UBLife Logo
Надад нэг санал байна

Хайр дүүрэн ч оролцоо дундуур Улаанбаатар | Миний хотын гуниглах 10 шалтгаан

Хайр дүүрэн ч оролцоо дундуур Улаанбаатар | Миний хотын гуниглах 10 шалтгаан

Хип хоп урлаг монголд хөгжөөд удаагүй байх 2000-аад онд "Masta Flow" хамтлагийн “Born in UB” дуу хит болж, тэр үеийн хүүхэд залуус 

Энэ хотдоо дуртай, эргээд уулзахад сэтгэл дүүрээн

Зун цагтаа найртай, энэ л хотдоо хайртай

гэж дуулдаг байсан нь одоогийн 30-аад настан миллениал залуусын хувьд хотоо хайрлах дулаан сэтгэлийг дуугаар дамжуулж мэдэрсэн анхны тохиолдол байсан болов уу гэж боддог юм. Нээрэн л алаг дэлхийн хаана ч явсан санаж, яаран тэмүүлсээр, эргээд уулзахад сэтгэл дүүрэн, наддаа л найрсаг дулаан санагддаг нарлаг, дотно хот минь. Чи хэдий дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар очиж, хамгийн уран тансаг хот балгадыг үзэж, гайхан биширлээ ч Улаанбаатарынхаа нар, салхи, бороо, цастай алин боловч байгаагаараа л байж байдаг, эглээс эгэл сайхныг санах болно. Хотын хойд дэнж дээр налайх гэр хороолол, урд дүнхийх Богдхан уул, цахилгаан станцын уурын яндангаас олгойдож байдаг уур, хотын үзэсгэлэнт шигтгээ болсон хуучны цөөхөн барилга байгууламж, гудамж хорооллууд, аравдугаар сарын зэврүүн өдрүүдэд гудманд хөлхөх цувтай хүмүүс, өглөө оройд зам дээр багшрах машин тэрэг, жаргаж байгаа нарны туяанд нүд гялбуулах хотын төвийн шилэн барилгууд. Улиастай, Амгалангаас Баянхошуу, Яармаг хүртэл, Зайсан толгойгоос Салхит, Шадивлан хүртэл энэ хотын хаана ч амьдарч байсан хотынхоо түрлэг хэмнэлд түрэгдэн, ая дангий нь дагаж хөглөгдөх бид. 

Хот бол дотор нь амьдарч байгаа хүмүүс бид өөрсдөө шүү дээ. Хотын түүх бол хүмүүс бидний түүх. Улаанбаатар хотоо залуус бид сэтгэлдээ ийм их хайрлах боловч түүний түүхийг бичихэд оролцоо багатай явж иржээ. Энэ зуур хотод маань гунигтай зүйлс цөөнгүй тохиолдож, айл бүрийн гадаа залруулах шаардлагатай асуудал тулгарч, цаашид яах вэ гэдэг асуулт өдөр тутмынх болж. Үүнээс хойш хотын эзэд бид түүхээ маш няхуур нямбай бичихийг хот биднээс шаардаж байна. Залуус бидний оролцоо, идэвх санаачлага “жиаахан л дутчихсан” Улаанбаатарын гунигтай буй 10 шалтгааныг өгүүлье. 

НЭГ. Байгалийн түүхийн музейгүй хот

Миний хотын иргэд зочлон саатахад хамгийн сайхан газруудын нэг Байгалийн түүхийн музей байлаа. Төв талбайгаа хойноос урагш нь харуулдан, даруухан атлаа жавхлантай сүндэрлэх тэр цагаан байшин дотор үлэг гүрвэлийн араг яс, үндэстний маань бүхий л түүх хадгалаатай байдаг сан. Цэцэрлэгийн бяцхан жаал байхаас энэ хоттой танилцах анхны аялал тэр л музейгээс эхэлдэг сэн. Монгол улсын анхны архитектурын мэргэжилтэн зураг төслийг нь гаргаж барьсан, Улаанбаатар хотын унаган төрх, амин сүнс орших үнэ цэнтэй цөөхөн барилгуудын нэг болох тус музейн барилгыг нураах шийдвэр гаргасан тухайн үеийн хотын захиргаа иргэдээ огт сонсоогүй нь гунигтай. 

