Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Playlist: Ютака Озакигийн сэтгэлд хоногшсон 10 уран бүтээл


Хэрвээ амьд сэрүүн байсан бол өдгөө 54 насны ойгоо тэмдэглэх байсан Японы алдарт дуучин Ютака Озакигийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 1983 онд дөнгөж ахлах сургуулийн сурагч байх үедээ “A Fifteen's Night” дуугаа зохиож, улмаар “Sony Records”-той гэрээ байгуулснаар түүний урлагийн замнал эхэлж байсан юм. Амьдралын утга учир, хийсвэр мөрөөдөл, хайр дурлалын тухай өгүүлсэн дууны үг, дахин давтагдашгүй өвөрмөц амьд тоглолтууд нь түүнийг арав хүрэхгүй жилийн хугацаанд Японы өсвөр насныхны жинхэнэ шүтээн болгосон билээ. 

1992 оны 4-р сарын 25-нд Ю.Озаки согтууруулах ундаа хэрэглэсэн, ухаангүй байдалтайгаар Токиогийн машин замын хажуугаас олдсон бөгөөд түргэн тусламжийн машинаар эмнэлэгт очсон даруйдаа нас барсан юм. Албан ёсоор уушгины хаван өвчний улмаас нас барсан хэмээн үхлийн шалтгааныг нь тогтоосон ч одоог хүртэл фенүүд болон гэр бүлийнхэн нь түүний үхлийг санаатай аллага байсан хэмээн сэжиглэдэг.

26-хан насандаа нас барсан түүний оршуулах ёслолд оролцохоор Токио хотод байрлах “Гококүжи” сүмийн гадна нийтдээ 37,500 гаруй хүн цуглаж, шүтээн болсон дуучнаа эцсийн замд нь үдэж байсан түүхтэй. Ингээд хайртай дуучныхаа төрсөн өдрийг тохиолдуулан хамгийн сэтгэлд хоногшсон, нандин дурсамж үлдээсэн арван дууг түүвэрлэн хүргэж байна. Цас хялмаалж, жавар хургасан яг л ийм баасан гарагийн үдэштэй түүний дуунууд төгс зохицох болно. 

1. Trees Lining a Street

...Бидний дурлал эхэлсэн тэр өдөр яг л үлгэр мэт байждээ

Өдөр бүр чи минь надад тэмүүлсээр ирдэг байсан, санаж байна уу?

Мөрөөдөл болон хоцорсон дурсамжууд сэтгэлийг минь эзэмдэхүйеэ

Өөр юу ч биш энийг л асуумаар байна одоо

Намайг чи одоо сонсож байвал хариулаад өгөөч

Энэ бүхий л зүйл сэтгэл зүрхийг минь түрэмгийгээр тарчилгана

Би яасан ч зүрх сэтгэлээсээ урвахгүй, бас ахиад юуг ч санан дурсмааргүй байна

Битүүхэндээ харин зүрх минь эдгэрнэ гэж найдаж байна, тэгэхгүй гэж үү?...

Салалтын дараа шархалсан зүрхээ эдгээхэд, өөрийнхөө ертөнцөд байсан түүнийг тавьж явуулахад  үедээ сонсоход энэ дуу хамгийн их тохирно.

2. Taiyo No Hahen

Энэ дууны клипийг үзэх бүрд яг л зэргэлдээ орших ертөнцөд яваад орчихож буй зүүд зөнгийн мэдрэмж төрдөг. Ютакагийн хамгийн гүнзгий утга агуулгатай клипийн нэг. 

3. Dance Hall

20 насандаа түүний гаргасан “Tropic of Graduation” цомгоос миний хамгийн хайртай дуу. Сонсох бүрд сэтгэлийн мухарт хадгалагдаад үлдчихсэн анхны хайрын гэгэлгэн дурсамжийн шархыг хөндчихдөг. 

4. Mama, say goodbye

Бидний амьдралын замд хамгийн хайртай нэгнээ тэнгэрийн орон руу үдэх, тэднээсээ үүрд хагацах хэцүү цаг мөч тохиодог. Энэ дуу харин харанхуй хонгилд уначихсан мэт тэр цаг үед мөрөн дээгүүр зөөлхөн тэврээд авч байгаа мэт тийм л мэдрэмж надад төрүүлдэг. Жирийн үед сонсоход ч нүднээс сул нулимсууд бөмбөрчих гээд байдаг шүү. 

5. The Gentle Sunlight

Энэ дууг харин зуны цэлмэг өдрүүдийн үд дундын нартай зүйрлэмээр байна. 

6. Oh my little girl

Яг л өнөөдөр шиг жавар тачигнасан өвлийн өдөр хайрттайгаа болзохоор явах үедээ сонсох дуу. Жаварт хайрагдаад улайчихсан хацар, цасны шархийх чимээ, гудамжны бүүдгэр гэрэл, өвлийн хамгийн жаргалтай дурсамжууд энэ л дуутай зохицдог. 

7. Forget me not

Хэн нэгэнд гүн гүнзгий дурлах үед гадаад ертөнц тэр чигтээ миний дотоод ертөнцийн тусгал болчихсон юм шиг, түүнтэйгээ уулзахгүй л бол дотор байгаа бүх зүйл дайвалзаж унах гээд байх шиг, алхаж гишгэж амьдарч байгаадаа хүртэл эргэлзмээр тийм л сэтгэлийн зөрчилдөөн үүсдэг. Энэ дууг сонсох үед яг л бүх биеэр энэ дурлалын мэдрэмжүүд тарж буй мэт санагддаг юм. Хайрын тухай хамгийн романтик дууны нэг шүү. 

8. Life

Өөртөө байгаа бүхнээ хайртай нэгэндээ зориулсан ч эцэст нь түүнээс зөвхөн араар тавилт, худал хуурмаг зүйл л үлдэх үе олонтаа. Түүнд үнэхээр их гомдохдоо “Бүх сэтгэлийг чинь дүүргэж чадахаар тийм их хайрыг чамд зориулж байхад чиний надад өгч байгаа зүйл ердөө энэ гэж үү дээ?” гээд асуумаар санагддаг. Гэхдээ л тэр бүхний эцэст бид сэтгэлдээ түүнийг уучилж, илүү хүчтэй нэгэн болж урагшаа алхдаг шүү дээ. Хаягдаж хоцорсон тэр гомдлын мэдрэмжийг бүрэн илэрхийлж чаддаг дуу бол энэ юм.  

9. I love you 

Энэ дууг харин сонсоныхоо дараа хайртай хүндээ заавал “Би чамд хайртай” гэж хэлээрэй. Хэрвээ хажууд чинь байж таарвал чангахан тэврээд, нүд рүү нь эгцлэн харж байгаад хайртай гэдгээ хэлээрэй. Бид энэ үгийг хэтэрхий цөөхөн удаа хайртай хүмүүстээ хэлдэг шүү дээ. 

10. Бонус трак - I love you 

“Big Bang” хамтлагийн дуучин Дэсон 2013 онд Ютакагийн нэрийн хуудас болсон ”I love you” дууг коверлон дуулсан бөгөөд энэ хувилбар нь 2014 онд нээлтээ хийсэн ижил нэртэй Япон киноны саундтрак болсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
8 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.30 172.58.139.158

harin tiin. nuutsaar sonsdog duunuudiig mini postlood bkhii..

0 Хариулах


Зочин 2019.11.29 66.181.189.15

hen hairiig min postlood bnaa

0 Хариулах