Хайх зүйлээ бичнэ үү

25 мин

"Тагтаа"-гийн шинэ ном "Дур булаам"-д багтсан 21 зохиолчийн талаар мэдэх ёстой зүйлс


"Тагтаа" хэвлэлийн газраас нэгэн сонирхолтой ном төрөн гарч буй нь тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн эмхтгэн орчуулсан "Дур булаам" ном юм. Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологид зохиол бүтээл нь багтсан зохиолчдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэхийн сацуу орчуулагчийн үгийг ч мөн дайж байна.

“Эдүгээ дэлхийн уран зохиолын чиг хандлага, хөгжил Монголтой харьцуулахад ямархуу түвшинд явж байна вэ?” гэх асуултыг цөөнгүй сурвалжлагчаас сонсож байлаа. Ажиглаад байхад олон газар давтагддаг асуулт шиг. Шууд мэдэмхийрэн хариулж эс болох энэ хэцүү асуултад бага ч болов хариу өгөх гэж ийм нэгэн өгүүллэгийн антологи эмхтгэн орчуулах ажил эхлэснээс хойш нэг мэдэхнээ гурван онтой золгожээ. Энэ хугацаанд өөрийгөө өнөөх сурвалжлагчдын оронд тавьж, асуултынхаа эрэлд биеэр гарсан минь гурван жилийн чөмөг дундалсан их ажил удах юм гэж яахин санах. Антологио сая эмхэлж дуусаад энэ хугацаанд хурааж цуглуулсан цаасаа цэгцэлж үзэхэд найман төстэй антологи, 13 дагнасан өгүүллэгийн түүвэр, 2462 бичгийн цаас материалыг бүрэн туулж байж энд таны унших өгүүллэгүүдийг сонгон авч орчуулсан байх юм. Үүн дээр нэмээд цахим талбар, мэргэжлийн сэтгүүлүүд, бусад сурвалжуудыг тоолж үзвэл мөн тооны материал шүүсэн биз ээ. Орчуулагч хүний хувиар нэг өгүүллэгийн түүвэр эмхтгэн орчуулснаас хэд гурван романы ард гарах нь арай хялбар дөт ажил гэдгийг биеэр мэдэх билээ. Ийнхүү зүтгэсэн ажлынхаа хүчир хүндийг эс тоочин цааш өгүүлэх нь:

Мэдээлэл шинэчлэгдэхгүй бол мэдлэг сэлбэгдэхгүй, мэдлэг сэлбэгдэхгүй бол бид цаг үетэйгээ нийлж алхах, дэлхийн хөгжилд дөрөө харших тухай бодоход хүнд. Уншигчдын сонголт таашаал хорьдугаар зууны эхэн үеийн дэлхийн уран зохиолоос нэг их холдоогүй манай орны хувьд чухам яг энэ цаг үед дэлхийн хүн зон юу уншиж, зохиолчид нь юу бичиж буйг зах зухаас нь ч болохнээ мэдэж, таньж байж өөрсдийн бүтээл туурвилын жин бан, чадал чансаа, үзэл санаа, ялгаа заагийг тодорхойлох биз ээ.
Зохиолчид болон бүтээлүүдийг сонгохдоо хамгийн нэр нөлөөтэй, борлуулалттай, шагналтайг нь түүхээс илүүтэй бүс нутгийн уран зохиолын онцлогийг харуулж чадсан, хүн зоныхоо соёл сэтгэлгээг ялгамжлан зурагласан, эсвээс энэ цагийн дэлхийн уран зохиолын нийтлэг хандлагыг хамгийн тод шингээсэн эсэхийг гол үзүүлэлт болголоо. Эмхтгэгчийн анхлан товлож байсан олон зохиолч өгүүллэгээр биш, уран зохиолын бусад төрөл жанраар илүү сайн нээгдэх юм байна гэсэн шалтгаанаар бусад зохиолчид байраа тавьж өгсөн тал бий. Чимамандо Нгози Адичи, Зади Смит, Евгений Жеоффрис, Жулиан Барнес гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй урт үргэлжлэх шинэ цагийн шилдэг туурвилчидтай та бүхэн Тагтаа Паблишингийн дараа дараагийн ном бүтээлүүдээр илүү гүнзгий танилцах биз ээ.

