Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Орчин цагийн карьерын эргэлт буюу давхар ажил хийхийн давуу талууд


Ямар мэргэжил эзэмшиж, сургууль төгсөөд ямар ажил хийх вэ, ирээдүйд ямар салбарт мэргэжлийн боловсон хүчин болж, урт хугацаандаа тогтвортой ажиллах вэ гэдэг асуулт орчин цагийн залуусын хувьд чухал болжээ. Сургууль төгсөгчид, залуу боловсон хүчнүүд карьерын замын эхэнд ирээд маш их эргэлзэх нь бий. Ямар ажил хөдөлмөр эрхэлж, орлогоо хэрхэн тасалдуулахгүй авч явж,  өөрөө ч мөн тасралтгүй хөгжиж, нийгэмд хувь нэмрээ яаж оруулах вэ гээд л бодох зүйл их. Энэ л миний хийхийг хүссэн ажил мөн гэж бодтол санаснаас тэс ондоо байх нь бий. Эсвэл зорилго, мөрөөдөлтэй чинь яв цав нийцэж байвч урт хугацаандаа санхүүгийн хувьд өсөн дэвжих боломжгүй санагдаж магад. Ер нь ч тэгээд аливаа ажлыг хийж үзэж байж мэдэхээс аргагүй. Гэтэл юу хийхээ олж мэдэх гээд хорвоогийн бүх мэргэжлээр сурч, ажиллаж үзэлтэй биш. Бодож тунгааж, сонирхол хүслээ сонссоор эцэст нь нэг зам сонгох болдог. Тэр замаараа амжилттай замнасан нь ч бий, сэтгэл дундуур хоцорсон нь ч бий.

 Ажил мэргэжлээ сонгох, сэтгэл хангалуун байх гэдэг бол амьдралын ханиа сонгохтой ижил чухал шийдвэр шүү дээ. Гэхдээ нэг л карьерын зам сонгосон бол насаараа ажиллахаас өөр сонголтгүй гэж бүү ай. Орчин цагт ажил хөдөлмөрийн тухай ойлголт үндсээрээ өөрчлөгдөж байна. 

Яагаад заавал ганцхан мэргэжил сонгох гэж? Хүн бүхэнд ганцаар зогсохгүй сонирхол, хүсэл эрмэлзэл бий. Магадгүй барилгын инженер байлаа гэхэд яагаад давхар интерьер дизайны чиглэлээр сурч, ажиллаж болохгүй гэж? Эдийн засагч гэхээр йогийн багш, нарийн боовны тогооч хийж болохгүй гэсэн үг биш. Эмч бол та сайн дурын байгууллагат, олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлс ч эрхэлж болно. Ингэж хэд хэдэн зүйл хийж туршиж байж мэдлэг туршлагатай, хамтран ажиллах өргөн сүлжээтэй болох үүд хаалга нээгдэнэ. Өнөө цагийн ажлын байр, ажлын цаг гэх ойлголт ч өөрчлөгдөж, зайнаас ажиллах, бүтээмж өндөртэй цөөн цагийг ажилдаа зарцуулах, “фрийлансинг” хийх гэх мэт шинэ арга барилууд хөдөлмөрийн эдийн засагт нэвтэрсэн. Тэр утгаараа өөр өөр салбарын мэдлэг, туршлагатай хүн бол маш үнэтэй боловсон хүчин гэсэн үг. 

Мөн нэг газраа ажилласаар хайрцагт орсон хүмүүс орчноо сольж, олон төрлийн хүмүүстэй ажиллаж үзэх нь хязгаарлагдаж гацсан сэтгэхүйг тэлж, илүү бүтээлч байхад тусалдаг нь судлагаагаар нотлогдсон зүйл юм. Зарим хүн нэг байгууллагат тодорхой хугацаанд ажилласны эцэст бүх зүйл нэг хэвийн болж, цааш хөгжих гарцгүй болсон мэт мэдэрдэг нь үүнтэй холбоотой. Тиймээс тэд ажил болон хамт олон, орчноо солихыг эрмэлзэж эхэлдэг. Ингээд дараагийн газраа ч мөн цөөн хэдэн жил ажиллаад өмнөх шигээ гацна. Харин хэд хэдэн ажил, дор хаяж хоёр ажил хийж буй хүн урт хугацаанд тогтвортой, ажилдаа сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрддэг аж. Хүмүүс хоёр дахь ажил гэхээр юу хийхээ мэдэхгүй гайхшрах нь олон. Гэтэл танд ямар нэг сонирхдог, чөлөөт цагаараа хийдэг зүйлс байж л байгаа. Шаазан урлал сонирхдог байлаа гэхнээ энэ хоббигоо маш сайн чаддаг болтлоо хөгжүүлээд авахад дараа нь өөрийн урланг нээж, сонирхогчдод хичээл зааж болно. Ийм маягаар дуртай зүйлээ олж, ажил болгож, айж эмээхгүйгээр туршиж үзээд л явах хэрэгтэй. Тус нэмрээ өгөхгүй ажил хөдөлмөр гэж байдаггүй.

