Интернэт, технологийн хөгжлийн ачаар мэдээллийг хаана ч, хэзээ ч хүссэнээрээ хүлээн авах нэгэн боломж нэмэгдсэн нь подкаст гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Саяхныг хүртэл цөөн төрөл байсан монгол хэлээрх подкастын сан хурдтай нэмэгдэж, басхүү төрөлжиж байна. Тэр дундаа хүрээлэн буй орчны асуудлыг маш сонирхолтой гэхдээ бас мэргэжлийн хөнддөг "Sustainable Mongol" подкаст цөөнгүй сонсогчтой болоод амжсан байна. Миний хувьд тэдний хоёр дахь дугаар "Кофе ба уур амьсгалын өөрчлөлт"-ийг сонсоод дагаж эхэлсэн. Тэгвэл уг подкастыг санаачлан хөтлөгч Н.Энхзул, Т.Цэнгүүн нар хэдийнэ 35 ангийн ард гарчээ. Энэ хүртэлх тэдний туршлага болон подкастаараа ямар ойлголтыг дэлгэрүүлэхийг зорьдог тухай бид ярилцлаа.

Т.Цэнгүүн
-"Sustainable Mongol" подкастын ард ямар хүмүүс байдаг вэ? Тэд юу хийдэг хүмүүс вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй байх. Улмаар хэрхэн подкаст хийж эхлэх болов?
Т.Цэнгүүн: Бид 2014 онд танилцсан юм. Тэр үед Зулаа байгаль орчны чиглэлээр блог бичдэг би бас блогчин байлаа. Тус тусдаа блог бичээд нийтэд хүрэхгүй учраас хамтраад бичвэл илүү үр дүнтэй байх гэж бодоод нэгдэж байсан юм. Миний хувьд байгаль орчны чиглэлээр АНУ-д сургууль төгссөн. Энэ чиглэлээр сурах болсон нь миний багын хүсэл, сонирхол байсан.
Би Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, өссөн. Энэ хот Зүүн бүсийн тулгуур хот гэж явдаг, хүн амын тоогоор ч Дархан, Эрдэнэт хотын дараа орно байх. Тэгэхээр хэдий харьцангуй төвлөрсөн, хүн ам ихтэй ч маш цэвэрхэн хот. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт шилжиж ирээд 11 дүгээр хороололд амьдрах боллоо. Эхлээд үнэндээ хотоо хараад шоконд орсон гэж болно. Дорнодод, Хэрлэн голын орчим ямар билээ, манай хотын голын эргээр явахаар ямар билээ. Үүнд би маш их эмзэглэж, би өөрөө юу хийж чадах бол гэж их боддог байсан. Тэгээд багадаа манайх сонин захиалж уншдаг учраас тэрийг нь дагаад “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-г харьцуулж их харна. “Өнөөдөр” сонины хувьд байгаль орчны сэдэвтэй мэдээ, нийтлэл гаргах нь элбэг, шимтэн уншдаг байлаа. Тэгсэн Туул, Сэлбэ голоо хамгаалъя гэсэн эсээ бичлэгийн уралдаан зарласан байхыг нэг өдөр харсан юм. Энэ уралдаанд оролцоод өөрийнхөө хэмжээнд бичсэн нийтлэл маань шагналт байранд орж, түүндээ маш их урамшаад ер нь энэ чиглэлээр бичиж болох юм байна гэсэн бодол төрсөн.
Гэхдээ дунд сургуулиа төгсөөд яагаад ч юм Хууль зүйн чиглэлээр сурахаар болсон юм. Тэгээд хоёр жил суралцахдаа үнэхээр миний сонирхох зүйл биш юм байна гэдгээ ойлгож АНУ-руу сургуулиуд сонирхож, өргөдөл явуулж тэр бүртээ хүрээлэн буй орчны чиглэлийг сонгодог байлаа. Ер нь хүрээлэн буй орчин судлал гэхээр эдийн засаг, улс төр, байгалийн шинжлэх ухаан зэргийг цогцоор нь үзэж тэдгээрийн уялдаа холбоо хаана, хэрхэн илэрч байгааг профессорууд үргэлж ярьдаг байлаа. Ингээд 2015 онд бакалавраа төгсч тэндээ хоёр байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаад, дараа жил нь Монголдоо ирж байгаль орчны чиглэлийн ТББ-уудад ажилласаар ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас “Public Lab Mongolia” ТББ хамтран үүсгэн байгуулж байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн төсөл хэрэгжүүлэхээс гадна тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж байна.

