Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

О.Цэцэглэн: Энэ онгоцон дээр гуравхан уран бүтээлч үлдсэний хоёр нь монгол


Цар тахал дэлхий дахиныг хамарч, эрчимжсээр байгаа энэ үед хилийн чанадаас иргэдээ хэзээ, хэрхэн татах тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Төр засгийн зүгээс сонгууль, наадам гэсэн уламжлал болсон арга хэмжээнд анхаарч, иргэдээ татах ажлыг яаравчлахгүй байгаа тухай шүүмжийг иргэдийн зүгээс сонсож буй. Бид энэ удаа хилийн чанадад хөл хорионд орсон иргэдийн төлөөлөл болгон уран нугараач О.Цэцэглэнтэй холбогдлоо. “Нарны цирк”-д гэрээгээр ажилладаг тэрбээр Дубайн усан форт дээр дөрвөн сар хөл хорионд байгаа юм. Энэ хугацаанд олон удаа хүсэлт гаргасан ч эх орондоо буцаж чадаагүйгээ учирлаж байна. Анх 3000 жуулчин, 1500 уран бүтээлч байсан тус онгоцон дээр өнөөдөр гуравхан уран бүтээлч үлдсэний хоёр нь монгол хүн аж.


- Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэзээнээс уран нугаралтаар хичээллэж эхэлсэн бэ. Хаана хаана циркийн уран бүтээлчээр ажиллаж байв?

-Анх 1998 оноос нугарч эхэлсэн. Тайзан дээр 9 настайдаа гарч байлаа. Ардын дуу бүжгийн чуулга буюу одоогийн Үндэсний Урлагийн Их Театрын хамт олонтой Хөх хот руу тоглолтоор явсан минь анх удаа гадаад явж үзсэн тохиолдол байжээ. Одоо бол дэлхийн 30 орноор аялан тоглолтоор явж үзсэн байна. Өдийг хүртэл мэргэжлээрээ Дэлхийн хамгийн том тэмцээн буюу Монте-Карлогийн олон улсын циркийн наадмаас шагнал хүртэж, дэлхийн хамгийн том цирк Нарны цирктэй хамтран ажиллаж, Европын хамгийн том театр Фридрихстадт Паласт ажиллаж Монгол Улсынхаа нэрийг явсан газар орон, тайз бүртээ өргөж явжээ. Мөн эх орондоо уран нугаралтын урлагийг таниулан сурталчлах, олон улсад зохиогддог стандарт шоу тоглолт үзүүлэхийг зорьж 2015 онд “Могойн чуулган” тайлан тоглолтоо хийсэн. Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулгад есөн жил ажиллахдаа олон улсын наадмуудад оролцдог байлаа. Хамгийн том нь циркчдийн олимп гэгдэх Монте-Карлогийн наадам, хамгийн сүүлийнх нь 2018 онд Бразилийн олон улсын циркчдийн анхдугаар тэмцээн байсан юм. Олон улсын тэмцээнээс дөрвөн хүрэл цом, хоёр тусгай шагнал авсан.

- Одоо байгаа нөхцөл байдлынхаа талаар тодруулаач. Усан онгоцон дээр ямар гэрээгээр ирсэн бэ?

-Өнгөрсөн жил би Германд амьдарч байлаа. Аравдугаар сард надад усан онгоцны аялан тоглолтын гэрээний санал ирсэн. Тэгээд арваннэгдүгээр сард ажиллах шийд гаргаад визээ авахаар Монголд буцаж ирсэн юм. Ингээд хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатараас Дубай руу нислээ. Тэр үед манайх урд хилээ хаачихсан, яг бужигнаж эхэлж байсан үе л дээ. Гэвч маш хариуцлагатай, олон улсын гэрээ мөн эртнээс хэлэлцэж гарын үсгээ зурж баталгаажуулсан учраас цуцлах боломжгүй, цуцлах тохиолдолд их хэмжээний нөхөн төлбөрт унах учраас явахаас өөр арга байгаагүй. Ер нь гаднын улсад ихэвчлэн гэрээ хийж ажилладаг учраас талууд эрх, үүрэгтээ маш хариуцлагатай хандах ёстой байдаг. 2020 оны хоёрдугаар сарын 28-нд усан онгоцон дээрээ гарснаас хойш аялал маань гуравдугаар сарын 14 хүртэл үргэлжлээд Дубайн усан форт дээр тэг зогсолт хийсэн. Тухайн үед онгоцон дээр 3000 гаруй аялагч, 1500 ажилчин байсан ч маш яаралтай бүх жуулчин, ажилчдаа буулгаж эхэлсэн. Гуравдугаар сарын 20 гэхэд 780 хүн (ажилтан) л үлдсэн байсан. Түүнээс хойш онгоцон дээрх бүх үйлчилгээг хааж, хөдөлгөөнийг хорьж, дүрэм журмууд мөрдөөд эхэлсэн дээ. Коронавирусийн шинж тэмдгүүд ч ажиглагдаж эхэлсэн тул дөрөвдүгээр сарын 7-нд биднийг нэг нэгээр нь өрөөнд нь түгжээд, гаднаас хоол өгч, ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болсон юм. Нийтдээ 80 гаруй хүнээс эерэг хариу гарсан юм билээ. Гэсэн ч гэртээ харих боломжтой хүмүүсийг шинжилгээнд хамруулаад сөрөг гарвал эх орон руу нь явуулж байлаа. Тавдугаар сарын 15-нд өрөөний хорио зогсож вирустэй хүмүүс л хорионд үлдсэн. Энэ үед 43 орны 400 орчим хүн онгоцон дээр үлдсэн байсан. Анх усан онгоцны аялал зогсоход дэлхий дахинд аялан тоглолтоор явж байсан уг компанийн 17 онгоцон дээр 19740 ажилтан хөл хорионд орсноос тавдугаар сарын 8-ны байдлаар 14012 ажилтан эрүүл саруул гэртээ харьсан. Энэ нь тус компани маань ямар хариуцлагатай, ажилчдаа гэсэн сэтгэлтэй, хэрхэн нөөц бололцоогоо дайчилж байгааг харуулж байгаа болов уу. 

