Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Онлайн хакатоноор залуус нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдэл боловсрууллаа


Өнгөрсөн бямба гарагт "Цогц Хөгжлийн Үндэсний Төв" ТББ-аас Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Залууст чиглэсэн бодлого, шийдлийн хакатон-2020” онлайн хакатон амжилттай болж өндөрлөлөө.

Тус хакатонд 18-35 насны залуус дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг болж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, ядуурал, хүний хөгжил, нийгмийн халамж, үйлчилгээ, нийгмийн даатгалын тогтолцоо, залуу гэр бүлийн орон сууцны хөтөлбөр гэсэн найман чиглэлийн сэдвээс сонгож, шийдэл бүхий төсөл хөтөлбөр боловсруулан оролцсон юм.

Төслийн менежер Г.Сүрэн “Залуус өөрсдөө залууст чиглэсэн бодлого, шийдлийг боловсруулж, олон нийтэд танилцуулах зорилготой хакатон юм. Найман чиглэлээр зарлагдсан хакатонд маань хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр бодлого боловсруулж, жишиг болохуйц санал гаргасан таван баг шалгараад эцсийн шатанд хүчээ сорилоо. Тэдний төслөөс харахад залуус боловсролын салбарын шинэчлэлийг илүү ихээр хүсэж байгаа нь харагдсан. Мөн 15-34 насны эмэгтэйчүүдийн төрсний дараах хөдөлмөр эрхлэлтэд төрөөс хэрхэн анхаарах, өөрсдөө ажилтай, орлоготой болох ямар боломж байгаа талаар санал гаргасан баг бий. Шүүлтийн хувьд нийгэмд байгаа асуудлыг тодорхойлохоос гадна шийдлээ илэрхийлсэн эсэхийг харсан. Ерөнхийдөө шийдлийн илэрхийлэл, түүний хэрэгжих боломж хэр бодит байгааг үндэслэж дүнгээ гаргаж байна. Мэдээж судалгаа шинжилгээ, нэмэлт эх үүсвэр, мэдээлэл нэгтгэсэн байдал, багийн ажиллагаа ч дүнд нөлөөлж байгаа” гэсэн юм.

ЗурагТайлбар





“Залууст чиглэсэн бодлого, шийдлийн хакатон-2020” онлайн хакатон нь хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд 80 гаруй хүн буюу 20 баг оролцсоноос шалгарсан таван баг нь хоёрдугаар шатандаа тунаж үлджээ.

Энэ удаагийн хакатоны талаар Азийн сан ОУБ-ын, Ногоон Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Л.Дэлгэрмаа “Манайх залуус ихтэй орон гэдэг утгаар залуучууд, эмэгтэйчүүдийнхээ олон талт оролцоог хангасан төсөл хөтөлбөрүүдийг энэ удаад хэрэгжүүлж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон БНОУХ-гийн дэмжлэгээр хамтарч, гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх юм.Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй гурав дахь хакатон өнөөдөр болж байна. Ихэнх хакатон хүмүүст мэдээлэл хүргэх чиглэлд хийгддэг бол энэ удаагийнх залууст болон залуу эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлуудыг бодлогын хүрээнд авч үзснээрээ онцлог байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдэд анализ хийгээд шийдэл дэвшүүлж байгаагаараа онцлог гэсэн үг. Манай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш залуусын оролцоог харахад идэвхжсэн нь мэдрэгдэж байна.

Төслийн үр дүн сайн байна гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаа. 1992 оноос хойш болж байгаа Парламентын сонгуульд 18-25 насны залуусын оролцоо 50 орчим хувьтай байдаг судалгаанууд бий. Тиймээс энэ удаагийн сонгуулийн дараа төслийн үр дүн маань мэдэгдэж эхэлнэ. Үүний дараа орон нутгийн сонгууль, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Эдгээр сонгуулийн дараа ч үр дүнгээ нэгтгэж, төслийн үр шимээ дүгнэнэ. Мөн бид нар медиа аянаа зөвхөн сонгуулийн үеэр идэвхжүүлэх биш тогтвортой хугацаанд сонгогчийн боловсролын чиглэлээр үргэлжлүүлнэ” гэлээ.

