Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлтэйгээ найз болоход туслах 6 ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ


Хүчтэй сэтгэл хөдлөл таны сул тал байх албагүй. Багш, судлаач, сэтгэл зүйч доктор Жулиа Энглунд Стрэйт хувийн амьдралын туршлага, судалгаа дээр үндэслэн сэтгэл хөдлөлийн зургаан супер хүчийг санал болгожээ. Түүний Psychologytoday.com сайтад бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Мэдрэмж үргэлж миний дайсан байсаар ирсэн. Хүүхэд байхдаа би айдастаа бүрэн дийлдсэн байлаа. Орой бүр хөнжилдөө байдгаараа шурган нуугдаж, байшингаа галд автаж байна гэж зүүдэлдэг, хичээл дээрээ онц дүн авахгүй байхвий гэсэн айдас ямагт дүүрэн байв.

Өсвөр насанд хурсан айдас минь  гуниг болон хувирсан юм. Ахлах сургуульд байхдаа “Counting crows”-ийн дуунуудыг дахин дахин сонсож эхэр татан уйлж, эцэг эх минь орж ирсэн үед плэйлистээ цоглог хэмнэлтэй дуугаар сольж, өөрийгөө зүгээр гэж итгүүлдэг байв.

Коллежид орсон хойноо өнөөх гуниг гүн, харанхуй, эцэс төгсгөлгүй гүн болсныг өөрөө ч анзаараагүй байв. Үүнийг нэг л өдөр ухаарч энэ дэлхий дээр надаас өөр хүн ийм зүйл мэдэрдэг болов уу гэж гайхширч байснаа ч тод санаж байна.

Нас биед хүрч ажилд орохдоо, ээж болоход ч уй гуниг, сэтгэлийн зовнил намайг орхисонгүй. Алхам бүрт намайг зовооно. “Энэ мэдрэмжүүд яагаад явахгүй байгаа юм бэ” гэж тэсэлгүй хашгирмаар үе олон байсан. Дараа нь "Надад асуудал байна уу" гэж бодогдох болсон.

Сэтгэлзүйч мэргэжилтэй хүний хувьд олон хүн миний тусламжийг хүсэж ирдэг. Тэдний гэр бүл, эхнэр нөхөр нь дотны хүнээ сэтгэлийн тэнхээтэй болгож, хатуухан хэлэхэд хэр баргийн юмыг ойшоодоггүй хөшүүн нэгэн болгохыг нууцхан хүсдэг.

Миний толгойд үргэлж эргэлддэг байсан тэр бодол олон хүний толгойд орж ирдэг. “Би мэдрэмжүүдээ хянаж чаддаг байсан бол сайхан аа”, “Би илүү дээр амьдрах байсан даа”, “Бүх зүйл сайхан болох байсан” гэх мэт бодлууд.

Өсвөр насны охин байхдаа би унтлагын өрөөндөө ганцаараа “August”, “Everything After”-ийн цомгийн дуунуудыг сонсож хэвтэх ахуйд цээжинд минь намайг бүрмөсөн үгүй хийж ч мэдэхээр тэвчишгүй ихээр хүнд оргиж, давчиддаг байв. Тэгтлээ гүйж ядарсан хэрэг биш, харин мэдрэмжүүд намайг тийм байдалд хүргэсэн байлаа.

 Мэдрэмжээсээ халшран энэлэх биш, халуун дотноор угтаад үз. Мэдрэмжээ жаахан хүүхэд эсвэл амьтны өхөөрдөм зулзага гээд төсөөл.

Ингээд ажлаасаа, бусдаас, эзэмшсэн мэргэжлээсээ суралцсан хэдэн зөвлөгөөг аминчхан хүргэе. Эдгээр аргууд таны өмнө нь үзэж туулсан бүхнийг ор тас мартуулж чадахгүй ч сэтгэл хөдлөлдөө захирагдаж, шаналах мэдрэмжийг даван туулахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна.



