Фэйсбүүк компани 'F8' буюу Фэйсбүүк Хөгжүүлэгчдийн Чуулганы үеэр аппликэйшн болон вэб сайтын дизайндаа оруулж буй шинэчлэлээ танилцууллаа. Шинэ дизайнд арын фон нь өмнөхөөсөө илүү цагаан, цулгуй байдал давамгайлж, 'Story' харагдах хэсэг илүү том зайг эзэлж байгаа юм байна.
Энэ мэт дизайны өнгө төрхөөс гадна Фэйсбүүк зарим цэсүүддээ өөрчлөлт оруулжээ. Тэд 'News Feed'-ээс аль болох татгалзаж эвэнт болон группын хэсгийг түлхүү хөгжүүлэх зорилготой байгаа гэнэ. Одоогийн байдлаар Фэйсбүүкийн 400 сая хэрэглэгч ямар нэгэн группт харьяалагдаж байгаа бөгөөд тэдгээр нь хүмүүс хоорондоо утга учиртай харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг тул ийнхүү группийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж. Тухайлбал, Группт 'Meet New Friends' гэсэн шинэ хэсэг нэвтэрч байгаа бөгөөд энэ нь хүмүүс хоорондоо танилцаж, утга учиртай харилцаа үүсгэхэд чиглэгдэж буй гэжээ.
Түүнчлэн болж буй эвэнтүүдийг хайж олох, календарьтаа тэмдэглэх, найзуудаа урих зэрэг үйлдлүүдийг хийхэд илүү болжээ.
Аппликэйшний шинэчлэл тун удахгүй хэрэглээнд нэвтрэх бол вэб хувилбар нь ирэх саруудад багтаж нэвтрэх гэнэ.
Таалагддаг хүндээ сэтгэлээ илэрхийлэх боломж бүрджээ
Фэйсбүүк Хөгжүүлэгчдийн Чуулганы үеэр танилцуулсан өөр нэг өөрчлөлт бол 'болзооны' хэсэг юм. Фэйсбүүкт 'Secret Crush' гэсэн шинэ хэсэг нэмэгдэж байгаа бөгөөд энд хэрэглэгч фэйсбүүк найзуудаасаа таалагддаг 9 хүнийг (дээд тал нь) нэмж болох юм байна. Хэрэв таны 'Secret Crush' жагсаалтад багтсан хүнийг таныг мөн өөрийн таалагддаг хүмүүсийнхээ жагсаалтад оруулсан байвал хэн хэнд нь 'notification' очих юм байна. Өөрөөр хэлбэл 'match' болно гэсэн үг.
Уг болзооны хэсэг одоогоор Колумби, Тайланд, Канад, Аргентин, Мексик (АНУ-д ашиглагдахгүй байгаа) улсуудад ашиглагдаж байгаа бөгөөд Фэйсбүүк компани чуулганы үеэр дахин 14 улсад тус болзооны хэсгийг идэвхжүүлснээ мэдэгдсэн юм. Тэдгээрт Филиппин, Вьетнам, Сингапур, Малайз, Лаос, Бразил, Перу, Чили, Боливи, Эквадор, Парагвай, Уругвай, Гайана, Суринам багтжээ.
Эх сурвалж: Mashable, Mirror