“Залууст чиглэсэн бодлого, шийдлийн хакатон-2020”-д 83,6 оноогоор “Youth Solidarity” баг тэргүүн байр эзэлсэн бол 78,4 оноогоор “Mindmovers” баг удааллаа. Үлдсэн “Optimizers”, “MRCD TIIM”, “Эх” багууд тусгай байрт шалгарсан. Багуудыг төлөөлж хоёр оролцогч ирж, санал шийдлээ шүүгчдэд танилцуулж, бусад нь онлайнаар хакатондоо оролцсон нь цар тахлын үеэрх уралдааны онцлог байв. Онлайн хакатон нь энгийн үеэс илүү зохион байгуулалттай, цагаа зөв зарцуулах боломж олгож байгааг багууд онцолж байлаа. Ингээд багуудын яриаг хүргэе.



“Youth Solidarity” баг

Багийн гишүүд: Б.Алтанхуяг, Э.Тамир, Б.Галбадрах, Б.Оюунзул

Манай баг албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгаалал тэр дундаа залуучуудын нийгмийн хамгааллыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт санал боловсруулсан. 2019 оны байдлаар 270 мянга орчим албан бус хөдөлмөр эрхлэгч байгаа гэсэн судалгаа байна. Сүүлийн 5 жилийн судалгааг үзэхэд жил ирэх тусам өссөн үзүүлэлтэй. Эсрэгээрээ сайн дурын нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо буурсан байна. 2019 оны бас нэгэн сонирхолтой дүн бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо сүүлийн 5 жилд хамгийн бага. Үүнээс харахад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсал буюу тоон технологийн шилжилтийн явцад хүний хөдөлмөрийн оролцоотой ажлын байр буурч, хөдөлмөрийн зах зээл хумигдаж байна. Хумигдаж буйтай холбоотойгоор манай улсын албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнээс болж сайн дурын нийгмийн даатгал төлөгчдийн тоо багассан. Ялангуяа залуучууд ирээдүйн эрсдлээ тооцож, даатгуулах ойлголт маш бага.

Хоёрдугаарт, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого тогтмол биш болохоор өөрсдөө мөнгөн дүн тогтоож, сайн дураараа даатгуулах гэхээр санхүүгийн дарамт болж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Алсын хараа-2050” бодлого батлагдсан. Үүнд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын асуудлыг сайжруулах гэж заасан. Манай баг энэ сайжруулалтад нөлөөлөх процедурын шийдлийн хувилбар санал болгосон. Юу гэхээр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг тодорхойлох боломжгүй учраас хэрэглээнд нь суурилсан даатгалын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Хүн болгон худалдан авалт хийдэг. Тиймээс санхүүгийн дарамт үзүүлж биш хэрэглээнд нь хөнгөлөлт үзүүлэх зарчмаар тодорхой хувийг нийгмийн даатгалын сан руу шилжүүлье. Энэ даатгалын тогтолцоо сайжрах тусам халамжийн үйлчилгээ буурна. 270 мянга орчим албан бус хөдөлмөр эрхлэгч том зах зээл юм. Манайд шатахуун түгээх станц, сүлжээ дэлгүүрүүд зэрэг өргөн хэрэглээний худалдааны зах зээлд 1-10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Бид нар банкуудтай уулзахад энэ саналыг маш уриалгахан хүлээж авсан. Банк, нийгмийн даатгал, худалдааны байгууллагууд, иргэн гэсэн дөрвөлсөн харилцаа юм. Иргэнээс мөнгө гарах шаардлагагүй. Иргэн хөнгөлөлт эдлэхийн тулд дуртай газраа очно. Тэндээс 100 мянгад авах зүйлээ 97 мянгад авахад 2000 төгрөг нь банкаар дамжиж нийгмийн даатгалын сан руу орох жишээний. 2019 оны өрхийн дундаж орлого сая 400 мянган төгрөг бол өрхийн мөнгөн зарлага адил хэмжээний байсан. Нийт зарлагын 70 орчим хувь нь хүнсний болон хүнсний бус зүйлс. Үүнээс л даатгалын системийг бүрдүүлэх боломжтой гэж харсан. Хүндээ ч дарамтгүй, төрийн хувьд ч бүх хүнээ даатгалд хамруулах бодлогод нийцнэ, оролцогч компаниудад ч сонирхол нь байна. Компаниудын гол ярьдаг зүйл нь ашгаас илүү борлуулалтын эргэлт чухал гэж байгаа. Иргэдийн хувьд ч хэрэглээнээсээ даатгалд хамрагдах боломжтой. Хүсвэл нэмэлтээр мөнгө нэмж даатгалаа төлөх боломж нээлттэй.  

