Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Обри Мэнарндт: "Young Mongols" ном Монголын шинэ цагийн илэрхийлэл болно гэж найдаж байна

Монгол залуус, тэдний ардчилсан нийгэм дэх аж төрхийн талаар өгүүлэх "Young Mongols" ном энэ оны сүүлчээр “Pengiun” хэвлэлийн газраас уншигчдын гарт хүрэх юм.


Анх төрөхдөө л ардчилсан тогтолцоонд мэндэлсэн хамгийн “ахмад” монгол хүн өнөөдөр 29 настай. Чөлөөт, нээлттэй ертөнцөд өсөн торниж, дэлхий дахины мэдээлэл, танин мэдэхүйг саадгүй хүлээн авч, сонголтоо өөрөө хийж, санал нийлэхгүй шийдвэрийн эсрэг эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх болсон ардчилсан Монголын залуус өнөөдөр ардчиллыг бэхжүүлэхэд хэрхэн оролцож байна вэ? Энэ дүр зургийг олон улсад таниулах, одоо ч Монголыг “тал нутаг, мал аж ахуй, Чингис хаан”-аас өөрөөр төсөөлдөггүй гадныханд орчин цагийн монгол залуусын үзэл, хандлагыг таниулахаар “Young Mongols” номыг бичсэн Обри Мэнарндтай ярилцлаа. 

Монгол залуусын хувьд тэр харь хүн хэдийнэ биш болсон. Таван жилийн өмнө ажил, судалгаа хийхээр ирснээсээ хойш нийгмийн амьдралд идэвхтэй оролцож тулгамдсан асуудлуудын талаар даацтай нийтлэл, өгүүллүүдийг олон улсын хэвлэлүүдэд бичиж ирсэн. Түүнчлэн “Young Mongols” видео цувралыг хийдэг байсан нь одоогийн номынх нь суурь болжээ. Монгол залуус, тэдний ардчилсан нийгэм дэх аж төрхийн талаар өгүүлэх уг ном энэ оны сүүлчээр “Pengiun” хэвлэлийн газраас уншигчдын гарт хүрэх юм.

-Яриагаа юун түрүүнд Монгол ирсэн тухайгаас тань эхэлье. 

-Би Монгол улсад 2015 онд анх ирж байв. Урьд нь Оксфордын их сургуульд улс төр судлалын чиглэлээр суралцах явцдаа Монголын талаар уншиж, татагдсан. Ялангуяа, энэ чиглэлийн судлаачийн хувьд Монгол Улс ардчилсан тогтолцоотой хөгжиж байгаа нь анхаарал татаж байлаа. Учир нь, нөхцөл байдал ба нийтлэг жишгийг аваад үзвэл Монгол Улс ардчилсан тогтолцоотой байх боломжгүй юм шиг хэрнээ, ийнхүү аж төрж байгаа нь зөвхөн уншаад өнгөрөхөд хангалтгүй, очиж нүдээр үзэж, биеэр туулмаар сонирхолтой санагдсан. 

-Та ямар утгаар ингэж хэлж байна вэ? 

-Улс төрийн шинжлэх ухаанд улс орнуудын тогтолцоог олон талаар шинжиж, тодорхойлж болдог бөгөөд ардчилсан систем сонгоход нөлөөлөх хүчин зүйлс гэж бий. Тухайлбал, ардчилсан орнуудтай нэг бүс нутагт, хөрш зэргэлдээ орнууд ижил системтэй байх бол автократ тогтолцоотой бүс нутгийн орнууд нэг нэгнээ дагаад мөн ижил, төсөөтэй байх тохиолдол бий. Харин ОХУ, БНХАУ-ын дунд орших Монгол улсын хувьд хөршүүдээсээ эсрэгээр ардчилсан улс байгаа нь сонирхолтой. Мөн эдийн засгийн талаас аваад үзвэл ДНБ-ий хэмжээ, өсөлтийн хувьд өндөр биш, байгалийн баялгаас хэт хамааралтай зэргээрээ бусад ардчилсан улсуудын хэв шинжээс өөр. Энэ мэтчилэн олон хандлага, шинжээрээ улстөр судлаач хүний хувьд маш сонирхолтой кейс. Тийм ч учраас судлах тусам энэ улсад очихсон гэх хүсэл их төрж байлаа. Тэр дундаа Монголын тухай мэдээ, мэдээлэл цөөн, нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах боломж хомс байсан нь бас нөлөөлсөн байх. Ингээд би хүмүүсийн сайн мэдэх “TIME” сэтгүүлийн үндэслэгч Henry Luce-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж анх удаа Монголд хөл тавих боломжтой болсон. 

