Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Шуугиан дэгдээж буй Дональд Трампын тухай номонд дурдагдсан 5 ТААГҮЙ БАРИМТ


Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн ахынх нь охины бичсэн “Too Much and Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man” нэртэй ном худалдаанд гарах гэж байна. Номын зохиогч Мэри Трамп нь Ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн ах болох “бага” Фрэд Трампын охин бөгөөд сэтгэл судлалын доктор аж. 

Тэрбээр номондоо Трампын гэр бүлийнхний дотор өрнөж байсан таагүй явдлуудыг дэлгэсэн төдийгүй Дональд Трампын өнөөгийн нарциссист зан байдал хэрхэн бүрэлдэж бий болсныг дэлгэрэнгүй өгүүлжээ. Мэри Трамп "Дональд өвөөгийн удирдлага замнал дор, дүү нарынхаа оролцоо, тусламжтайгаар эцгийг минь үгүй хийсэн. Одоо улс орныг минь сүйрүүлэхийг би түүнд хэрхэвч зөвшөөрөхгүй" гэж номондоо бичжээ. 

Энэхүү ном ирэх долоо хоногт олон нийтийн хүртээл болох ч номонд багтсан зарим баримт хэдийн задарч, шуугиан тариад байна. 

Трамп их сургуулийн элсэлтийн шалгалтад өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулжээ

Дональд Трамп Пеннсилваний их сургуульд элсэхдээ өөрийнхөө өмнөөс найзыгаа шалгалтад оруулж байсан тухай Мэри Трамп номондоо бичжээ. "Тэр SAT-ийн оноогоо авахын тулд онц сурдаг, ухаалаг хүүхдийг хөлсөлж өмнөөсөө оруулсан. Дональд хэзээ ч санхүүгээр гачигддаггүй байсан учраас найздаа сайн төлсөн" гэжээ. 

Трамп Нью-Йорк дахь Фордхэмийн их сургуульд суралцаж байгаад дараа нь Пеннсилваний их сургуулийн бизнесийн сургууль руу шилжжээ. 

Эмэгтэйчүүдтэй үргэлж асуудалтай байдаг 

Мэри Трамп авга ахынхаа Trump: The Art of the Comeback номон дээр хэсэг хугацаанд ажиллаж байсан ба энэ хугацаанд Трамп эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцдагийг ойроос харж, өөр дээрээ ч мэдэрч байсан гэнэ. "Хэрэв болзохыг хүсэж байсан эмэгтэй нь түүнд татгалзвал Дональд тэр даруйдаа өнөөх эмэгтэйг өөрийнх нь уулзаж байсан хамгийн муу, царай муутай, тарган хүүхэн гэж ярьдаг байсан" гэжээ. Тэдний дунд Мадонна, уран гулгагч Катарина Витт нар байсан аж. 

Тэр бүү хэл Трамп 1990-ээд онд Флоридагийн Мар-А-Лаго амралтын газар Мэритэй уулзахдаа хөхийг нь магтаж байсан тухай зохиогч бичжээ. "Тэр үед би 29 настай байсан учраас тийм ч амархан сандарч тэвдээгүй. Гэхдээ л түүний ингэж хэлэхийг сонсоод миний нүүр улайж, гэнэтхэн биеэ барьсан. Тэгээд би амны алчуураараа цээжээ бүрхсэн" гэж бичжээ. 

Сүүлд нь Трамп ном бичих ажлаас Мэриг халж, ажлынх нь хөлсийг төлөөгүй гэдгийг ч тэрбээр дурдсан байна. 

Трамп их хэмжээний татвараас бултаж байсныг илчлэхэд тусалсан

Дональд Трамп эхээсээ тавуулаа бөгөөд айлын дөрөв дэх хүүхэд билээ.

1990-ээд оны үед Дональд Трамп хэрхэн их хэмжээний татвараас овжноор бултаж байсан тухай эрэн сурвалжилсан томоохон нийтлэл Нью-Йорк Таймс сонинд өмнө нь гарч, улмаар тэр ондоо Пулицерийн шагнал хүртсэн юм. Мэри 2017 онд санхүүгийн холбогдолтой 19 хайрцаг материалыг сэтгүүлчдэд өгч, авга ахынхаа санхүүгийн залиланг илчлэхэд тусалж байснаа номонд дурджээ.

Трамп Мэриг хар тамхи татдаг гэж гүтгэж байжээ

Трамп одоогийн эхнэр Меланиядаа ач дүүгийнхээ талаар нэлээд таагүй зүйлсийг ярьж байжээ. Тэрбээр Мэриг Trump: The Art of the Comeback номон дээр ажиллаж байхдаа их сургуулиа хаяж, хар тамхи татдаг байсан гэж эхнэртээ ярьж байсан аж. Мэри тухайн үед коллежоосоо гарсан нь үнэн боловч хэзээ мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэж баталжээ. "Трамп ямар нэгэн зүйлийг ярихдаа үргэлж өөрт ашигтай болгож, өөрийгөө аврагч мэтээр бусдад итгүүлэхийг хүсдэг" гэж Мэри тодорхойлсон байна.

Трампын зан байдал хүүхэд насандаа амссан шархаас үүдэлтэй гэжээ 

Дональд Трамп эцэг Фрэд Трампын хамт

Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнат байсан Фрэд Трамп таван хүүхэдтэй. Ууган охин болох Мэриэнн Трамп Барри нь холбооны шүүгч байсан бөгөөд 2019 онд тэтгэвэртээ гарсан. Хоёр дахь хүүхэд нь Мэригийн эцэг болох “бага” Фрэд Трамп юм. Гурав дахь хүүхэд нь Элизабет Трамп Грау, дөрөв дэх нь Дональд Трамп, хамгийн бага нь Роберт Трамп юм байна. 

Фрэд Трамп ууган хүүдээ ихээхэн хатуу ханддаг байсан бөгөөд яваандаа үл хөдлөх хөрөнгийн бизнесээ хоёр дахь хүү болох Дональд Трампдаа өвлүүлэхээс өөр замгүй болсон гэнэ. Мөн Дональд Трампын зан байдалд эцгийнх нь дарангуйлагч авир, өвчтэй эхийнх нь үл хайхарсан байдал ихэд нөлөөлсөн гэж Мэри бичжээ. Номонд бичсэнээр, Дональд Трампыг багад ээж нь түүнийг жил орчим орхиж явсан бөгөөд энэ хугацаанд эцэг нь хүүгээ аюулгүй байлгах, хайрлах, халамжлах суурь хэрэгцээг бүрэн хангаж чадаагүйгээс болж насан туршийнх нь амьдралд сорви үлдсэн. Цаашлаад энэ байдал түүнийг нарциссист, бусдад дээрэнгүй ханддаг нэгэн болоход нөлөөлсөн хэмээжээ. 

Үүнээс гадна Мэригийн эцэг 1981 онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зүрхний шигдээсээр нас барсан аж. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа, том ахыгаа гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн бизнест нэгдэхийг хэт их шахаж байсандаа харамсдаг хэмээн ярьж байв. 

Эх сурвалж: The Guardian, BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
5
2
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.