Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Онцлох эвент: Урлагт хайртай хүн бүхний заавал очих "MN17 Art Fair-2019" үзэсгэлэн худалдаа


Наймдугаар сарын 8-нд нээлтээ хийсэн "ART FAIR-2019" үргэлжилж байна. Өмнө нь Монголд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүд олон болж байсан ч энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлчдийг нэгтгэн хамруулснаас гадна, манайд зохиогдож буй анхны "Art Fair" юм. 

Уг үзэсгэлэнгийн онцлог нь уран бүтээлчдээ нийтэд таниулах мөн тухайн уран бүтээлчдийн хувьд нэгэн шинэ үүд хаалгыг нээх ажээ. Дэлхийн томоохон улс орон болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдаа нь тухайн орны өнгө төрх, үндэсний хэв маягийг агуулсан байдаг бөгөөд энэ удаагийн "Art Fair" нь мөн адил манай улсын үндэсний хэв маягийг бүрдүүлсэн байгаа нь ажиглагдав. Энэхүү үзэсгэлэнд сорчилж сонгосон 35 уран бүтээлчийн 100 гаруй шинэлэг бүтээл дэлгэгдээд байгаа билээ.

 "ART FAIR-2019"-ын зохион байгуулагч Ж.Одбаяр 

-Энэ удаагийн “Art Fair”-ийг зохион байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Ер нь бол ажлын төлөвлөлтөд орчихсон байсан. Харин бэлтгэл ажлын хувьд энэ жил нэлээн шахуу байсан. Бараг долоо хоногийн хугацаанд оролцох бүтээлүүдийнхээ сонголтуудыг хийгээд явсан. Эхний ээлжинд цөөн тооны уран бүтээлчдийг сонгож оруулна гэж байсан боловч анхны удаа хийж байгаа учир бүх уран бүтээлчдийг хамруулъя гэж шийдээд 34 уран бүтээлчийг сонгон оролцуулж, уран бүтээлийг нь дэлгэж тавьсан. С.Батсайхан уран бүтээлч куратороор ажилласан байгаа.

-“Art Fair”-ийн онцлог нь яг юу вэ. Бусад үзэсгэлэн, арга хэмжээнүүдээс юугаараа ялгаатай байна?

-Монголд тавигддаг ихэнх үзэсгэлэнгүүд хамтарсан эсвэл бие даасан гэж хоёр янз бий. Эсвэл шоу маягаар хийгддэг. Харин гадаадын ихэнх улс орнууд "Art Fair" хийдэг. Энэ нь томоохон хотуудын байдаг л жишиг бөгөөд байх ёстой зүйлүүдийн нэг. Уран бүтээлч байгаа газар ямар нэгэн байдлаар хүмүүстэй холбож өгсөн гүүр байх ёстой. Үүний хамгийн тод жишээ нь бол “Art Fair”. Жишээлбэл, “Playtime” фестиваль хөгжмийн урам бүтээлчдийг цуглуулдаг, кино талаасаа “Улаанбаатар Олон улсын кино наадам” монгол кино уран бүтээлчдийг цуглуулдаг. Өөр янз бүрийн авардсууд салбар салбарынхаа хүмүүсийг тодорхойлоод аваад явчихдаг. Харин баримал, уран бүтээл хийдэг, мөн өөрсдийн бүтээлээ зарж борлуулах боломжтой хүмүүсийг энд оролцуулж байна гэсэн үг. Хамгийн анх санаагаа гаргахдаа Азийн үзэсгэлэн худалдаануудыг их ажигласан. Ихэвчлэн үндэсний хэв маяг дээр төвлөрсөн байдаг юм байна лээ. Монголын “Art Fair”-ийн хувьд шинэ, шинэлэг, хамгийн сүүлийн үеийн гэснийг харж сонгож авсан байгаа. 

-Уран бүтээлчид хэр хүлээж авч байна вэ?

-Уг нь 15 уран бүтээлч сонгоно гэж бодож байсан ч хоёр дахин нэмэгдсэн. Уран бүтээлчид ч их уриалгахан байсан. Яагаад гэвэл нэг уран бүтээлч өөрийн бие даасан үзэсгэлэнгээ маш их зардлаар гаргадаг. Уран бүтээлээ хийх цагаас гадна талбайн түрээс, урсгал зардал гэх мэт зүйлсийг тооцоолоод үзэхэд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн дор хаяж арван сая төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Харин “Art Fair”-т оролцож байгаа уран бүтээлчдээсээ бид ямар нэгэн шимтгэл, талбайн түрээс авахгүй байгаа гэдгээрээ онцлог. Хүн болгоны уран бүтээлийн хэмжээ, онцлогоос хамаараад бид тусгай зай талбайнуудыг гарган өгсөн байгаа. Мөн уран бүтээлчдэд давуу тал болж байгаа нэг зүйл нь мэргэжлийн куратор. Энэ олон уран бүтээлч, шинэлэг бүтээлүүд нэг дор цугларсан нь галерейг илүү амьд болгож өгч байгааг ирсэн хүн болгон мэдрэх байх. 

