Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Орь ганцаараа мэт мэдрэмжийг туулж буй хүн бүр үзвэл зохих 'TED Talk'-ийн 5 илтгэл


Заримдаа танд орчлон орь ганцаараа мэт, хэн ч таныг ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү? Яг үнэндээ, гуниг, ганцаардлыг мэдэрч үзээгүй хүн нэгээхэн ч үгүй. Таны туулж буй бэрхшээл өөр бусдад тохиолдсон ч байж мэднэ, хэн нэгэн танаас ч хүнд нөхцөл байдалд орсныг үгүйсгэх аргагүй юм. 

Таны гуниг, ганцаардлын шалтгаан юу ч байлаа гэсэн TED Talk-ийн дараах 5 илтгэлийг үзэхийг хүсэж байна. Та ганцаараа биш гэдгээ ойлгох болно. 

1. "Гадны хүн" байхын гайхамшиг

Байх ёсгүй газраа байгаа юм шиг, өөрийгөө үргэлж гадны хүн гэж мэдэрдэг бол үүнийг үзээрэй. Зохиолч Лидия Юкнавич бие махбодь, сэтгэл зүй, бэлгийн хувьд өөрийг нь хүчирхийлдэг эцэгтэй гэр бүлд өссөн. Тэр усанд сэлэлтийн мэргэжлийн тамирчин болохоор тэмцэж тэтгэлэг хүртэл авсан ч эцэстээ тэтгэлгээ алдсан. Үүгээр зогсохгүй архинд орж, шоронд хоригдож, орон гэргүй болж, төрүүлсэн хүүхдээ ч алдаж байсан. Энэ бүхний эцэст тэрбээр өөрийгөө бусдаас өөр гэдгийг, тойргийн гадна байхыг өөр нүдээр хардаг болж. Энэ бол азгүйтэл, сул дорой байдал огтоос биш. Учир нь, та цор ганц бөгөөд дахин давтагдашгүй өвөрмөц түүхийг бүтээж буй бодгаль гэдгийг Лидия Юкнавич онцлохыг хүсчээ. 

2. Ганцаардал ганцхан чамайг нөмрөөгүй

Бас нэг "харь гаригийн хүн"-ий түүх. Өөрт төрж буй айдас түгшүүр, мэдрэмжийнхээ талаар бусадтай хуваалцах нь таныг сул дорой, эмзэг болгож мэднэ. Гэвч үүнийг бусадтай хуваалцах нь илүү эерэг үр дүнд авчирна гэж зохиолч, зураач Жонни Сун үзжээ. Твиттер түүнд хүн байхын зовлонтой талыг ойлгуулахын сацуу асуудал, бэрхшээлээ бусадтай хуваалцах, сэтгэцийн эрүүл мэндийн үнэ цэнийг ойлгуулж өгчээ. Тэр хэлэхдээ "Заримдаа чи маш хувийн шинжтэй зүйлсийг өдрийн тэмдэглэлдээ бичиж байгаа юм шиг санагдана. Тэгсэн хэрнээ чи бичсэн зүйлийг минь бүх дэлхий уншаасай гэж хүсдэг шүү дээ.. Хэн нэгэн айсан, гунигласан, ганцаардсан тухайгаа сошиал медиад хуваалцахад би өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдэрдэг" гэсэн юм. 

3. Шархалсан зүрхийг хэрхэн эдгээх вэ? 

Зүрх сэтгэл шархлахад үүнээс илүү хүнд зовлон үгүй мэт, үүнийг давж гарах боломжгүй юм шиг санагддаг. Харин 20 жил сэтгэл судлаачаар ажилласан Гай Винч хэрхэн зүрх сэтгэлийн шархаа анагааж, амьдралаа хэрхэн цааш үргэлжлүүлэх талаар ийн ярьжээ. 

Винчийн өвчтөнүүдийн нэг болох Кэти дунд сургуульд байхаасаа л гэр бүлийн амьдралаа төлөвлөдөг байж. Тэр 27 настайдаа ирээдүйн нөхөртэйгээ учирч, дараа нь жил сүй тавиад түүний дараа жил гэрлэх учиртай байлаа. Гэвч Кэти 27 нас хүрэхдээ ирээдүйн ханьтайгаа учирсангүй, оронд нь хөхний хорт хавдар туссанаа олж мэдэв. Ингээд тэр дөрвөн жилийн турш хорт хавдартайгаа тэмцсэний хүчинд эрүүл саруул болж, удалгүй Рич хэмээх залуутай учирчээ. Зургаан сарын дараа Рич дуртай ресторандаа захиалга өгч, Кэтиг оройн зоогонд урихад одоо л нэг мөрөөдөл нь биелж, найз залуу нь гэрлэх санал тавих нь хэмээн найдаж байсан ч Рич түүнээс салъя гэж хэлжээ. Өмнө нь хоёр ч удаа хорт хавдрын эмчилгээг амжилттай даван туулж байсан Кэти таван сар өнгөрөхөд Ричийг мартаж чадсангүй. Шалтгаан нь юу байв, хүчирхэг хүмүүс ч зүрх сэтгэлийн шарханд өвдөг сөгдөх нь юуны учир вэ? 

4. Бид уй гашууг гэтэлдэггүй, түүнтэй цуг урагшилдаг

Terrible, Thanks for Asking подкастын хөтлөгч, зохиолч Нора МакИнерни уй гашуу гэж чухам юу болох талаар хуваалцжээ. 2014 он түүний хувьд их эргэлт авчирсан жил байв. Учир нь МакИнерни сар гаруйн дотор хүүхдээ алдаж, аав болон нөхөр нь хорт хавдраар нас баржээ. Үхэл хагацал бол ертөнцийн хязгаар бус, хүнд дурлаж, хүүхэд төрүүлдэгтэй адил жам ёсны зүйл бөгөөд хүмүүс үүнийг биеэрээ туулж гартлаа ойлгодоггүй хэмээн МакИнерни ярьсан юм. 

МакИнерни амьдралд нь байж болох хамгийн хүнд уй гашуу, золгүй явдалтай учирсан хүмүүсийг подкастдаа урьж, ярилцдаг аж. Тэр "Хүмүүс уй гашуу дотор өөрийгөө түгжиж, үүнийг амьдралынхаа гол цэг болгодоггүй. Тэд бусдын л адил амьдралаа үргэлжлүүлдэг, хорвоо ертөнц урьдынхаараа эргэлддэг... Тэд хэзээ нэгэн цагт дахиж инээмсэглэнэ гэдгийг санах хэрэгтэй. Бүр дахин хайр дурлалтайгаа учирч ч мэднэ. Энэ утгаараа бид урагшилж байна. Гэвч энэ нь уй гашууг бүрэн гэтэлсэн гэсэн үг биш юм" гэжээ. 

5. Яагаад танихгүй хүнтэй яриа өрнүүлэх хэрэгтэй вэ? 

Зохиолч, багш Кио Старк танихгүй хүмүүстэй яриа өрнүүлж, тэдний түүхийг сонсох туйлаас дуртай нэгэн. Тэрбээр "Танихгүй хүмүүс аюултай. Биднийг гэмтээж мэдэх учраас итгээд хэрэггүй гэх хандлага нийгэмд түгээмэл болсон. Харин энэ хэвшмэл бодлоосоо салж, гудамжинд алхаж яваа, цахилгаан шатанд хамт суусан хэн нэгэнтэй яриа өрнүүлбэл тааварлашгүй боловч утга учиртай холбоо тогтоох боломжтой" гэжээ. 

Эх сурвалж: Ideas.ted.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.