэг байсан. Эсвэл гадаад явж үзсэн хүмүүс, сонин сэтгүүл уншдаг хүмүүс гэх мэт хүрээнд соёлын солилцоо өрнөдөг байсан. Хүн ямар нэгэн зүйлийг ямар нэгэн байдлаар их дуурайдаг байсан бол одоо бага багаар өөрчлөгдөж эхэлж байгаа. Дэлхий даяар нэг зүйлээ даган дуурайсаар байгаад уйдаж эхэлсэн. Тэгэхээр өөр шинэ зүйлс хаанаас гарч ирэх вэ гэхээр өв соёл ихтэй улс орнуудаас. Бид ч бас өв соёлоороо бахархаж, түүнийгээ хайрлаж байх ёстой. Бидний өөрсдийн хийж чадах зүйл юу билээ, бидний санал болгох зүйл юу билээ гэж сайн бодох юм бол боломжтой. Түүнээс биш хэн нэгний харж дассан зүйлд нийцүүлэх гэж юм хийх шаардлагагүй болж байгаа юм. Хамгийн гол нь ямар нэгэн зүйлд баригдаж дагахгүй байх нь л чухал юм шиг санагддаг.

-Миллениал эсвэл “Z” үеийнхэнд амжилттай яваа хүмүүс хэр олон байна гэж боддог вэ. Ирээдүй хэр гэрэлтэй харагдаж байна?