-Цаашид уран бүтээлчдийг дэмжсэн ажил улам их хийгдэх нь ээ гэж хүлээж болно гэсэн үг үү?

-Тийм ээ. Дөнгөж төгссөн ч бай, улаан талбар дээр яг эд тоосгоо өрөөд явж байгаа уран бүтээлчдийг ч бай бид дэмжиж байна. Залуу уран бүтээлчдэд ямар нэгэн байдлаар урам өгөхийн төлөө явж байгаа. Өөрсдийн бие даасан эсвэл хамтарсан бүтээлээ хийгээд явж байгаа ямар ч уран бүтээлчид бүтээлээ зарж борлуулах тал дээр муу байдаг. Яагаад гэвэл өөрийнхөө бүтээлийг зарна гэдэг зарим талаараа зүрх сэтгэлтэй нь холбоотой асуудал болчихдог. Зарж борлуулахад хэцүү болно гэсэн үг л дээ. Харин ийм төрлийн арга хэмжээ хийж байна гэдэг нь уран бүтээлчдийн хувьд хоёр дахь хаалгаа нээж байна аа л гэсэн үг. 

-Уг үзэсгэлэн худалдааны үйл явц хэрхэн явагдах вэ. Уран бүтээлч өөрөө зарах уу эсвэл мэргэжлийн хүмүүс үнэлж, худалдан авагчидтай тохиролцох болов уу?

-Уран бүтээлчээс нь шууд худалдан авалт хийх гэхээр монголчуудын нэг их ичимхий зан байгаад, бүтээлээ үнэлэхэд нь саад болоод байдаг. Энэ тал дээр бид хувьссан байгаа. Гаднын улс орнуудад уран бүтээлч, дилер, куратор нь хүртэл байж байдаг. Харин бид уран бүтээлчтэй нь холбож өгөхөөс гадна бүтээлийг нь худалдан авахыг хүсэх юм бол дилертэй харилцан тэр дор нь худалдан авах боломжийг гаргаж өгсөн. Зарим хүмүүс үзэсгэлэн дууссаны дараа худалдаж авъя, байлгаж байгаарай гэдэг. Тэр тохиолдолд худалдан авагчийн маань сэтгэл санаа ямар нэгэн байдлаар өөрчлөгдчихдөг. Харин энд яг тухайн үеийн бүтээлд хандсан сэтгэлээрээ худалдаж авах ёстой. Энэ нь “Art Fair”-ийн бас нэгэн онцлог юм. 

-Үзэсгэлэн хэр удаан үргэлжлэх вэ?

-20 гаран хоног үргэлжилнэ. Маш олон бүтээл байгаа болохоор энэ нь богино хугацаа юм. Нээлтийн үеэр ажиглахад уран бүтээл цуглуулагчид авах уран бүтээлээ тогтоож аваад, уран бүтээлчтэй нь ярилцаж байгаа харагдсан. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал цаг бол алт гэдгийг энэ үзэсгэлэнгээс мэдрэх байх. Монголд бүтээл цуглуулагчид олон байдаг. Зураач хүн өөрөө цуглуулж байна, зүгээр энгийн хүмүүс хүртэл худалдан авч цуглуулж байна. Нэг зураачийн бүтээлийг шимтэж, дараагийн бүтээлээс нь сорчилж авдаг хүмүүс ч байна. Ер нь их олон төрлийн цуглуулагчид байдаг.

-Энд цоо шинэ уран бүтээлээ тавьж байгаа уран бүтээлч ч юм уу эсвэл хүмүүсийн сайн мэдэхгүй шинэ залуу уран бүтээлч байгаа юу?

-Ер нь бол дандаа туршлагатай уран бүтээлчид байгаа. Цаашдаа ч мөн энэ байдлаа хадгалаад явах байх. Харин туршлагатай уран бүтээлчдийн шинэ бүтээл олон байгаа. Тийм учраас хүмүүсийн үзээгүй бүтээлүүд байх магадлал өндөр. Урлангаар явж сонирхдог, онцгой содон бүтээл авахыг хүсдэг хүмүүс олон байдаг шүү дээ. Тийм хүмүүс байвал түрийвчтэйгээ, карттайгаа манай “Art Fair”-т хүрэлцэн ирээрэй. Бид та бүгдийг хүлээж байна. 

Уг үзэсгэлэн худалдаанд өөрсдийн бүтээлээ длэгэн тавьсан уран бүтээлчдийн төлөөлөөс бид богинохон яриа авснаа та бүхэнд сийрүүлэн хүргэе. 

Резин арт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Н.Отгонбаттай ярилцав.

