UBLife Logo
Боловсрол

Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэсэн нь санаанд оромгүй үр дүнд хүргэжээ

Б.Саруул
Б.Саруул
Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэсэн нь санаанд оромгүй үр дүнд хүргэжээ

Ихэнх сургууль хэрэг тарьсан сурагчдыг хичээлийн дараа нийгэмд тустай ажил хийлгэх эсвэл шийтгэх арга хэмжээ авдаг. Тэгвэл АНУ-ын Балтимор хотын Роберт Колманы бага сургууль хэрэг тарьсан сурагчдыг уламжлалт аргаар шийтгэхийн оронд бясалгал хийлгэж эхэлжээ. Тэд хүмүүжлийн хувьд доголдолтой, хэт хөдөлгөөнтэй, зүй бус үйлдэл гаргасан сурагчдыг тусгайлан тохижуулсан өрөөнд оруулж бясалгал хийлгэдэг аж. Үүний ачаар хүүхдүүд зөв амьсгалах, тайвшрах, дахин төвлөрөх чадвар нь нэмэгдэж эхэлсэн байна. 

Бясалгал нь хэдэн мянган жилийн баялаг түүхтэй бөгөөд дотроо олон төрөлтэй билээ. Гэвч энэ нь хүний бие, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухаан саяхнаас л ул суурьтай судалж байгаа юм. Тухайлбал, "Mindful" төрлийн бясалгалаар хичээллэсэн цэргүүд сөрөг, тогтворгүй сэтгэл хөдлөлийг эсэргүүцэх чадвар дээшилж, ой санамж нь сайжирч байгааг судалгаагаар тогтоосон байна. 

Харин Роберт Колманы бага сургуулийн тухайд сурагчдаа бясалгалаар хичээллүүлэхээс гадна орон нутгийн "Holistic Life Foundation" хэмээх ашгийн бус байгууллагатай хамтран хичээлийн дараах хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Уг хөтөлбөрийн хүрээнд тавдугаар ангийн сурагчдын бие, сэтгэхүйн онцлогт тохирсон бясалгал, иогийн хичээл боловсруулжээ. Хөтөлбөрийн зохицуулагч Кирк Филипс "Эхэндээ ийм жаахан хүүхдүүд чимээгүй орчинд суугаад бясалгал хийж чадах болов уу гэж эргэлзэж байсан. Гэсэн ч хүүхдүүд сурсан. Зул сарын баярын үдэшлэгийн өмнө тэд эхлээд бясалгал хийхийг хүссэн. Та боддоо, нүднийх нь өмнө дүүрэн бэлэг өрөөтэй байхад хүүхдүүд тэвчээртэй суугаад бясалгал хийсэн нь үнэхээр гайхалтай" гэж ярьсан юм. 

Бага сургуульд хэрэгжүүлсэн алхам сурагчдад төдийгүй тэдний гэр бүлд эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Энэ талаар "Holistic Life Foundation"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Андрес Гонзалез "Нэгэн ээж ажлаасаа нэлээд стресст автсан байдалтай орж ирэхэд охин нь суугаад тайвшир, би танд хэрхэн зөв амьсгалахыг зааж өгье" гэж хэлсэн тухай ярьсан" гэжээ. Роберт Колманы бага сургууль бясалгал, иогийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд нэг ч хүүхэд сургууль завсардаагүй, мөн сурагчдын хичээлийн ирц нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
34
0
3
0
0
0
2
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.