Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Редацкийн зурвас - 2020

Өдөр тутмын дуулиан шуугиан, улстөр, бизнесийн аливаа хамаарлаас ангид харилцагч, уншигчдынхаа халуун дэмэнд энэ хүртэл тогтож, байр сууриа олсон нь бидний бахархал.


Дэлхийн шилдэг хэвлэлүүдийг уншиж, бахдаж яг тийм агуулыг монголдоо бүтээх урам зоригоор хөглөгдсөн залуус өнөөгийн сэтгүүл зүйн салбарын тулхтай төлөөлөл С.Батбаатар эрхмийн луужин дор "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргаж байснаас хойш таван жил өнгөрчээ. Өдгөө бид 15 хүний бүрэлдэхүүнтэй "Гэрэг" сэтгүүл, Ub.life сайтыг эрхлэн гаргагч "Unlimited Media Group" болон бие дааж өдөр тутамдаа залууст зориулсан мэдээллийг сонирхолтой хэлбэр, хийцээр цахимаар хүргэж, даацтай, шинэлэг нийтлэлүүддээ "Гэрэг" болон "Гэрэг-Фэйшн" тусгай дугаараараа хүргэх болжээ. Өдөр тутмын дуулиан шуугиан, улстөр, бизнесийн аливаа хамаарлаас ангид харилцагч, уншигчдынхаа халуун дэмэнд энэ хүртэл тогтож, байр сууриа олсон нь бидний бахархал.

Хүүхдээр бол хөл, хэлд хэдийнэ орсон энэ онд бид анх тээсэн тэмүүлэлдээ ойртож дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг "The New York Times"-ийн албан ёсны хамтрагч болсон нь энэ жилийн хувьд бидний хамгийн том ажил байлаа. Ub.life сайтаараа бид "The New York Times"-ийн нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан нийтэлж эхэлсэн бол, "Гэрэг" сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэлтэй хамтран "Women Today", "Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар" гэсэн хоёр ч тусгай дугаарын ард гарав. Тун удахгүй бид "The New York Times"-ийн "Turning point - 2020" дугаарыг албан ёсны эрхтэй гаргахаар ажиллаж байна. Мөн дэлхийн шилдэг хэвлэлтэй хамтран бүтээсэн ажлуудаараа бид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Оны шилдэг сэтгүүл"-ээр тодорсон нь таван жилийн дотор гурав дахь удаагаа шалгарсан нь энэ. 

Улирч буй онд мөн манай сэтгүүлч Б.Энхцэцэг "Балдорж шагнал"-ын Ур чадварын шагналыг хүртэж, У.Бямбаням маань "Найрагчийн мөрөөр" цувралаа эхлүүлсэн нь “Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам”-ын нэг хэсэг болоод зогсохгүй Тайвань, БНСУ-д болсон уран бүтээлчдийн наадамд төслөө хүргэлээ. 

Энэ бүх хугацаанд бидэнтэй үргэлж хамт байдаг, биднийг хөгжүүлж, урам зориг өгдөг уншигч нартаа баярлаж байгаагаа хэлье. Угтах он бидэнд, танд илүү сайхныг бэлдсэн байгаа гэдэгт үргэлж итгэнэм.


Он солигдох агшинд манай хамт олон юу бодож, мэдэрч байгаагаа дараах сэтгэгдлээр хуваалцаж байна. :)

Захирал Ж.Тэгшжаргал 

Өдий хүртэл хугацаанд бидний, манай хамт олны хамгийн том амжилт бол таныг, бас хамгийн үнэнч уншигчдыг бүрдүүлж чадсан нь гэж бахархалтайгаар хэлэхийг хүсч байна. Ub.life-ийг бид анх эхлүүлэхдээ уншигчдынхаа найз шиг байхыг хүсч, бэлтгэж буй контентоо яг л найздаа зориулдаг шиг халуун дотно сэтгэгдэл төрүүлэхийг хичээж ирсэн билээ. 

Ub.life-ийн найз чамд Шинэ оны мэнд хүргэе.

Сэтгүүлч О.Анхзаяа 

2019 он тэр чигтээ том сорилт шиг санагдаж, ганцхан надад тийм байгаа болов уу гэтэл үнэндээ хүн болгонд тийм байсныг олж мэдэн, их л адал явдалтай, алдаа оноо, ухааралтай жилийг ардаа үдэж байна. Өдрийн ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг хүмүүс бол миний ажлын хамт олон. Тэд урам зоригтой, эрч хүчтэй, тэвчээртэй байснаар би эерэг мэдрэмж авч, энэ оныг “амжилттай” дуусгалаа гэж бодож байна. Бүгдэд сэтгэлийн угаас хайртай шүү. Тэр болгон хэлж ярьж, "хобо" базаж чаддаггүй ч дотроо бодож л явдаг юм шүү. 

Шинэ оны мэнд, ho ho ho. 

Дэд захирал Ж.Хулан 

Хүнд ямар ч гайхалтай санаа эсвэл шал дэмий бодол төрж мэднэ. Гэхдээ түүнийг ид шидийн юм шиг амилуулж, урлан бүтээж чаддаг хүмүүсээр хүрээлүүлнэ гэдэг өвлийн өвгөнөөс хүсээд ч ирэхгүй бэлэг шүү дээ. Харин тийм бэлэг, уут дүүрнээрээ байгаа нь манай редакци гэж би боддог. Үйл явдлын шуурганд төөрч будилалгүй хүрээлэн буй хүмүүс, нийгмээ, тулгарч байгаа асуудлуудыг үнэн голоосоо мэдэрч хөндөж, анхаарч тусгадаг нь энэ хүмүүсийг хайрлах шалтгаан мөнөөс мөн. Тэр бүхнийг уншиж, алдаа оноо бүрийг минь дэнсэлж үдэш харгуйд эсвэл өглөө эрт ч хамаагүй мессеж бичээд үсэг гээсэн, үг зөрснөөс эхлээд үйл явдлын оролцогчтой хүртэл маргаж, мэтгэж бас хамт догдолж, хайрладаг уншигч танд хязгааргүй баярлалаа. Тун удахгүй эргээд илүү дотноор уулзъя. 