Н.Энхзул
Н.Энхзул: Миний хувьд дунд сургуулиа Багануурт төгссөн. Захын дүүрэг учраас цэвэрхэн л дээ. Би “Ногоон гоёл” гээд ногоон бүч зүүж сургуулийнхаа орчин тойрныг ногоон байлгах талаар анхаардаг сургуулийнхаа клубт хамрагддаг байлаа. Ер нь биологийн хичээлдээ илүү сонирхолтой, ээж маань эрүүл ахуйч болохоор эмч болно гэж боддог байсан. Ялангуяа, орчны эрүүл ахуй гэхээр хөрс, ус, агаар гээд тэр чиглэлээр эрүүл ахуйн талаас хяналт хийдэг болохоор ээжийн ажил, мэргэжил надад нөлөөлсөн гэж болно. Тэгээд дунд сургуулиа төгсөөд ээжийнхээ зөвлөснөөр эмч гэхээс илүү дуртай зүйлээ дагаад буюу байгаль орчны чиглэлээр суралцахаар болж байсан. Сургуулиа төгсөөд байгаль орчинтой холбоотой төслүүд дээр ажиллаад бараг дөрөв, таван жил болж байна. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын асуудлууд хөндөгддөг, энэ тухай мэдээллийг яаж хүмүүст хүргэх үү, хэрхэн контент бэлдэх вэ зэргийг бодож явсаар Твиттерээр Цэнгүүнтэй танилцаж байсан юм.
Ц: Зулаа өөрийгөө дутуу танилцуулаад байна. Зулаа “Зориг” сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч. Тэгээд өөрийнхөө байгаль орчны энтрепрёнер санаачлагыг эхлүүлээд дахин боловсруулсан цаасаар нэрийн хуудас хийж байгаа.
-Манайд эрдэмтэн, судлаачид тэр бүр олны өмнө гарч яриад байдаггүй. Харин та хоёрын хувьд залуу мэргэжилтнүүд хэрнээ энэ сэдвийг олон нийтэд таниулъя гээд подкаст хийсэн нь том алхам шүү дээ. Юу та хоёрыг зоригжуулсан бэ?
З: Тийм ээ. Энэ ажил хоёр салбарын дундын ажил юм билээ. Судалгаа талаас нь ярья гэхээр судлаач хүн бүр өөрийн хийж байгаа ажлын үр дүнг шууд энгийн, ойлгомжтой илэрхийлэхэд хэцүү юм шиг. Харин олон нийтэд мэдээлэл хүргэдэг сэтгүүлч, сурвалжлагч хүмүүс байгаль орчны асуудлыг хөндөж нийтлэл, нэвтрүүлэг хийе гэхээр маш их хугацаа шаарддаг. Тэгээд бид хоёр ямар ч гэсэн анх блог байдлаар байгаль орчны мэдээллийг тогтмол хүргэе гэж шийдээд, бичих чадвараа бага багаар дээшлэх байлгүй гэж найдаад л эхэлсэн. Дараа нь мэдэж байгаа зүйлсээ хүмүүст ойлгомжтой байдлаар ярих гэхээр бас л эвгүй байсан л даа. Манай салбарынхан чинь дотогшоо, бичиг, цаасны ажил хийдэг болохоор ярих чадвар тийм ч сайн биш. Гэхдээ подкаст хийе, блогоо подкаст болгоё гэдэг санаа Цэнгүүн хэлснээр 2017 оны есдүгээр сараас эхний дугаараа хийсэн.
Ц: Эхний дугаараа манай гэрт бичсэн юм, бөөн цуурайтай. Тэгээд хэд дахиж бичээд сүүлдээ бараг залхаад. Эхний үед ер нь хэцүү юм билээ. Дөрөв дэх дугаартаа зочин урьж авчирчихаад гурав дахиж бичиж байлаа. Найз маань байсан тулдаа хэдий ядарсан ч гэсэн, одоо яг сүүлийнх биз дээ гээд л ярьж өгөөд байсан. (инээв) Би ер нь Америкаас буцахдаа хэрэгтэй зүйлсээ авчихъя гэж бодоод хэзээ нэгэн цагт подкаст хийх мөрөөдөл байсан болохоор нэг микрофон авчихсан юм. Харин ирсний дараа тэр микрофон жил гаруй хадгалаатай, ямар ч ашиглалтгүй байсан. Тэгсэн Зулаа намайг шахаад, хоёулаа ярьж байсан подкастаа хийе, хийе гэсээр байгаад зориглосон. Ер нь бол хоёулаа байсан тулдаа энэ подкаст гарсан. Тэрнээс биш надад хүсэл байсан, микрофон байсан. Гэвч нэг хүнээс хамааралтай байсан бол энэ подкаст гарахгүй, 35 дугаар идэвхтэй, тогтмол гарахгүй байсан гэж би үргэлж боддог юм.
