Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Одохуй: Тэнгэрийн өнгөнд уусаж яваа Гашууны хэдэн тагтаа


Хүүхэд насны минь хүнд гайхуулах зүйлгүй эгэл дурсамжаас бүхэн эхэлдэг. Ийн давтсан ихэнх бичвэрээр минь уншигчид намайг нас тогтсон, ядаж л зуугийн тал руу дөхөж яваа хүнээр төсөөлөх бөгөөд хорин насыг даваад холдоогүй яваад минь итгэхгүй ч байж мэднэ. Би хүртэл хааяа өөрийгөө Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт” романы Кольфилд хэмээн шоглож, яваандаа С.Эрдэнэ баавайн дүрүүд шиг гансрагч болох вий гэж эмээнгүй боддог л юм. Хамгийн сүүлд сэтгэл судлалаар мэргэшсэн найзтайгаа энэ талаар ярилцсаны эцэст сэтгэцийн эмгэгтэй болж таарсан сан. Шулуухан тоочвол энэ эмгэгээс л бүхэн үүдэлтэй билээ. 

Арав гаруй жилийн өмнө манайд тийм ч олон ном байсангүй. Авдрын ёроол хавьцаа аавын уншдаг хэд гурваас өөр номгүй. Тиймээс, хүнд чихэр боов цуглаж өгөхөөр авчирсан шар сонины тасархайнаас өөр унших юмгүй надад ээж авдраа уудална гэдэг том адал явдал болно. Авдрын булан руу зэрэгцэн толгойгоо шургуулж, ямар нэг ном олж авмагцаа тоононы нар даган хэвтэж, нэг мэдэх нь ээ унтаж орхидог байв. Т.Содномдаржаа гуайн орчуулгаар хэвлэгдсэн Оросын зохиолч Анатолий Ивановын “Мөнхийн дуудлага” хэмээх ланжгар романаас бусад нь бараг л хавтас, нэр ус ч үгүй. Сүүлд аав түүнийгээ надад өвлүүлж, би хичээн байж талд нь оруулаад цааш тавьсан сан. Хожим нь хоёр дахь дэвтрийг нь хуучин номын худалдаан дээрээс олж үзсэн, мөн л тийм зузаан. Хоёр дэвтэр нь нийлээд дөрвөн туйпуу нийлүүлсэн хэмжээний зузаан болно шүү. Тэрхүү номуудын дунд хавтас, нэр усгүй монгол өгүүллэг, туужийн нимгэхэн түүвэр таарсныг ихэд шохоорхон уншиж, нэг өгүүллэгийнх нь үйл явдлыг яг л өөрт тохиолдсон мэтээр бодож өдийг хүрчээ. 

“Хэд хоноод л сумын төв рүү эвлэлийн хуралд яваад ирэхдээ эгч нь хацартаа улаа бутруулж, аз жаргалтай болоод ирдгийн учрыг амьдралын сайхны амтыг арайхан амсаагүй яваа хүү үл гадарлана. Эгчийнхээ баяр жаргалыг өөртөө ирсэн мэтээр хөөрцөглөн бодож, энэ орчлонд өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй тэр нууцыг хадгалах болсондоо баясах ажээ. Гэвч тэр жаргалд мөн нулимс байдгийг хожмоо мэднэ. Нулимсаараа дэвтээн урж хаясан захидлын тасархай дээрх “чамтай … сэтгэл хэцүү … хань бүлтэй … үнэнээ” гэсэн үгсийн утга, хадны завсраас боодолтой зүйл гарган задлаад хад руу цангинатал шидэж орхисон нь, түүнээс үргэж ниссэн Гашууны хэдэн тагтаа гээд сэтгэлд хөндүүртэй атлаа ойлгомжгүй үлдсэн явдал олон” 