Басхүү бүтээлийн сонголтод Монголчуудын тухай өгүүлсэн онцгой сайн өгүүллэгүүдийг бодлогоор ч гэх үү, зорилготойгоор ч гэх үү сонгон шигтгэж өгсөн минь энэ түүврийн үнэ цэнийг улам нэмэх болов уу хэмээн найднам. Он цагийн хувьд бүтээлүүдийг аль болох шинэ байлгахын тулд зохиолчдын үе насыг эс харгалзан ихэвчлэн 1990 оноос хойш бичигдсэн өгүүллэгүүдийг цохлон орчууллаа.
Нэгэнт эдүгээ цагийн уран зохиол, 21-р зууны зохиолчдын бүтээлтэй танилцаж буйн хувьд нэн шинэ үеийнхний аж амьдрал, үзэл санаа, итгэл үнэмшлийн тусгал болсон эдгээр өгүүллэгүүдийн зарим сэдэв, өгүүлэмжид уншигчид маань цочин хэртхийх, эгдүүцэн бухимдахын оронд эл бүтээлүүдээр дамжуулан айсуй цагийн ая зан, авир маягийг ухаж ойлгох гээд үзэхэд гэмгүй биз ээ.

Бүтээлүүдийг сонгон орчуулахдаа бүх зохиолчтой холбоо тогтоож, албан ёсны эрхийг нь авч, заримаас нь сонголт, орчуулгын тал дээр зөвлөгөө авч, заримтай нь нэн шинэ үеийн уран зохиолын тухай яриа хөөр дэлгэж, антологио илүү нарийн сонголт, бүхэллэг уур амьсгалтай байлгахад ихэд хичээлээ. Антологийг эмхтгэн орчуулах явцад хийсэн судалгаа, жил сар дамнасан уйгагүй уншлагууд минь орчуулагч миний биеийг уран бүтээлчийн хувиар өсөж дэвжихэд ч үнэлж баршгүй хувь нэмэр болсныг энд олзуурхан дурдсу. Эцэст нь Монгол зохиолчдын авьяас билиг, суу сэтгэлгээг дэлхийн уншигчид дээжлэн хүртэх цаг мөдхөн ирээсэй гэж чинхүү сэтгэлийн угаас сүслэн залбирч энэхүү түүврийг таны өмнө дэлгэж байна.

Алтан харуул овогт
Батсуурийн Баясгалан

Грэйс Пэйли
/1922-2007/

Украйн эцэг, Еврей эхийн охин, нэг дэх үеийн цагаачдын үр удам Грэйс Пэйли (Grace Paley) Америкийн уран зохиолын ертөнцөд ч, улс төрийн тэмцэлийн хүрээнд ч өөрийн нэр, дүрийг мөнхөлж чаджээ. Их сургуульд байхдаа нэрт яруу найрагч Уйнстон Хью Одентэй дотно нөхөрлөсөн нь түүний хувь ертөнцөд гүнзгий нөлөөлж, Одены маягийн гашуун егөөг зохиол бүтээлдээ өвлөн хөгжүүлжээ. Грэйс постмодернист бичлэгийн хэв маягийг дурайтал үзүүлсэн богино өгүүллэгүүдээрээ уншигчдад танигдсан ч басхүү олонд нэртэй яруу найрагч байлаа. Уран бүтээлийнхээ хажуугаар Вьетнамын дайныг эсэргүүцсэн сэхээтнүүдийн хөдөлгөөн өрнүүлж, хүйтэн дайны үеэр зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг Орос, Америкийн Засгийн газрыг сөрөн жагсаж, Төв Америк дахь АНУ-ын цэргийн нөлөөллийг бууруулахын төлөө хүчтэй дуугарч явжээ. Грэйсийн үйл явдлаар хөөцөлдөхийн оронд дүрүүдээ харилцан яриагаар нээж өгдөг өвөрмөц арга барил Америк өгүүллэгүүдэд тийм ч түгээмэл бус үзэгдэл юм. Мөн зохиол дотроо чөлөөтэй хөврөх бичлэгийн шинэ туршицууд, уран зохиолын тухай хувийн үзэл санаа, уран бүтээлийн мөн чанарын тухай эргэцүүллүүд нь түүнийг “зохиолчдын зохиолч” гэж цоллуулахад хүргэсэн байдаг.

