Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Подкаст тойм: Бид яагаад баримтыг үл ойшоож, сэтгэл хөдлөлдөө автдаг вэ?

Бид өөрийн эрхгүйгээр өөртэйгээ адил төстэй, ижил үнэт зүйлтэй, зан суртахуунтай хүмүүст итгэх хандлагатай.


Хүмүүс бид шинэ мэдээллийг хэрхэн олж авч, итгэл үнэмшилтэй болдог вэ? Та өөрийнхөө итгэдэг бүхнийг нотолгоо, датанд суурилж хүлээж авсан гэж боддог уу? Энэ тухай “Hidden Brain” подкастаар “Ташаа мэдээллийн эрин” номын зохиогч судлаач Кэйлин О’Коннор болон судлаач Тали Шарот, Жеймс Уэтэролл нартай нартай хэлэлцсэнийг тоймлон хүргэж байна. 

Шинжлэх ухааны үндэслэлтэй баримтыг өдөр тутмын амьдралд ойртуулж “хөрвүүлэх” шаардлагатай 

Залуу бүсгүй Миранда жирэмсэн байхдаа хүүхдэд вакцин хийлгэх нь аюултай тухай ойрын хүнийхээ зөвлөгөөг сонсчээ. Хүүхэд нь вакцин хийлгээд хэдхэн хоноод удалгүй аутизмтай болсон түүхээ хуваалцсан нь түүнд хүндээр тусав. Улмаар тэр даруйд интернэтээр хайлт хийхэд Google-ээс энэ талаар маш олон илэрц гарч ирж, Facebook дээр ч тоо, томшгүй группууд гарч ирэв. Тэнд вакцин аюултай тухай, хүүхдүүдэд нь ямар сөрөг нөлөө үзүүлсэн тухай ээж нар эцэс, төгсгөлгүй постолж байв. Түүнчлэн зөвхөн вакцин төдийгүй өдөр тутмын зан байдалтай холбоотой зөвлөмжүүд, туршлагууд дүүрэн байсан нь Мирандад хамгийн дотно туслахууд мэт санагдаж эхлэв. 

Ингээд охин нь мэндэлж эмч вакцин хийлгэх тухай хэлэхэд түүнд өөдөөс нь тайлбарлах уртаас урт хариулт бэлэн байв. Гэвч хоёр сар өнгөрсний дараа тэр бүхнийг эхнээс нь судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй өгүүллүүд уншиж, тоо баримтууд харснаар вакцин, аутизм хоёрт ямар ч холбоо, хамаарал байхгүй бөгөөд түүнд хэдийнэ байсан айдас нь худал мэдээлэлд шууд итгэхэд хүргэснийг ухаарсан байна. Тиймээс тоо баримтыг хуурай дурьдаад зогсохгүй хүмүүст “ойртуулж”, өдөр тутмын амьдрал, үйл хэрэгт нь дөхөм байдлаар илэрхийлэх хэрэгтэйг судлаач Тали хэлжээ. 

Худал зүйлд автсан тогтмол итгэл, үнэмшлийг баримтаар өөрчлөх нь маш хэцүү 

Шинэ мэдээллийг хүлээж авахдаа бид өөр, өөрийнхөөрөө ойлгодог. Энэ тухай туршилт хийхээр уур амьсгалын өөрчлөлтөд итгэдэг ба түүнийг үл тоодог хоёр төрлийн хүмүүст мэдээ сонсгожээ. Тэгтэл хүмүүс баримт, судалгаа юу гэснээс үл хамааран өмнө нь юу гэж үнэмшдэг байсан түүнийг нь батлах мэдээлэл байвал шуудхан итгэж байв. Харин үзэл бодлоос нь үл ялиг зөрвөл шуудхан үл тоомсорлодог байна. Ялангуяа, тухайн баримт, судалгааг өөрөөсөө “холдуулах” янз бүрийн шалтаг гаргаж ирдэг байна. Энэ судалгаа өөр улсынх, эсвэл асуулт нь алдаатай байсан байх, бид өөр хүмүүс гэхчлэн үгүйсгэж болох бүхий л няцаалтыг хийж эхэлдэг гэв.

