Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Орон гэргүй гуйлгачнаас саятан болсон 21 настай энтрепренер залуу


Бидний амьдралд зүүдэнд ч оромгүй явдал тохиолдож болох бөгөөд өөртөө итгэж, тэвчээртэй хөдөлмөрлөж чадвал тулгарсан бэрхшээл, учирсан сорилтыг хэзээд давах боломжтой гэдгийг 21 настай Харри Сандерсийн түүх харуулж байна. 

Тэрбээр эдүгээ жилд 1.3 сая долларын ашиг олдог StudioHawk компанийн үүсгэн байгуулагч бөгөөд нэгэн цагт орон гэргүй болж, гүүрэн дор хоног төөрүүлж байсан тухайгаа ярьжээ. 

Түүнийг 14 настай байхад завины тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ үзүүлдэг эцгийнх нь бизнес дампуурлын ирмэгт хүрэв. Эцэг нь бизнесээ хөл дээр нь босгохын тулд завгүй ажиллаж, харин ээж нь гэр бүлээ авч үлдэхийн тулд хичээж байв. Санхүүгийн асуудлаас болж эцэг эхийнх нь харилцаа нүдэн дээр нь нурж буйг харсан Сандерс аавынхаа бизнест туслахын тулд SEO буюу хайлтын системийг оновчлолтой холбоотой бүх зүйлийг бие даан судалж эхэлсэн байна. Бүх цагаа шинэ мэдлэг олж авах, тест бөглөх, дадлага хийхэд зориулж байсан түүнд сургуульдаа явах нь бэрхшээлтэй болж эхлэв.  

Сандерсийн эцэг бизнест дахиж амжилт олох итгэл найдвараа хэдийн алдаад байсан ч хүү тууштай ажиллаж, суралцсаны ачаар нэг л өдөр аавынх нь компанийн утас дахин хангинаж, үйлчлүүлэгчид хандаж эхэлсэн байна. Салбартаа чадварлаг мэргэжилтэн болсон 16 настай Сандерс ч төд удалгүй олон газраас ажлын санал хүлээн авч, томоохон компанийн хайлтын хэлтсийг хүртэл удирдаж байсан үе бий. 

Ахлах сургуулиа төгсөх сүүлийн жил Сандерс нийт хичээлийнхээ ердөө 30 хувьд нь хамрагдсан тул сургуулиасаа гарахаас өөр аргагүй болж, хэсэг хугацаанд амьдрах газар ч үгүй болжээ. Эхэндээ тэрбээр найзуудынхаа гэрт ээлжлэн хонож байсан ч сүүлдээ очих газаргүй болсон тул гудамжинд гарсан байна. 

Дөрвөн жилийн өмнө тохиолдсон уг явдлын талаар Сандерс "Энэ бүхэн аймшигтай санагдаж байлаа. Яг үнэндээ би ингэж тартагтаа тулна гэж бодоогүй явсан. Би орон гэргүй хүмүүсийг хоргодох байраар хангадаг газруудад хүсэлт гаргасан боловч бүгд намайг авахаас татгалзсан юм. Ингээд би нэлээд олон шөнийг гүүрэн дор хоног төөрүүлж, хоолны үлдэгдлээр гол зогоож өнгөрөөсөн. Цаашид хаашаа явах, юу хийхээ ч мэдэхгүй байв. Бусдаас тусламж хүсэхээс ч санаа зовж байсан. Хэдийгээр орон гэргүй болсон өдрүүдэд олон таагүй зүйл тохиолдсон ч эцэстээ энэ нь надад хатуужил тэвчээртэй байж, нас биед хүрсэн хүн шиг амьдралаа авч явахыг заасан" гэв. 

Тухайн үед Сандерст туслах боломж эцэг эхэд нь байгаагүй хэмээн залуу энтрепренер ярьсан байна. Тэрбээр хагас жил орон гэргүй амьдарсны эцэст дахин бизнесээ эхлүүлж, хэдэн долоо хоногийн турш завгүй ажиллаж байж анхны үйлчлүүлэгчээ олж авсан гэжээ. 

Сандерсийн анхны оффис 

Бизнесээ эхлүүлсэн эхний нэг жил бүхнийг ганцаараа хийж байсан тулд юу юунаас илүү ганцаардаж, ирээдүй бүрхэг санагдаж байсан гэдгийг тэрбээр дурджээ. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр залуу энтрепренерийн гаргасан золиос, тууштай байдал үр шимээ өгч тогтмол үйлчлүүлэгчидтэй болж чаджээ. 

Өнгөрсөн жил StudioHawk компанийн үйлчлүүлэгч 100 давсан бөгөөд тэдний дотор Officeworks зэрэг томоохон байгууллага багтаж байгаа аж. 

Одоогоор Сандерсийн компани 10 ажилтантай, жилийн орлого нь 1.3 сая долларт хүрээд байна. Мөн тэрбээр Австралийн хамгийн амжилттай яваа энтрепренер, AWIA (Австралийн Вэб Үйлдвэрлэлийн Холбоо) -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хамгийн залуу гишүүн болжээ. 

Мөн тэрбээр наймдугаар сард Лондонд компанийн шинэ салбараа нээсэн бөгөөд энэ жилдээ багтаж Мельбурн дахь ажилчдынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
12
0
0
0
5
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.