Хэдхэн жилийн өмнө миний амьдралд үзэгдээд өнгөрсөн хором мөч шиг дотно тэрхүү бүтээлтэй оюутан болсон хойноо мөн л хуучин номын худалдаан дээр ахин таарч билээ. Бор цаасан хэвлэлтэй, тоосонд идэгдсэн хуучин номд ахдахаар үнэ хэлсэн ч удаан уулзаагүй дотно хүнтэйгээ таарсан шиг сэтгэл хөдөлсөн би “үнэ хаяж” шахуу авсан сан. Тэр нь зохиолч Дармын Батбаярын “Саахалтын нууранд ангир дуугарна” түүвэр. Гаднаасаа гөжүүд, хөндий төрхтэй тэр эрхэмтэй Их сургууль дээр оюутнуудын уулзалтад нэгэнтээ таарч, утга зохиолын хүрээний үйл ажиллагаан дээр хэдэнтээ харж, орчин үеийн уран зохиолын ууган бичээч С.Буяннэмэх, авьяаслаг зохиолч С.Дашдооровтой нэг нутгийнх гэдгийг нь мэдсэнээс өөрөөр төдийлөн танихгүй юм даг. Харин түрүү үеийнх нь жүжгийн зохиолууд, хаа нэгтэйгээс часхийтэл чимхэх шиг уртай богино өгүүллэг, бодролууд, баатруудынхаа дотоод сэтгэлийг нүдний өмнө бодит болгон буулгасан тууж, уран зохиолын туурвил зүй, бүтээх үйлийн талаар бичсэн “Бүтээхүйн зүй тогтол: Сайхныг бүтээх нууц” ном, харьцангуй шинэ уур амьсгалаар сэлбэн 2009 онд хэвлүүлсэн “Ийнгаа миний хээр тал: Мементог бүтээхүй” туужууд гээд орчин утга зохиолын өнгө төрхийг соргог мэдэрсэн бүтээлүүдээр нь чамгүй ойр танилцаж, тэр талаарх хувь үзэл бодлыг нь хүндэтгэн дэмжиж, уран бүтээлээ он цагтай цуг хойш тавилгүй туурвиж буй уран бүтээлчийн хувиар нь сонжин уншдаг юм. 

Хүүрнэл зохиолын нэгэн үеийн давалгаанд хүч түрсэн “Саахалтын нууранд ангир дуугарна” түүвэр Монголын өгүүллэг, туужийн урлалд нэгэн содон өнгө төрхийг бий болгосон гэдэгт би хувьдаа итгэдэг. Тиймээс Монголын утга зохиолд сонгодог бичгийн уран зохиол болоод шашны уран зохиолын уламжлалтай туужийн төрөл илт сэргэсэн 1980-аад оны үеийн хүүрнэл зохиолыг үүгээр төлөөлүүлэн дүгнэж зүрхлэх билээ. Дангаараа ном болон хэвлэгдсэнээс нь хойш есөн жилийн дараа, 1993 онд И.Нямгаваа найруулагч дэлгэцийн бүтээл болгосон нь төдийлөн санаанд хүрдэггүй. Ерөөсөө сайн зохиолоор бүтсэн кино сайн болдоггүй хачирхалтай зүй тогтол байдаг ч юм уу. Сонгодгууд ихэнх нь кино болсон ч сэтгэлд хүрсэн нь цөөхөн. 

Зохиолын эхнээс л Дамба эхнэр хүүгээ орхиод залгаа нутгийн залуухан бүсгүй Тогоохүүгийнхээс салахаа байсан нь тодорхой болно. Хүний амьдралд байдаг л асуудлыг энгүүнээр хүүрнэн өгүүлэх адал явдал, гоёрхол чамирхалгүй эл туужийн ололт дотоод уур амьсгалдаа оршдог. Энэ дэлхий ертөнц дээр өөрийнхийгөө орхиод өрөөлийнх рүү одсон эрийн талаар өгүүлсэн хэчнээн ч зохиол байдаг юм, бүү мэд. Харин Дэжидийн бодол, эргэлзээ, Дамбын дотоод зөрчил, Тогоохүүгийн сэтгэлийн гүн дэх нууцхан түгшүүрийг уншигчийн сэтгэлд мэдрэгдтэл уртай бичсэн шиг зохиол тийм ч олон биш байх. Энгийн хөдөөх хүмүүсийн аж амьдрал дундах дүрүүдийн сэтгэлийн хөдөлгөөн, догдлол, шаналал, гутралыг уншигчийн дотор тэмтрэгдтэл тод агаад энгүүнээр зуран өгүүлдэг түүний ололт сүүл үеийн зохиолуудад нь илт боловсорч, өөр эрэлхийлэл рүү ханджээ. 

