Өмнөд Солонгосын найруулагч Бун Жун Уны “Шимэгч” кино тавдугаар сард Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг хүртэж, тэрбээр тус нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны солонгос найруулагч болсон билээ. Нээлтээ хийсэн даруйдаа кино шүүмжлэгч, үзэгчдээс өндөр үнэлэлт авч, шуугиан тарьсан “Шимэгч” кино дахин нэг дээд амжилтыг тогтоолоо.
Variety болон Box Office Mojo сайтын мэдээлснээр, АНУ, Канадын кино театруудад өнгөрсөн аравдугаар сарын 11-нд нээлтээ хийсэн тус бүтээл одоогийн байдлаар дотоодын зах зээлээс 11.3 сая доллар, олон улсаас 95.6 сая доллар, нийтдээ 106.9 сая долларын ашиг олж, 2019 онд олон улсын зах зээлээс хамгийн их орлого олсон гадаад кино болоод байна.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн "No Manches Frida 2" киног ашиг орлогоороо тэргүүлж, Хойд Америкийн Бокс оффисоос хамгийн их ашиг олсон гадаад кино болжээ. Испани хэлээр гарсан "No Manches Frida 2" кино дотоодоос 9.2 сая, олон улсаас 17.2 сая, нийтдээ 26.4 сая долларын орлого олжээ.
Сонирхуулахад, кино шүүмжлэгчид “Шимэгч” киног Оскарын шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшиж магадгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: CNET
Холбоотой нийтлэл: Шимэгч (Parasite) кино хийгээд найруулагч Бун Жун У | Tegshee's Movie Corner