Итало Кальвино
/1923-1985/

Хорьдугаар зууны Италийн хамгийн чухал зохиолч Итало Кальвино 1923 онд Кубын Хаванад төржээ. Агрономич эцэг, ботаникч эх нь Латин Америкийн ой ширэнгийн бүсэд олон жил амьдарсан ч Кальвиног төрсний дараа төрөлх нутаг Итали руугаа буцаж, Сан Ремод суурьшжээ. Дэлхийн II дайны үеэр Германчууд Итали руу цөмрөхөд Кальвино фашистуудаас зугтаан партизануудтай нэгдсэн юм. Эхэн үеийн зохиолууд нь дайны үеэр үзэж туулсан бүхэндээ үндэслэсэн нь их. Удалгүй тэрээр тун ч авьяаслаг, ирээдүйтэй зохиолч гэдгээ олон бэсрэг зохиолоороо дорхноо баталж, олон улсад машид хурдан нэрийг олжээ. Кальвино амьдран туурвих хугацаандаа “Модон дээр амьдрагч Барон” (1957), “Үл үзэгдэх хотууд” (1972), “Огтлолцсон хувь тавилангийн цайз” (1973), “Хэрэв өвлийн шөнөөр нэгэн аянчин...” (1979) зэрэг олон амжилттай зохиол бичсэн нь алмайран гайхам баялаг төсөөлөл, хийсвэрлэл, домогчлон хүүрнэсэн уран бичлэгээрээ бидний улиглан мэдэх хүүрнэл зохиолын хил хязгаарыг тэлж, уран зохиолын энэ төрөлд цаашид олон зуун жил арвин ургац авах шинэ газар нутаг нээж өгсөн билээ.

Милан Кундера
/1929-/

Өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Милан Кундера 1929 оны 4 сарын 1-нд Чех улсад төржээ. Кундера социализмын замаар эргэлт буцалтгүй орсон Чехословакт улс төрийн шинэчлэл хийх гэж удаа дараа тэмцэн 1968 оны “Прагийн хавар” хувьсгалт хөдөлгөөнд биеэр оролцож, мөнхүү явдлаас сэдэвлэн “Хоржоон” хэмээх роман туурвиснаараа Чехословакт уран бүтээл туурвих эрхээ хасуулахад хүрч, 1975 онд Франц руу дүрвэн 1981 онд тэндэхийн иргэншил авсан түүхтэй.
Түүний хамгийн алдартай роман “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-д өдөр тутмын амьдралын эд эс, агшин хором бүрээс философийн гүн гүнзгий санаа нээн авч түүнээ энгүүн ойлгомжтой агаад нарийн торгомсгоор урлаж чаддаг зохиолчийн бичлэгийн өвөрмөц онцлог бүрнээ туссан байдаг. Австрийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг утга зохиолын томоохон шагналууд хүртсэн тэрээр жил бүрийн Нобелийн шагналын сунгаанд ямагт өнгөлж байдаг зохиолч юм. Кундера 10 гаруй роман, яруу найргийн 3 түүвэр, богино өгүүллэг, эсээ, шүүмжийн олон арван номтой.

Элис Мүнро
/1931-/

Элис Энн Мүнро 2013 онд “Орчин цагийн өгүүллэгийн их мастер” гэсэн тодотголтойгоор утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэнийг манай уншигчид санаж буй биз ээ. Угаас өгүүллэгээс өөр төрлөөр төдийлөн хөөцөлдөөгүй түүнийг энэ цагийн шүүмжлэгчид “Англи хэлтний уран зохиолын Чехов” гэх нь ч бий. Элис Мүнро дунд сургуульд байхдаа зохиол бичиж эхэлснээсээ хойш “Жаргалтай сүүдрүүдийн бүжиг” /1968/, “Охид, бүсгүйчүүдийн амьдрал” /1971/, “Чамд нэг зүйл хэлэх гэж байсан юм” /1974/, “Өөрийгөө хэн гэж бодоо вэ, чи?” /1978/, “Бархасбадийн дагуулууд” /1982/, “Багын найз” /1990/, “Хэтэрхий их аз жаргал” /2009/, “Эрхэм амьдрал” /2012/ зэрэг нийт 14 өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, тухай бүрт нь улсынхаа төдийгүй олон улсын нэр төртэй шагналууд гардаж байжээ. Түүнийг уран зохиол судлаач, шүүмжлэгчид өнөө цагт амьд мэнд бүтээлээ туурвиж буй англи хэлт зохиолчдын хамгийн гарамгай нь гэж онцлон цоллосоор байна.