- Халдварын тохиолдол илрэхэд сэтгэлзүйн хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

- Усан онгоц зогсохтой зэрэгцээд миний хоолой өвдсөн юм. Халуун юм уугаад, хоол цайгаа сайн идээд л байлаа. Үнэхээр өөрийгөө халдвар авчихлаа л гэж бодсон. Би уг нь талханд дуртай, тэр тусмаа талхыг үнэрлэж иддэг юм л даа. Гэтэл нэг өдөр талх үнэрлэсэн чинь ямар ч үнэргүй, тэгэхээр нь гайхаад хоолоо амталсан чинь ямар ч амтгүй болчихсон байсан. Гурав дөрөв хоногийн дараа л амт, үнэр мэдрэхгүй байгаагаа мэдэж байгаа нь тэр. Тийм байдалтай 10 хоносон. Тэгээд долоо хоногийн хугацаанд амтлах, үнэрлэх мэдрэхүй аажим аажмаар эргэж сэргэсэн. Халдварын шинжилгээ өгөхдөө буцаад үнэрлэдэг, амталдаг болчихсон байсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан ч Арабын Засгийн газраас нэгдсэн журмаар шинжилгээ авсан учраас тусаад эдгэсэн эсэхээ асууж чадаагүй л дээ.

- Одоо усан онгоцон дээр хэдэн хүн байна вэ?

- Саяхан 270 хүн байна гэж зарласан. Манай циркээс 25 хүн байсан. Одоо бол уран бүтээлчдээс хоёр монгол, нэг Мозамбик залуу л үлдээд байна. Бид орж ирэхдээ визтэй байсан. Аялал маань Дубайгаас эхлээд Азийг чиглэх ёстой байсан болохоор виз маань дуусч онгоцноосоо буух боломжгүй, буух тохиолдолд гэртээ л зөвхөн харих нөхцөл үүсчихээд байсан. 

- Энэ дөрвөн сарын хугацаанд Монгол руу буцах тухай албаны хүмүүстэй холбогдоход ямар хариу өгсөн бэ?

- Манай чартерууд Герман, Истанбул, Токио, Сөүлээс иргэдээ авч байгаа учраас тухайн улсын Элчин сайдууд руу, мөн Араб, булангийн орнуудыг хариуцан суугаа Кувейтийн ЭСЯ, УОК-т удаа дараа чартер нисэх бүрт хүсэлт, өргөдөл гаргасан. Гэвч нэн шаардлагатай хүмүүсийг эхлээд татна, энэ удаа боломжгүй байна гэсэн л хариу ирдэг. Мэдээж эхэндээ тайван хандаж хэцүү, нэн шаардлагатай хүмүүсээ хурдан татаад удахгүй залуусаа ч татчих байх гэж хүлээсэн боловч олигтой арга хэмжээ УОК-ын зүгээс аваагүй учраас өөрийн дуу хоолойг сошиалд илэрхийлж эхэлсэн. Хоёр өдрийн өмнө Кувейтын ЭСЯ-наас утасдаад “Энэ сарын 7-ны онгоцонд багтах боломж бараг 99 хувь байна шүү” гэж хэлсэн. Тэгээд энэ удаа л явах нь гээд догдолчихсон байсан чинь маргааш нь явах боломжгүй ээ гэсэн хариу авч байгаа юм. Яагаад би багтахгүй байгаа юм бэ гэхээр “УОК ийм шийдвэр гарсан. Нэр чинь багтсангүй” гэдэг л хариу өгнө. Багтлаа гэхэд бас тасалбарынх нь үнэ нь хэд дахин өндөр болчихсон. Гадаадад байгаа иргэд чинь түр хугацаагаар хаа нэгтээ ирээд гацчихсан байгаа болохоос амьдардаг хүмүүс биш шүү дээ. Амьдардаг байж өвчин гарахаар Монгол руугаа буцъя гэж байгаа хүн цөөн байх.

