Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Сурагчид дахивар бүтээгдэхүүн ашиглан гэрэл асаж, дуу авиа гаргадаг бугуйвч урлалаа


Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Монголын урлагийн зөвлөлөөс “Миний гэр-Миний хот” төслийг өнгөрсөн хавраас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 7-нд Өмнөд Солонгосын уран бүтээлчид эх орноосоо авчирсан дахивар бүтээгдэхүүнээр дуу гаргаж, гэрэл асдаг бугуйвч урлах сургалтыг 67 дугаар сургуулийн “Эко ногоон төгөл” клуб дээр зохион байгууллаа.

“Миний гэр-Миний хот” төслийн талаар Монголын урлагийн зөвлөлийн олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн захирал Х.Оюундарьтай ярилцлаа.

-Төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголын урлагийн зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд техник технологийг ашиглан иргэдэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл олгох хүрээнд “Миний гэр-миний хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хорооны иргэдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг техник технологиор дамжуулан хүргэх, байгаль орчноо хамгаалж, хог хаягдлыг бууруулах цуврал нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготой. Бид нар сургалтаа дээр дурдсан хороодод байрладаг 67, 76, 105 дугаар сургууль, 261 дүгээр цэцэрлэгт хийж байгаа. Сургуулиуд дээр ихэвчлэн дунд, ахлах ангийн хүүхдүүдэд дахивар материалаар хэрхэн бүтээлч гар урлалын бүтээл хийх вэ, ахуйн нөхцөлд хог хаягдлаа хэрхэн ангилж, бууруулах тухай танин мэдэхүйн сургалтыг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж байна. 261 дүгээр цэцэрлэгт Монголын үндэсний соёлын нэг хэлбэр болох цаасан шуумал урлалын аргаар хэрхэн бэлэг дурсгалын зүйл хийхийг сургаж байгаа.  

-“Миний гэр-Миний хот” төсөл хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ. Төслийн үр дүн иргэдэд хэрхэн хүрч байна вэ?

-Энэ оныг дуустал бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл юм. Хүүхдүүд маш идэвхтэй оролцож байна. Нэг сургууль дээр гэхэд л 30-аад сурагч хамрагдаж байна. Хөтөлбөрт маань 90 сурагч, цэцэрлэгийн 20-оод багш, эцэг эхчүүд хамрагдсан. Хүүхдийн баяраар бид нар дахивар материал ашигласан 200 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Тогтвортой, чанартай мэдлэг мэдээлэл өгөхийн тулд эхэлж бүртгүүлсэн хүмүүсээ жилийн турш хөтөлбөртөө идэвхтэй хамруулна. Хүүхдүүд сургалтаа хүлээдэг, шинэ зүйл сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй болчихдог юм билээ. Тэр хэрээрээ гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө мэдлэгээ хуваалцаж, түгээдэг. Мөн цаасан шуумал сурсан ээжүү, багш нар бүтээлээ борлуулж тодорхой хэмжээний орлоготой болох боломж ч бий.

Өнөөдөр “Миний гэр-миний хот” хөтөлбөрийн хүрээнд манай Урлагийн зөвлөлийн хамтрагч Солонгосын уран бүтээлчид “Эко баатрууд” нэртэй сургалт хийж байна. Энэ сургалтыг хүүхдүүдэд сонирхолтой байдлаар хийж байгаад баяртай байна. Үлгэр, кинонд гардаг баатруудаас сэдэвлээд хүүхдүүд эко баатрууд болох боломжтойг таниулж, ойлгуулсан сургалт боллоо. Тухайлбал сургалтад хэрэглэсэн материал бүгд эко. Бугуйвчны саарал бэлдэц нь харахад эсгий шиг боловч үүнийг хуванцраас гаргаж авсан юм билээ. Мөн гялгар уут, пластикаар хийсэн утас ашиглах жишээний. Тус бугуйвчийг урлахдаа технологитой холбож, нэмэх хасах цэнэгийг хэрхэн холбож, дуу авиа гаргахыг зааж байгаа нь маш сонирхолтой байна. Ингэснээр хүүхдүүдэд зөвхөн байгаль орчны мэдлэг өгөөд зогсохгүй физик, технологийн мэдээллийг давхар өгч байна.