-Хүн төрөлхтөн маш удаан оршин тогтнож байна. Аль нь ямар үед хамаарагдахыг мэдэхгүй шүү дээ. Одоо яг харж байгаагаар технологийн эрин үе асар хурдан бөмбөгдөж орж ирж байгаа. Үүнээс яг өмнөх үе нь технологи хөгжөөгүй эрин үе байсан юм шиг харагддаг. X, Y, Z гэх мэтээр нэрлэх нь яах вэ. Цагаан толгой нь дуусахад ямар үеийнхэн гарч ирэх бол гэдгийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ технологи асар хурдтай хөгжихөөс хэдхэн жилийн өмнө, DVD-гээр кино үздэг байх үед зөгнөлт кинонуудыг үзэхээр харь гарагийнхан, робот, хиймэл оюун ухаан маш холын ирээдүй шиг санагддаг байсан. Гэтэл технологи хөгжөөд эхлэнгүүт бүх зүйл нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж байна. Үүнээс харахад технологи хэт хөгжихөөр ирээдүй тийм ч гэгээлэг биш юм шиг санагдаж байгаа. “Wall-E” гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг л. Гэхдээ хөгжиж буй явцдаа ирээдүйд юу болох бол, яах бол гэж тунгаан бодож үзэх юм бол арай өөр. Технологи бус хүн талаас нь харах юм бол ирээдүй их гоё санагддаг. Хүн төрөлхтний юманд хандаж байгаа хандлага нь богинохон цар хүрээтэй байдаг. Бид зөвхөн өчигдөр, маргааш, нөгөөдөр гэсэн гуравхан хэмжээнд харж байгаа. Гэхдээ яг хэдэн жил, хэдэн зуун жил, хэдэн мянган жил оршин тогтнож байгаа, зөвхөн Христийн тооллын үеэс биш хамаагүй өмнөөс эхэлж амьдарч байсан энэ хүн төрөлхтөн өшөө цаашдаа яах билээ, тэр үед юу боллоо, бид нар юу алдлаа, яаж онолоо, одоо ямар байна, ингэх юм бол цаашдаа яах билээ гэдэг тал дээр жаахан бодолтой байх хэрэгтэй. Одоо байгаа хүрээндээ бүх зүйлийг хараад, богино хэмжээнд сэтгэх биш харин хүн төрөлхтөн гэж юу билээ, Монгол улс гэж юу билээ, соёл гэж юу билээ, яавал цаашдаа бүх зүйлтэй авцалдаж байж болох вэ гэдэг их чухал санагддаг. Бид нарын гол алдаа нь өнөө маргаашийг л хардагтай холбоотой. “Grandmaster” миний хувьд үүнтэй ижил. Нэрийн утга нь мастеруудын мастерыг л хэлж байгаа шүү дээ. Гол утга санаа нь бидний өвөг дээдсийн ухаан юм. Ямар нэгэн зүйлд хайрцаглагддаггүй ухаан. Тэр үед тал нутгаар тарж бутарсан байсан хүмүүс яаж тийм мундаг байсан бэ гэхээр одоо бидний амьдарч байгаа шиг хуульд захирагдаж амьдраагүй учраас тэр. Бид яг зарим нийгэм шиг нэг хашаан дотор хашчихсан мэт байдалтай болчихсон. Бидний “Grandmaster” гээд байгаа сэтгэлгээ нь юунд байсан бэ гэхээр зөвхөн сэтгэлгээ, харж байгаа өнцөг, амьдрал ахуйн асуудал юм. “Монгол бол агуу үндэстэн”, “Чингисийн Монгол” гэж байгаа боловч яг үнэндээ энэ нь тэр үед өрнөж байсан үйл явдалдаа биш. Бидний бичсэн дүрэм, амьдрах хэв маяг бүгд байгалиас гаралтай байсан. Амьтдаас болон өөрсдийн ахуйн туршлагаас, аав ээжээсээ гэх мэт бодит юмнаас суралцдаг байсан. Тухайн үедээ л бодит байдалтайгаа оршин тогтнож чаддаг байсан. Яг л юманд баригдаж хэмжигддэггүй, хоригдоогүй ухаан байсан болохоор ямар нэгэн улс төрийн зөрчилдөөн ч юм уу эсвэл дайн байлдаантай тулгарангуут хүмүүсийн бодож сэтгэж байгаа зүйлс нь өөр өнцгөөс байсан нь өвөг дээдсийн ухаан гэж ажиглагддаг. Яг энэ хэвээр бодож сэтгэж уужуу тайван өнцгөөр хандах юм бол бид нар мундаг байж чадна. Улс төр, урлаг, бизнес гэх мэт бүх зүйл дээр бидний характер өөр байдаг. Тэр харж байгаа өнцөг нь маш агуу. “Grandmaster” ийм философи дээр тулгуурлаж явагддаг. Үүнийг нь бид урлагаар илэрхийлэхийг зорьдог. “S.M.O.K”, “Grandmaster”-ийн ялгаа нь эндээ байдаг. “Grandmaster”-ийн лого нэг ёсондоо Гэрэг шиг гэж хэлж болно. Юуг илэрхийлж байна вэ гэдэг нь монголчуудын философи. Бид илэрхийлэмжээрээ, хүний дотоод сэтгэлтэй харьцдаг үнэлэмжүүдээр “Grandmaster”-ийн логог баяжуулж байгаа юм. Яг үүнийг зорьж хийсэн, тэгээд тодорхой хэмжээний амжилттай явж байгаа нь ажиглагдаж байгаа. 

-Та бүхний хийж байгаа энэ зүйлс ирээдүйд хүмүүст яаж нөлөөлөөсэй гэж хүсдэг вэ?