-Танай подкаст ерөнхийдөө Тогтвортой хөгжлийн зорилтын дэвшүүлсэн асуудлуудыг таниулж, түгээхэд чиглэсэн байдаг. Энэ сэдвийн ач холбогдлыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
Ц: Байгаль орчны салбар бол нэг л зүйлийн тухайд бус бусад салбартай яах аргагүй уялдаа, холбоотой байдаг. Эдийн засаг, нийгэм гээд гурван салбар нэгэн зэрэг хөгжиж байж тогтвортой хөгжлийг бий болгодог гэж ойлгож болно. Тэгэхээр бид аль болох энгийн, тухайлбал, байгаль орчны асуудлыг өдөр тутмын хэрэглээ болсон кофетой холбовол нэг сэдэв гарч ирж байна. Нөгөө талаас хэрэглээтэй холбохоор органик гоо сайхны бүтээгдэхүүн яаж сонгох авах тухайд гэхчлэн бүх салбартай, ямар нэг түвшинд холбогдоно. Үүнийг л подкастаараа дамжуулаад хүргэе гэж бодоод байгаа юм. Таны хэрэглэж байгаа “Apple”-ийн гар утасны үйлдвэрлэгч байгаль орчин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ажил хийдэг юм, ямар шат дамжлагаар таны гарт ирж байгаа вэ зэргийг ярилцаж нэг салбарын тухай биш олон талт асуудал юм гэдгийг хүргэхийг зорьдог.
Ер нь байгаль орчны асуудлыг авч үзэхдээ хүн төрөлхтөн социализм, капитализм гэхчлэн олон “изм”-ийн замыг туулж эцэстээ тогтвортой хөгжил чухал юмаа гэдгийг 1972 оноос ярьж эхэлснээр баталсан. Байгаль орчны асуудлыг харж, тооцохгүйгээр бидний хийж байгаа ямар ч ажил үргэлжлэхгүй. Бизнес эхлүүлэх, нэг сургууль ажиллуулах гээд бүх юм удаан хугацаанд, чанартай үргэлжлэхийн тулд байгаль орчноо бодож үзэхээс хамаарна. Энэ нь эдийн засагтай холбогдоно.
Бид бизнес хийхдээ ийм эрсдэл гарч болно, ийм зардал гарч болно гэхчлэн капиталын элэгдлийг үргэлж тооцдог. Гэвч байгаль орчны элэгдлийг үнэндээ тооцдоггүй. Энэ бизнесийг хийхийн тулд би байгалийг анх байснаас нь яаж өөрчилсөн юм бэ гэдэг чухал.
Бид хоёр подкастаа хийхдээ ч бас Imagining Sustainable Mongolia буюу тулхтай Монголыг төсөөлөх нь гэдэг санаанаас эхэлсэн. Эхлээд эрүүл байгаль байж гэмээнэ эрүүл хүмүүс байна. Эрүүл хүмүүс байснаар эрүүл нийгэм байна. Хүн төрөлхтөн бусад амьтнаас мундаг оюун ухаантай байлаа гээд бид арай ч дэлхий дээрх бүх амьд организмийн хувь тавиланг шийдэж болохгүй. Бид үнэндээ галав юүлэхээс ч илүү хэмжээний өөрчлөлтүүдийг бий болгож байгаа гэвэл та итгэх үү? Өнөөгийн хүн төрөлхтөн биднээс болж дээр үед үлэг гүрвэлүүд устдагтай ижил хэмжээний нөлөөлөл бий болж байгаа. Үүнийг ярихаар мэдээж “наалдаж” өгөхгүй байх, гэхдээ эдийн засгаар нь тооцоод гаргаж ирсэн нь хүмүүст маш тодорхой ойлгогддог л доо.
Сонирхуулахад, Sustainable гэдэг үгийг тогтвортой гэхээс илүүтэй тулхтай гэж ашиглах нь зүйтэй санагдаж бид энэ утгаар нь хүлээж авдаг. Т.Чулуун доктор хэлсэн байдагчлан тогтвортой гэдэг нь өөрчлөгддөггүй зүйлийг хэлэх бол тулхтай гэдэг нь нөхцөл байдалд тохируулаад өөрчлөгддөг, гэхдээ даацтай ч гэх юм уу утгатай болдог.