-Энэ удаагийн хөтөлбөрт солонгос уран бүтээлчид оролцож байна. Ер нь төслийн хүрээнд ямар орны уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож байгаа вэ?

-Төсөл маань Монголынхоо уран бүтээл, дизайнеруудыг хамруулж, ерөнхий боловсролын сургуулиуд руу очиж заах зорилготой. Жишээлбэл, Баянхошуунд байгаа хүүхдүүд хотын төврүү явж сургалтад хамрагдахад унаа тэрэг, төлбөр мөнгө гэх зэргээр хүндрэлтэй шүү дээ. Тиймээс уран бүтээлчид сургуулиудад очиж ажиллаж байгаа. Ингэснээр бүтээлч уур амьсгал сургууль дээр бүрддэг юм билээ. Технологи, нийгмийн ухааны багш нар ч хамтдаа суралцаж, туршлагаасаа хуваалцах боломжтой шинэ соргог уур амьсгал бүрдэж байна.

Энэ хичээлийн жилд дүүргийнхээ “Эко сургууль” болж, гараагаа амжилттай эхэлсэн 67 дугаар сургуулийн англи хэлний багш, “Эко ногоон төгөл” клубийн удирдагч Ц.Өнөрцэцэг “Манай сургууль Өмнөд Солонгосын Бусан хотын Ёнчү ахлах сургуультай солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус сургуультай хамтран Лүн суманд мод тарьдаг. Модныхоо үрсэлгээг манай хүүхдүүд өөрсдөө хийдэг юм. Өнгөрсөн наймдугаар сард 1200 мод тарьсан. Одоо 300 ширхэг тод тарих дутуу. Ирэх хавар тарина.

Сонгинохайрхан дүүргээс манайхыг “Эко сургууль” болгосонд туйлын их баяртай байна. Эко сургууль болсон тухай баярт мэдээг өнөөдөр дууллаа. Хамгийн гол нь бид бүхэн урамшуулал, шагналын төлөө биш сэтгэл зүрх, зорилгынхоо төлөө байгаль дэлхийдээ ээлтэй ажлууд хийдэг. Өнгөрсөн 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Монголын Урлагийн зөвлөлтэй хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд манай клубийн 25-30 сурагч сургалт, үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байгаа. Бидний хийсэн бүтээл бүгд байгальд ээлтэй байдаг. Учир нь хог хаягдлыг хэрхэн ашиглаж, хүмүүст хэрэгтэй зүйлс хийж болох талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад хийдэг юм. Жишээлбэл, амьд ургамлыг ашиглаад шилэн дотор чулууг будаж цэцгийн сав, хаягдал цаас ашиглаж тэмдэглэлийн дэвтэр гэх зэрэг олон бүтээл, ашиглахуйц зүйлс хийсэн. Манай сургуулийнхан хог хаягдлаа, дахивараар нь ялгадаг. Өнөөдөр бид нар дахивар бүтээгдэхүүн ашиглан дуу гардаг бугуйвч урлаж байна. Хүүхдүүд оёх ур чадвараа хөгжүүлэхээс гадна цахилгаан техникийн мэдлэгээ ч дээшлүүлэх боломж бүрджээ” гэлээ.