Умберто Эко
/1932-2016/

Өнөө цагийн суутнуудын нэг, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, семиотикч Умберто Эко орчин цагийн утга, уран зохиолын ертөнцөд хэмжээлшгүй том орон зай, нөлөөллийг бий болгож, гайхамшигтай оюунлаг бичлэгүүдээрээ уншигчдын төсөөлж ч байгаагүй шинэлэг эрэл хайгуул, туршилтуудыг хийсэн, гарамгай сэтгэгчдийн нэг билээ. Тэрбээр “Сарнайн нэр” (1980) романаараа олон улсын тавцанд нэрийг олж, “Фукогийн дүүжинт цаг” романаараа хүүрнэл зохиолд пост модернист бичлэгийн арга маягийг дархалж өгсөн онцгой туурвилч байлаа. Умберто Экогийн зохиолууд гагц уран зохиолын бүтээл бус утга зохиолын онол, философийн бүтээлийн цогц байж чаддагаараа уншигчдын оюун санааг цэнгүүлэгч бус хөгжүүлэгч, шинэ мэдлэгт хөтлөгч болдог юм. Умберто Эко дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэрт семиотикч бөгөөд зохиолууд нь хэл шинжлэлийн салбарт хийж асан эрдэм судлалын ажлуудынх нь нэгэн салаа мөчир гэхэд болно. Экогийн нэрийг хамгийн өндөрт гаргасан “Сарнайн нэр” роман нь л гэхэд постмодерн уран зохиолын оргил бүтээл гэгддэг билээ.

Исмаил Кадарэ
/1938-/

Яруу найрагч, зохиолч Исмаил Кадарэ хүн зоныхоо арвин баялаг соёл, түүхийг орчин үеийн арга барилтай сүлэн бичсээр олон улсын уншигчдын дунд ихээхэн нэрийг олсон юм. Тэрээр 1936 онд Албанийн  Гирокастрад төржээ. Ажлын гараагаа орон нутгийнхаа шуудангийн албанаас эхэлсэн ч удалгүй Орост, Горькийн утга зохиолын сургууль дүүргэж, улмаар эх орондоо нэрийг олсон зохиолч болсон аж. Улс орныг нь олон арван жил удирдсан Энвер Хожагийн засгийг байнга шүүмжилдэг байсан Кадаре 1990 онд улс төрийн үзэл баримтлалаасаа болоод баривчлагдах аюул нүүрлэмэгц Франц руу оргон дутаажээ. Тэрээр яруу найрагчийнхаа хувиар эх орондоо ихэд алдартай ч олон улсын тавцанд хүүрнэл зохиолуудаараа илүүтэй танигдсан юм. “Мөхсөн армийн удирдагч” (1963) нь зохиолчийг олон улсад таниулсан анхны роман нь билээ. Тэрбээр 2005 онд олон улсын утга зохиолын хамгийн том шагналуудын нэг Бүүкерийн эзэн болжээ.

