Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Подкаст тойм | Та улстөрийн хорхойтон уу, эсвэл улстөрд идэвхтэй оролцогч уу?


Бид улстөрийн мэдээллийг хүлээн авч, өдөр бүрийн мэдээллийг алгасалгүй үздэг нь үнэхээр бидний улстөрийн идэвхийн илэрхийлэл мөн үү? Эсвэл энэ нь ердөө л та дуртай багийнхаа тоглолтыг алгасалгүй үзэж, фэн нь болж, бусадтай тэднийг өмөөрөн маргадагтай адил сонирхол, хобби юу? 

Энэ тухай “Tufts” их сургуулийн профессор Этан Херштэй “Hidden Brain” подкастад ярилцжээ. Тэрбээр “Улстөр бол эрх мэдлийн төлөөх талбар: Улстөрд хорхойсохоос хэрхэн хальж үйлдэл хийж, жинхэнэ өөрчлөлт бий болгох вэ” номын зохиогч юм. Түүний ярианы онцлох хэсгүүдийг тоймлолоо. 

Бид мэдээ үзэж, сонин уншиж, парламентийн ордны тухай хов живийг сонирхож, ямар албан тушаалд хэн очиж, хэн солигдсоныг цаг алдалгүй мэдэж байгаагаа улстөрийн оролцоо гэж бодвол энэ нь ташаа ойлголт гэдгийг судлаач Этан хэлж байна. Хүмүүс үүнийгээ мэдээлэлтэй байх, иргэний оролцооны чухал хэлбэр, оролцоо гэж бодож тайлбарлах нь ч бий. Гэвч шувуу сонирхогчид, эсвэл спортод дурлагсад ч тухайн зүйлийнхээ талаарх баримтуудыг судалж, мэдэж сонирхдог. Яг үүнтэй адил улстөрийн амьдралын баримт, мэдээллийг сонирхоод орхих нь оролцоог бүрэн илэрхийлэхгүй гэжээ. Энэ хүмүүсийг судлаач Этан “улстөрийн хорхойтнууд” эсвэл “улстөрд хоббитой” хүмүүс гэж тодорхойлж байна. 

Улстөр гэдэг бол шийдвэр гаргах эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн бөгөөд энд бодлого, үзэл санаа яригддаг. Түүнчлэн энэ оролцооны зорилгын нэг илрэл нь Бүгд найрамдах намын үзэл санааг дэмжиж, ажилладаг хүн жишээ нь өөр үзэл бодолтой хүнийг шууд үзэн ядах биш түүнд үзэл санаагаа ойлгуулах, ятгах, өөрийн талдаа авах үйлдлийг хийж байдаг. Харин спортын фэнүүдийн хувьд жишээ нь хэзээ ч нэг багийн шүтэн бишрэгчийг өөрийн талдаа авахаар ятгаж, үзэл бодлыг нь өөрчлөх гэж оролддоггүй. Яг үүнтэй адил улстөрийн “идэвхтэй” гэж өөрсдийгөө тодорхойлдог, улстөрийн мэдээг хоббигоороо үздэг хүмүүс үзэл санааны маргаан хийхээс илүүтэй өөрөөс нь өөр улстөрийн үзэл бодолтой хүнийг шууд үгүйсгэх хандлагатай байдаг. 

Улстөрийн хоббитой хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөл хамгийн чухал. Энэ нь ямар нэг үйлдэл хийлгүйгээр аливаа зүйлтэй холбоо, хамааралтай мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа нь тэднийг сэтгэлийг хөдөлгөх хангалттай элдэв төрлийн мэдээллийг хүргэж байдаг. Тийм учраас тэднийг очиж сельфигээ авахуул, эсвэл тоглолт үзүүлэх гэхчлэн сэтгэлийг нь хөдөлгөх замаар аливаа үйл ажиллагаанд оролцуулах шаардлагатай болдог. Харин сонгуулийн өдөр ийм зүйл байдаггүй учраас тэд илүү хойрго хандах, хороо, эргэн тойрныхоо асуудлын талаарх чухал хэлэлцүүлэгт тэр бүр оролцдоггүй. 

Сонгуулийн оролцооны хувьд саналаа өгдөггүй хүмүүс хэзээд байдаг бөгөөд тэдний тал нь сонгуульд оролцсон гэж худал хэлдэг байна. Энэ хүмүүсийн дийлэнх нь боловсролтой, мэдээ, мэдээлэлд ойр буюу их үздэг эрчүүд байдаг байна. 

Мөн нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн хүйсийн байдлыг авч үзвэл дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Тэр дундаа нийгмийг хамарсан үйл ажиллагаанаас гадна улстөрийн намын олон нийтийн ажилд ч олонх эмэгтэйчүүд идэвхтэй байдаг. Ерөнхийлөгч Трамп сонгогдсоноос хойшхи улстөрийн олон нийтийн үйл явдлыг харвал оролцогчдын гуравны хоёр нь эмэгтэйчүүд байжээ. Харин судалгаа аваад улстөрийн үйл явдлын баримт мэдээлэл болон тэдгээрийг олж авахад хэр их цаг зарцуулдгийг асуувал эрчүүд илт давамгайлна. Эмэгтэйчүүд энэ тал дээр бага цаг зарцуулдаг боловч бодит үйл ажиллагаанд оролцож, асуудалд анхаарал хандуулахдаа илүү идэвхтэй, цаг зарцуулдаг байна. 