ХОЁР. Түгжрэлд шаналах хот

Замын ачаалал нэмэгдэн нэмэгдсээр нэг л өдөр машинууд сөөм ч урашлахгүй таг зогссон гунигт өдөр саяхан болж өнгөрлөө. Түгжрэл гэдэг үг тавиад түүнээс цааш юу ч бичмээргүй санагдаж байгаа нь хот маань үүнээс болж хэчнээн шаналсныг илтгэх мэт. Энэ асуудал хуулиараа Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой асуудал юм. Тиймээс бид саналаа өгөөд зогсохгүй, дараа нь хариуцлагаа ч нэхэж, энэ хотын төлөө, өөрсдийнхөө төлөө хариуцлагатай засаг захиргааг шаардаж, нэхэх ёстой юм байна залуус аа. Залуус өөрсдөө оролцож, хотоо хэний гарт өгөхөө шийдэхгүй бол түгжрэлийн тухай түмэнтээ яриад тусыг эс олох аж. 

ГУРАВ. Гурван тэрбум төгрөгийн усан оргилуур нь ажилладаггүй хот

Цар тахал дэгдэж, хорио цээрийн дэглэмд шилжээд, гадаадад байгаа монголчуудаа авч хүчрэхгүй, дотооддоо эдийн засаг хүнд үед иргэдийнхээ эсэргүүцлийг сөрөн байж усан оргилуур барьдаг хотын захиргаатай байдаг нь гунигтай. Тэр усан оргилуур нь ганцхан сарын настай байдаг нь бүүр гунигтай. Хотын бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн санал асуулгаар эрэмбэлж хийдэг арга барил энэ хотод зайлшгүй шаардлагатай байна. Хаана юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэддэг хүмүүс бол иргэд юм шүү дээ. Хэнийг төлөөлж байгаагаа мартдаггүй хүмүүсийг сонгох хэрэгтэй. 

ДӨРӨВ. Есдүгээр сарын нэгэнд зам засвар, шугамын ажил эхэлдэг хот

Ямар ч улс орон, хот тосгонд нэн түрүүнд тавих чухал зүйл бол иргэдийн тав тух, аюулгүй байдал. Гэрлийн шонгийнхоо чийдэнг сольсон ч, зүлэг ногоогоо усалсан ч, цас мөсөө арилгасан ч иргэн хүндээ төвөг учруулахгүй, давхцахгүй, тээр болохгүй байх бүхий л арга замыг эрэлхийлж ажлаа явуулдаг байх ёстой. Харин манай хотод эсрэгээрээ. Зуны гурван сардаа хот эзгүйрээд шахам үлдэхэд хэн ч юу ч хийхгүй атлаа, есдүгээр сартай зэрэг бүх л засварын ажил эхэлж, зам талбайг ухаж тамтаглан, хааж боож бухимдуулдаг нь гунигтай. Үүнийг өөрчлөх цаг болоогүй гэж үү?

ТАВ. Нийтийн тээвэр нь хүрэлцээгүй хот

                                                                                                                                        Гэрэл зургийг: News Wire

Өглөө оройд автобусны буудал дээр хэчнээн зогсоод унаа олж сууж чадахгүй байх үед бид гунигтай болдог. Ирсэн автобус дүүрэн хүнтэй тул багтаж шингэлгүй хоцроход уйлмаар л байдаг. Нийтийн тээвэр бидний өдөр тутмын амьдралын чанарт шууд нөлөөлдөг зүйл атал энэ чигт нь үр өгөөж, хүртээмж багатай, хөгжилгүй байлгаад л байдаг нь хэцүү. Энэ бол угтаа хотын засаг даргын шууд мэдэлд байдаг, шийдвэрлэх ёстой нэг ажил юм. Автобус зорчиход хэр хүрэлцээтэй, тав тухтай, хурдан шуурхай, аюулгүй байгааг байнга шалгаж, сайжруулж, шийдвэрлэх ёстой хүн нь Засаг дарга аж. Хотын захирагчаас юу шаардахаа мэддэг иргэд бол асуудлыг шийдвэрлүүлэх хүч билээ. 