Айдас төрүүлж итгэл, үнэмшил бий болгодог 

Улстөрчид бидний саналыг авахын тулд айдас төрүүлдэг. Хэвлэл, мэдээллийнхэн үзэгч, хүлээн авагчаа барихын тулд түгшүүр төрүүлдэг. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүмүүсийг тамхинаас гаргахын тулд хор уршигийг нь сурталчилдаг. Тэгвэл яагаад ингэж айдсаар "удирдах"-ыг оролддог вэ?

Айдас хоёр нөхцөл байдалд нөлөөлдөг. Хүмүүс үймж, сандрах нь тодорхой буюу сэтгэл зүй нь бэлэн үед. Эсвэл хэн нэгнийг ямар нэг зүйл хийлгэмээргүй байгаа үед. Жишээ нь, вакцин хийлгэх хэрэггүй учир нь энэ бол аймшигтай гэж ятгах. Яг л бид муудсан алим хараад хордохоос айсандаа иддэггүй шиг хүмүүс аливаа үйлдлийг хийгээд хохирно гэж бодвол үйлдэл хийдэггүй байна. 

Харин ямар нэг зүйлд уриалан дуудахад айдас бий болгох нь тийм ч тустай биш. Оронд нь итгэл найдвар төрүүлж чадах юм бол хүмүүс үйлдэл хийж эхэлдэг гэжээ. 

Хүмүүсийн үзэл хандлагыг өөрчлөхдөө сэтгэл хөдлөлийг ашиглах нь үр нөлөөтэй 

Принснтоны их сургуулийн оюутнуудад дэлхийд алдартай илтгэлүүдийг сонсгож тархины үйл ажиллагаанд нь анализ хийж үзжээ. Тэгэхэд зөвхөн хэл яриа, агуулгаас гадна илтгэгчийн сэтгэл хөдлөл сонсогчдод маш их нөлөөлсөн байна. Кеннеди, Мартин Лютер Кинг гэхчлэн олон нийтийг уриалан дуудсан гайхалтай илтгэгчид хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж, “залж” байв. Ингэж сэтгэл хөдлөлийг нь барьж хүссэн мэдээллээ өгөхөд сонсогчид түүнд өөрийн эрхгүй автдаг ажээ. 

үмүүсийн мэдлэг, мэдээлэл бусдын үзэл бодол, хандлагаас хамааралтай байдаг"

“Ташаа мэдээллийн эрин” номын зохиогч, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Кэйлиний ингэж хэлсэн юм. Та өнөөдрийг хүртэлх итгэж үнэмшдэг зүйлсийнхээ тухай бодоод үзээрэй. Бид ихэвчлэн бусдаас ирсэн мэдээлэлд тулгуурлаж “өөрийн гэсэн” тогтсон итгэл үнэмшилтэй болсон байдаг. Учир нь бид бол “нийгмийн амьтан”. Энэ бол гайхалтай зүйл. Тийм ч учраас бидэнд нэгдмэл соёл, технологи зэрэг зүйлс байна. Гэхдээ бид нэгэндээ үнэн мэдээлэл дамжуулах хаалга нээж өгөхтэйгээ зэрэгцэн худал мэдээлэл дамжих хаалгыг ч давхар нээж өгдөг нь харамсалтай. Нийгмийн мэдээлэл дамжих энэ үйл явц нь яг л хоёр талтай зоос гэсэн үг юм. 