-Та бүхэн подкастын сэдвээ хэрхэн сонгодог вэ? Энэ өргөн хүрээтэй ойлголтыг багцалж, ач холбогдлоор нь боловсруулна гэдэг амаргүй ажил байх.
З: Мэдээж хоорондоо ярилцана. Нэг сэдвийн талаар тогтоод түүнийхээ талаар тодорхой хэмжээний судалгаа хийж байгаад яг энэ тухай ярилцъя гэж эцэслэдэг. Зарим тохиолдолд улирал, цаг үеэ дагаад жишээ нь, хавар хөрсний бохирдлын тухай ярих, өвөл агаарын бохирдлын тухай ярих гэхчлэн явна л даа.
Ц: Бас ямар сэдэв сонговол хүмүүс илүү сонирхож сонсох бол гэж их ярилцдаг. Тогтвортой хөгжил гэхээр үзэл санаа, консептийн хувьд загварчлаад схемтэй болчихсон 17 зорилт бий. Тэдгээрийн дөрөв, тав нь байгаль орчинтой шууд холбоотой. Гэхдээ бүгдийг нь ухвал нэгбүрчлэн холбогдоно. Тэгээд энэ бүтэц, дарааллаар нь ярьдаг юм уу гэтэл хэтэрхий уйтгартай болох гээд больсон.
-Тэгээгүйд чинь баярладаг шүү.
Ц: Тэгээд бид өөрсдийнхөө дуртай зүйлсээс ярьж эхэлсэн. Тухайлбал, “Patagonia” гэж хариуцлагатай хувцас үйлдвэрлэгч бий. Бид хоёр фэн нь. Дараа нь хоёулаа кофенд дуртай, жижиг кофе шопуудыг дэмжихийг хүсдэг. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтөд энэ нь хэрхэн нөлөөлдөг талаар гэхчлэн өдөр тутмын амьдралд хамаатай зүйлсээс эхэлсэн. Энэ жилийн хувьд бид анх удаа төлөвлөгөө гаргаж үзээд байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн дугааруудаа бүлэглээд үзвэл хүрээлэн буй орчинтой шууд холбоотой сэдвүүд ба хотжилттой холбоотой асуудлууд их гарсан байналээ. Мөн нийгэм, олон нийтийн оролцоо талаас буюу энгийн иргэд өөрөө ямар нэг зүйл хийе гээд юу хийсэн байна, түүнийх нь талаар сурвалжлан хүргэх сонирхолтой.
-Подкастын хувьд хүлээн авагчидтайгаа холбогдох, эргэх холбоо үүсгэх боломж хязгаарлагдмал шүү дээ. Гэхдээ тэдний санаа, сэтгэгдлийг мэдээж авах хэрэгтэй. Тэгэхээр хэрхэн холбогддог вэ?
З: Дугаар сонсоод хүмүүс бидэнд мессежээр сэтгэгдлээ илгээдэг тохиолдлууд бий. Эхлээд тэрийг хараад маш их баярлаж, урам авч байсан бол одоо чат байдлаар холбогдож илүү үр дүнтэй байлгахыг хичээх болсон. Зарим тохиолдолд сонсогчид маань бидэнд зочин санал болгодог ч юм уу, энэ сэдвээр сонсмоор байна, энэ сэдвийн талаар тэр хүнтэй холбогдоод ярьж өгөөч гэдэг.
Ц: Өнгөрсөн жил сонсогчид дундаа нэг судалгаа хийсэн юм байна. Ер нь бол энэ чиглэлээр ажилладаг, эсвэл сонирхон судалдаг хүмүүс байдаг юм билээ. Нийтдээ 15-34 насныхан түлхүү байсан санагдаж байна. Бүгд ухаалаг утсаараа сонсдог, хүйсийн хувьд хол зөрүүгүй хүлээн авагчид байсан. Бусад сонсдог подкастын жагсаалтад нь NPR-ийн цувралууд бас олон нэрлэгдэж байсан. Харин бид юун дээр илүү анхаарах вэ, хөтлөгчийн ур чадвар уу, дуу бичлэгийн чанар уу, агуулга уу гэхэд бүгд л агуулгыг чухалчилсан байсан. Ур чадварын хувьд бид мэргэжлийн бус ч гэлээ хувийн туршлага, судалгаагаа ярьдаг учраас хүмүүст гайгүй хүрдэг юм байна гэж ойлгосон.
