Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Social know-how | Нийгмээ мэдрэх нь маркетингийн эхний алхам

Сошиал медиа хөгжсөн энэ үед зөвхөн хуудас нээгээд, спонсорлосон пост оруулаад борлуулалтаа өсгөх амжилтанд хүрнэ гэж харвал хэтэрхий өнгөц хэрэг.


Сошиал медиа бол бараа, үйлчилгээгээ сурталчлан таниулах хамгийн чухал сувгийн нэг гэдэгтэй маргах хүн орчин цагт үгүй биз ээ. Тухайлбал, миллениалс хэрэглэгчдийн 64 хувь нь бараа, үйлчилгээ худалдан авахынхаа өмнө Facebook-ээс хайлт хийсний дүнд шийдвэрээ гаргадаг байна. Түүнчлэн маркетинг, судалгааны “MMCG” компанийн Монголын медиа хэрэглэгчдийн зан төлвийн судалгаанаас харвал ухаалаг гар утасны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, интернэт хандалтын 97 хувийг гар утаснаас холбогдох хэлбэр бүрдүүлэх болжээ. Тэд энэ судалгааг сүүлийн таван жилийн турш хийж байгаа бөгөөд хоёр жилийн өмнөөс насны бүлгийг ангилахдаа үеэр авч үзэх болжээ. 

Хэрэглэгчдийн нийтлэг зан төлвийн хувьд телевизийн хэрэглээ долоон хувиар бууралттай байна. Үүний зэрэгцээ хэрэглэж байгаа байдал нь өөрчлөгдөж байгааг судалгаанд дурьдсан байна. Тухайлбал, 2015 онд хэрэглэгчид 10 суваг үздэг байсан бол 2017 онд зургаан суваг үздэг одоо гурван суваг л үзэх болжээ. 

Сошиал медиа хэрэглээ насны бүх бүлгийнхний хувьд өсөлттэй байна. Тэр дундаа “boomer” үеийнхэн буюу 50-аас дээш насныхны хувьд олон нийтийн сүлжээ хуудсуудад өөрийн данстай болох, түүнийг идэвхтэй хэрэглэх хандлага онцгой нэмэгдэж байгаа аж. Энэ утгаараа ямар ч хэрэглэгч бараа, үйлчилгээ сонгохдоо эхлээд хайж үзэх, дараа нь сошиал хуудсаараа дамжуулан найз, нөхдөөсөө асууж, саналыг нь сонсох хандлага түгээмэл болжээ. 

Гэхдээ сошиал медиа хөгжсөн энэ үед зөвхөн хуудас нээгээд, спонсорлосон пост оруулаад борлуулалтаа өсгөх амжилтанд хүрнэ гэж харвал хэтэрхий өнгөц гэдгийг “MMCG” компанийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ хэлж байлаа. Сошиал медиа гэдэг бол маркетингийн зөвхөн хэрэгсэл бөгөөд амжилттай маркетинг хийхийн тулд урт хугацааны бодлогын шинжтэй төлөвлөлт хийх нь үр дүнтэйг онцолж байв. 

Сошиал медиа хэрэгтэй юу?

Бидний дунд сошиал медиа хэрэгтэй эсэх талаарх яриа үе үе өрнөх нь бий. Тэгвэл судалгаанд дурьдсанаар монголчууд бид өдөрт дунджаар 236 минут буюу бараг дөрвөн цагийг сошиал медиа ашиглан өнгөрүүлж байна. Хоногт найман цаг унтдаг гэж тооцвол ухамсарт амьдралынхаа гуравны нэгийг онлайн орчинд өнгөрүүлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол бидний амьдралын нэгэн бүрдэл хэсэг яах аргагүй мөн болжээ. Харин нийгмийн амьдралд сайн, муу бүх л зүйл байдагтай адил сошиал медиад ч хүмүүсийн энэ хандлага байгаа гэдгийг Д.Бум-Эрдэнэ хэлсэн юм. Цаашлаад нийгэмд угаас сөрөг мэдээлэл тарах нь хурдан байдгийн адил сошиалд ч тэр үзэгдэл давхар өрнөнө. Тэрнээс биш сошиал гэхээр л хар, бараан гэсэн үг биш гэж байлаа. Энэ утгаараа сошиал медиа ашиглах нь хэрэгтэй, үгүй эсэхийг ярих нь нэмэргүй ажээ. Нийгмийн амьдралд, өдөр тутмын амьдралд хүмүүс янз бүрээр оролцдогийн адил тэрхүү платформд хэрэглэгчид хэрхэн оролцож байна, түүнийг ойлгож, тохируулж бараа, үйлчилгээгээ сурталчлах нь орчин үеийн гол чадвар болоод байна. 