-“Young Mongols” номыг бичих санаа хэзээ, хэрхэн төрсөн бэ? 

-Эхлээд би уул уурхайн бодлого тодорхойлох төсөлд ажиллаж байлаа. Хэдийгээр сонин тохиолдол боловч энэ ажлыг хийх явцдаа би маш олон сонирхолтой залуустай уулзаж, танилцсан. Монгол явахаар болоход гэрийнхэн маань уудам говь, Чингис хаанаас өөр төсөөлөлгүй учраас маш их гайхаж, гэрэл, цахилгаан байх уу, и-мейл бичиж болох уу гэхчлэн санаа зовж байсан. Гэтэл энд ирэхэд гадаад хэлээр тэр ч бүү хэл 2, 3 хэлээр чөлөөтэй ярьдаг, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй маш олон мундаг залуус угтсан. Энэ үед л би гэрийнхэндээ төдийгүй олон улсад судлаач хүний хувьд энэ улсын тухай, энэ хүмүүсийн тухай бодит, орчин цагийн мэдээллийг өгөх ёстой юм байна гэж бодсон. Мэдээж үүнийг хялбархан буюу блог бичээд, аяллын тэмдэглэл болгож гайхаж, шагшаад бичиж болох. Гэхдээ би өөрөө ярихаас илүү тэр залуус өөрсдөө ярьдаг, хэлдэг платформ бий болгох нь илүү чухал байлаа. Ингээд “Young Mongols” гэх видео цуврал эхлүүлж, монгол залуусыг урьж хийж буй ажил, үйлс болон улс орныхоо талаарх бодлыг нь сонсож, түгээж эхэлсэн. Аажмаар үзэгчийн тоо нэмэгдэхэд нь урам орж илүү олон хүнд хүргэж, таниулах үүднээс хөндөж буй сэдвүүдээ илүү гүнзгий судлах болсон. Ингэснээр видеонд зөвхөн танилцуулга төдий байсан санаа маань номын хувьд өөр, өөр ажил, мэргэжилтэй идэвхтэн, бүтээгчид, өөрчлөгчдийн тухай бөгөөд тэд салбар бүртээ тулгамдаж буй асуудалтай хэрхэн нүүр тулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж байгааг харуулахыг зорьсон. 


-Та анх ирээд олон залуустай уулзаж, танилцсан гэлээ. Харин яг номдоо зориулаад 50 гаруй залуутай уулзаж ярилцжээ. Анхны сэтгэгдэл ба сурвалжлагын дараах сэтгэгдэл тань хэр ойр байв? 

-Үнэндээ миний төсөөлснөөс ч илүү байлаа. Би энэ залуусын ихэнхтэй нь анх ирээд танилцаж, нөхөрлөж дөрөв, таван жил хэрхэн ажиллаж, нийгмийнхээ сайн сайхны төлөө зовниж, басхүү өсөж хөгжиж байгааг нь харсан гэж болно. Үүнийг дэргэдээс нь харж, мэдрэх гэдэг гайхалтай боломж шүү. Зөвхөн сэтгүүл зүйн тухай авч үзэхэд л өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ салбарын нийгэмд авчирч буй үр нөлөө маш их нэмэгдсэн. 

-Тийм гэж үү? Хүмүүс сэтгүүл зүй бараг л мөхлийн ирмэгт ирлээ гэх нь холгүй шүүмжлэлтэй хандах болсон шүү дээ. 