“Mindmovers” баг

Багийн гишүүд: Б.Гантулга,  Б.Золзаяа, С.Батсүрэн, З.Гэрэлтуяа,

Жилд 31 мянга орчим оюутан төгсөж байгаагаас 20 орчим хувь нь ажилгүй, 30 хувь үргэлжлүүлэн сурдаг гэх мэтээр шууд ажлын байранд очдоггүй. Нөгөө талаас ажил олгогчдод хүний нөөцийн асуудал тулгарч байдаг. Хүний нөөцөө заавал сургах, хөгжүүлэхэд цаг зарцуулдаг. Энэ хоёр асуудлыг цогцоор нь шийдэх “Дадлагажигч” хөтөлбөрийн саналыг манай баг гаргасан. Төр, аж ахуйн нэгж байгууллага, их сургуулийн гурван талт хамтын харилцааг хөгжүүлэх зорилгоор бодлого боловсруулсан. Олон улсад оюутныг төгсөх үед ажлын байр нь бэлэн байх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манайд гэтэл дадлагажигч оюутныг цай кофе зөөлгөх, бичиг цаас канондуулах зэрэг механик ажил хийлгээд явуулдаг шүү дээ. Энэ асуудлыг шийдэх гол санал бол байгууллагууд хэрэгтэй байгаа боловсон хүчнээ тодорхойлж, орон тоог зарласнаар хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудад мэдээлэл хүрэх юм. Хамгийн ойрын жишээгээр бол банкууд сургуулиудад очиж, нээлттэй ажлын байрандаа оюутнуудаар анкет бөглүүлж аваад төгсөхөд нь ажлын байр санал болгодог. Үүнийг илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох хөтөлбөр юм.

Жишээлбэл, МУИС инновацын шинэ компаниудтай хамтраад ажлын байр бэлдэж байгаа. Мөн томоохон байгууллагуудтай уулзаж, шинээр 400 ажлын байрыг сайтдаа зарласан байна лээ. Тиймээс манай санал болгож байгаа хөтөлбөр цэвэр их сургууль, аж ахуйн нэгж байгууллага дээр суурилж байгаа. Манай төрөөс МСҮТ-ийг дэмжих бодлого түлхүү хэрэгжүүлж байгаа. Гэвч гадаадын туршлагыг харахад МСҮТ-ийн бодлого өөрөөр хөгжиж байна. Карьерын болон техникийн боловсрол олгоход анхаардгаас гадна их сургуулийн оюутнуудаа ажлын байранд чадавхжуулах бодлого баримталдаг. Учир нь технологийн хөгжлөөс болж үйлдвэрүүдэд робот ашигладаг болсноор ур чадвар муутай ажилтнуудын хэрэгцээ багасаж байна. Харин өндөр ур чадвартай ажилтнуудын хэрэгцээ нэмэгдэж байгаа болохоор боловсролын бодлогодоо дээр хэлсэнчлэн хөгжүүлж байна.