Нийгмийн асуудлыг ойлгож, таних нь чухал

Сошиал медиа маркетингийн сургалт, сошиал медиа маркетинг хийж борлуулалтыг огцом өсгөнө гэсэн утгатай зарлал, сурталчилгааг та олонтаа харсанд эргэлзэхгүй байна. Гэхдээ зөвхөн нэг хэрэгсэлд найдаад борлуулалтаа даатгаж болохгүйг судлаач хэлж байна. Харин сошиал медиад өрнөж буй, хүмүүсийн ухамсарт амьдралынхаа 30 хувийг өнгөрүүлж буй тэрхүү өрнөлийг ойлгож түүнд нөлөөлөх урт хугацааны алхмууд шаардлагатай. Тухайлбал, банк, санхүүгийн байгууллагууд хэрэглэгчид тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээлийн нэг зардлаа хянах, хуримтлал бий болгох зан төлвийг суулгахаар төрөл бүрийн аппликейшн, кампанит ажлыг өрнүүлдэг. Тэгэхээр нийгмийн асуудал болоод нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийн асуудлыг ойлгох, түүнийг зөв судалж, тодорхойлж гаргаж ирснээр маркетингаа хийх нь оновчтой юм. Нөгөөтэйгүүр нийгэм ямар мэдээлэлд дуртай, юуг цааш түгээж байна гэдгийг мэдэрч, ойлгох нь ач холбогдолтой. 

Influencer-үүд борлуултад нөлөөлдөг үү?

Олон мянган дагагчтай Instagram нөлөөлөгчид бараа, үйлчилгээ сурталчилж, туршлагаа хуваалцах нь түгээмэл болсон. Харин ийм хамтын ажиллагаа нь борлуулалтад бодитоор нөлөөлдөг үү гэвэл харилцан адилгүй байна. Ялангуяа, тухайн нөлөөлөгчийн хувийн туршлагатай холбоотой байх нь хамгийн чухал шалгуур аж. Учир нь хэрэглэгчид хэн нь хиймэл дүр эсгэж, хэн нь үнэхээр өөрийн түүхээ ярьж буйг ялгах чадвар хэдийнэ суусан. 

Маркетинг хийхийн тулд туршлагыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч түүнийг хэрэглэсэн сэтгэгдэл нь маш өндөр байх учиртай. Тэгээд бусдад санал болгодог байх ёстой. Тэгэхээр энэ үйл явц бодитой, органикаараа түгдэг байх нь хамгийн гол юм. Тийм учраас хамтран ажиллах Influencer буюу нөлөөлөгчөө зөв сонгож, бараа, үйлчилгээгээ түүний амьдралын нэг хэсэг болгон байршуулж чадвал оновчтой маркетинг хийх боломжтой. 

Харин сүүлийн үед сошиал медиа нөлөөлөгчдөөс гадна брэнд амбассадор буюу “элч” тодруулах оролдлогууд хийгдэх болсон. Энэ бол тухайн хүний ажил мэргэжил, олон танигдсан нэр хүндийн хүчийг ашиглаж байна гэсэн үг. Ийм хүмүүс нийгэмд үлгэр дууриал болж тэдний хэрэглэсэн зүйлийг бусад хүмүүс ч хэрэглэхийг хүсдэг хандлага бий. Мөн тухайн элчийн нэр хүнд өсөхийн хэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр нөлөө ч дагаад өсөж байдаг ач холбогдолтой. Гэхдээ дээр дурьдсанчлан энэ нь мөн л бодит, үнэнд нийцсэн тухайн хувь хүний амьдрал, хэв маягт нийцсэн байхын чухлыг мартаж болохгүй. 

Брэнд ямар үнэт зүйлтэй вэ?

Аливаа брэндийн үнэт зүйл, тэд ямар үзэл хандлагын төлөө ажилладаг вэ гэдэг орчин цагт хэрэглэгчийн шийдвэр гаргахдаа хардаг нэгэн үзүүлэлт болсон. Мөн тэрхүү үнэт зүйл нь компанийн үйл ажиллагаанд бодитоор туссан, урт хугацааны, тогтмол бодлого байх нь зүйтэй. Сошиал орчинд нэг удаа “алаад” өнгөрөх биш үргэлж үнэт зүйлээ эрхэмлэж, тэр нь үйл ажиллагаа, маркетингийнх нь нэгэн хэсэг байх нь чухал юм. 

Үнэт зүйл дээр тулгуурлаж сонирхолтой кампанит ажил явуулсан жишээгээр Хятадын жирэмсний үеийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Elevit”-ийг нэрлэж болно. Хятадад жирэмсэн эх эмчийн үзлэгт хамрагдахад нөхрийг нь хамт оруулдаггүй учраас хүүхэд мэндлэх хүртэл тэд зүрхнийх нь цохилтыг мэдрэх боломжгүй байдаг байна. Тэгвэл энэ мэдрэмжийг аавтай нь хуваалцах “Heartbeat: All for that First Hello” кампанит ажлыг “Elevit” санаачилж олон, хэвлээ дэх хүүхдийн зүрхний цохилтыг сонсгох төхөөрөмжийн тусламжтайгаар тэрхүү сэтгэл хөдлөм мөч бий болгожээ. Энэ кампанит ажилд оролцсон хосууд бодит мэдрэмжээ хуваалцаж, өөрсдийн түүхийг хүүрнэж, цаашлаад Хятадад нийгэмд тулгамдсан асуудлыг олны хараанд өртүүлж чадсанаар “Elevit”-ийн борлуулалт онцгой нэмэгдсэн нь саяхан буюу 2016 он юм. 

Энэ жишээнээс харвал нийгмээ ойлгох, хүмүүст ямар асуудал тулгарч байна, яавал түүнд гар бие оролцож, бодит сэтгэл хөдлөл, үр нөлөөг нэмэгдүүлж чадах вэ гэдэг нь маркетингийн нэгэн суурь болжээ.

Уг нийтлэл нь "Гэрэг-Фэйшн" сэтгүүл нэгдүгээр сарын дугаарт хэвлэгдсэн.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.