Та мэдрэмжийнхээ биежсэн хувилбар биш


Мэдрэмжүүд тань таныг тодорхойлохгүй. Хүчтэй сэтгэл хөдлөлүүд оргилж, байж ядаж байсан ч эцсийн эцэст та л мэдрэмжүүдээ удирдаж чадна. Дотор хүн тань “Харж байна уу? Би чинь ийм л ууртай хүн шүү дээ” гэж шивнэвэл тайвнаар хүлээж аваад “Би яг одоо, энэ мөчид, хэсэгхэн хугацаанд ууртай байна” гэж өөртөө хэлээрэй. (Амьдралынхаа туршид ууртай яваагүй гэдэгт итгэлтэй байна  )


 Мэдрэмжүүд ирж бас буцаж л байдаг


“Мэдрэмж" гэж нэрлэдэг физиологийн мэдрэхүй угтаа хичнээн хурдан өрнөөд дуусдаг гээч. Таны хоолой зангирч, цээж хөндүүрлэж, зүрхний цохилт хурдасч тэсвэрлэшгүй санагдаж байсан ч энэ мэдрэмж хэдхэн минутын дотор замхардаг аж. (Ихэвчлэн 90 секундын дотор шүү) Таны далд ухамсар тулгарсан асуудлыг шийдэхийн тулд танд дохио өгч, ингэснээр уур уцаар, уй гуниг мэдрэгдсээр буй хэрэг юм. 


Мэдрэмж биед халгүй

Зүүдэлж буйгаа мэдсээр байсан ч үргэлжлүүлж зүүдэлдэг үү? Та өндөр барилгаас унаж, өндөр уул руу авирч, бүр нисэж ч болно. Юу ч таныг өвтгөхгүй. Мэдрэмж үүнтэй агаар нэг.

Таны биед бодитоор нөлөө үзүүлдэггүй гэснээрээ туулсан бүхнийг тань үгүйсгэх гээгүй юм шүү. Гэвч та сэтгэлзүйн эмгэг бодит өвдөлт үзүүлж байна гэж төсөөлөн түүндээ санаа зовинох юм бол бодитоор амархан хөхрөх, даарч, халууцах, салганах шинж тэмдэг илэрч болно. Үүнээс илүү ноцтой нөлөө таны биед үзүүлж байв уу? Өөрийн сэтгэл зовнилыг эрт мэдэх, өөртөө дүгнэлт хийж сурснаар цаашид стресстэхгүй байж болох юм.


Мэдрэмжид шалтгаан хэрэггүй

Гунигтай үед хүмүүс “Чамд юу тохиолдоо вэ” гэж шалгаадаг. Хувь хүн өөрөө хүртэл “яагаад” гэх асуултын хариуг олох гэж чармайдаг. Өнгөрсөн долоо хоногт найз залуутайгаа хэрэлдсэнээс болов уу? Ажил дээр алдаа гаргаснаас уу? Миний шийдээгүй үлдээсэн асуудал уу? Өдрийн хоолонд идсэн бургерээс болов уу? зэрэг асуултууд хөвөрнө.

Агуулгаасаа хамаараад сайн, муу аль ч талаар илэрч болох тул хүчтэй сэтгэл хөдлөлийг сайн, муу гэж тодорхойлох аргагүй.

Сэтгэл хөдлөл тань таны буруу биш. Бидний далд ухамсар асуудал гарлаа гэж үзсэн үед автоматаар засах гэж оролдохдоо тийн сэтгэл хөдлөлүүдийг мэдэрдэг аж. Иймд би хэн нэгнээс яагаад аз жаргалтай байгааг нь барагтаа асуудаггүй.  Эл байдал биднийг аливаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг удаан, гүнзгийгээр мэдрэх гол шалтгаан болдог. Мэдрэмжид шалтгаан олдохгүй бол яах вэ? Тоо томшгүй олон шалтгаан байвал яах вэ? Шалтгаан байхгүй бол яах вэ?