Цаг үеийн байдал, залгаад золгосон чөлөөт нийгмийн дүйвээнээс шалтгаалан Монгол уран зохиолын тод томруун цаг үе буюу 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхэн үеийн бүтээлүүд олны анхаарлаас орхигдсон шиг санагддаг. Харин тэр хүн миний мэдэхээр их сургуульд уран зохиолын лекц уншиж, уншигчдад мартагдалгүй өдий хүртэл шинэ зохиолоо хэвлүүлэхийн зэрэгцээ зохиолчийн буурь суух нэрийн доор нэгэн түвшний зузаан романууд хэвлүүлдэг уламжлалаас өөрөөр ямагт шинийг эрэлхийлж явдаг нь том ололт болж харагддаг. Түүний 1984 (Цахилж яваа гөрөөс) оноос 2009 (Мементог бүтээхүй) он руу хийсэн уран бүтээлийн нүүдэл их сонирхол татна. Тэр хөгжсөн. Борхес, Кортасар, Францын уран зохиол, Японы өгүүллэг, орчин үеийн романууд, ер хэнийг ч уншсан байж мэднэ. Ямартаа ч урьдын Д.Батбаяр хэвээрээ үлдээгүй. Хувилгаан ламын сүнс авга дүүгийнхээ биед орж эзнийх нь жинхэнэ мөн чанартай зөрчилдөж буй сонирхолтой өгүүлэмж бүхий “Мементог бүтээхүй” тууж магад бидэнд ямар нэг мартсаныг сануулна. Ямартай ч “Цахилж яваа гөрөөс”-өөс өөр зүг рүү чиглэсэн байв. Бидний дотор түмэн зүйл зөрчил бий. Тэрхүү зөрчлүүд нэгэн цагт биднийг гэгээн саруул болгож, нэгэн үед харанхуй мунхагт хүргэнэ. Шашнуудад хүртэл хамгийн түрүүнд сэтгэлийн л тухай сургадаг шүү дээ. 

Уран бүтээлийн эрэлхийлэл, орчин үеийн уран зохиолын шинэ хандлагад дөтлөсөн түүний энэ тууж бидний уншиж дадсан хуучны ойлголтоос, өөрөөр хэлбэл уншигчийг идэвхгүйгээр хөтөлдөг үйл явдлын хүүрнэлээс тэс өөр зүйлийг уншигчаас шаардаж мэднэ. Бодуулж, шаналгаж, залхааж мэднэ. Түүний хүссэн зүйл ч энэ байж болох. Тууж гэхээсээ уран сайхны бодрол эсээ ч гэж нэрлэж болмоор. Гэвч зохиолын төрөл зүйл уран зохиолын ололтын тухай ярианд төдийлөн хамааралгүй учраас орхиё. Мементог бүтээгчид цөм ямар нэг зүйлд тэмүүлж, тэгсээр ихэнх нь үхэлтэй нүүр тулж төгсөнө. “Memento” хэмээх испани гаралтай “Бүү март” гэсэн үгээр нэрийдсэн эл туужаар мартаж үл болох зүйлийг бүтээхийг зорьсон гэх өнгөц дүгнэлт таны уншилттай хамт сарниж ч мэднэ. Учир нь энэ зохиолд дагаж мөрдөх шугам гэж үгүй. Дээрээс нь үйл явдлаараа хөтөлж, уншигчийг таашаалд хүргэхийг зориогүй, гагцхүү бодуулж, шаналгаж, бүр айлгаж ч мэднэ. Унших явцдаа энэ чинь Монголын Кавабата юм биш үү гэсэн адгуу бодол төрсөн нь ойрмогхон уншсан хоёр зохиолын нөлөөнөөс болсон ч байж мэднэ. Юутай ч, товчлон өгүүлсэн хоёр туульсын тухай ярианы үргэлжлэлийг танд үлдээе. 

Уран зохиолын хөгжил орчин үед шүтэж, монгол хүүрнэл зохиолын өнөөгийн өнгө шилдэг борлуултаар хэмжигдэж буй энэ цагт бид үндэстний уран зохиолын өв сангаа эргүүлж харах хэрэгтэй гэсэн аминчхан бодлоор энэ мэтийг бичиж байгаа билээ. Зохиолын төгсгөлд Цэдэн-Иш хүү “Эднийх манай гөрөөсийг тэр том толиныхоо өмнө тавих болов уу, яах бол” гэж асуудаг шиг үндэсний утга зохиолд өөрийн өнгө төрх, хувь нэмрийг оруулсан эдгээр бүтээл таны номын санд багтах эсэхийг тааж мэдэхгүй. Дэжидийнх шиг “Мэдэхгүй л дээ, яах юм бол доо” гэсэн итгэлгүйхэн хариулт цухалзаж байна. Гэвч тэнд биш энд бид байгаа нь үнэн юм даг.

У.Бямбаням "Цаг хугацаа хэлнэ" номоос 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
3
2023.10.30
Торгоны замын “самурайн илд”
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.