-Өмнө нь зөвхөн зураач эсвэл барималч гэх мэт уран бүтээлчдээр дагнасан “Art Fair” болж байсан уу? 

-Яг “Art Fair” болж байгаагүй. Нутгийн зураачид нийлээд үзэсгэлэн маягийн зүйл хийж байсан тохиолдол бол байгаа. Энэ бол ихэнх зураачид оролцсон анх удаагийн "Art Fair" юм.

-Та уран бүтээлээ туурвиад хэчнээн жил болж байгаа вэ?

-Би анх 2004 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн. Ихэвчлэн медиа тал дээр хийдэг байсан. Кино, нэвтрүүлэг, шоу тоглолт дээр их ажилладаг байлаа. Сүүлийн 10-аад жил яг өөрийн барьж авсан төрлөөрөө уран бүтээлүүдээ туурвиад явж байна.

-Таны уран бүтээлийг үзэж сонирхон, худалдаж авах ч юм уу дэмжих үйл явц хэр их байдаг вэ. Хангалттай сайн гэж хэлэх үү?

-Хангалттай сайн гэж хэлэхгүй. Ерөнхийдөө ихэвчлэн найз нөхөд, танил талаараа борлуулдаг байсан. Энэ “Art Fair”-ийн зорилго бол зураачдыг бусдад таниулах, нэгдсэн том үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Магадгүй эндээс өөрсдийн гэсэн үнэлгээнүүд хүртэл гарч ирэх боломжтой юм. 

-Ямар чиглэлээр бүтээл туурвидаг тухайгаа уншигчидтай хуваалцана уу.

-Миний бүтээлүүдийн онцлог гэвэл би резин арт чиглэлээр бүтээлүүдээ хийдэг. Энэ нь өөрөө хөгжөөд 5,6 жил болж байгаа төрөл юм. Америкт бол илүү хөгжсөн байдаг. Тэгээд би сонирхож судлаад 2017 оноос Монголд хийж эхэлсэн.

Бас эндээ "Wine & Resin-Art" гэдэг воркшоп, сургалт явуулж байгаа. Хүмүүс их сонирхож, хамрагдаж байгаа шүү.

-Баярлалаа.

Чөлөөт уран бүтээлч Л.Хонгорзултай үзэсгэлэн болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Лхагважавын Хонгорзул гэдэг. 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн. 2010 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ хийж байна. Гадаад дотоодын олон үзэсгэлэнгүүдэд оролцоод явж байгаа. Бие даасан дөрвөн үзэсгэлэн гаргасан. 2018 онд хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д бие даасан үзэсгэлэн гаргаад ирсэн. 

-Гадаадад яг үүн шиг “Art Fair”-т оролцож байсан уу?

-2018 онд Солонгос улсын Сөүл хотод зохион байгуулагдсан “Kafa” олон улсын үзэсгэлэнд оролцож байсан. 

-Манай улсад “Art Fair” зохиогддоггүй шүү дээ. Ингээд зохиогдож байгаа нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна?

-Надад үнэхээр сайхан байна. Монгол улсад ихэвчлэн бие даасан эсвэл хамтарсан, олон улсын үзэсгэлэнгүүд гаргадаг ч гэсэн энэ маань “Art Fair” гэсэн утгаараа зохион байгуулалт нь бусад үзэсгэлэнгүүдээс арай онцлогтой болж байна. 

-Та уран бүтээлийнхээ тухай танилцуулаач.

-Миний зурдаг чиглэл бол орчин үеийн монгол зураг. Бүтээлүүд маань дотоод ертөнц, сэтгэлгээ философи тал руугаа чиглэсэн. Хүмүүсийн үзэл бодол, хүмүүсийн хоорондын харилцаа холбоо, нийгмийн байдлыг холбон зурдаг. 

-Таны уран бүтээлийг сонирхсон хүмүүс тантай хэр их холбогдож байна?

-Ер нь бол холбогдоно. Ихэвчлэн үзэсгэлэн дээрх бүтээлүүдийг минь үзээд холбогддог. 

-Монгол улсад уран бүтээлийг үнэлэх үнэлэмж хэр байна гэж бодож байна вэ? 

-Урлаг маш сайн хөгжсөн орнуудыг бодвол манай улс эдийн засгийн байдал гэх мэт зүйлээс болж өөр байдаг. Гэхдээ уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг үнэлэх үнэлэмжтэй байдаг. Тийм ч болохоор бүтээлийн үнэ цэнэ хэвээр үлддэг, түүнийг нь үнэлэх хүмүүс ч их байдаг гэж боддог.

Наймдугаар сарын 8-наас 26-ны хооронд болох уг "Art Fair" MN17 галерейд өдөр болгон болж байгааг дахин сануулъя. Та бүхэн ЭНДдарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн уран бүтээлчдээ дэмжиж, шинэ содон бүтээл сонирхохыг хүсвэл заавал зориорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.