Тэгээд ч ажил гэдэг бол зөвхөн орлоготой байх арга зам биш, хүний хүсэл эрмэлзлийг амьд идэвхтэй байлгаж, алив нэг өндөр дээд зорилгод хувь нэмрээ оруулахад урамшуулж, ута учиртай амьдрахад нөлөөлдөг гол хүчин зүйл билээ. Тиймээс дуртай зүйлээ хийх боломж бүрийг ашиглаарай. Мөнгө, сонирхол хобби, таашаал, бас бусдад хэрэг болохуйц гэсэн дөрвөн шинж чанар таны карьерт багтаж байхыг эрмэлзээрэй. 

 Давхар карьертай байснаар хүн орлогын хэд хэдэн эх үүсвэртэй болдог. Энэ нь маш ухаалаг нүүдэл юм.  Нэг орлого буурахад нөгөө нь нөхөж байдаг тогтолцоог бүрдүүлвэл сайн.  Түүнчлэн нэг орлогоо хэрэгцээндээ зарцуулж, нөгөөг нь хуримтлуулж чадвал бүр ч сайн. Энэ бол өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэсэн үг. Ялангуяа нөхөн үржихүйн онцлогоосоо болоод ажил, карьераасаа завсарлага авах болдог эмэгтэйчүүдэд энэ чухал байж мэднэ. Хүүхдээ харж гэртээ суух жилүүдэд орлого нь эрс буурдаг тэдний хувьд үндсэн ажлаас гадна зайнаас эрхэлж болох, хагас цагаар ажиллаж болох хөдөлмөрийн боломж хэзээ ч илүүдэхгүй. 

Дэлхий дахинаа хөдөлмөрийн зах зээл улам бүр өрсөлдөөнтэй болж байхад нэг л зүйл сурсандаа, нэг л ажил эрхэлдэгтээ сэтгэл ханаад сууж байх нь тийм ч зүйтэй биш.  Ажилтан карьерынхаа туршид нэг л зүйлээ хийж болдог эдийн засаг, бизнесийн модел өдөр ирэх тусам хуучирч, ойрын ирээдүйд давхар карьер энгийн зүйл болж хувирахаар байна. Хүн нэг цэг дээр аливааг эхлүүлэхэд тэлж хөгжих олон цэг эргэн тойрон тодордог. Мэдэх тусам мэдэхгүй нь их гэдэг шиг хийх тусам хиймээр зүйл их байгааг ажиглана. Орчин үед ажил олгогчид үүнийг аль хэдийн тооцоолж эхэлсэн ба хэн давхар мэдлэг, хөрвөх чадвартай байна түүнд боломж олгох хандлага газар авч байна. 

Хүмүүс ихэнхдээ урдах ажлаа яая гэж байхад юун хоёр дахь ажил гэх нь бий. Ажлаа дарамт болгож хардаг хүмүүст тийм байх нь ч аргагүй. Харин нэг газраа хязгаар тогтоолгүй, өөрийн сонирхол, ур чадвар болгоны үзүүрт ямар нэг үнэ цэнтэй зүйл бүтээн босгож, урлан амилуулж байдаг хүмүүст ажил бүхэн сонирхолтой сорилт болдог. Зарим хүн тодорхой албан тушаалын өндөрлөгөөр карьерынхаа оргилыг багцаалах нь бий.

 Гэтэл өнөө цагт чиний эрхэлдэг албан тушаал, ажилладаг байгууллага чамайг тодорхойлохгүй, гагцхүү юу чиний сэтгэлийг хөдөлгөж байна тэр л чамайг хэн болохыг илэрхийлнэ. Тиймээс карьер гэх өргөн ойлголтыг хайрцаглаж, хязгаарлах хэрэггүй юм.  

Давхар карьер сонгохын тулд шинэ ур чадвар, мэдлэг хэрэг болохыг үгүйсгэхгүй. Тэгвэл ном сурах бичиг, онлайн судалгаа, онлайн хичээлүүд гээд боломжгүй зүйл үгүй. Яг юу хиймээр буйгаа олж мэдэхийн тулд өөрийн сонирхол хобби, аз жаргал мэдэрдэг зүйлс, ур чадвар, авьяастай талууд, багадаа мөрөөдөж байсан мэргэжил зэргээ жагсаан бичээд харьцуулан тунгааж үзээрэй. Жижиг жижиг алхмаар, нэг харилцагчтай, нэг үйлчлүүлэгчтэй болох маягаар туршиж үзээрэй. Ингэж байтал танд аль нь илүү оновчтой санаа болох нь мэдэгдэнэ. Магадгүй нэг газраа удаан ажиллаад, дээр хэлсэнчлэн карьерын мухардалд орсон мэт санагдаж буй хүмүүст ч энэ арга хэрэг болж мэднэ. Харин нэг карьераа нөгөөгөөр сүйтгэж болохгүй. Аль аль нь чамд тээр болох ёсгүй. Аль нэгийг нь л сонгохоос өөр аргагүй болвол энэ тухай ахин бодож үзээрэй. Амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0