Хайх зүйлээ бичнэ үү

 Алс холын Франц орноос долоон мянган километрийг үдэн Монголд ирж, түүх соёл, ёс заншилд суралцаж буй Стивтэй хэсэг хугацаанд ярилцах завшаан тохиосон юм. Тэрбээр морин хуурыг өөрийнхөө хамгийн сайн анд нөхөр, “аврагч бурхан” гэж үздэг. Хэдийгээр харь элгийн хүн ч манай улсын өв соёлыг дэлхийд түгээх зорилготой яваа нэгэн. Бид Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд сургуульд байрлах түүний урланд ярилцахаар хэлцсэн юм. Урландаа нүүж ороод удаагүй байгаа бөгөөд гэрийн хана, эсгий, ширмэл ширдэг, араг, домбо зэргээр тохижуулсан байв. Эмх цэгцгүй ч эрэмгий, хөдөлмөрч хүний ширээ ч байлаа. Тэрбээр урландаа зураг, уран бичлэг, сийлбэр зэрэг бүтээлүүд туурвихаас гадна, морин хуурын хичээл заадаг. Мөн саяхан “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглож, авьяасаа гайхуулаад амжсан билээ. Түүнтэй ярилцаж ойлголцоход ямар нэгэн асуудал үүсээгүй бөгөөд Монгол хэл маань сайжирч байгаа хэмээн инээж байсан юм.

Гэрэл зургуудыг өөрөөс нь авав.

Та ойрын үед юунд төвлөрөн ажиллаж байна вэ?

Шүлэг, уртын дуу, ардын дуу, магтаалыг Монгол кирилл, Монгол бичиг, англи, франц хэлээр орчуулж байгаа. Англи руу орчуулах ажил нь дууссан. Долдугаар сараас Францын уран зохиолчид өгч хянуулна. Монгол уртын дуунд байдаг цаад утга санаа, сургаалиудыг эхний нэг жилд судалсан. Сүүлийн жилд орчуулахаар ажиллаж байна. Урлангийнхаа цуурайг дарах гэж өндөгний сэтка цуглуулж байгаа. Цуурайг нь намдаачихаад соёлын тухай нэвтрүүлэг хийж, цахимаар заадаг морин хуурын хичээлүүдээ үргэлжлүүлж заана гэж бодож байгаа. Бас морин хуурын дугуйлан хичээллүүлдэг. Шавь нарын зарим нь гадаад хүмүүс байдаг. Зав чөлөөгөөрөө уран бичлэг хийж, зураг зурж, уртын дуу, бий биелгээ сурахаар мэрийж байна даа.

Нууц биш бол номоо юу гэж нэрлэсэн бэ?

Нууцлахгүй бол гэнэтийн бэлэг болж чадахгүй шүү дээ (инээв). Ер нь бол "Уугуул цагийг судлахуй" гэсэн утгатай нэр өгсөн.

Монгол ардын болон уртын дууг орчуулахад хүндрэлтэй зүйл тохиолдов уу?

Англи хэлэнд “шагай” гэдэг үг байдаг. “Дөрвөн бэрх “гэдгийг ч орчуулж болно. Гэхдээ энэ соёл зөвхөн энд л байдаг учраас утга санааг нь гадаад хүмүүс ойлгохгүй. Яаж хийгээд орчуулж болно. Гэхдээ заавал тайлбар өгөх ёстой. Жишээ нь "Усан тэлмэн жороо" гэдгийг орчуулъя гэж бодоход “тэлмэн” гэдэг үг гадаад хэлэнд огт байхгүй учраас би Монголоор бичээд, тайлбар өгнө.

Бас адууны зүс олон байгаа биз?

Адууны зүс маш олон байдаг юм билээ. Англи хэлэнд  20 гаран зүс байгаа байх. Тиймээс орчуулж болохыг нь орчуулаад, болохгүйг нь Монголоор бичээд, тайлбар өгөх нь зөв гэж бодож байгаа.

Монголд ирж амьдрахад тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

Их урт түүх л дээ. Монголд ирэхээс өмнө миний амьдрал, сэтгэл зүй нэлээд хэцүү байсан. Эрх чөлөөгүй, амьдралын утга учиргүй болж, үхэх тухай бодож, гудамжны нохой шиг л амьдарсан даа. Гэхдээ намайг морин хуурын ая аварсан. Анх сонсоод, ийм зүйл бас байдаг аа гэж сүнсээ шоконд ортол гайхаж билээ. Сайхан аялгуунд нь бага багаар дурлаж, Монгол руу өдөр ирэх тусам татагдсан. Монголын байгаль үнэхээр сайхан. Өмнө нь би "Бөгжний эзэн" кинонд л тийм сайхан байгаль харж байлаа. Таван жилийн өмнө анх энд ирээд морин хуур тоглож сурахаар баруун хязгаар Ховд аймагт очсон. Тэнд очоод би морин хуур тоглож сурахаасаа өмнө өв соёлынх нь талаар судлах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хэлэх үг олдомгүй сайхан учраас өнөөдөр би энд амьдарч, хэцүү байдалд байгаа олон хүмүүст амьдрал бэлэглэхийг хүсч байна.