Улстөрийн хорхойтнууд хэр их хандив өгдөг вэ? Их хэмжээний мөнгө хандивлагч, баячуудын хувьд тэдэнд зориулсан тусгай, үнэтэй хүлээн авалтуудыг маш сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдах нь бий. Тэд бусад баячуудтай хамт хөгжилдөж, улстөрийн талаар ярилцаж, нэр дэвшигчтэй зургаа авахуулахаар очдог уу? Эсвэл улстөрийн зорилготой байдаг уу? Тэдний хувьд дээрх зорилгуудын аль аль нь бий. 

Харин бага хэмжээний мөнгө хандивлагчид нь улстөрийн хорхойтнууд байдаг. Гэхдээ тэднийг хөдөлгөхөд бас л сэтгэл хөдлөлийг нь “удирдах” учиртай. Тухайлбал, Барак Обамаг Конгресст илтгэл тавих үеэр Конгрессийн гишүүн Уилсон шууд тасалж “Худалч!” гэж хашгирсан нь олны анхаарлыг татсан. Улмаар тэрхүү бичлэг вайрал болж интернэтээр нэг түгж байв. Энэ бол зүй бус, хэр барагтаа тохиолддоггүй, Конгресст байж боломгүй үйлдэл байлаа. Гэсэн ч үүний дараах хэдхэн өдрийн дотор Уилсон хоёр сая долларын хандив хүлээн авч байв. Ийм учраас АНУ-ын сонгуульд жижиг хандивуудыг Бэрни Сандерс биш, Элизабет Уоррэн биш Дональд Трамп цуглуулж чадсан юм. 

Мэдээж үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох нөлөөтэй. Мэдээллийн учир шалтгаан, логикийг тайлбарлахаас илүүтэй хувь хүний талаарх мэдээллүүд, шуугиан, сенсацийг өгсөөр байдаг нь улстөрийн мэдээллийг алгасалгүй үздэг хорхойтнуудын хувьд яг л спортын тэмцээн шиг өдөр бүрийн ялагч, ялагчдагчдыг тодруулж өгч байдаг. Тэд "хамтдаа" гуниглаж, бас сэтгэл нь хөөрдөг.

Тэгвэл улстөрийн мэдээллийн хорхойтнууд юу хүсдэг вэ? Хов жив, бүдүүлэг, хачирхалтай үйлдлүүд. Яагаад? Энэ нь илүү сонирхолтой. 

Бид юуг үл тоодог вэ? Орон нутгийнхаа мэдээллийг, учир нь энэ уйтгартай. 

Бид эсрэг үзэл бодолтнуудаа хэрхэн хүлээж авдаг вэ? Үзэн яддаг. 

Бид үнэхээр, үнэн голоосоо үзэн яддаг гэж үү? Үгүй дээ, улстөрд баг болж нөгөө талдаа уур, уцаараа гаргах нь илүү “хөгжилтэй” шүү дээ. Тэдний санаа бодлыг ойлгож, харилцаа тогтоох гэснээс шууд үл тоох нь хамаагүй хялбар. 

Бид хэзээ саналаа өгдөг вэ? Ямар нэг “үзүүлбэр”, “энтертайнмэнт” байгаа үед. 

Бид хэзээ хандив өгдөг вэ? Ямар нэг коктейл үдэшлэг, эсвэл вайрал видео байвал. 

Бид юу хийгээд байна вэ? Улстөрийн үнэт зүйлээ хөхиүлэн дэмжиж, ямар нэг үйлдэл хийх бус спорт, эсвэл улстөрд сонирхолтой, хорхойтой сэтгэлээ л дүүргэхийг зорьж байна. 

Тиймээс бид ардчилсан нийгэмд бодит, жинхэнэ оролцоо гэж юу болохыг эргэн санах учиртай. Оролцоо гэдэг нь Доналд Трампын жиргээг алгасалгүй уншихыг хэлэхгүй. Фейсбүүк дэх трэнд бичлэгүүдийг алдалгүй үзэхийг ч хэлэхгүй. Харин өөрийн эргэн тойрны хүмүүс, хүрээлэл, нийгмийн орчинд идэвхтэй байж уулзалт, хурлыг сонирхож, асуудлыг ойлгож, хэлэлцэхийг хэлнэ. Та үнэхээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санаа тавьдаг уу? Тэгвэл танай дүүргийн нийтийн тээврийн асуудал яршигтай, уйтгартай мэт боловч энэ асуудлыг хамтдаа шийдэх нь чухал нөлөөтэй шүү. Эргэн тойрныхонтойгоо нийтлэг бүлэг үүсгэж, өөрсөнд хамаатай асуудлуудаа шийдвэрлэх зохион байгуулалттай хамт олон болох нь чухал. Та бүхний үүрэг заавал үндэсний хэмжээний асуудлыг хайхрах албагүй. 

Улс орондоо та ямар нэг үйлдэл хийж, асуудал шийдвэрлэхэд оролцох нь чухал. Гэхдээ энэ нь Твиттерт данстай болж, бүх сэдвийг дагах тухай биш. Харин хөршүүдтэйгээ ярилцдаг, асуудлаа хэлэлцдэг хамт олныг бий болгодог, зохион байгуулалттай, бодлогод дуу хоолойгоо хүргэдэг оролцоо улс оронд тань илүү чухал юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.