Энэ жил виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж, залуусын сонор, мэлмийг дэлгэцийн цаанаас мялаах гэж буй Playtime 2020 наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Тэсэн ядан хүлээж буй хэн бүхэнд зориулж наадмаа үзэхдээ бэлтгэх 6 зүйлийг танилцуулъя.
НЭГ.
Энэ жилийн виртуал наадмын line-up буюу оролцох уран бүтээлчдийн жагсаалттай танилцах. 2020 оны оролцогчдын нэрс дөнгөж сая зарлагдаад буй нь энэ. Дуртай артистууд чинь бий эсэхийг нягтлаарай.

ХОЁР.
Нэгэнт виртуал наадам учир телевизийн сувгаар л гарах нь тодорхой. Харин хэзээ, хэдэн цагаас, ямар ямар суваг дээр тохируулан хүлээж, дуу хөгжим сонсож доргих тухай мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаарай. Үзэлгүй өнгөрөөх, хожимдож мэдэх, сувгаа олохгүй суух гэхчлэн харамсах зүйл бүү хийгээрэй дээ хүүхдүүд минь. Ээ дээ долоодугаар сарын 4,5-нд 17:00 цагаас зөвхөн LooKTV, Юнивишний UniLive88 болон DDish сувгаар гарах юм шүү.

ГУРАВ.
Наадмаа үзэхийн тулд "дэд бүтцээ шийдэж", утасныхаа датаг базааж авахаа мартаж болохгүй. Хөдөө гадаа хаа ч явж таараа билээ. Юнителийн өндөр хурдны 4G LTE сүлжээ дуу дүрсний өндөр чанартай контент хүлээн авч үзэхэд хамгийн сайн сонголт болох юм шүү.

ДӨРӨВ.
Мөн зурагтынхаа дуу, дүрсийг сайхан тохируулахгүй бол хөгжмийн фестивал үзсэний хэрэг юусан билээ. Чадвал том дэлгэцтэй, дуу өсгөгчтэй газар найз нөхдөөрөө наадмаа үзэж, бүр болохгүй бол гэрийнхээ зурагтанд өсгөгчөө залгаад л бэлдэх хэрэгтэй дээ. Жинхнээсээ Playtime дээр очсон мэт уур амьсгалыг төрүүлэх гэж багахан ч болов оролдоорой. Өрөө тасалгаагаа чимж, өөрөө бас гоё хувцсаа өмсөөд л...

ТАВ.
Сурталчилгааны завсарлага болон бусад цагаар хийх зүйлсээ төлөвлөх, өөрийн болон хамт үзэж буй хүмүүсийнхээ тав тухыг хангах, амттай зууш, уух зүйлсээ бэлдэж тавих гээд л ажил их шүү дээ ер нь. Хөлөгт тоглоом, хөзөр зэргээ зэхээд, хөгжим сонсонгоо уух, идэх хүнсээ цуглуулаад баяр ёслолын мэт сайхан хоёр үдшийг өнгөрөөх нь ээ. Playtime аа гэж сайхан шүү.

ЗУРГАА.
Хамгийн сүүлийн чухал зүйл бол наадам нэгэнт эхлэхэд тайвширч, хөгжим дуундаа уусан орж, “chill” бас хөгжилтэй байх. Ганцаараа үзсэн ч, олуулаа үзсэн ч хамгийн гол нь хөгжим уянгалсаар байгаа цагт уйдаж, ганцаардана гэж үгүй. Энэ жил гадаад дотоодын бүх л хөгжмийн наадмууд цуцлагдаж гунигтай байгаа ч Playtime маань виртуал хэлбэрээр үзэгчдийн хүртээл болж буйд баярлууштай.