-Тогтмол дугаараа хүргэнэ гэдэг мэдээж амаргүй ажил. Сэдэв нь өргөн бөгөөд даацтай учраас цаг хугацаа ч шаардана. Энэ зуурт та хоёр өөрсдийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
З: Эхний дугаарууд дээр бол өөрт байсан контент, мэдээллүүдээ ашиглаад хийсэн. Ногоон бизнес, уур амьсгалын өөрчлөлт, кофе зэрэг сэдвээ тодорхойлоод, ийм агуулгын хүрээнд ярина гээд бичиж бэлдээд л ярьчихдаг байлаа. Харин хүнтэй ярилцахдаа ерөнхийдөө агуулгаа гаргаж, асуултуудаа бэлддэг.
Ц: Зулаа угаасаа бакалавраас гадна магистр хамгаалчихсан. Намайг бодвол хоёр диплом бичсэн учраас эх сурвалж олохдоо их сайн. Миний хувьд бол сэдвийн дагуу том сургуулиудын материалууд уншихаас гадна Brain Pickings ч юм уу энгийн уншигч хүлээн авдаг сайтуудад хүрээлэн буй орчны талаар хэрхэн бичсэн байна гэдгийг нь хардаг. Энэ бүх олсон мэдээллээ мэдээж Монгол дахь ажиглалт, туршлагатай хослуулах нь чухал. Бидний бодит амьдралд, өдөр тутамд тохиолддог зүйлс юу билээ гээд ярихаар хүмүүст их хүрдэг. Зочны хувьд зөв асуулт тавихсан, тэр хүний мэдлэгийг цэгцтэй хүргэхийг л аль болох зорьдог. Дараа нь мэдэж олж авсан бүх мэдээлэл, мэдлэг, яриагаа зөв дараалалтайгаар хүнд хүргэх нь чухал.
-Сонсогч танай подкастыг хүлээж аваад яг олж аваасай гэж боддог вэ?
З: Яг нухацтай бодож байгаагүй юм байна. Гэхдээ манай нэг сонсогч холбогдоод уулзаж үзмээр байна гээд ирж байсан. Тэгээд iphone барьдаг бөгөөд утсаа цэнэглэхдээ хүртэл өөртөө хариуцлагатай хэрэглээг бий болгож байгаагаа хэлсэн. Мөн хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ хүртэл ямар шошго, тэмдэгтэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа анзаарч илүү органик бүтээгдэхүүн хэрэглэх болсон гэсэн. Анзаараад байвал хариуцлагатай хэрэглээг хүмүүс их сонирхдог юм байна. Нэг жирэмсэн эмэгтэй агаарын бохирдол ихтэй үед өөрийгөө яаж хамгаалах вэ гээд амралтын газар хүртэл яваад үр дүнгээ ярилцсан удаа бий.
Ер нь байгаль орчин гэдэг бол нэг салбарын асуудал биш гэдгийг дээр хэлсэн. Тийм учраас салбарын хүмүүс нь энийг хийнэ биз гэсэн ойлголтоосоо салаасай гэж боддог.
Ц: Миний хувьд багаасаа л сонин уншиж байхдаа энэ асуудлыг хэвлэл, мэдээллйин хэрэгсэл хүртэл орхигдуулсныг анзаардаг байсан. Энэ нь сэтгүүлчдийн буруу ч биш, ерөөсөө манай нийгэмд олон нийт асуудлыг эрэмбэлж байгаа байдал нь л тэр юм шиг байгаа юм. Тийм учраас хэвлэл, мэдээлэл дэх энэ их мэдээллийн тодорхой хувийг ч гэсэн энэ сэдэвт хандуулахсан, илүү “күүл” байдлаар хүргээд эхэлбэл хүмүүс ч гэсэн бас сонирхоод эхлэх болов уу гэж бодсон. Хүмүүс ер нь мэдээлэлтэй байснаар нь л зөв шийдвэр гаргана шүү дээ. Жишээ нь, Энэтхэг улс агаарын бохирдлоор тэргүүлэх орнуудын нэг. Гэвч хүн амынх нь 80 хувь нь агаарын чанарын индекс гэж юу болохыг мэдэхгүй гэж судалгаанд хариулжээ. Тийм харанхуй байгаа хүмүүс өөрсдийгөө мэдээж хамгаалахгүй. Энэ нь мэргэжлийн хүмүүс ажлаа хүргэж чадахгүй байгааг харуулж байна. Тэгэхээр байгаль орчны асуудлыг та мэдсэнээр өөрийгөө, өрөөлийг хамгаалж чадна.