Санаж байгаа бол ямар ая байсан бэ?

Тувагийн алдарт “Huun Huur Tu”  хамтлагийн “Ancestors” буюу “Дээдсүүд” гэдэг ая. Дотны найз (Франц)  маань сонсгосон юм. Тэр үед бид хоёр хамт ажилладаг байсан.

Тэгэхээр морин хуур таны “аврагч бурхан” юм байна шүү дээ?

Морин хуур гэдэг хөгжмийн зэмсэг байхгүй бол миний амьдрал утгагүй. Зарим Монголчууд “яагаад энэ гадаад залуу морин хуур тоглоод, өв соёл судлаад яваад байна, тагнуулч байж мэднэ” гэж хэлдэг. Би тагнуулч огт биш. Хэцүү үед намайг босгосон учраас морин хуур “аврагч бурхан”, “супер баатар” минь.

Тэгвэл энд амьдрахад хүндрэлтэй зүйл тулгарч байна уу?

Байгаа. Надад хааяа гар утас, фэйсбүүк, инстаграмаар "Чи Франц хүн, яагаад Монгол хүнд чи морин хуур зааж өгөөд байгаа юм. Энэ чиний байх газар биш, Монголоос яв" гэх мэтээр заналхийлэл ирдэг. Гэхдээ миний хайр илүү хүчтэй. Тиймээс би бууж өгөхгүй.

Тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Би хар муу санаа агуулалгүй зөв зүйл хийж яваа хүн. Бүх хүмүүс эрх чөлөөтэй учраас тэдний тэгж хэлэх нь зөв. Гэхдээ надад дургүй байх нь хамаагүй.

Францын өв соёлын талаар ярьж болох уу?

Францад өв соёл бараг байхгүй болсон гэж хэлж болно. Бяслаг, вино, “baguette” (урт нарийн Франц талх) л үлдсэн. Гадаад хүмүүс их байдаг учраас хувцас, мэндчилгээ, хэл холимог болоод байгаа ч эргээд сэргэж байна. Харин Монголын хөдөө үндэсний хувцас, хэт хутга, эмээл хазаар, уртын дуу, ардын дуу, бий биелгээ, хөөмий, морин хуур гээд л олон гайхалтай өв соёлууд бий. Уртын дуу гэхэд л амьдралын шашин шиг гүн утга санаа агуулсан байдаг. Тэгээд л би энэ гайхамшигтай өв соёлыг дэмжиж, дэлхий нийтэд хүргэхийг хүссэн. Соёлоороо Монголчууд үргэлж бахархах хэрэгтэй. Зарим улсын хувьд номноос л уншиж байна шүү дээ. Аливаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд заавал тухайн улсын иргэн биш, гадаад хүн ч дэмжиж болно гэж би боддог. Энэ дэлхий дээрх олон өв соёлын нэгээхэн хэсгийг судалж, дэмжиж яваадаа баярлаж байна.

Сайхан урлантай юм аа. Хэзээнээс эхэлж тохижуулсан бэ?

Хоёр сарын өмнө УЗНАДС-д (Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд сургууль) нүүж ирснээсээ хойш тохижуулж байгаа. Монгол ахуйг харуулах гэж урландаа гэрийн хана, эсгий, ширээ, домбо, мөнгөн аяга, бугуйл тулга авч тавиад байна. Хүмүүс намайг дэмжиж чөдөр, араг, аргал, төрийн далбаа, шагай, олбог өгсөн.  Цаашдаа улам гоё болгоно оо.

ЗурагТайлбар




Таны бүтээлүүдийг үзсэн хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг үг байдаг шүү дээ. Ихэнх хүмүүс урмын сайхан үгээр дэмждэг. Гэхдээ миний цус Монгол биш учраас хүрч болохгүй зүйлүүд бас бий.

Дэлхийг тойрч морин хуурын аялан тоглолт хийнэ гэсэн мөрөөдөл тань хэвээрээ юу?

Хэвээрээ. Гэхдээ дан морин хуурын тоглолт хийхгүй гэж бодож байгаа. Миний Монгол хэл дунд зэргийн төвшинд хүрч, судалгаа хийхэд дөхөм болсон. Тиймээс би морин хуурын сайхныг үзэгчдэд ярьж өгөнгөө тоглолт хиймээр байна.

Манай улсын өв соёлыг илүү сайн судлахын тулд тал нутагт мал маллаж амьдаръя гэж бодож байв уу?

