2021 он гарахтай зэрэгцэн Оскарын шагнал гардуулах ёслол ямар хэлбэрээр зохиогдох бол гэсэн хүлээлт үүслээ. Дөрөвдүгээр сарын 25-нд виртуалаар зохиогдох уу, эсвэл маск зүүн зай барьж Долби театрт уламжлал ёсоор болох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Тааварлахад бэрх олон асуулт дагуулсан Оскарын шагнал гардуулах ёслолоос өмнө амжиж үзэх 10 киног танилцуулж байна. (Энэ мэдээлэл нь спойлер агуулсан болно)

Da 5 Bloods

Спайк Лигийн найруулж, продюсерлэж, зохиолыг нь хамтран бичсэн Da 5 Bloods кино Оскарын хэд хэдэн номинацид нэр дэвших магадлалтай байна. Вьетнамын дайны үеэр хамтран тулалдаж явсан дөрвөн ахмад дайчин отрядын ахлагчийнхаа шарилыг олохын сацуу дайны үеэр нуусан алтан гулдмайгаа авахаар эргэнэ ирж буй тухай өгүүлнэ. Жүжигчин Чедвик Боузман таалал төгсөхөөсөө өмнө энэ кинонд туслах дүр бүтээжээ. ( Netflix дээр гарч байгаа)

Ma Rainey's Black Bottom

Авьяаслаг жүжигчин Хит Лежер 12 жилийн өмнө Жокерын дүрээрээ Оскарын шагнал хүртэж байв. Харамсалтай нь, тэрбээр Академийн шагнал гардуулах ёслолоос өмнө таалал төгссөн тул Оскарын шагналыг түүний гэр бүлд хүндэтгэлтэйгээр гардуулжээ. Үүнийг дурдсаны учир нь, нас барсныхаа дараа Оскарын шагнал гардсан явдал хоёр дахь удаагаа давтагдаж магадгүй юм.
Ma Rainey's Black Bottom кино хэд хэдэн номинацид нэр дэвшихээр байна. Тухайлбал, Хар ирвэсийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Чедвик Боузман шилдэг эрэгтэй гол дүрд, Глинн Термэн шилдэг эрэгтэй туслах дүр, мөн Виола Дэвис хоёр дахь удаагаа шилдэг эмэгтэй гол дүрд, мөн шилдэг кинонд нэр дэвшинэ гэсэн таамаг гарчээ.
Ma Rainey's Black Bottom бол Чедвик Боузманы дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн сүүлийн уран бүтээл юм. (Netflix дээр гарч байгаа)
Mank

Бүх цагийн үеийн хамгийн шилдэг бүтээл гэгддэг Citizen Kane найруулагч Орсон Веллст ердөө ганцхан Оскар авчирч байжээ. Харин энэ бүтээл хэрхэн бүтсэн тухай өгүүлэх найруулагч Дэвид Финчерийн Mank кино илүү амжилт үзүүлнэ гэж кино сонирхогчид хүлээж байна.
Mank шилдэг найруулагч, шилдэг кино номинацид нэр дэвших магадлалтай байгаа аж. Түүнчлэн гурван жилийн өмнө Darkest Hour кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртэж байсан Гэри Олдман энэ жил дахин тус номинацид нэр дэвшинэ гэж таамаглаж байна. Үүнээс гадна Аманда Сейфрид шилдэг эмэгтэй туслах дүр, Чарлз Дэнс шилдэг эрэгтэй туслах дүрд "сойгдож" буй. (Netflix дээр гарч байгаа)

News of the World

Жефферсон Кайл Кидд (Том Хэнкс) бол нэг хотоос нөгөө хот руу дамжин хүмүүст сонин уншиж өгөөд амьдралаа залгуулдаг Иргэний дайны ахмад дайчин. Нэгэн удаа тэрбээр нялх байхдаа уугуул иргэдэд хулгайлагдсан охинтой таарч, түүнийг гэр бүлийнхэнд нь хүргэж өгөхөөр замд гарснаар үйл явдал өрнөнө.
Эл бүтээл Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч номинацид нэр дэвших магадлалтай байна.