Менежер А.Энхжаргал 

Манай “Гэрэг” сэтгүүл Ub.life сайтыг сонирхон булан нэг бүрийг шимтэн уншдаг та бүхэндээ шинэ жил шинэ оны мэнд хүргье. Ирэх ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэг байг.

Сэтгүүлч Э.Намуун

Хүний амьдрал хэчнээн богинохон гэдгийг бас бодит байдал, үнэнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх ёстойг ойлгуулсан жил болж өнгөрлөө, 2019 он. Хамгийн гол нь хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ үргэлж хэлж, тэдэндээ цаг хугацаагаа зориулж байх нь чухал юм билээ шүү. Ирж байгаа 2020 он уншигч Та бүхний хувьд амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн жил болох болтугай.

Дизайнер Б.Билгүүн 

Шинэ жил гэдэг миний хувьд зүгээр нэг тоо биш. Тийм байлаа ч миний сэтгэл хөдлөлд хэдийнээ цас бударч хэт бодит байдлаар дүгнэх хандлагатай бодлын хэсгийг маань дарж орхидог. Бид хором бүр бүгдээс суралцах явцаа бага насны дэврүүн зан, сэтгэл хөдлөлөө алдсаар байдаг. Харин би тэгэхийг хүсдэггүй, харин ч хүүхдээрээ бүхнээ авч үлдээд хөгширмөөр санагддаг. Том болсон хүмүүс шал утгагүй баяр шүү дээ, зүгээр л тоо солигдох төдий зүйл гэж хэлдэг. Гэвч тэр шал утгагүй зүйлс, ажил, тоо, томчуудын дуртай, чухалчилж үздэг бүхэн дээр дэлхий тогтдог юм шиг байдаг ч одоог хүртэл учрыг нь бүрэн тайлж чадаагүй байгаа хайр дурлал, сэтгэл хөдлөл, мэдрэмж тэдгээр утгагүй зүйлс, гэнэтийн бүхэн дээр дэлхий тогтдог гэж би боддог. 

“Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж 

Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж

Гадаа цас хаялж байна, цасан бударч байна

Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр... тик ток.”

Арт директор З.Энхмөнх 

Улирч байгаа ондоо бид багаараа улам нягт болж хамтран ажилласанаас гадна хувьдаа би контент, чанартай бичвэр, сайхан гэрэл зургууд өнөө цагт улам бүр үнэ цэнэтэй болж байгааг ухаарсан нь сайхан байлаа. Яагаад сайхан бэ гэвэл магадгүй бид л үүнийг улам илүү сурч, сайжруулж, шинэ ондоо бүтээлч хандаж чадна гэдэгтээ итгэсэн явдал юм. Тэгж итгэж байгаа болохоор бидэнтэй хамтарч ирсэн, цаашид хамтрах олон харилцагч хувь хүмүүстэй ажиллахдаа урам зориг дүүрэн байна.

Сэтгүүлч Ж.Мөнхзул 

Есүс Христос мэндэлснээс хойш хэмээн барагцаалж он жилүүдийг тоолсоор 2020 дахь жилтэйгээ золгох гэж буй хүн төрөлхтний нэг хэсэг билээ бид. Есүс Христос төрөөгүйсэн бол бид ер нь хэд дэх он гэж хаанаас эхэлж тоолох байсан юм бүү мэд. Хэмээн бодож суухуйд шашин, соёл, амьдралын хэв маягаараа өөр өөр боловч нэг л он тооллоор амьдарсан жилээ тооцоолж яваа, ертөнцийн түүхийг хамт бичиж яваа бүх хүн төрөлхтөнийг хайрлах, хүндлэх сэтгэл төрлөө. Нэг том, цул зүйлийн нэгээхэн хэсгүүд гэдгээ ойлгоход хааяа төвөгтэй байдаг ч ийм л баяр, ийм л сайхан өдрүүдэд хүмүүс хоорондоо улам ойртдог. Шинэ жилийн мэнд хүргэе хүн төрөлхтөн минь, бас хайрт уншигчид минь.

Дизайнер Х.Сүрэн 

Энэ жил редакцийнхантайгаа илүү ойрхон байж олон сайхан бүтээлийг хийж бүтээн маш сайхан туршлагуудыг хуримтлууллаа. Энд ажиллаж байгаа хүн бүхэн өөрийн гэсэн бодолтой өөрийгөө илэрхийлэх чадвартайгаас гадна бие биенийхаа шинэ санаа, сэтгэлгээг дэмжиж хамтарч юуг л бол юуг бүтээж чадах хамт олонтой байгаадаа би талархаад баршгүй. Үүнээс гадна биднийгээ байнга дэмжиж уншиж байдаг уншигч танд ч гэсэн баярлалаа гэж хэлэмээр байна. За тэгээд энэ жилийнхээ амжилтыг та бүхэн бататгаад ирэх жилд илүү их зүйлийг хийж амжуулаарай гэж Сузи миний зүгээс хүсэж байна шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

reader 2019.12.31 202.21.110.94

good luck guys. love you. happy new year 2020

0 Хариулах