Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Орон нутгийн сонгуулийн тухай ОНЦЛОХ 24 эшлэл


“Надад нэг санал байна” аяны хүрээнд Орон нутгийн сонгуулийг угтаж залуус сонгуульдаа хэрхэн идэвхтэй оролцох тухай болон сонгуулийн тухай мэдээлэл өгөх зорилгоор цуврал live ярилцлага хийж байгаа. Энэ удаагийн дугаарт “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг оролцлоо. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  


1.УИХ-ын сонгуулийг бодвол орон нутгийн сонгууль мэдээлэл хомс учраас “шоовдор” маягийн байдаг.

2.Дүүрэг, сум, аймгийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудал байхад иргэд “Их хурлын гишүүн минь манай хорооны асуудлыг шийдэж өг” гээд байдаг.

3.УИХ-ын сонгуульд ач холбогдол өгдөг хэрнээ яг тулгамдаж байгаа асуудлаа шийдэх орон нутгийн сонгуулиа хүмүүс тоодоггүй. Нэг талаас мэдээлэл, нөгөө талаас түүнийг шаардах дуу хоолой дутмаг, иргэдийн идэвх муу байгаа байдал ажиглагдаж байна.

4.Сүүлийн нэлээн хэдэн орон нутгийн сонгуулийн гол уриа лоозон нь түгжрэл, агаарын бохирдлын асуудал байлаа. Одоо бол сонгогчдын хувьд хариуцлага шаардах боломж гарч ирсэн. 2015 онд Нийтийн сонсголын хуультай болсон. Иргэд төр засгийн шийдвэр гаргахаас өмнө оролцдог, гарснаас нь хойш 24 сарын дараа шаардаж, хариуцлага нэхэх боломж бүрдсэн.

5.Орон нутгийн сонгуулийн үеэр иргэдэд хэрэгтэй мэдээлэл гарахгүй байна. Түгжрэл гээд яриад байгаа хэрнээ яаж багасгах шийдэл ярихгүй байна.

6.Одоо бид нар 2 шатны сонгуульд санал өгөх гэж байна. Нэг нь нийслэл, аймгийн сонгууль нөгөө нь сум, дүүргийн сонгууль юм. Сонгогчид хөдөө орон нутагт аймаг, сумынхаа парламентыг сонгох гэж байна. Нийслэлийнхэн нийслэл, дүүргийнхээ парламентыг сонгоно.

7.Сонгууль болохоос өмнө бүх мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт гарсан байх ёстой.  Эдийн засгийн хувьд боломжгүй, илүү популист амлалтууд байвал мөрийн хөтөлбөрийг нь буцаадаг. Их хурлын сонгуулийн хувьд Үндэсний аудитын газрын вебсайтад гардаг. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтийг хэзээ ил болгох тухай тусгаагүй үлдээчихсэн сул тал бий.

8.УИХ-ын сонгуулийн ирц 50 хувьд хүрч байж баталгааждаг бол орон нутгийн сонгуульд тийм биш байна. Орон нутгийн сонгуулиар арван хүн саналаа өгсөн ч хүчин төгөлдөр болох юм.

9.Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгох тухай заалт байхгүй. Уг нь бол байлгамаар байна. Сонгогчдод ч энэ мэдээлэл хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн орон нутгийн сонгуулийн тухай хуульд учир дутагдалтай тал нэлээн байна. Парламентад найдаад хөндлөнгөөс шаардахгүй орхичхоор иргэдийн эрх ашиг яаж хохирч, хоцорч байгааг харж болно.

10.Оролцооны хамгийн эхний чухал зүйл бол сонгуульд саналаа өгөх.


11.Мөрийн хөтөлбөрийн хэрэгжих задаргааг бид нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс харах боломжтой. Бид нар үүнд хяналт тавьж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахаас өмнө хэлэлцүүлэгт орох боломж бий.

12.Ардчилсан төр засаг гэдэг чинь иргэдийнхээ итгэлцэл, зөвшилцөл дээр тогтдог.

13.Төрийн ажилд зөвхөн хяналт тавих биш өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэй. Идэвхтэй иргэдийн тоо нэмэгдэх тусам төр сонсох магадлал ихэснэ.

14.Хүмүүс нийгмийн харилцаанд орж амьдрахдаа ямар эрх, боломж байна гэдгийг судалмаар байна.

15.Оролцооны олон арга байгаа. Жишээлбэл, орон нутгийн сонгуулийн хувьд Захиргааны ерөнхий хууль гарсан. Энэ хуульд гарч байгаа бүх шийдвэр танд хамаатай л бол таныг сонсохгүй шийдвэр гаргачихвал шүүхдэхэд шууд унах боломжтой маш чухал хууль. Гомдоллохын оронд заргалдах ёстойгоо мэдэхгүй хүмүүс зөндөө байна.  

16.УИХ-ын сонгуулийн үеэр хөл хориотой байсан ч гэсэн иргэд маш идэвхтэй саналаа өгсөн. Бараг 74 хувьтай оролцсон, сайн сонгууль болсон. Энэ удаагийн сонгуулиар ч гайгүй ирцтэй байх тусмаа сайн байна. Ялангуяа залуучууд идэвхтэй оролцмоор байна.

17.Иргэд Их хурлынхаа гишүүд рүү хандаад байдаг. Гэтэл өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудын гол судсыг атгадаг хүмүүс нь аймаг, сум, дүүрэг, нийслэлд л бий.  

18.Анхан шатан дээр та нарын эрх ашгийг хамгаалж, төлөөлөх хүмүүсээ зөв сонгочихвол олон асуудлыг шийдэх боломжтой.

19.Сонгуульд эмэгтэйчүүд оролцох эрх зүйн орчин хангалттай биш. 20 хувийн квотыг хуульд оруулж ирэхийн тулд нэлээн юм болсон. Намууд үүнээс дээш хувиар эмэгтэйчүүдийг оролцуулдаггүй, арай ядан 20 хувьдаа хүрдэг.

20.Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрт туссанаас өөр зүйл амалж болохгүй гэж хуульд заасан. Үүнд нам хариуцлага хүлээх ёстой. Тухайн нэр дэвшигч ямар ч тэнгэрийн амлалт өгч болно. Намынх нь мөрийн хөтөлбөрийг нь харах хэрэгтэй.

21.Энэ сонгуулиар нийт 8000 гаруй төлөөллийг сонгоно.

22.Парламент бол олонх цөөнхийн харилцаа, зөвшилцөл дээр тулгуурлаж, шийдвэр гаргадаг институци.

23.Хувь заяагаа бусдад даатгах биш өөрсдөө эзэд нь баймаар байна. Хот, аймаг, сум, дүүргийнхээ эзэд нь өөрсдөө байгаарай. Эзэн байх хамгийн чухал алхам нь сонгууль. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоё.

24.Идэвхтэй оролцоо гэдэг нь зөвхөн сонгуулиа өгөх биш өмнө нь мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, шаардлагуудаа тавьмаар байна. Сонгуулийн дараа нь мөрийн хөтөлбөрийнх нь дагуу идэвхтэй хяналт тавих хэрэгтэй.  




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.