UBLife Logo
Pacrap: “Give me justice” дууны үгээ Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн
Хөгжим

Pacrap: “Give me justice” дууны үгээ Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн

“Give me justice” дуугаараа олонд танигдаад буй Pacrap буюу Х.Ундрахтай ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Хишигсүрэнгийн Ундрах гэдэг. Эхээс гурвуулаа, айлын дунд хүүхэд. Нэг эгч, эрэгтэй дүүтэй. Эгчийг Уянга, дүүг Ундрал гэдэг. Хотод төрсөн. Гэхдээ амьдралынхаа тал хугацааг Хөвсгөлд өнгөрүүлсэн. Мөрөнгийн Эрдэнэдалай цогцолбор сургуулийг 2013 онд төгссөн. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын ангид сурч байгаад дөрөвдүгээр курсээсээ чөлөө авсан.

-Архитектураар сурч байсан хүн яагаад дуу хөгжим рүү орчихов?

-Багадаа монгол бүжиг хүртэл бүжиглэдэг байлаа. Бас зурна. Математик, зургийн хичээлээрээ өндөр оноо авч, архитектурын ангид суралцсан. Дундуур нь дуу хөгжим гэж яваад нэлээн цалгардаад чөлөө авчихсан. Ямар ч байсан төгсөнө дөө.

-Хэзээнээс өөрийгөө уран бүтээлч болно гэдгээ мэдэрч, дуу хөгжимд эргэлт буцалтгүй татагдсан бэ?

Ноднингоос л уран бүтээл хийж, дуу хөгжимөөрөө явахаар шийдсэн. Яг хийх ёстой зүйл минь энэ л байсан. Эхэндээ энэ чиглэлээр хоолоо олж иднэ гэж бодоогүй ч гол нь сонирхол минь хөтөлж байсан юм. Цаашдаа сайн байж, хичээж чадвал дуу хөгжмөөрөө амьдралаа авч явах байх. Одоогоор яг үнэндээ нэг дуу л хүмүүст хүрлээ шүү дээ. Төлөвлөсөн зүйл зөндөө бий.

-Pacrap хэзээнээс дуулж, rhyme бичиж эхэлсэн бэ?

-Би 2010 онд 14 наснаасаа эхэлж дуулсан. Хөвсгөлийн Мөрөнд 7 хоног бүр реппэрүүдийн дунд халз тулаан болдог байсан л даа. Халз тулаанд оролцоод тэр үедээ шуугиан тарьж л байсан. Өөрсдөө тоглолт хүртэл зохион байгуулж байлаа. Мөрөнгийн фм-ийн студид цөөхөн хэдэн дуу хийсэн. Дуу хийх гэж хичээсэн ч гэмээр юмуу. Тэгж явсаар 2016 онд “Unbox” студид “Deadpool” нэртэй дуу гаргаад түүнээс хойш эрчимтэй уран бүтээл хийж байна. Дундуур нь Солонгост сурахаар яваад нэг жил завсардсан.

-Squallyboyz crew-гийнх юм билээ.

-Тиймээ. Squallyboyz-д би, Loce, Cigor, Rookie, Goof зэрэг залуус нэгддэг. Одоо Cigor Солонгост, Goof Америкт байгаа. Үлдсэн гурав нь эндээ уран бүтээлээ хийгээд явж л байна. Бид гурав клиптэй нэг, клипгүй нэг дуу хийсэн.

-Үгээ хэрхэн бичдэг бэ. Арга барил байдаг уу?

-Би үгээ хоёр төрлөөр бичдэг. Нэг бол сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ. Аливаа зүйлд эгзэг нь таардаг мөч байдаг шүү дээ. Нөгөөх нь ая сонсоод тухайн аяныхаа мөн чанарыг нь ойлгочихвол сэдэв нь тодорхой болчихдог. Өөрөөр хэлбэл, аян дотроо сэдэв нь агуулагддаг гэмээр юм уу.