Людмила Петрушевская
/1938-/

Оросын нэн шинэ үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэгт Людмила Петрушевская яах аргагүй нэрлэгдэнэ. Хүний сэтгэл зүйн гүн рүү яргасан, бас ч гэж хоржоонтой өнгө аяс бүхий постмодернист бичлэгийн хэв маяг нь түүнийг Оросын төдийгүй дэлхийн уран зохиолын ертөнцөд бусдаас нэн ялгаруулж тодотгож өгдөг. Дайны үед эцэг эхээс өнчирч хамаатан садангуудаараа хэсэн, асрамжийн газарт хүртэл амьдарч явсан тэрээр хожим нь илт улс төрийн өнгө аясгүй ч Зөвлөлт засгийн үнэн дүр төрхийг ёгтолсон бараан уур амьсгалт зохиолуудаараа эрх баригчдын уур хилэнг бадрааж, тавин нас хүртлээ хориотой зохиолчдын тоонд орон ном бүтээлээ хэвлүүлж чадахгүй явжээ. Харин 2009 онд “Хөршийнхөө хүүхдийг бүрэлгэсэн нэгэн эмэгтэй амьдардаг байжээ” нэртэй өгүүллэгийн түүврээрээ “World Fantasy Award” хэмээх шилдэг уран сэтгэмжит зохиолд олгодог, дэлхийн уран зохиолын нэр хүндтэй шагнал хүртсэнээр олон улсад танигдаж, зохиол бүтээл нь 30 гаруй хэлнээ орчуулагдан хэвлэгджээ. Тэрээр хорь гаруй ном хэвлүүлсэн алдарт романч төдийгүй хүний дотоод сэтгэлийн хүүрнэлээр хөвөрсөн өвөрмөц, содон шийдэл бүхий жүжгийн зохиолуудаараа зүүн Европын театрын урлагийн сэргэлтэд ихээхэн нөлөө үзүүлж яваа том уран бүтээлч юм.

Амос Оз
/1939-/

Израйлын зохиолч Амос Клознер дэлхийн уран зохиолд Еврейн ард түмний төлөөлөл болсон гайхамшигтай авьяас билигт романч, богино өгүүллэгийн мастер төдийгүй улс төрийн нийтлэлч гэдгээрээ алдартай. Эцэг нь Литва, эх нь Польш гаралтай ч Амос багаасаа Йерусалимд төрж өсөн Еврейн шашны сургуулиар дамжин хүмүүжсэн, Еврей үндэстний томоохон сэтгэгч юм. Түүнийг дөрвөн настай байхад Израйл улс Палестинаас салан тусгаарлаж байжээ. Озийн эцэг 17 хэл мэддэг, Еврейн утга зохиолын профессор болох хүсэлтэй, эх нь үе дамжсан баяны охин, философич мэргэжилтэй, 8 хэл мэддэг маш боловсролтой хүн байсан ч Палестинаас нүүн шинэ тутам тусгаар тогтноод байгаа Израйл улсад ирж суурьшсанаасаа хойш тэд өөрсдийн эрдэм мэдлэгт тохирох ажил олж чадахгүй, хүндхэн амьдралтай тулгарчээ. Амьдрал нь улам дордсоор хүүг 12 настайд эх нь сэтгэл гутралаа дийлэлгүй амиа хорлосон юм. Эхийнхээ нас барснаас гурван жилийн дараа хүү төрсөн гэрээ орхин явж Хулда нэрт хөдөө аж ахуйн хамтралд элсэн Хулда гэр бүлийн хүү болсноор өөрийн нэрээ Оз буюу эр зориг болгон өөрчилсөн билээ. Тэрээр 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж хамтралынхаа сонинд анхны бүтээлүүдээ хэвлүүлжээ. Өдгөө тэрээр 14 роман, таван өгүүллэгийн түүвэр, олон арван нийтлэл, эсээний ном хэвлүүлж дэлхийн 45 хэлнээ орчуулагдсан, Гётегийн нэрэмжит утга зохиолын шагнал, Испанийн Хунтайж Астуриасын нэрэмжит утга зохиолын шагнал, Израйлын утга зохиолын шагнал, Франц Кафкагийн нэрэмжит утга зохиолын шагнал зэрэг дэлхийн нэр хүндтэй ихэнх шагналыг хүртсэн томоохон зохиолч болжээ.