-Мэдээж эзэмшлийн хувьд болон цалин, хөлстэй холбоотой гэхчлэн институцийн хувьд олон асуудалтай тулгарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эрэн сурвалжлах болон дата сэтгүүл зүй Монголд хурдацтай хөгжиж байна. Нэг л жишээ нь Ikon.mn сайтын хийсэн ЖДҮ-тэй холбоотой сурвалжлага. Энэ бол Монголд өмнө нь байгаагүй дата эрэн сурвалжлага шүү дээ. Монголд гэлтгүй олон улсын ямар ч хэвлэлийн хувьд энэ бол онцлох түвшний сурвалжлага болсон. Тэгэхээр энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг харж, гэрч нь болох надад сэтгэл хөдлөм байдаг. Түүнчлэн сэтгүүл зүйгээс гадна 2020 оны сонгуульд залуусын үзүүлэх үр нөлөө сонирхлыг минь татаж байна. Залуу мэргэжилтнүүд, нийгмийн идэвхтнүүд шийдвэр гаргах түвшний орон зайд өрсөлдөх болов уу. Үгүй юм аа гэхэд тэдний тавьж буй шаардлага буюу улстөрийг илүү асуудал шийдэхэд төвлөрсөн, бодлогын түвшний үйл ажиллагаа явуулдаг байх хүлээлт нь ойрын жилүүдэд энэ нийгэмд өөрчлөлт авчрах гол хөшүүрэг байх болов уу гэж харж байна. 

-Сурвалжилж ярилцах үед монгол залуусын ярьж байсан түгээмэл санаа нь юу байсан бэ? 

-Хамгийн түгээмэл мэдрэгдсэн зүйл нь миний уулзсан ихэнх хүн төрийн байгууллагын авлигын асуудлыг хэлж байсан. Түүнчлэн төрөөс асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэхгүй байгаа нь залуусын бухимдлыг төрүүлж байгааг сонссон. Жишээ нь, агаарын бохирдлын асуудал одоо хүний аминд тулсан асуудал боллоо шүү дээ. Гэтэл үүнийг үндсээр нь шийдэх дорвитой алхмыг нийтэд санал болгох, хэлэлцүүлэх байдал дулимаг байна. Тийм болохоор хийсэн ярилцлагуудаа эргээд харвал үүнтэй холбоотой бухимдалтай дүрс ер нь түгээмэл гэж болно. Бас нэг сонирхолтой бөгөөд нийтлэг зүйл нь уулзсан залуус маань маш өндөр боловсролтой хүмүүс байлаа. Гадаад хэлний мэдлэгээс эхлээд АНУ, Хонг Конг, Англи гэхчлэн олон улсын шилдэг сургуулиудад боловсрол эзэмшсэн дэлхийн хаана ч ажиллах чадвартай залуус. Харин тэд Монголдоо эргэн ирж ажиллаж байгаа нь сонирхлыг минь татсан. Санхүүгийн хувьд ч гэсэн илүү их цалин, боломж хөөгөөд явж болох ч иргэний нийгэм, олон нийтийн байгууллагад ажиллаж асуудалд анхаарлаа хандуулдаг, нийгмийнхээ төлөө санаа тавьдаг хэсэг бүлэг байгаа нь бахархам санагдаж байлаа. Энэ бүхэн цаг хугацаааны эрхээр өөрчлөлт авчрахад нөлөөлөх болов уу гэж итгэж байна. 

-Таны судалгаа, номын сэдэв ч тэр ардчиллын тухайд, түүнийг хэрхэн бэхжүүлж байгаад төвлөрчээ. Гэхдээ нөгөө талд хэвлэл, мэдээлэл болон нийгмийн зарим идэвхтнүүд ардчилал бидэнд үнэхээр хэрэгтэй юу, 30 жилд бид юу олж авсан бэ гэх асуултыг тавих нь ихэссэн. Үүнийг та юу гэж харж байна вэ? 