“Eco hero-Eco project” сэдэвт сургалт зохион байгуулсан Уран бүтээлч Гү Су Ён “Монголд есдүгээр сарын 1-нд хоёр долоо хоногийн хугацаатай ирсэн. Монголчууд солонгосчуудтай их адилхан юм. Монголд байх хугацаандаа монгол уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллаж байгаа болохоор их үр бүтээлтэй өдрүүд өнгөрч байна. Монголд байгаль орчны бохирдол асуудал болж байгаа учраас бид нар газар дээр нь ажиллаж, хогийн цэгүүдээр явсан. Байгаль орчны бохирдлын тухай сэдэвтэйгээр уран бүтээл туурвидаг уран бүтээлчидтэй уулзаж, арван жилийн сурагчдад дахивар бүтээгдэхүүнээр бүтээл хийх, мэдээлэл өгөхөөр хөтөлбөр боловсруулан ирсэн нь энэ. Өнөөдрийн сургалтад хүүхдүүд үнэхээр идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Бид нар хог тэр чигээрээ ашиглагдах боломжгүй зүйл биш. Дахин боловсруулж, хэрэгтэй зүйл хийж болдгийг харуулах зорилгоор дахивар бүтээгдэхүүн авчирч, хүүхдүүдээр гар урлалын бүтээл хийлгэж байгаа юм. Энэ сургалтыг бид нар Солонгост ч хийсэн. Хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, хүүхдүүдийн хандлага ямар байгаа тухай судалгааг ч хийж байна. Монгол хүүхдүүд солонгос хүүхдүүдээс илүү сайн оёдог юм байна. Бүгд оёж чадаж байна шүү. Мөн юу ч байсан зоригтойгоор барьж авч хийж байгаа нь өөртөө итгэх итгэлтэйг нь харуулж байна. Бидэнд энд сургалт хийхэд ямар нэгэн саад бэрхшээл гарсангүй” гэсэн юм.

Клубийн гишүүд бугуйвчаа идэвхтэй урлан бүгд хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулж байв. Тэд хоёр бугуйндаа бугуйвч хийж, хооронд нь нийлүүлмэгц гэрэл асаж, дуу авиа гарч байлаа. Тус сургуулийн сурагч Б.Эрдэнэ-Очир, Р.Ануцэцэн нараас сэтгэгдлийг нь сонслоо.

10в ангийн сурагч Б.Эрдэнэ-Очир “Би “Эко ногоон төгөл” клубтээ ноднин орохоор төлөвлөсөн. Клубийнхэнтэйгээ хавар Хүй долоон худагт мод тарихад их таалагдсан л даа. Мөн Өнөрцэцэг багш надад клубтээ орохыг санал болгосон учраас энэ намар клубтээ гишүүнээр элслээ. Өнөөдөр дахивар бүтээгдэхүүн ашиглаж, бугуйвч хийж байна. Манай эмээ, ээж мундаг оёдог болохоор би багаасаа өмдөө хасахаас эхлээд юм оёж сурсан. Тийм болохоор өнөөдөр гар аргаар бүтээл урлаж, оёход сонирхолтой байна. Цаашдаа клубийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгаль орчноо хайрлан мод тарихыг хүсэж байгаа” гэв.

Клубийн үйл ажиллагааныхаа тухай 12б ангийн сурагч Р.Ануцэцэн “Би клубийнхээ үйл ажиллагаанд оролцоод гурван жил болж байна. Клуб маань анх Солонгос улсын сургуультай хамтын ажиллагааны хүрээнд Монголын цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарих зорилготойгоор байгуулагдсан. Үүнээс хойш клуб маань өргөжиж, хог хаягдалаа ашиглаж бүтээл хийдэг болсон. Энэ хичээлийн жилийн хамгийн эхний эко сургалт маань өнөөдөр болж байна. Солонгос багш нар ирээд сэтгэл гаргаж зааж байгаа нь үнэхээр таалагдаж байна. Солонгосын сургуультай сурагч солилцоо хэрэгжүүлдэгт нь дуртай. Би Нам Ин Жи гэдэг найзтайгаа мод тарьж танилцсанаасаа хойш хоёр жил харилцаатай байгаа. Манай клубийнхэн дангаараа биш солонгос багш, сурагчидтай хамтран мод тарьдаг нь их таалагддаг. Бас манай сургуулийн ахлах ангийн бүх сурагч нэг гэр бүл шиг мод тарьж, бусад сургуулиас илүү эко үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогоор нь бахархаж явдаг” гэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.