ЗУРГАА. Хүүхдээсээ тоглох талбайг нь булаасан хот

Зун цагт байрны гадаа тоглож буй хүүхдүүдийн шуугилдаан, бөмбөг залах, хөөрөлдөн гүйх, инээлдэн тоглох чимээ бол манай хотын аз жаргалын нэгээхэн хэсэг, хамгийн сайхан дуу чимээнүүдийн нэг. Энэ чимээ багасан багассаар, хүүхэд тоглох зай талбай хумигдан хумигдсаар, хот зарим газраа огт хүүхэдгүй мэт тэдэнд зориулсан юу ч байхгүй болсны нэг жишээ хэдхэн сарын өмнө тогтоол усанд тоглохоор очоод амиа алдсан хүүхдүүдийн харуусал гунигаар дүүрэн явдал боллоо. Үүнийг засах хүн бидэнд ЯАРАЛТАЙ хэрэгтэй байна. 

ДОЛОО. Ялгадсаа хөрсөндөө шингээдэг хот

Манай хотын хөрсний нянгийн бохирдол 47 метрийн гүнд хүрч, нийт хөрсний 88%-д нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн ба хөрсөн дэх аммонийн бохирдол эрүүл хөрсөнд байх ёстой хэмжээнээс 10 дахин их байгааг албан судалгаанд өгүүлжээ. Энэ нь ундны усыг бохирдуулж, иргэдийг хордуулж буйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа нь гунигтай. Гэр хорооллын жорлонгийн систем үүнд нөлөөлж байгаа нь ойлгомжтой юм. Хот маань 20 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл гэвэл бид ялгадсаа цэвэрлэлгүй шууд хөрсөндөө шингээдэг хот болжээ.

НАЙМ. Гэр хороолол нь орхигдсон хот

Тэгш бус боломж, тэнцүү биш хөрөнгө оруулалтаас болж тэнгэр газар шиг ялгаран хуваагдсан гунигтай Улаанбаатар минь. Гэр хороолол, байшин хороолол, хотын урд хойд, баруун зүүн, төв болон захын дүүргүүдийн амьдрал ахуй ямар ялгаатай, хоёр өөр ертөнц шиг болсныг бид бэлхнээ харж байна. Гэтэл манай хотын ихэнх оршин суугчид гэр хороололд, хотын захаар амьдардаг юм. Орхисон, мартсан гэр хорооллыг хөгжүүлж байж бид хотоо хөгжүүллээ хэмээн ярих боломжтой болжээ. Энэ ажлыг хийе гэж гуйж байгаа хэдэн мянган хүн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Гагцхүү зөв хийх хүнийг олж саналаа өгөөд, дүүрэг, хороогоо хөгжүүлэхэд хяналт, оролцоотой байх бидний чармайлт л дутаад байна. 

ЕС. Явган хүн гишгэх газаргүй хот

Хотын бартаат замаар шороо туучинхан, юмтай мөргөлдчихгүй, машин дор орчилгүйхэн, эвийг нь олж ядан байхад явган зам дээр машинаа тавьсан байдаг нь гайхмаар. Өөрөө өөртөө эзэн болоод хоёр хөлөөрөө алхаж яваа хүнд бэрхшээлтэй байдаг миний хотын гудамж талбай хүүхэд тэвэрсэн, тэрэг түрсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямархан байдаг бол доо. Шинэ тавьсан гүүрэн дээр нь хүртэл явган зам байдаггүй, тэгтлээ биднийг мартсан нь гунигтай. 

АРАВ. Харсаар байтал нүдэн дээр гунигт автах хот 

Надтай хамт нас нэмэх миний хот, хэдэн үеэрээ амьдарч буй, цаашид ч амьдрах улсын минь гал голомт, орон гэр болсон Улаанбаатар минь. Харсаар байж бид чамайгаа нүдэн дээрээ сүйтгүүлж, эрэмдэглүүлсэн нь гунигтай. Амьсгалах агаар, уух ус, алхах газар, гишгэх хөрс, бүтээн байгуулалт, энд амьдрах хүмүүсийн амьдралын чанар доройтсонд ХАРИУЦЛАГА нэхэж, ОРОЛЦООГОО нэмээгүй бид буруутай. Сэтгэлд дотно сайхан хотынхоо түүхийг одоо илүү ухамсартайгаар хамтдаа бичих цаг иржээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
9
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.