-Миний хийхийг хүсэж, хийж байгаа зүйлсийн зорилго нь их мөнгөтэй болж баяжихдаа биш. Надад гэр бүл, найз нөхөд, хайр, чадвар гээд бүх зүйл байна. Миний хийж байгаа бүх юм яг хүүхэд шиг санагддаг. Хүмүүжүүлж, тодорхой төрхийг нь бүтээх гэх мэт хийх ёстой зүйлсээ хийчихдэг. Харин цаашдаа хийж байгаа зүйлс минь хүний итгэлийг даасан, үнэ цэнийг нь илэрхийлдэг хүчтэй төлөөлөл болоосой гэж хүсдэг. Миний санаанаас бүтсэн зүйл монголчуудыг, монгол ухааныг төлөөлсөн төрх нь болоосой гэж хүсдэг. Заавал дэлхийд танигдахдаа гол нь биш. Миний илэрхийлэхийг хүсэж байгаа юм бол брэнд талаасаа биш харин агууламж нь чухал гэх санаа. Хүмүүсийн хувьд хэрэглээ талаасаа ханачихлаа. Өмсөх хувцастай, идэх хоолтой гээд бүх зүйл л байна. Гэхдээ бид энэ хэрэглээндээ бялуурсан, худалдах, худалдан авах, карьер хөөсөн гэх мэт хийсвэр амьдралын хэв маягтай болсон. Үүнээс нь хүмүүс тодорхой хэмжээнд залхаж эхэлж байна. Технологи, эдийн засгийн хувьд гээд зөндөө олон талаасаа хөгжиж байна. Гэхдээ яг юу гоё байна гэх хүний сониуч зангаасаа үүдэн үргэлж урагшилж байхыг хүсдэг. Жишээлбэл, ихэнх хөгжим нөгөө л нэг ая хэмнэлтэй, ижил утга агуулгатай гээд нэг л тойрог дотроо эргэлдээд байхаар амьдралын хэв маяг талаасаа ч гэсэн зиндаалж, зэрэглэх хандлагатай болоод ирнэ. Үүнээс илүү оюун талаасаа яаж хөгжих вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Соёл, философи нь хэрэглээ, зиндаанаас илүү үнэ цэнтэй. Миний хувьд зиндаа гэдэг зүйл одоо дуусаж байна. Хүйс гэх мэт зүйлийг хамаарахгүйгээр бүгд л адил оршихуй гэж үзэх үзэлтэй болох цаг ирж, бага багаар өөрчлөгдөж байна. Бас интернетийн ачаар бүгд нэг дуу хоолой болж байгаа. Тэр утгаараа ялгарал, онцлогууд тухайн хүний характер гэдэг шиг тухайн үндэстний характер, философи гэдэг зүйлээр гарч ирж байгаа гэж ойлгодог. Миний бодлоор яг энэ тал руугаа Монголоос эртлэн юм хийж эхэлж байгаа, тэр тал дээрээ анхдагч байна гэдэг маш гоё. “S.M.O.K”, “Grandmaster” энэ төрөл дээрээ анхдагч нь гэж үзэж байгаа. Анхнаасаа ямар нэгэн зүйлийг дагаж дуурайх биш өөрсдийн илэрхийлэмжээрээ хийж байгаа учраас энэ нь маш гоё. Ер нь хүмүүс маш их хувцас хийж байна. Энэ ямар ч зүйл дээр гарч ирдэг асуудал л даа. Хэн нэгэн юм хийж эхлэнгүүт бусад нь хараад хийж болох юм байна гээд хийгээд эхэлдэг. Гэхдээ тэгж хийхдээ хандлага нь буруу байдаг. Үүнээс илүү хийнэ, тэднийг навс унагасан зүйл хийнэ гэх мэт барьцгүй хандлагатай байдаг. Ийм хандлагаар хийж байгаа зүйл нурах нь тодорхой. Яагаад гэвэл ямар нэгэн зүйлийг хийхдээ бодит, амьд агууламжтай хийх ёстой. Гэхдээ мэдээж малгайтай цамц, хүрмэн дээрх хэвлэл оригинал зүйл биш ч гэсэн яаж тэр характерийг бүрдүүлж байна вэ гэдэг хамгийн чухал.  

-Хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг шүү дээ. Тэгвэл хамгийн анх таныг өөрийгөө олоход хувь нэмэр оруулсан үйл явдал юу байсан бэ?