-Тийм ээ, Монголын ардчилал өнөөдөр эрсдэлтэй нөхцөлд байна гэж бодож байна. Олон хүн энэ тогтолцоог илүү сайн болгохын төлөө ажиллаж байгаа ч саад, бэрхшээл бас байсаар. Тухайлбал, энэ оны эхэнд Ерөнхийлөгч шүүхийн бие даасан байдалд халдсан шийдвэр гаргасан нь харамсалтай. Мөн энэ сарын эхэнд төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэ төслийг танилцуулахыг харлаа. Гэвч энэ нь өөрчилж, сайжруулахаас илүүтэй иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хязгаарласан Орос, Польш, Унгарын жишээтэй яг таарсан ажил байсан. Төрөөс энэ мэт үйлдлийг хийхдээ өөрсөндөө хэзээд зөвтгөл шалтгаан олсон байдаг. Мэдээж эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай байх. Ядаж л бүртгэлийн хувьд гэхэд нийт 21 мянга орчим төрийн бус байгууллага бий бөгөөд үүний маш бага хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр үүнийг өөрчлөх, цэгцлэх ёстой ч төрийг ил тод байхыг шаардаж ажилладаг, хүний эрхийн төлөө дуугардаг олон нийтийн байгууллагуудын дуу хоолой, санхүүгийн үйл явцад саад учруулсан шийдвэр гаргаж болохгүй. Эдгээр жишээнээс харвал Монголд ардчилал хүнд нөхцөлд байгаа нь үнэн, гэхдээ үүний үнэт зүйлийн төлөө ажилладаг олон хүн байгаа нь сайн хэрэг. 

-Та ярилцлагын эхэнд ардчилал баймгүй газар энэ тогтолцоо байгаа нь сонирхолтой гэж байсан. Тэгэхээр үнэхээр бидэнд ардчилсан тогтолцоо тохирох нь уу?

-Мэдээж үгүйсгэх боломжгүй зүйл шүү дээ. Хүмүүс өөрсдөө шийдвэр гаргаж, засаглах хамгийн тохиромжтой хувилбар. Хүн бүр улс орныхоо нөөц, тэгш байдал болон хэн удирдаж, ямар бодлого гаргах зэрэгт оролцож, санал бодлоо өгдөг, тусгадаг байх ёстой. Тиймээс ардчилал яах аргагүй чухал. Хэдийгээр улстөрийн шинжлэх ухааны талаас харвал дээр хэлсэнчлэн маш сонирхолтой кейс бөгөөд энэ хэрээр үүнийг хадгалж, хамгаалж авч явах нь иргэн бүрээс оролцоо шаардах нь гарцаагүй. Тиймээс дээр дурьдсан Төрийн бус байгууллагын тухай хууль гэхчлэн ер нь аливаа гарч буй шийдвэрт иргэд хяналт тавьж, эргэж хардаг байх нь чухал. Мөн Ерөнхийлөгчийн санал болгож буй засаглал солих асуудлыг ч нухацтай харж, судалж байгаасай. Мөн 2020 онд болох сонгуульд бүх нийтээрээ, тэр дундаа залуу сонгогчид идэвхтэй оролцоосой гэж бодож байна. 

-Таны “Young Mongols” номын агуулгыг харвал хот төлөвлөлт, ардчилал, феминизм, ЛГБТИ асуудал гээд манай нийгэмд шинэ тутам сэдвүүд байна л даа. Агуулгын бүтцээ та хэрхэн гаргасан бэ? 

-Хот төлөвлөлтийн талаас айхавтар шинжлэх ухааны түвшинд авч үзээгүй. Гэхдээ агаарын бохирдол, гэр хорооллын нөхцөл болон хотын замын хөдөлгөөнийг зохицуулахаар нэмж гүүр бариад байх уу, явган хүний зам тавих уу гэхчлэн та бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой сэдэв учраас тусгайлан бүлэг болгож оруулсан. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр олон монгол залуу энэ чиглэлээр суралцаж, судалгаа хийж, төрөлх хотынхоо асуудлуудыг шийдэхэд гар бие оролцох болсныг анзаарсан. Мөн ЛГБТИ сэдвийн хувьд монголд ирсэн цагаас эхлээд энэ бүлгийг хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж байгааг харж байна. Онцгой тохиолдлууд гарч, нийгмийн өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөх болсон ч хүн амын залуу хэсгийн хувьд нээлттэй хандаж, тэгш эрхийн төлөө хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, дуу хоолойгоо хүргэж байгаа нь үе шилжиж, өөрчлөгдөж буй онцгой үйл явц шиг санагдаж байна. 