-“Give me justice” дууны хувьд үгээ хэрхэн бичсэн бэ?

-Би хавраас хойш “мартахгүй” гэсэн сэдэвтэй дуу хийе гэж бодоод л явсан. Олон нийтийн дунд яригдаж байгаад мартагдсан гэмт хэрэг зөндөө гарсан шүү дээ. Манайхан аливаа асуудлын талаар хальт “шуурч” байгаад л мартчихдаг. Яахав хувь хувьдаа бодоод явдаг ч байж болно. Энэ сэдвээ бодож явсаар Хатгалд очоод Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн. Хүмүүс үгээ бичиж дуусгаад сүүлд нь нягталж, нэлээд засвар оруулдаг юм билээ. Миний хувьд нэг бичсэн л бол засвар хийдэггүй. Засаж үзсэн чинь анхных нь дээр санагдсан. Цаашдаа засах гэж оролдохгүй. Ая нь микстип, 2Pac-ын дууны ая.  

Манайх Хөвсгөлийн Хатгалд гэр кэмптэй. Аялал жуулчлалын цагаар очиж, гэрийнхэндээ тусалдаг юм. Хийх ажил ч их. Оройд зав гарвал далайн эрэг дээр очиж шүлэг бичдэг. Дандаа биш л дээ.

-Далай чамайг их хөглөдөг байх нь ээ?

-Их ус харахаар сайхан санагддаг. Илүү сайн сэтгээд ч байх шиг. Тайвшраад уужуу болчихдог. Анхаарал маш сайн төвлөрдөг. Гэхдээ далайг харахад эморох мэдрэмж давамгайлдаг шүү. Би өөрөө эмзэг төрлийн хүн. Аль болох сэтгэлийн хаттай болохыг хичээж явна. Эр хүнд тэр нь ч дээр. Гэхдээ эмэгтэйчүүдийг бодвол сэтгэлийн хат муу юм шиг санагддаг шүү, эрчүүд.

-Шүлэг бичиж, сонирхдог хүний хувьд номтой их ойр байх. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би шүлгийн номонд дуртай. Р.Чойном, Б.Лхагвасүрэн, П.Бадарч гуай зэрэг зохиолчдын шүлгийг голдуу уншдаг. Р.Чойномын “Миний майгахан Думаа” шүлэг санаанд үргэлж байдаг. Энэ шүлгэнд нандин хайрын тухай өгүүлдэг, үйл явдалтай болохоор нүдэнд харагдаад гоё байдаг л даа. Бас уран зохиолын номонд дуртай. Уншиж дуусгаагүй үедээ цаашид хэрхэн өрнөх бол гэж бодогдоод л дотор нь орчихдог юм. Шашин, улс төрийн номуудыг унших гэж оролдсон ч дундаас нь хаячих юм билээ. Би хамгийн сүүлд Аюурзанын орчуулсан гадаадын зохиолчдын яруу найргийн түүврийг уншсан.

-Өөрийгөө яагаад 2Pac-ын Монгол дахь хамаатан гэж тодорхойлсон бэ. Ямар нэгэн түүх байгаа байх, сонирхолтой байна.