Салман Рушди
/1947-/

Хорин нэгдүгээр зууны хамгийн дуулиантай зохиолчдын нэг Салман Рушди 1947 оны нэгдүгээр сарын 19-нд Энэтхэгийн Бомбей /одоогийн Мумбай/ хотод чинээлэг бизнесмэн Анис Ахмед Рушдигийн ганц хүү болон төржээ. Кэмбрижийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. Анхны ном нь 1975 онд хэвлэгдсэнээс хойш шүүмжлэгчдийн анхааралд өртсөн Рушди 1981 онд “Шөнө дундын хүүхдүүд” хэмээх роман хэвлүүлсэн нь олон улсын уншигчдыг байлдан дагуулж, утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Бүүкерийг хүртсэн юм. Уг зохиол 1993, 2008 онуудад тус шагналыг хүртсэн зохиолуудын хамгийн шилдгээр ахин дахин нэрлэгдэж байв. Рушди 1988 онд “Шулмын шүлгүүд” нэртэй нэгэн роман хэвлүүлсэн нь Исламын шашны үнэт зүйлсэд халдсан хэмээн буруутгагдаж 1989 оны хоёрдугаар сарын 14-нд Ираны шашны тэргүүн Аяатолла Хомэйн түүнд Шашны шүүхийн дээд цээрлэл, цаазаар аваачих ял тулгасан юм. Исламын улаан хамгаалагчдын хэн нь ч мөнхүү ялыг өөрийн гараар гүйцэтгэхэд бэлэн байсан тул амь насанд нь аюул занал учирсан зохиолч олны нүднээс нуугдан амьдрахаас аргагүйд хүрч, Английн цагдаа нар түүнийг нэн хатуу чанд байдал дор арав илүү жил хамгаалж байжээ.
Ираны Засгийн газар 1998 онд Аяатоллагийн шийтгэсэн алах ялыг дэмжихгүйгээ албан ёсоор мэдэгдсэнээр энэхүү хурцадмал байдал сая намжиж Рушди олон нийтийн дунд бага багаар ил гарч эхэлсэн юм. Тэрээр 2012 онд алах ял заагдсаны улмаас хүмүүсийн нүднээс далд амьдрах болсон арван хэдэн жилийнхээ тухай “Жозеф Антон” хэмээх дурсамжийн номоо хэвлүүлжээ. Мөнхүү хүнд хэцүү жилүүддээ зохиолч Жозеф Антон нэрэн дор халхлагдан амьдарч байсны учраас тэр ээ.

Колм Тойбин
/1955-/

Ирландын Вексфордод 1955 онд төрсөн Тойбин өнөө цагийн англи хэлтний уран зохиолын чухал төлөөлөгчдийн нэг болжээ. Залуу насаа Испани, Судан, Египет, Аргентин, Хойд Америкаар аялж өнгөрүүлсэн тэрээр нэрд гарсан зохиолч болохоосоо өмнө сэтгүүлчийн ажлуудаараа уншигчдын анхаарлыг татаж, сэтгүүл зүйн чамгүй олон ном, бүтээл туурвисан байдаг. Чингээд 1990 оноос хойш утга зохиолын бүтээл дагнан туурвих болж, нэр хүндтэй олон арван шагналын эзэн болсон юм. Улмаар тэрээр Станфордын их сургууль, Колумбиагийн их сургууль, Манчестерийн их сургууль зэрэг дэлхийн нэр хүндтэй боловсролын байгууллагуудад уригдан утга зохиолын мэргэжлийн ангиудад туурвил зүйн лекц унших болжээ. Мөн тэрээр ижил хүйстэн гэдгээ огт нуулгүй, олны нүдэн дээр ил амьдардаг, эл сэдвээр ч чамгүй олон бүтээл туурвиснаараа нэн өвөрмөц зохиолч юм.

Юй Хуа
/1960-/

Өнөө цагийн Хятадын хамгийн алдартай зохиолчдын нэг Юй Хуа 1960 онд урд хөршийн Жөжян мужийн Хайянь тойрогт төржээ. Эцэг, эх нь хоёулаа эмч мэргэжилтэй тул тэрбээр гэр бүлийнхээ уламжлалыг даган шүдний эмч болсон ч “өдөржин хүмүүсийн ам шагайж суухаас залхсан” тул ажлаа орхиж зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Чингээд таван жилийн дараа анхны өгүүллэг нь Бээжингийн утга зохиолын сэтгүүлд хэвлэгдсэнээр олонд танигдах эхлэл нь тавигдсан аж. Юй Хуа 1980-аад онд уран зохиолын ертөнцөд хүч түрэн орж ирж, энгийн атлаа маш нягт өгүүлэмжтэй, орчин үеийн амьдралын баялаг сэдэв бүхий зохиолуудаараа Хятадын утга зохиолыг шинэчилсэн нэгэн үеийн төлөөлөл билээ. Тэрээр “Амьдрахуй” /1993/, “Цусаа худалдагчийн түүх” /1995/, “Ахан дүүс” /2005/ зэрэг олон роман, олон улсад алдаршсан цөөнгүй өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн билээ. “Амьдрахуй” романаар нь 1994 онд найруулагч Жан Имоу адил нэрт кино хийсэн нь Хятадад хориглогдсон ч олон улсад маш их амжилт олж, дэлхийн хэмжээний олон кино наадмын шагнал хүртсэн билээ. Юй Хуа уран зохиолын ертөнцөд гаргасан амжилтаараа 2002 онд Жэймс Жойсийн шагнал хүртэж дэлхийн уран зохиолын энэхүү нэр хүндтэй шагналыг гардсан анхны хятад хүн болсон юм.