"Young Mongols" видеог бэлтгэхэд Б.Дөлгөөнтэй хамтран ажиллаж байжээ.

-Монголчуудын тухай гадны сэтгүүлч, нийтлэлчдийн бичиж, тэмдэглэсэнд монголчууд тийм ч таатай ханддаггүй. Таны ном ч бас үүнтэй нүүр тулах болов уу гэж та зовниж байна уу? 

-Заримдаа мэдээлэл, судалгаа дутмаг учраас ташаа дүгнэсэн, тусгасан зүйлс байдгийг би мэднэ ээ. Мэдээж тухайн хүн амыг төлөөлж хэлж, ойлгуулах хүмүүс нь өөрсдөө байвал сайн хэрэг. Энэ утгаараа “Young Mongols” номыг монгол хүн бичсэн бол сайхан байх. Гэхдээ өмнө нь видео цувралаа цаашид яаж авч явах вэ гэж асуусан олон хүнд би зохиогчийн эрх гэлтгүй бүх архиваа монгол хүнд өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг байлаа. Гэвч хэн ч үргэлжлүүлэх, эсвэл архивын материалыг авч ашиглаагүй. Тэгэхээр энэ номыг монгол хүн бичсэн бол зүгээр гэж үү? Тийм. Тэгвэл монгол хүн ийм ном бичиж байна уу? Үгүй. Номоо бичих явцдаа ч би зарим хүнээс гадаад хүн ирээд ингээд бичээд байгаа нь ямар санагдаж байна гэхэд гадны нүдээр өөрсдийгөө харах нь харин ч сонирхолтой гэж байлаа. Ямартай ч, энэ ном олон улсын уншигчдад зориулагдсан. Үүнтэй адилаар монгол уншигчдад ч бас хүрч, тэдний таалалд нийцээсэй гэж зохиогчийн хувьд хүсэж байна. Би видеондоо өөрийгөө огт тусгалгүй, зөвхөн зочноо яриулдаг байснаа ном бичихдээ ч хадгалж аль болох монгол залуусын түүхийг өөрсдөөр нь яриулахыг зорьсон. 

Түүнчлэн олон улсын хэвлэл, мэдээлэлд Монголыг тусгаж байгаа нөхцөлийг харвал тийм ч хангалттай биш. 2016 он хүртэлх тоон мэдээллээс харахад олон улсын мэдээнд Монголыг дурьдах тохиолдол нь нэг хувьд ч хүрэхтэй үгүйтэй байсан. Тэгэхээр энэ ном Монголын бас нэгэн илэхрийлэл болно байх. Түүнчлэн хэрэв миний ном дутуу, дулимаг эсвэл буруу ташаа санагдвал өөр хэн нэгэн нь үүний төлөө ядаж бичиж, нийтэлж эхлэх болов уу. Ер нь Монголын тухай нийтлэл бичихдээ би аль аль талын үзэл, хандлагыг тусгах үүднээс ихэвчлэн монгол нийтлэлчтэй хамтарч бэлтгэдэг. 

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Pengiun” хэвлэлийн газраас энэ номыг эрхлэн гаргана гэдэг онцлог юм. Та тэдэнтэй хэрхэн холбогдсон бэ? 

-Ёстой сонин тохиолдол болсон. Эрхлэн гаргах хэвлэлийн газартай холбогдохын тулд агенттай байх хэрэгтэй шүү дээ. Гэвч надад тийм зүйл байхгүй. Харин “Pengiun” Азид салбартайн хувьд яаж тийшээ холбогдох вэ гэж бодсоны эцэст LinkedIn ашиглаад захирал руу нь мессеж илгээсэн юм. Гэтэл хариу ирээд зогсохгүй өнөөдөр ажил хэрэг болоод явж байна. Угтаа LinkedIn-ий энэ мэт мессежний 99 хувь нь хэний ч анхааралд өртөлгүй өнгөрдөг байх. Харин “Pengiun”-ий хувьд Азийн орнуудын олон талт байдал, соёл онцлогийг харуулах үүднээс төрөл бүрийн сэдэвт анхаарал хандуулж байгаа юм билээ. 