-Арван жилд байхад гадаадын хип хопыг сайн мэддэггүй байсан. Eminem ч юмуу олны сонсдог хип хопыг сонсож байсан л даа. Харин 2Pac гэхээр мэддэг хүн ховор. Хотынхон мэддэг байсан байж магадгүй. Тэгээд Nazir ах Мөрөнд очоод студи нээсэн. Студид нь дуу бичүүлэхээр очиж, танилцахад Nazir ах миний mp-г сонсчихоод “Миний дүү ийм дуунууд битгий сонс” гээд өөрийнхөө сонсдог дуунуудаа суулгаж өгсөн юм. Түүнээс хойш миний чих нээгдэж, 2Pac-ыг анх сонсож байлаа. Дундуур нь өөр зөндөө дуу сонссон ч эцсийн эцэст яалт ч үгүй 2Pac-аа дахиад л сонсдог. Одоо ч сонсож л байна. Түүний үзэл баримтлалыг нь судалж үзээд бүр дуртай болсон. Эрэмгий, зоригтой зан чанар нь таалагддаг. 5 жилийн хугацаанд 700 гаруй дуу хийсэн байдаг байх шүү. Кинонд хүртэл тоглосон, их мундаг. Бас нэг сонирхолтой зүйл нь 2Pac 1996 оны 9 дүгээр сарын 7-нд Лас-Вегаст буудуулсан юм билээ. Харин би тэр өдөр төрсөн. Буудуулснаасаа хойш хэд хоногийн дараа шархаа даалгүй нас барсан гэдгийг нь би хэзээ хойно уншиж мэдсэн л дээ. Pacrap нэрийн хувьд ч 2Pac-ын Pac тэгээд репийн Rap гэдэг үгний нэгдэл.

-Клип дээр нь хамт алхдаг залуу дүү нь гэсэн. Танай дүү дуулдаг уу. Хүмүүс хажууд нь алхаж байгаа залуу ямар “хийцгүй” юм бэ гэж хошигнож байгаа харагдсан.

-Миний хувьд дүү минь маш том үүрэг роль гүйцэтгэсэн. Клипний зохиомжийн хувьд талбай дээр ямар нэгэн жагсаал цуглаан боллоо гэж бодоё. Хэрэв тэр цуглааны агуулга, утга санаа нь миний үзэл бодолтой нийлж байвал би очно. Очихдоо мэдээж гэрээсээ л явна. Хамгийн дотно, ойрын хүнтэйгээ хамт явна гэвэл тэр нь дүү маань л юм. Тийм л утгатай.

Яахав дүү маань дуулах үгүйгээ өөрөө шийдэх байх. Дуу хөгжимд сонирхолтой юм шиг байна лээ. Харин би дургүйцэх байх даа. Нэг гэрт нэг л уран бүтээлч байсан нь дээр. Цаадах чинь арай өөр чиглэлээр ажиллаж, амьдарсан нь зүгээр болов уу. Яагаад гэхээр уран бүтээлч хүн олон зүйлээ золиослох хэрэг гардаг шүү дээ.  

-Сүүлийн үеийн залуу уран бүтээлчдийн видео клипийг үзэхээр тамхи татаж байгаа дүрс заавал гарах юм. Яагаад юм бол. Тамхи татах нь “күүл” харагддаг юм уу. Эсвэл имиж нь юм уу?

-Янз бүр байх л даа. Миний клипний хувьд бодит байдал нь тэр. Угаасаа би алхахдаа тамхи татаад л явдаг. Үнэнийг хэлэхэд тамхи татаж байгаа төрх заримдаа надад ч дажгүй харагддаг л юм. Гэхдээ бусдад буруу үлгэр дуурайлал болно гэдгийг бодолцох л хэрэгтэй юм байна шүү.

-Хүмүүс хувцаслалтынх нь хувьд “37-р точка” киноноос санаагаа авсан гэж ойлгох шиг болсон. Тийм үү?

