Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Шинэ жилийн зорилтууд бүтэлгүйтэхэд хүргэдэг "супер" шалтгаанууд


2020 он гарахад 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Хүмүүс дор бүрнээ шинэ жилийнхээ зорилтыг бодож, догдлон суугаа гэдэгт итгэлтэй байна. Төлөвлөлтийн шинэ дэвтэр дээр ирэх оны зорилтуудаа бичих гайхалтай ч гэлээ хүмүүсийн 80 орчим хувь нь хоёрдугаар сар гэхэд зорилгоо мартаж, хуучин хэмнэл рүүгээ ордог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Хүмүүсийн дийлэнх нь зургаахан долоо хоногийн дотор бууж өгч буй нь ганц хоёр зүйлийг буруу хийснээс биш, зорилгоо тодорхойлохоос эхлээд төлөвлөх, гүйцэтгэх гээд бүхий л явц буруу байснаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Нэгдүгээр сарын 1-ийг хүлээх хэрэггүй!

Юун түрүүнд шинэ жилийн зорилтуудаас эхэлье. 

"Гуравдугаар сар гэхэд 5 кг турна", "IELTS-ийн 7 оноо авна" гэх мэт хүмүүсийн нийтлэг тавьдаг зорилт тодорхой, ойлгомжтой юм шиг санагдаж мэдэх ч тийм биш юм. Яг үнэндээ, эдгээр нь тодорхой бус, хүрэхэд хэцүү төдийгүй чамайг огтхон ч зоригжуулж, сэдэл төрүүлэхүйц зорилго биш. Эсрэгээрээ, нарийвчилсан, хэмжиж болохуйц, хүрэх боломжтой, цаг хугацааны хэмжүүртэй зорилго тавих нь илүү үр дүнтэй байдаг аж. Тухайлбал, та "2020 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд 12 ном уншина" гэсэн зорилго тавьжээ гэж бодъё. Тэгвэл энэ зорилгод хүрэхийн тулд өдөрт, долоо хоногт, сард хэчнээн цагийг уншихад зарцуулах уу, эхний гурав, зургаан сар гэхэд ямар үр дүнд хүрсэн байх вэ, тооцоолоогүй ажил гарч ирвэл яах вэ гэх мэтчилэн алхам бүрээ нарийн тооцоолох шаардлагатай. 

Түүнчлэн зорилгоо зөв төлөвлөх нь чухал боловч түүнийг мөрдөж, хэрэгжүүлэх нь дутахааргүй ач холбогдолтой бөгөөд хүнд хэцүү үйл явц билээ. Судалгаанаас үзэхэд, шинэ долоо хоног, шинэ сар, шинэ жил хүмүүсийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж, зорилго тавих, бүхнийг шинээр эхлэхэд нөлөөлдөг гэнэ. Харамсалтай нь, сэтгэлд хөдлөлд суурилсан ийм шийдвэрүүд урт настай байж чаддаггүй гэжээ. Тиймээс нэгдүгээр сарын 1-ийг хүлээхийн оронд яг одооноос эхэлж төлөвлөгөө хэрэгжүүлж эхлэхийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Яагаад гэвэл...   

Шинэ жилийн зорилтууд яагаад биелдэггүй вэ? 

Шинэ оны сэтгэл хөдлөм зорилгууд цаасан дээр үлдэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэн тэргүүнд, хүмүүс хэтэрхий их, хэтэрхий хурдан хийж эхэлдэг нь бүтэлгүйтэл рүү хөтөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг юм. "Гуравдугаар сар гэхэд 5 кг турна" гэх зорилго тавьсан хүмүүс нэгдүгээр сар эхэлмэгц долоо хоногт гурав, дөрвөн удаа фитнесст явж, хоолны дэглэм барьж эхэлдэг. Гэтэл хоёрдугаар сар гэхэд өмнөх сарын эрч хүчтэй хэмнэл бүдгэрч, долоо хоногт арайхийн нэг өдөр фитнесст очиж байсан түүх олон хүнд бий биз ээ. Марафоны эхэнд хамаг хүчээ гаргасан гүйгчид тал замдаа ч хүрэлгүй ядарч, сульддаг гэдгийг мартаж болохгүй. 

Хоёрдугаарт, урт хугацаанд тууштай байхад жижиг үр дүнгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Чикагогийн их сургуулийн 2016 онд хийсэн нэгэн судалгаагаар, хүмүүс зорилгодоо урт хугацаанд үнэнч байх эсэх нь богино хугацаанд бага ч болов үр дүнд хүрч буй эсэхээс ихээхэн шалтгаалдаг болохыг тогтоожээ. Шинэ зүйл эхлүүлсэн эхний хэдэн долоо хоногт хамгийн хэцүү байдаг тул ихэнх хүмүүс энэ бэрхшээлийг давж чадалгүй бууж өгснөөр бүтэн жилийн зорилго нь замхардаг. Жишээ нь, фитнесст явах нь эрүүл мэндэд тустайг хүн бүр мэддэг ч эхний хэдэн долоо хоногт мэдэгдэхүйц өөрчлөлт гардаггүй учраас л хүмүүс бууж өгдөг байх нь. 

Зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорьж буй хүмүүсийг тамирчид гэж төсөөлбөл олонх нь ямар ч бие халаалтгүйгээр уралдаанд ордог. Өмнө нь фитнесст явж байгаагүй, анхан шатны ойлголтгүй хүн нэгдүгээр сараас эхлээд долоо хоногийн таван өдөр дасгал хийнэ гэдэг тун бэрх. Хүмүүс яг ийм азгүйтэлтэй нүүр тулмагц зорилго, төлөвлөгөө, нөөц боломжоо эргэж харахын оронд бүтэлгүйтэлдээ хундага тулгаж, "Яг дараа жилээс хийж эхэлнэ дээ" гэж өөрийгөө хуурдаг. Шинэ долоо хоног, шинэ сар, шинэ жил аливаа эхлэхэд хамгийн тохиромжтой үе мэт санагдавч эсрэгээрээ бүхнийг илүү төвөгтэй, хүнд хэцүү болгох нь ч бий. Тиймээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэв төлөвлөгөө чинь бүтэлгүйтсэн бол алдаа гарсан хэсгээ эргэж хараад, засаж сайжруулах замаар зорилго руугаа дөхнө үү гэхээс цэг тавьж орхиод, шинээр эхэлснээр бүхнийг эмх цэгцэнд оруулах боломжгүй юм. 

Яагаад яг одоо эхлэх ёстой гэж? 

Ямар ч тамирчин бэлтгэл хийхгүйгээр том тэмцээнд ордоггүй шүү дээ. Зарим нь хэдэн сараар, зарим нь бүр хэдэн жилээр бэлтгэл, сургуулилтыг тасралтгүй хийсний эцэст жинхэнэ тулаанд ордог. Шинэ жилийн зорилтууд үүнтэй яг адилхан. Иймд, арванхоёрдугаар сарыг "бие халаалт"-ын өдрүүд болгон ашиглаж, зорилтуудаа эхнээс нь хэрэгжүүлж эхэл. Та одоо эхэлбэл нэгдүгээр сар дуусахад ямар нэгэн үр дүнд хүрсэн байх нь эргэлзээгүй юм. 

Бид бүхэн арванхоёрдугаар сарыг дуустал уншигчдадаа зорилго, төлөвлөгөө хийгээд түүнийг үр дүнтэй тавих, биелүүлэхтэй холбоотой мэдээллүүдийг хүргэж болно.   

Эх сурвалж: New York Times 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.