Бид хоёрт мэдээж дутагдалтай зүйлс бий ч мэдэж байгаа хүмүүсийн мэдээллийг илүү нэмэгдүүлье гэж бодсон. Бидний ажил бас дандаа сайн үнэлгээ авахгүй ээ. Заримдаа шүүмжүүд ч авна. Гэхдээ энэ нь биднээс илүү судлаач, профессоруудын “гижгийг” хүргээд энэ хоёр үнэхээр ийм мэдээлэл хүргэх чадамжтай хүмүүс мөн үү гэж эргэлзэж магадгүй. Тэгээд өөрсдөө ч бас подкаст эхлүүлээсэй, илүү мундаг хүмүүс, өргөн дататай, илүү гүн яриасай. Ямартай ч, бид хоёр ийм зүйл хийж болж байна, хүмүүс сонсч байна. Өргөн хүрээг хамраагүй ч, тодорхой хэмжээний сонсогчидтой болоод, эрэгтэй, эмэгтэй сонсогчдын харьцаа тэгшрээд, насны хувьд ч тодорхой бүлэг болчихсон. Хүрээлэн буй орчны мэдээлэл гэхээр дандаа уйтгартай, эсвэл сэтгүүлийн өгүүлэл байх албагүй шүү дээ.

-Та хоёр ямар подкастууд сонсдог вэ? Манай уншигчдад санал болгооч.
Ц: Сүүлд NPR-ийн подкаст сонссон юм байна. Сониноос надад NPR-ийн оффист очиж үзээд, NPR гэсэн микрофоны ард суучихсан зураг байдаг юм. Нэг л өдөр подкаст хийнэ дээ гээд одож явсан үе л дээ. Одоо тэгээд хартал мөрөөдөл биелчихсэн. Тэгээд ч юм уу би NPR-ийн подкастуудыг их сонсдог. Бас "This American Life" сонсох дуртай, хөтлөгч Ira Glass-ын фэн нь болсон. Подкастад үнэхээр дурлуулсан нь гэвэл “On Being” гээд илүү философи, шашны тухай ярьдаг цуврал.
З: Миний хувьд "Medical Research Podcast" гээд ангаахын чиглэлээр ихэвчлэн ярьдаг подкаст сонсч байгаа. Бас "CoolMongol", "Unlock"-ийг сонсоно. Саяхан нэг найз маань "Минималист" гээд подкаст санал болгосон. Энэ нь минимализмийг яаж бусад сэдэвтэй холбох уу, хосуудын харилцаа хүртэл яаж холбогдох вэ гэх мэт олон сэдвийн тухай ярилцдаг.
-Сүүлчийн асуулт нь олон сайхан подкаст байгаа ч, хүмүүс тэр бүр сонсох завгүй байх шиг байна. Эсвэл завтай байлаа ч удаан хугацаанд сонсоод суух буюу анхаарлаа төвлөрүүлэх хором, мөч бидэнд өдрөөс өдөрт хомс болж байна шүү дээ. Энэ тал дээр зөвлөх, өөртөө суулгах дадал, чадварын зөвлөгөө өгөөч.
З: Би бол орой унтахынхаа өмнө подкаст сонсдог. Тэгээд тухайн сэдвийнхээ талаар сонсчихоод л нам унтичхдаг. (инээв) Бас замд явж байхдаа, түгжрэл дунд, эсвэл алхахдаа ч юм уу сонсдог.
Ц: Би автобусанд их сонсдог. Заримдаа гүйхдээ сонсдог байлаа. Гэхдээ яг гүйхэд бол подкаст тохиромжгүй юм билээ. Учир нь, хамаг бие махбодь ажиллаж байхад дээрээс нь тархиа ажиллуулж мэдээлэл авна гэдэг хэцүү. Тэгэхээр маш их төвлөрөл шаардаагүй үед буюу замд, эсвэл хоол хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа сонсдог. Шинэ сонсогчдын хувьд бол хамгийн дуртай сэдвээ, сайн бэлтгэсэн подкаст сонсч эхлээрэй. Чихээрээ мэдээлэл хүлээж авч дасчихаад дараа нь төрөл бүрийнхийг сонсоход хялбар байх болно.