-Үнэндээ тэр кинотой ямар ч хамаагүй. Цаг хугацаа нь л тэгж давхацсан. Ингэсэн нь зарим талаараа надад ашигтай байсан байж магадгүй. Дуугаа бичиж дуусгасны дараа хамгийн түрүүнд клип бодогддог. Клипээ бодсон чинь ямар ч байсан дүүтэйгээ алхах юм байна гэсэн санаа орж ирсэн. Хатгалд дуугаа биччихээд Мөрөн ороод нэг дүүтэйгээ уулзахаар ажиллуулдаг хуучин хувцасны дэлгүүрээр нь очсон юм. Тэнд аятайхан савхи харагдахаар нь авчихсан. Нэлээн хямдхан савхи л даа. Малгайг нь ах өгч байсан. Савхин дээр дажгүй харагдахаар нь өмсчихсөн юм. Харин дүүд хар кепка байхаар нь “Ахын дүү наадахаа өмсчих” л гэсэн. Дуу маань дан залуучуудад гэлгүйгээр нийт массд хүрсэн нь гоё санагдсан. Зарим ах нар холбогдоод “Хип хоп сонсохоо больчихсон байсан. Чиний дууг сонсоод буцаад хип хопоо сонсож эхэлсэн” гэсэн сэтгэгдлийг нь сонсоод сайхан санагдсан шүү. Дуу гарснаас хойш ганц нэг намаас холбогдож, намдаа элсүүлэх талаар санал хүртэл тавьсан. Үгүй л гэсэн (инээв).

-Гэр бүлийнхэн нь уран бүтээлч болохыг нь хэр дэмждэг вэ?

-Сайнтай, муутай л байсан даа. Гэхдээ дэмжих хандлага нь давамгай. Сургууль соёлоосоо чөлөө аваад л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй явахаар санаа нь зовж, шантарсан л байх. Одооноос л ойлгож, намайг илүү хүлээж авч байгаа. Ээж аавдаа хүү нь дэмий яваагүй гэдгийг бүрэн дүүрэн батлах том ажил оногдож л байна. Манай аав ээж бидэнд “Та нар өөрсдөдөө л сэтгэл хангалуун, аз жаргалтай байвал ээж аав хоёр нь баярлана. Заавал баян, тарган бай гэж хэлэхгүй” л гэдэг. Тэгэхээр нь би “Би студийн өрөөнд, тайзан дээр байхдаа аз жаргалтай байдаг. Дууныхаа үгийг бичиж дуусгачихаад уншаад суухдаа аз жаргалтай байдаг. Тэгвэл та хоёрын үгтэй тохирч байна” л гэдэг юм. Дургүйд хүчгүй, дуртайд хүчтэй л байдаг юм байна. Хүн ер нь залхуу байдаггүй юм шиг санагдсан. Дуртай зүйлээ олчихвол түүнийхээ төлөө л явдаг. Зарим хүний залхуу нь хүрч байвал дуртай зүйл нь биш л гэсэн үг байх.-Цөөхөн хэдэн үгтэй дуу хит болонгуут дургүйлхэж хүлээж авдаг хүмүүс байна. Чиний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Хип хопын үүднээс цөөхөн, утга авцалдаагүй үгтэй дуунд би шүүмжлэлтэй хандана л даа. Хип хоп угаасаа ямар нэгэн мессэжтэй байх ёстой. Локигийн сүүлд гаргасан “Диско муужгай” ч юмуу дуунууд бий. Үгнээс нь заавал юм ойлгох албагүйгээр гоё байж болно шүү дээ. Хүмүүс дуу сонсоод гоё мэдрэмж авч, цагийг сайхан өнгөрүүлж байна гэдэг чинь нийгэмд эерэг зүйл түгээж байгаагийн нэг хэлбэр. Хүмүүс хамгийн гол нь жанраа ялгах хэрэгтэй.

-Gee-г дисс хийсэн байсан. Олны анхааралд орох гэж тэгэв үү. Үзэл бодлоо илэрхийлсэн нь тэр үү?