- Бусад орнууд иргэдээ хэрхэн татаж байна вэ?

-Усан онгоцон дээр 50-иад орны 800-аад ажилтан гацаж үлдсэнээс хойш бусад улс орнууд нүдэн дээр минь иргэдээ татаад авчихсан. Хэдхэн хүн авахаар байсан ч хоосон онгоц нисгээд л иргэдээ авч байлаа. Зарим тохиолдолд чартер онгоцоо үнэгүй, системтэйгээр нисгэж байсан. Вирусийн халдвар тестээр эерэг гарсан хүн ч хоёр, гурван долоо хоног өрөөний хорионд байгаад дархлаагаараа эдгээд гэртээ харьж байсан. Гэтэл Монгол Улсаас ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй, хичээл зүтгэл гаргахгүй, харин ч хүнд суртгал гарган иргэдийнхээ Үндсэн хуулинд заагдсан эрхийг зөрчсөөр байна. 

- Нарны циркийн удирдлагаас та нарт дэмжлэг үзүүлсэн үү. Ямар холбоотой байгаа вэ?

- Нарны циркийн шоу энэ усан онгоцон дээр тоглогдож байгаа учраас бүх зардал, хариуцлагыг усан онгоцны компани дааж байгаа. Нарны цирк бол зууч маягаар ажиллаж байгаа юм. Шоу эхлээд хоёр долоо хоноод зогссон учраас зургаан сарын гэрээ хэвээр хадгалагдах ч онгоц зогсолт хийсэн цагаас гэрээний дагуу тэг зогсолт гээд цалин олгохгүй байгаа.

- Усан онгоцны компанийн зүгээс та гуравт тусалж байгаа юу?

- Эндэхийн хил долоодугаар сарын 7-нд нээгдэж байгаа. Улс нь хүнээ авахгүй болохоор яаж ч чадахгүй энд байгаад л байна. Одоо 7-нд хил нээгдэхээр хил нь нээсэн болон гаднын иргэд хүлээж авч байгаа улсууд руу явах боломжтой болно. Би Герман Улсад урьд нь тодорхой хугацаанд амьдарч байсан, албан ёсоор нэвтрэх, ажиллах визтэй учраас явах боломж бий. Компанийн зүгээс хоол, байр болон буцах зардлыг даах гэрээний заалттай байгаа. 

- Бусад оронд ямар дэглэм мөрдөж байгаа талаарх мэдээлэл байна уу?

- Бусад улс орнууд гэртээ, эсвэл өөрийх хүссэн газраа ДЭМБ-аас хөл хориог 14 хоног гэж заасны дагуу 14 хоног тусгаарлагдаж байгаа. Эндээс явахдаа шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Мөн очоод тусгаарлалтад байх хугацаандаа дахин нэг удаа шинжилгээ өгөөд 14 хоногийн дараа жирийн амьдралд орж байгаа. Монгол Улсын хувьд дэлхийн хаана ч байхгүй дүрэм журам буюу 21 хоног хатуу хараа хяналт, хүсээгүй орчинд хөл хорионд орох, үүний дараа гэртээ дахин 14 хоног тусгаардагдаж байгаа юм билээ. Энэ нь мэдээж хүний эрхийг зөрчиж, албадан хийлгэж байгаа үйлдэл. 

- Циркчид байнгын бэлтгэлтэй байх ёстой байх. Таны хувьд бэлтгэл хийх боломж нь ямар байгаа вэ?

- Тийм. Гэхдээ бэлтгэл хийлгүй удаж байна. Өрөө нь жижиг учраас хийх боломжгүй байгаа. 

- Гадаадад байгаа иргэдээ татах тухай сошиалд бичихэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

- Маш бүдүүлгээр хүлээж авсан. Чи наанаа мөнгө хөөж явсан учраас буцаж битгий ир, наанаа жаргаад амьдар, Монгол Улс чадлаараа авч байхад ээлжээ хүлээгээд дуугуй сүслээд хэвт, наанаа корона хүрээд үх гэсэн маш олон мессеж ирсэн. Сэтгэл санааны дарамтанд ч орсон. Төр нь иргэдээ татахгүй, боломж нь л энэ гээд сууж байхад иргэд нь ялгаагүй ийм зан гаргасан нь гайхмаар байлаа. Дахиад хэлье, буцах хүсэлт гаргасан улс чинь гадаадад амьдардаг хүмүүс биш шүү дээ. Түр хугацааны ажлаар явсан л хүмүүс байхгүй юу даа.