“Optimizers” баг

Багийн гишүүд: Т.Азбилэг, Э.Цэнгэл, Т.Элбэрэл, Б.Жавхлан, 

Монголд боловсролыг хүртээмжтэй, чанартай хүргэхэд асуудал байгаа. Энэ тал дээр олон төсөл хөтөлбөр байдаг ч хөрсөнд буусан нь ховор. Орон нутгаас хотод ирж, их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөрөөсөө гадна төлбөрийнхөө 60 гаруй хувьтай дүйцэхүйц мөнгөөр амьдардаг. Үүнийг дагаад хотын нягтаршил ч ихэсдэг. Улаанбаатарын хүн амын 10 хувийг оюутнууд эзэлж, тэдний тал нь хөдөө, орон нутгаас ирдэг судалгаа бий. Оюутнаа дагаад гэр бүл нь ч Улаанбаатарт ирж суурьшиж байна.

Их сургуулиуд бүгд платформтой, багш нар ч лекц, семинараа цахимаар заах туршлага хуримтлуулж байна. Сургуулийнхаа хамгийн сайн багшийн хичээлийг анги танхимын хүрэлцээ, цагаас шалтгаалж үзэж чаддаггүй оюутнуудад онлайн сургалт илүү хүртээмжтэй байх юм. “Цахим оюутан 2+2” хөтөлбөрийг бид нар санал болгож байгаа. Энэ нь хөдөө, орон нутагт амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэйгээс болж суралцаж чадахгүй байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр юм. Эхний хоёр жил байгаа газраасаа хичээлээ цахимаар үзэж, сүүлийн хоёр жил мэргэжлийн хичээлээ биечлэн ирж суралцах хөтөлбөрийг санал болгож байгаа.
Ингэснээр оюутнууд хүртээмжтэйгээр боловсрол эзэмшиж, өөртөө итгэх итгэлтэй болохоос эхлээд сайн мэргэжилтэн болох суурь болж чадна гэж үзэж байна. Орлого багатай, тусгай хэрэгцээтэй бүх хүн хамрагдах боломж бий болно. Мөн брайль технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байна. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг жил ирэх тусам сайжруулах, жил бүр үнэлгээ хийж, ахиулах боломжтой.

Бид нар нийт 20 мэргэжил сонгож, хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ ойрын 5 жил Монголд болоод дэлхийд эрэлттэй байх ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, олон улсад 10-15 жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт болон өнөөгийн хөдөө орон нутгийн оюутнуудын хамгийн их сонгож суралцаж байгаа мэргэжлийн судалгаанд суурилж сонголоо. Мөн энэ мэргэжлийг онлайнаар заах боломж бололцоо, сургалтын агуулгыг технологид суурилж бэлтгэх боломж, магадлан итгэмжлэгдсэн байгаа эсэхийг харж сонгосон мэргэжлүүд юм. Манай санал болгож байгаа хөтөлбөрт бизнес, нийгэм, эрхзүйн чиглэлийн мэргэжлүүд хамгийн тохиромжтой байсан.