-Би 9, 10 настай байхдаа гайхдаг байсан. Хүмүүс яагаад зөвхөн сургууль, ажил, гэр, ашиг орлого, амжилт гээд системчлэгдсэн мэт амьдраад байдгийг их гайхдаг байсан. Яг тэр үед энэ тал дээр огтхон ч эвлэж өгдөггүй байсан. Нэг л буруу юм шиг санагддаг байлаа. Гэхдээ би жаахан хүүхэд юм болохоор буруу бодож байж магадгүй байсан л даа. Эргэн тойронд минь байгаа хүмүүс нэгэн хэвэнд цутгагдсан юм шиг санагдаад ээжтэйгээ ярилцахаас айгаад нэг захиа бичиж байсан. Захиан дээрээ дандаа асуултууд бичсэн байсан. "Яагаад бид нар ингэж амьдрах ёстой юм бэ? Яагаад ийм байх ёстой юм бэ? Би ерөөсөө ойлгохгүй байна" гээд бичиж байсан. Гэхдээ би тэр захиаг өгч чадаагүй. Би жаахан хүүхэд болохоороо ийм тэнэг асуултууд асууж байгаа байх, том болоод бүгдийг ойлгох байх гэж бодоод өмднийхөө халаасанд хийж байсан. Яг энэ үеийг би маш сайн санадаг. Тэгээд том болох тусам энэ “Яагаад” гэдэг асуултууд огтхон ч салахгүй шүдний өвчин шиг болсон. Би сургуульд явах дургүй байсан. Сургуулийг их үзэн яддаг байлаа. Одоо ч гэсэн үзэн яддаг. Би сурч байсан сургуулиудаа бүгдийг нь дундаас нь хаясан. Хамгийн гол нь сургуульд сурна гэдэг ээжийн минь хувьд сэтгэлийн тайтгарлыг өгөх байсан. Гэхдээ сургуульд сурах нь надад огтхон ч аз жаргалыг өгөхгүй байсан. Ирээдүйгээ хүртэл сургуульд сурснаараа илүү сайхан байх мэт төсөөлөхгүй байсан. Маш зөрүүд хүүхэд байсан. Үргэлж хичээлээ тасалдаг, үргэлж ээжийгээ зовоодог. Хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ зодуулаад ч хамаагүй огтхон ч хийдэггүй байсан. Ер нь багаасаа л өөрийнхөө хүссэнээр байдаг байсан. 

-Бид нар амьдралдаа таагүй хүмүүстэй их олон учирдаг. Та тиймэрхүү хүмүүстэй хэрхэн учраа олдог вэ?

-Сайн хүн, сайхан хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолт их сонирхолтой. Хүн болгонд сайн муу тал, сайн муу зуршил гээд өнгө төрх бий. Би өөрийгөө сайн хүн гэж хэлэхгүй. Гэхдээ муу хүн огтхон ч биш. Зарим хүмүүст таалагдахгүй, бас муу хүн гэж харагдахаар үйлдлүүдийг хийдэг л байх. Үнэндээ бид бүгдээрээ адилхан. Адилхан асуудалтай, адилхан нийгэмд зохицох гээд учраа олох гэж төөрөгдөж явна. Бүхий л зүйл дээр адилхан байна. Хэнээс төрсөн, хэний хүүхэд байх нь хамаагүй хүний сэтгэл шаналал, бодол, өөрийг болоод өрөөлийг зовоодог гээд бүгд ямар ч ялгаагүй. Ямар хүнийг муу гэж, ямар хүнийг сайн гэж харах нь тухайн хүний өөрийнх нь л бодол. Тэр харах өнцгийг бодитоор нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж байж л ямар нэгэн хүнтэй учраа олно. Эвлэрэх гэдэг асуудал байна. Тэр хүнтэй эвлэрэхэд чиний боддоггүй, чиний таашаалд нийцдэггүй зүйлийг хийдэг байж болно. Гэхдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрийг эсэргүүцсэнээрээ өөрөө өөртөө гай удна гэдгээ хүлээн зөвшөөрөх нь зөв. Хүнийг өөрийнхөө толины тусгал шиг, өөр шигээ төгс хүн биш гэдгийг хүлээн зөвшөөрч чадвал тэр хүнтэй учраа олж чадна. 

-Таны үзэл бодол, мэдрэмж хийж байгаа зүйл дээр тань гарч ирдэг байх. Яагаад Жамсран бурхныг анх онцлох болсон юм бэ.