-Гурван жилийн өмнө нэг асуудал гараад шарандаа л хийчихсэн юм. Тэгээд Солонгос явахынхаа өмнө цацах гэж байгаад дэмий санагдаад больчихсон чинь сүүлд нь цацагдчихсан байна лээ. Гэхдээ одоо Gee ахыг янз бүрээр бодоод байх асуудал байхгүй. Хүмүүс болохоор “Үзэл бодолдоо үнэнч байсангүй” гээд байгаа. Би тэр хүнийг насаараа муугаар бодоод ч юмуу эсвэл насаараа гомдоод явах алба байхгүй. Үзэл бодолдоо үнэнч байх тухай хүмүүс их буруугаар бодоод байх юм. Энэ миний л зөв гээд яваад байвал хүн хөгжихгүй, муугаараа л дуусна шүү дээ. Ах нараасаа ганц нэг шанаа авах үе хэнд ч тохиолддог л зүйл. Тэр диссээ одоо сонсохоор жаахан эвгүй байдаг л даа. Тухайн үед би шалихгүй юман дээр шалчигнасан байж магадгүй. Гэхдээ Gee ах тэрийг ноцтой хүлээж аваагүй байх. Түүнээс хойш тааралдаагүй л явж байна.

-Маргааш (өнөөдөр) реппэрүүдийн “Big big show” болох юм билээ. Тааралдах нь байна. Яах бол?

-Яах ч үгүй л гэж бодож байгаа. Яав л гэж дээ. Бодож санасан юм байвал хэлэх байх. Ер нь Gee ах сайн хань, сайн аав гэдгийг хүмүүс мэддэг. Залууст зөв үлгэр дуурайлал үзүүлээд л явж байна. Саяхан “Зогсохгүй” гээд 7 дахь цомгийнх нь нээлт боллоо. Ямар мундаг гэдэг нь харагдаж л байна.  

-“Гүнээс” нэртэй альбомоо ноднин гаргасан байсан. Энэ тухайгаа хуваалцаач?

-“Гүнээс” альбомоо ижил нэртэй шүлгийн номтойгоо хамт гаргах гэсэн ч чадаагүй. 80 гаруй шүлэгтэй. Дотроо хайку ч багтсан, жижиг найраглал ч бий. Ном гаргана гэдэг их ажил юм билээ. Эмхэтгэх, хянуулахаас эхлээд ажил ихтэй болохоор альбомынхоо хажуугаар амжаагүй. Ирэх жилээс номоо гаргана гээд төлөвлөчихсөн. “Гүнээс” альбомд багтсан 7 дууныхаа шүлгийг бас л далай дээр байхдаа бичээд ноднин намар гаргасан.

-Цаашдаа ямар жанраар уран бүтээл туурвих бодолтой байгаа вэ?

-Би ерөнхийдөө old school хэв маягийг барьж ажиллана. Ихэнх нь new school сонсож байгаа ч энэ масс руу old school хэв маягийг оруулна гэж боддог. Гэхдээ ингэснээрээ сонсогчдыг нь булааж авна гэсэн үг биш л дээ. Алсдаа ямар ч жанраар уран бүтээл туурвиж магадгүй. Хүн үргэлж хөгжих ёстой гэж боддог. Хийе гэснээ хийгээд л явна. Анхнаасаа л тийм байсан. Энэ долоо хоногт цацсан “Squally4life” дуу new school л дээ. Хүмүүс надаас old school дууны хүлээлттэй байгаа болохоор энэ дуугаа цацахдаа айдастай байлаа. Цацахаа азная гэж бодсон ч больсон. Би энэ дуугаа хоёр жилийн өмнө бичсэн. Миний хайртай дуу. “Нүдээ аниад бүгд мөнгөний араас гүйлдэнэ. Хамгийн чухал нь мөнгө гэвэл бас л үгүй” гэсэн үгтэй. Амьдралд юу чухал вэ, буруу зүйлийн араас битгий гүйгээрээ гэсэн мессэж өгөхийг хүссэн. “Squally цэрэг нэгэн зэрэг гүйлдэнэ” гэж дахилтанд бий. Бүхий л залуусаа “Squally цэрэг” гэж төлөөлүүлсэн. Урагшаа л гүйнэ гэсэн утга агуулгатай. Миний ойр тойрны ихэнх найз нөхөд энэ клипэнд цуг тоглосон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
63
4
35
0
0
0
2
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.