Бидний итгэдэг зүйлсийн бараг 99 хувь нь ямар нэг баримт, нотолгоонд тулгуурлаагүй байдаг

Хүмүүс нийгмийн амьтан болохынхоо хувьд бусдын хэлсэн баримт, итгэл үнэмшилд тулгуурлан дүгнэлт хийдэг. Учир нь, юм бүхнийг өөрөө эрж хайж, баримт, нотолгоо цуглуулах бололцоо бидэнд байхгүй. Тухайлбал, бид Кристофер Колумбын тухай түүхийн багшийнхаа хэлсэнд итгэдэг, нарны аймгийн тухай NASA-гийн авсан зурганд итгэдэг. Үнэнийг түгээх ийм нийгмийн итгэлцэл бий болно гэдэг бол гайхамшиг. Өөр ямар ч амьтанд ийм итгэлцэл байдаггүй. Гэхдээ үеэс үеэд, хүнээс хүнд мэдээлэл дамжих энэ онцгой боломж нь заримдаа хуурамч мэдээлэл дамжих зам болдог нь харамсалтай. 

Бид хэнд итгэдэг вэ? 

Заримдаа үнэн мэдээллийг түгээх нь яагаад хэцүү байдаг вэ? Учир нь, бидний нийгмийн хүрээллээс өөр, ялгаатай зүйлсийн талаарх мэдээллийг хүлээж авах нь хүмүүст амаргүй байдаг. Эргэн тойрны хүмүүсийнхээс маань тэс ондоо үзэл, хандлагад бид итгэх дургүй байдаг. Хайртай, дуртай хүмүүсийнхээсээ өөр, ялгаатай үйлдлийг хийхэд ч таагүй мэдрэмж төрдөг нь нууц биш. 

Энэ утгаараа хүмүүсийн нэгдмэл итгэл үнэмшил бий болоход нийгмийн итгэлцэл чухал нөлөөтэй. Бид бусдаас сонссон бүх зүйлээ нягтлах боломжгүй байдаг учраас магадгүй арай хялбараар нь хэнд итгэхээ шийддэг гэсэн үг. Ингээд өөрийн эрхгүйгээр өөртэйгээ адил төстэй, ижил үнэт зүйлтэй, зан суртахуунтай хүмүүст итгэх хандлагатай.

“Суртал ухуулга” заримдаа баримтаас илүү хүчтэй байдаг 

Хэн нэгнийг баримтаар ятгахын оронд хүмүүсийн нийгмийн харилцаа, итгэл үнэмшлийг ашиглаж үзэл хандлагаа хүргэх арга байдаг нь “суртал ухуулга” юм. Эсвэл тухайн нийгэм, олон нийтэд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн хэн нэгнээр дамжуулан үүнийгээ түгээх. Гэхдээ хүн төрөлхтөний түүхийг харвал бид шинжлэх ухаан, судалгаа шинжилгээг ингэж түгээхээс илүүтэй Америкийн аж үйлдвэржилт, ЗХУ-ын “дэглэсэн” суртал ухуулгыг түгээхдээ л энэ аргыг ашиглаж ирсэн байдаг нь харамсалтай. 

Ямар нэг зүйлд бүрэн итгэлтай байх эсэх нь тийм ч чухал биш 

Аливаа үзэгдлийг бүрэн нотолгоотойгоор хүлээж авах нь ерөөс боломжгүй. Нэг ёсондоо ямар ч зүйлд 100 хувь итгэлтэй байх боломжгүйг судлаач Кэйлин хэллээ. Тухайлбал, маргааш нар мандах нь яг 100 хувь үнэн гэж үү? Эсвэл зүгээр л өнгөрсний турш ийм байсаар ирсэн нь бидний үнэмшлийг бататгасан уу? Мэдээж хэзээд ийм байсан учраас маргааш нар мандахад бид нэг их эргэлздэггүй. Тэгэхээр бүх зүйлээс яг таг, эцсийн үнэнийг хайхаас илүүтэй зөв шийдвэр гаргахад хангалттай баримт байна уу гэж харах нь зүйтэй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.