Бие махбодийн мэдрэмж, тэдгээр мэдрэмжүүдийн тухай бодол нь бие биенээсээ үл хамааран оршино. “Эгч чинь чиний тоглоомыг булаачихсан учраас чи гунигтай байна” гэж жаахан хүүхдэд хэлэхийн оронд “Чи гунигтай байна. Энэ чинь байдаг л зүйл. Алив тэврье” гэж хэлж байсан нь хавьгүй дээр. Найз залуу/бүсгүй тань “Юу болоо вэ? Чи аз жаргалтай харагдахгүй байна” гэж асуувал зүгээр биш байгаа шалтгааныг олохыг хичээхийн оронд “Тийм ээ. Жаахан амарсан нь дээр байх” гэж хариулвал ямар вэ?


Мэдрэмж бол үүрэг хариуцлага биш

Бодол, үйлдэл хоёр нэгнээсээ онхи тусдаа оршдогтой адил мэдрэмж, бодол хоёр адил өөр шинж чанатай. Мэдрэмж, бодол хоёрын дунд асар том зай бий бөгөөд таны үйл хөдлөл ч мөнөөх хоёроос ялгаатай гэсэн үг. Үүнийг анзаарч олж чадвал тун гайхалтай хэрэг шүү. Анзаарч харснаар сэтгэл болон биеийн хувьд танд юу тохиолдож буйг ажиж чаддаг болно. Ямар хариу үйлдэл гаргах вэ гэдгээ хянах боломжтой.
Хэцүү сэтгэл хөдлөлтэйгөө тэрсэлдэх үед хэсэг азнаад ухамсартай үйлдэл хийх дадлыг өөртөө суулгаж чадна. Эсвэл юу ч хийхгүй ч байж болно шүү дээ.


Хүчтэй сэтгэл хөдлөл бүхэн сөрөг зүйл биш

Агуулгаасаа хамаараад сайн, муу аль ч талаар илэрч болох тул хүчтэй сэтгэл хөдлөлийг сайн, муу гэж тодорхойлох аргагүй.  Гүйх үед таны зүрхний цохилт хурдсаж, амьсгал давчдаж, усан хулгана болтлоо хөлөрдөг үү? Гэтэл ямар ч биеийн хүчний ажил хийгээгүй, зүгээр сууж байсан атлаа яг ийм шинж тэмдэг илэрч байж ч болох. Одоо цагтаа анхаарч, ухамсартай хандах болсноор хүчтэй сэтгэл хөдлөлийн талаар хандлага минь огцом өөрчлөгдсөн. Америк, түвд гаралтай ламтан Пема Чодрон хүчтэй сэтгэл хөдлөлдөө харь хөндлөнгийн мэт хандах хэрэггүй гэж зөвлөдөг. Гагцхүү тэсэж тэвчихээс хавь илүүг бид хийж чадна.

Дараагийн удаа цээжинд халуун шатсан мэдрэмж төрвөл бухимдах хэрэггүй. Харин тусгайлан ач холбогдол өгөөрэй. Мэдрэмжээсээ халшран энэлэх биш, халуун дотноор угтаад үз. Мэдрэмжээ жаахан хүүхэд эсвэл амьтны өхөөрдөм зулзага гээд төсөөл. Сэтгэл хөдлөлөө аажмаар, тун болгоомжтой анагаа. Хүчтэй сэтгэл хөдлөл цээжин дотор ноцож байвал бүү төвөгшөөгөөрэй. Тайвшрахаа хүлээгээд, өөрийгөө урамшуулж яагаад болохгүй гэж?

Сэтгэл хөдлөл, мэдрэмж бол байгаль эхийн бидэнд заяасан хосгүй бэлэг юм. Тэдэнгүйгээр хүн бие махбодоор амьд хэдий ч үхсэнээс ялгаагүй болно. Мэдрэмжээс бүрэн ангижирна гэдэг боломжгүй, хүсмээр ч зүйл биш. Хүчтэй сэтгэл хөдлөлтэй байлаа гээд эцэс төгсгөлгүй ганцаардан шаналах шаардлаггүй. Харин мэдрэмждээ ач холбогдол өгч, анхаарч байгаарай. Таны мэдрэмж ийм хүндэтгэл, хайрыг хүртэх эрхтэй юм шүү.

Эх сурвалж: Psychologytoday.com

Бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.