Бүүр малчин болох санаа байхгүй. Байнга хөдөө амьдарвал миний мөрөөдөл үгүй болно. Гэхдээ хөдөө очиж хэд хонох ч сэтгэл сэргээдэг шүү. Магадгүй хөдөө судалгааныхаа ажлыг хийчхээд хотод ирж ажиллаад байж болох байх. Би хөдөө очихоороо бусад гадныхан шиг байхгүй. Гадныхан ирээд хэд хоног юу ч хийхгүй дайлуулж, хөдөөний хүмүүсийн найрсаг занг ашиглаад байгаа нь надад огт таалагддаггүй. Харин ажилд нь туслаад, амьдралаас нь суралцаад буцаж болно шүү дээ.

Та саяхан "Тэнгэрээс буусан од" кинонд тоглосон. Саналыг нь хэрхэн зөвшөөрсөн бэ?

Сайхан кино болсон шүү. Кинонд Монголын ахуй амьдралыг түлхүү харуулах байсан учраас сонирхол татсан юм.. Сэтгэл зүйн хувьд хэцүү үе байсан. Алдаа гаргачих вий гэхээс л айсан юм л даа. Гэхдээ надад сайн туршлага болсон. Үргэлж сэтгэл санаагаар дэмжиж байсан Урнаа эгчдээ (Хувьсал продакшны захирал, МУГЖ) баярлалаа гэж хэлмээр байна.

Та монгол кино хэр үздэг вэ?

Би хувиараа кино найруулагч мэргэжил эзэмшиж, Францад 15 жил ажилласан. Мэргэжлийн хүний хувьд хааяа үзнэ ээ.

Тийм үү. Тэгвэл Монголын кино урлагийн талаар таны бодлыг сонсъё?

Монголын зарим кинонд  сценийн шилжилтүүд хурдан байгаа нь нийтлэг алдаа болоод байна. Өгөх гэж байснаа буцаагаад авчхаж байгаа юм шиг горьдоосон мэдрэмжийг өгдөг.

Өмнөх насандаа өөрийгөө Монгол хүн байсан гэж бодож байв уу?

Олон хүн тэгж хэлдэг. Монголд бөөд, Францад үзмэрчид үзүүлж, сүнсний хувьд надтай холбоотой нэг Монгол өвөө байдаг гэдгийг мэдсэн. Түүнийг миний сайн найз байсан байх гэсэн. Магадгүй би өмнөх насандаа Марко Поло шиг Монголд амьдарсан гадаад хүн байх л даа.

Тэгвэл та чинь 21 дүгээр зууны Марко Поло юм биш үү?

Тэгж хэлүүлэх сайхан байна. Миний сахал Марко Полотой төстэй шүү. Тэгэхээр би 21 дүгээр зууны Марко Поло байх (инээв).                                                                                                                                                                                                                                                                                                   Ярилцсан Л.Сайнбаяр


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
12
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.25 66.181.161.19

Ёстой мундаг юм аа. Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтухай.

0 Хариулах


Асууль 2019.07.17 27.123.214.2

энэ хүнээр морин хуур заалгавал хаана хандаж заалгах боломжтой бол

0 Хариулах


Зочин 2019.07.09 103.206.195.254

Язгуур өв соёл үнэхээр бахархал дүүрэн соёл. Гадаад дотооддоо чухал биш. Хүнийг хүн болгож өөрчлөж, мөрөөдөл өгчь амьдрал бэлэглэсэн бол талархалтай байна. Улам ухаалаг байгаарай Стив.. Үнэн ямагт үнэн байх болно.

0 Хариулах


Жинхэнэ зочин 2019.07.05 202.9.45.60

Ярилцах тохиол олдож нэг удаа хуучилж билээ. Монгол ѳв соёлын сүнслэг байдлыг дурсахдаа, ѳѳрийнх нь амьдралд бүтээсэн үнэ цэнийг хуваалцахдаа нулимс нь аягандаа багтаж ядан байхыг ажсан. Бидний язгуур ѳв соёл дэлхийн агуу сүнслэг ѳмч гэдгийг мэдрүүлсэн шүү. Талархлаа Стив... :) :)

0 Хариулах


zochin 2019.07.02 66.181.161.101

erni Mgl-iin uv soyol ahiu amidral delhiid une maaash une tsenetei, mgl chuud medehguidee dugardaggui bish. nandin bolohoor nuutsaldag. hervee uneheer tagnuulch baival yah uu. gantshan gadaad huniig poksloh bish. Mgl huniihee une tseniig bodoj niitelmeer bna. hari hun bol hari l setgeltei. soyoliig gajuuduulah vii dee!!!

2 Хариулах


Зочин 2019.07.02 112.72.11.110

Жоохон өөр өнцгөөс харуулсан бол

2 Хариулах