-Яг Жамсран бурхныг онцолсон зүйл байхгүй. Бидэнд бидний соёлын нэг хэсэг мөртлөө хүчтэй, хувцсан дээр хэвлээд өмсчхөж болохоор төрх шаардлагатай байсан. Тухайн үед соёотой Кинг Конг, горилла, бүргэд, гавал, хорхой бас Жамсрангийн принт байсан. Тэр дундаас Жамсрангийнх хамаагүй гоё харагдсан. Тодорхой хэмжээний Монгол агууламжтай мөртлөө шарын шашны соёл, сүсэг бишрэл талаасаа харахад бас хүчтэй байх ёстой гэж бодоод Жамсранг оруулсан. Явцдаа ойлгож танилцаад, мэдрэх тусам Жамсран бол их өөр түвшин юм гэдгийг судалж харсан. Нэг лам “S.M.O.K” дээр ирээд надад анхааруулж байсан. “Чи ямар догшин бурхан зурсан гэдгээ мэдэж судлах хэрэгтэй. Хувцас дээр бурхны зургийг буулгана гэдэг нүгэл биш. Харин ч түгээж амилуулах нь зүгээр. Гэхдээ хүмүүсийн хэл ам гэдэг хүндээр тусах байх” гэж сануулж байсан. Ер нь шүүмжлэлүүдийг маш их хүртэж байсан. Манай хоёр модель доогуураа богинохон шорт өмсөөд дээгүүрээ Жамсрангийн зурагтай фудволк өмссөн байхад хүмүүс их шүүмжилж байсан. Гэхдээ энэ шүүмжлэлүүд яваандаа хүмүүсийн сэтгэхүйгээр хүлээн зөвшөөрөгдөж ойлгогдох л зүйл. Хүний бие гэдэг жижиг эсээс авахуулаад тэр чигтээ бурхны агуу бүтээл. Хүн бол өөрөө амьд бурхан. Тэр хаана юу өмсөх нь зүгээр хайрцаглагдсан өрөөсгөл өнцөг. Хүний шүтэж дээдэлдэг зүйл байна уу, үгүй юу хамаагүй хүн түүнийг яаж харж, хүлээж авна гэдэг л маш чухал. Гэхдээ Жамсран гэдэг төрх бол өөрөө маш хүчтэй зүйл. Тэр зүйлийг хаана яаж өмсөж зүүх нь чухал биш. Бид нар Чингис хаан гээд шүтээд дээдэлдэг. Тэр шүүмжилж байгаа хүмүүс бас л Чингис хааныг шүтдэг байгаа. Тэгсэн мөртлөө Чингис хааны зурагтай архийг уугаад суудаг байх. Зүгээр л юмыг хараад нээлттэй хүлээж авахад гоё сайхан, шүтээн гэдэг тодорхойлолт тийм сүртэй нөлөөлөхгүй. Жамсран миний хувьд шашинлаг, догшин төрхтэй бурхан, сайн муу хоршин оршдог гэдгийн илэрхийлэл. 

-Манай сайтын “Санал болгох нь” буланд та өөрийн дуртай кино, ном эсвэл дуу хөгжмийг санал болгодог юм. Та уншигчдад юу санал болгох вэ?