-Таны номын урьдчилсан эхийг харахад Жошуа Вонг болон Тайванийн тэмцэгч залуусын тухай дурьдагдсан байсан. Ямар учраас ингэж холбох болов? 

-Эдгээр улстай харьцуулж, жишсэн зүйл байхгүй гэдгийг эхлээд хэлье. Гэхдээ ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэл өрнүүлж буй залуу манлайлагчийн хувьд сэтгэгдлийг нь сонсох үүднээс Жошуа Вонгод эхээ явуулж уншуулсан юм. 

“Хонг Конг дахь залуу идэвхтэний хувьд ардчиллын төлөө үйл хэрэгтэй монгол залуусын түүх урам өглөө. Бидэнд улс орноо илүү сайхан болгох хүч, хүсэл эрмэлзэл, үнэн зорилго бий. Хонг Конгоос Улаанбаатар хүртэл бидний үеийнхэн илүү сайхан ирээдүйн төлөө өөр, өөрийнхөөрөө хөдөлмөрлөж байна. Бид асуудалтай нүүр тулж байна гэхдээ үүнийг өөрчлөх итгэл найдвартай” гэж тэр сэтгэгдлээ явуулсан. 

Надад монгол залуусын асуудлыг шийдэхдээ эрэлхийлдэг бүтээлч санаа маш сонирхолтой байдаг. Жишээ нь, Засгийн газраас агаарын бохирдлыг шийдэхийн тулд маш их хэмжээний мөнгө, цаг хугацаа зарцуулж байгаа ч асуудал арилахгүй байгаа нь үнэн. Харин “GerHub” л гэхэд өөрийнхөөрөө шийдэл гаргаж, дулаалга, халаалтын хэлбэрүүд санал болгоод эхэлсэн. Энэ мэтчилэн өөрсдөө бүтээлч, шинэлэг санаануудыг гаргаж байгаа нь сайн хэрэг. Энэ ч утгаараа бүлэг бүрт би олон хүнийг оруулж, асуудалд байж болох олон шийдэл бий гэдгийг харуулахыг хүссэн. 

-Дашрамд, Жошуа Вонг сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн байсан. Монголд ч бас залуус улс төрд орох, нэр дэвшихэд нийгмийн дэмжлэг тийм ч их байдаггүй учраас идэвх нь буурах шиг болсон. Та үүнийг хэрхэн хардаг вэ? 

-Саяхан Монгол улсын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг нэмэх тухай яригдаж байсан. Энэ үед анзаарсан л даа. Улсын нийт хүн амын дийлэнх нь 35-аас доош насныхан хэрнээ ердөө 10 орчим хувийг эзэлдэг бүлгийнхөө төлөөллөөр Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа юм байна. Шийдвэр гаргана гэдэг хүн амын бүхий л бүлгийн төлөөлөл байхыг хэлдэг. Гэтэл яагаад олонх нь залуус хэрнээ тэдний төлөөлөл байхгүй байгаа юм бэ? Тэгэхээр залуу хүн нэр дэвшвэл мэдээж зөвхөн залуу гэдгээр нь биш тэдэнд ямар санаа, бодлогын шийдэл байна гэдгийг харгалзаж ямартай ч няцааж болохгүй. Тиймээс 2020 онд илүү олон залуу нэр дэвшиж, шийдвэр гаргалтад оролцоосой. Мөн илүү олон залуу сонгогч сонгуульдаа идэвхтэй оролцож, төлөөллөө сонгож эрхээ эдлээсэй гэж хүсэх байна. 

Young Mongols төслийн цахим хуудас YoungMongols.com 

FB хуудас Young Mongols

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Whatever 2019.10.25 202.55.188.89

Still dutuu l sanagdaad bnadaa. Mongol zaluuchuud amaaraa aimar shudee Amaaraa bol aihtar aihtar teren tei margahgui yag chadaj bnauu geheer ugui eee bas l mash hovor tsuuhun heseg amjilttai naad humuus chin tedgeer zaluusiig tuluululj chadahgui dutmag resource tai sanagdaad bna

0 Хариулах


inspired 2019.10.25 43.242.242.221

looking forward to the book release!

0 Хариулах


Jack 2019.10.23 139.130.161.95

You go girl!

0 Хариулах