“MRCD TIIM” баг

Багийн гишүүд: Б.Билгүүнсайхан, Э.Оюунцэцэг, Б.Гэрэлмаа, Х.Мөнхзаяа 

Монгол эмэгтэйчүүдийн төрөлт эрт байдаг. Оюутан байхдаа ч юмуу их сургуулиа төгсөх үедээ төрдөг. Энэ байдлаасаа болоод төгсөөд 2-3 жил ажил хийдэггүй, дараа нь ажилд орох гэхээр ажлын туршлагагүй, “зэвэрчихсэн” гэх шалтгаантай, нийгмээсээ холдчихсон байдаг. Тийм болохоор манай багийн шийдэл оюутан байхаасаа сайн дурын нийгмийн даатгал төлж, хувь хүн, төр хоёроос 50, 50 хувиар даатгал төлж, амаржсаныхаа дараа зогсоох шийдлийг санал болгосон. Мөн “Care mom” аппликэйшны шийдэл байна. Энэ апп нь зөвлөгөө, хуулийн хэсэг, орлоготой ээж, ашигтай даалгавар гэсэн дөрвөн үндсэн цэстэй. Зөвлөгөө хэсэгт мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж, эх сурвалжгүй, үнэн худал нь тодорхойгүй мэдээллээс хамгаалах үүрэгтэй. Хуулийн хэсэгт жирэмсэн болон эмэгтэйчүүдтэй холбоотой хуулийн талаарх мэдээллийг хүргэх юм. Аппликэйшны хамгийн гол хэсэг нь орлоготой ээж, ашигтай даалгавар цэс. Ажил олгогчтой ээжүүдийг зөвхөн онлайнаар холбож, холын зайнаас ажиллуулах шийдэлтэй цэс байна. Салбар бүрийн мэргэжилтэй ээж нар байдаг учраас цахимаар хийж болохуйц ажилд зуучилж, гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэнэ. Компаниуд ч нийгмийн хариуцлагын хүрээнд орлоготой ээж хөтөлбөрийг дэмжих боломжтой. Ашигтай даалгавар цэсээр ээжүүдийг маркетер болгож бэлтгэж болно. Ээж, эмэгтэйчүүдэд чиглэсэн бизнесийг шэйрлэх, мэдээлэл дамжуулах гэхчлэнгээр жижиг даалгавруудыг биелүүлж, ашиг олох боломж бүрдэх юм.

Өнгөрсөн онд 130 гаруй мянган эх амаржсан статистик бий. Судалгаанаас харахад төгсөгчдийн 71 орчим хувь нь хоёр жил болоход ажил хөдөлмөр эрхлээгүй байсан. Тэдний 69 хувь нь хүүхдээ харах гэсэн шалтгаанаар ажил хийх боломжгүй байгаагаа тайлбарласан байна. Үүнээс болж бид нар энэ сэдвээ сонгосон.  

“Эх” баг

Багийн гишүүд: О.Гэрэлчимэг, Б.Цэнд-Аюуш, Ж.Гэрэлт-Од, В.Баяраа

Манай баг бэлгийн боловсролын чиглэлээр сэдвээ сонгож авсан. Бэлгийн боловсрол нөхөн үржихүй, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна, цаашлаад ядуурал, хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтэд ямар нөлөө үзүүлж байгааг харуулахыг зорьсон. Нидерланд улсад гэхэд 4-7 настай хүүхдүүдийн онцлогт тохируулан анимэйшн, хүүхэлдэйн киногоор дамжуулан бэлгийн боловсролын мэдлэг олгодог байна. Тиймдээ ч тус улсад бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт хамгийн бага. Үүнээс бид нар бэлгийн суурь боловсролыг багаасаа сурснаар олон эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтойг харж болно. Гэтэл манай багийн гишүүн СӨБ-ын байгууллагад ажилладаг ч тэнд бэлгийн боловсролын хичээл ордоггүй, ойлголт өгдөггүй. Тийм болохоор СӨБ болон сургуулийн насанд нь эрүүл мэндийн хичээлээр бэлгийн боловсролыг хүүхдүүдэд хангалттай хүргэх боломжтой. Нэмэлт ямар ч зардал шаардахгүй гэж харж байна. 

Бид нар бэлгийн боловсролын чиглэлээр инстаграмд sexual.educatio_n хуудсыг ажиллуулж, мэдээлэл хүргэдэг. Хүмүүсийн мэдэхийг хүссэн асуултад сайн дурын эмч нартай хамтарч хариулдаг. Энэ талын мэдлэг хүмүүст маш дутмаг байгааг анзаарч байтал эрүүл мэндтэй холбоотой хакатон зарлагдахаар нь орсон. Энэ төрлийн сэдвээр залуусыг идэвхжүүлэн хакатон зохион байгуулж байгаад баяртай байна.  
Манай баг “Эх” нэрээ нэгдүгээрт, ээж эх гэдэг утгаар, хоёрдугаарт ариун нандинг илэрхийлдэг эх булаг, нөгөөтээгүүр эх үндэс гэдэг утгаар өгсөн.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bolor 2020.06.10 172.69.252.137

Heregtei ajil buteesen zaluustaa bayrlalaa

0 Хариулах