Нүдэн дээр минь нэг аялал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг компани 17 усан онгоцон дээрх 20-иод мянган ажилчдаа хамгаалаад гэртээ харих боломжтойг нь хариулаад, тэдний эрүүл мэнд, анхдагч хэрэгцээг нь хангаж байхад бүхэл бүтэн улс 10000 иргэнээ татаж авах сэтгэл, зүтгэлгүй байгаагаа боломжгүй гэдэг үгээр таглаж, ард иргэдийнхээ өмнө хуулиа уландаа гишгэж байгаа нь тун харамсалтай, өрөвдмөөр байна. 

- Та нарын гадаадад ажиллах гэрээ ямар хугацаатай байдаг вэ?

- Хамгийн урт нь миний хувьд жил хоёр сарын гэрээ байсан. Гэхдээ тухайн шоу хэр удаан байхаас шалтгаалаад гэрээний хугацаа харилцан адилгүй хийгдэнэ. Энэ усан онгоцных зургаан сарынх байлаа. Ганц удаа, долоо хоног, сар гээд харилцан адилгүй хугацаатай байдаг.

- Циркчид Монголдоо ажиллах боломжгүй байдаг юм уу?

- Зах зээл жижиг, үнэлэмж бага болохоор хэцүү, бэрхшээлүүдтэй их тулгардаг. Наад зах нь бэлтгэлийн байр байхгүй, харьяалагдах газар байхгүй, ажлын байр байхгүй. Хамгийн гол нь нийгмийн хүлээж авах сэтгэлзүй маш сул. Эдийн засаг тогтвортой, тодорхой зохион байгуулалтад орчихсон өндөр хөгжилтэй орнуудад циркийн урлаг хөгжсөн байдаг. Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүсийх нь амьдрал тогтвортой, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг. Жишээ нь, би гадаадад тайзан дээр таван минут нугарлаа гэхэд үзэгчид миний үзүүлбэрээс гадна 20 жилийн минь хөдөлмөрийг харж чаддаг, үнэлдэг төдийгүй мэдээж орчин нөхцөл, хүлээж авах уур амьсгал нь хүртэл өөр байдаг. Дэлхийн хамгийн том наадмаас шагнал аваад ирэхэд хэн нэгэн тамирчин, эсвэл дуучнаас доогуур үнэлэгддэг нь Монгол Улсын амьжиргааны түвшин доогуур, хувь хүний хөгжил муу байгааг харуулдаг юм шиг санагддаг. Гэхдээ улс маань сайхан болно, хөгжинө гэдэгт үргэлж итгээд Монгол Улсаа сурталчлахад хувь нэмрээ оруулж л явна даа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

GG 2020.07.11 162.158.118.65

Uhernees dor mongolchuud olon boljee.Huvia hicheesen hogiin humuuseer duursen bj gedgiig garsnaas hoish medehiin deedeer medej avlaa jalganii uzel,uhjsen tarhinaasaa salahgui bol mongol tun udahgui suirne

0 Хариулах


A 2020.07.10 172.69.252.149

Odoo uil2 yaah gj yavsiin?

5 Хариулах


Зочин 2020.07.09 172.69.45.135

Монгол Улсын амьжиргааны түвшин доогуур, хувь хүний хөгжил муу байгааг харуулдаг юм шиг санагддаг. Энэ дүгнэлт чинь яагаад чамайг авч чадахгүйг харуулсан зүйл л дээ. Яагаад гэвэл хөгжөөгүй, мөнгөгүй. Яамаар ч юм.

0 Хариулах


1 2020.07.09 172.68.11.188

соёл, спорт хоёроо хэт ялгаатай үнэлдэг, биеийн бяр чадалыг өндөрт өргөдөг нь харамсалтай

0 Хариулах


Зочин 2020.08.02 172.69.45.137

иргэнээ авч чадахгүй , улсаас мөнгө хуйлгайлж чаддаг дарга нартай юм. Хувьсгал хийх хэрэгтэй. Мөн уран бүтээлчдийг үнэлдэг ойлгодог нийгэм хэрэгтэй байна. Хүмүүс хөгжих боловсрох шаардлагатай бна. Уран нугаралт бол тайзан дээр гараад өнгөө алдаад солгой орилчихоод алгаа ташаарай гэдэг дуучид биш. Тэнд жинхэнэ хөдөлмөр авьяас тэвчээр үйлчилдэг.

0 Хариулах