-Дуу хөгжим дээр бол монгол хамтлаг дуучдаас миний сонсож байсан хамгийн агуу дуу бол Моханикийн “Зөөлөн мишээл”. Манай найзын зохиосон дуу. Гэхдээ найз болохоосоо өмнө сонсоод үнэхээр их биширч байсан. Тэр хүнтэй маш дотно нөхөрлөж, хамтарч юм хийж байгаадаа баяртай байгаа. Надад маш их юм зааж өгч байгаа. “Зөөлөн мишээл”-ийг сонсох юм бол хүний сэтгэлийн гүнээс амьдралд хайртай, Монголд хайртай гэх хайраар бүтсэн агуу бүтээл. Бас би Боб Диланд их дуртай. Дууг нь сонсоход англи хэлний мэдлэгээс эхлээд их олон шалгуурууд гарч ирнэ. Хамгийн түрүүнд дууг нь мэдэрч сонсоно, гэхдээ илэрхийлэх гээд байгаа санааг нь ухаж ойлгоно гэдэг бас том ажил. Тэр том уран бүтээлчийг санал болгож байна. Киноноос гэвэл “Game of Thrones”-ийг санал болгож байна. Киноны зохиолч үнэхээр юмыг зохиож бичихийн цогц болсон хүн. Нэг туслах дүр ч байсан хамаагүй яагаад тийм зан араншинтай вэ, яагаад гэвэл тэр хүн тийм харилцаанд байж, тийм юмыг даван туулсан, түүний эцэг нь тийм, тийм цустай, тийм хэлтэй, аялгатай гэдгийг хүртэл яаж нэг бүрчлэн бичиж чаддаг байна аа гэж гайхширмаар. Намайг хэлсэн хэлээгүй бараг бүх хүн үзсэн байх. Гэхдээ үзээгүй хүн байдаг юм байна лээ. Бас миний дуртай “Into The Wild” гэж бодит амьдралаас сэдэвлэсэн кино байдаг. Номон дээр бол ганц л ном санал болгоно. Экхарт Толлегийн “New Earth” гэдэг ном бол хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй, унших ёстой ном гэж боддог. Юуны талаар гардаг тухай тайлбарлавал их юм ярих шаардлагатай болно. Гэхдээ хүнд хамгийн дөхөм, ойлгомжтой, хэрэгтэй ном. Заавал унших ёстой ном гэж боддог. 

-Өөрсдийн гэсэн зүйлийг бий болгох гээд зүтгэж буй залууст хандан өөрийн туршлагаас хуваалцаач.

-Нөхцөл байдалдаа тааруулж юм хийх шаардлагатай болдог. Яагаад гэвэл эд материалын олдоц бага байдаг. Мөн зах зээл маш жижигхэн байдаг. Гэхдээ чин хүсэл эрмэлзлээр юмыг хийхэд их гоё. Хүний хийсэн зүйлийг харахад их амархан санагддаг. Зүгээр нэг цамцан дээр ямар нэгэн зүйл зохиогоод зурахад болох юм байна гэж их хардаг. Гэхдээ харагдаж байгаа шигээ амархан зүйл огтхон ч биш. Асар их хөдөлмөр, ажиллагаа шаарддаг. Хамгийн гол нь шантармаар, бууж өгмөөр үед тууштай байх нь маш чухал. Хаанаас яаж эхлэх нь хамаагүй, яг чиний туулж байгаа зам бол өөрийн чинь зам. Ямар ч арга барилаар хийж болно. Үр дүн нь маш сонирхолтой. Ямар нэгэн шүүмжлэлийг хүлээж авч ийм байх ёстой гэхгүйгээр өөрийнхөөрөө л бүгдийг хийх хэрэгтэй. Тэгэх юм бол бодит үр дүн харагдана. Үүнийг хийж байх явцад янз бүрийн шалгууруудтай тулгарна. Гэхдээ өөртөө итгэлтэй хийхийг хүсэж байгаа зүйлдээ тууштай байх нь маш чухал. Гэхдээ бардана гэдэг том асуудал. Энэ бол огтхон ч байж болохгүй зүйлийн нэг гэж боддог доо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
6
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.06 202.126.89.99

Helber helber. Huntei ch heden ug solij chaddaggui gar bna lee. Od bolohiin husel deeree yavj bgaa ooriigoo cool geed bodtson bandi l bna lee. Korea zah deer hog neg bdag l zagvaruud bdag shd.

1 Хариулах


ЗОЧИН 2019.09.04 203.91.115.41

ГОЁ!

0 Хариулах


Зочин 2019.09.03 202.126.89.223

hud psda

5 Хариулах


Serchmaa 2019.09.02 64.119.19.200

Uneheer ene tsag uyd Mongold Ankhbayar gej zaluu baigaad talarhaj baramgui shuu! Ulam ih amjilt hair az jargaliig husie ❤️

0 Хариулах