Шерман Алекси
/1966-/

Одоо цагт уран бүтээлээрээ цолгорон яригдаж буй, шинэ цагийн шилдэг зохиолчдын нэг бол яах аргагүй Шерман Алекси юм. Ялангуяа Америкийн утга зохиолын ертөнцөд нутгийн уугуул иргэдийн дуу хоолойг төлөөлж буй цөөхөн зохиолчдын нэг билээ. Бага насаа Индианчуудын тусгаарлах бүсэд өнгөрүүлсэн Алекси “Эдүгээгийн ийм цаг үед индиан хүний амьдралаар амьдрахын утга учир юу вэ? Индиан хүн байх гээч нь өөрөө ямар утга учир, мөн чанартай вэ? Индианчуудыг тусгаарлах бүс нутагт бүх насаа өнгөрүүлэхийн утга чанар бас юу вэ?” гэсэн гурван асуултын хүрээнд зохиол бүтээлийнхээ гол санааг зангидаж бичдэг гэж нэгэн судлаач онцолжээ. Шерман Алекси яруу найраг, кино зохиол, богино өгүүллэг, роман зэрэг утга зохиолын олон төрлөөр туурвиж өнөөгийн уншигчдын хүндтэй зохиолч болж чадсан бөгөөд Хэмингүэйн болон Фолкнерийн нэрэмжит шагнал, Америкийн шилдэг номын шагнал, залуу зохиолчдод олгодог Үндэсний номын шагнал зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртжээ.

Жумпа Лахири
/1967-/

Энэтхэг-Америкийн зохиолч Жумпа Лахири 1999 онд “Зовиур шаналлын хэлмэрч” богино өгүүллэгийн түүврээ хэвлүүлснээр олон улсын уншигчдад танил болж, уг номоороо Пулицерийн шагнал, Хэмингуэйн шагнал, О.Хенригийн нэрэмжит утга зохиолын шагналын эзэн болон шуугиан дэгдээсэн юм. Түүнээс хойш “Амьдай” /2003/ роман, “Дасаагүй ертөнц” /2008/ богино өгүүллэгийн түүвэр, “Нам газар” /2013/ роман туурвижээ.
Лахири Бостоны их сургуулийг мэргэжлийн зохиолчоор төгсөж тэндээ багшилж байгаад эдүгээ Принстоны их сургуулийн мэргэжлийн зохиолчийн хөтөлбөрийг удирдаж буй. Мөн тэрээр саяхнаас англи хэлнээ ахиад бүтээл ном бичихгүй, цаашид бүх зохиолоо өөрийнхөө хэдхэн жилийн өмнөөс сурч эхлээд буй итали хэлээр туурвих болно хэмээн мэдэгдэж утга зохиол судлаач, уншигчдын дунд томоохон дуулиан тариад буй юм. Түүний эх хэл бенгаль ч багаасаа англи хэлний орчинд өсч торнин нэрээ таниулсан зохиолуудаа ч англиар бичсэн юм. Гэтэл тэрбээр эх хэлээрээ ч, сурсан дассан хэлээрээ ч бүтээл туурвихаас татгалзаж, нас дөч гараад сурсан, гуравдагч хэлээрээ утга зохиолын бүтээл туурвина гэж мэдэгдсэнд нь олон хүн гайхширсаар байна.

Ким Ионгха
/1968-/

Солонгосын шинэ үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Ким Ионгха 1968 онд Хуачонь мужид төржээ. Эцэг нь цэргийн хүн болохоор тэднийх байнга нүүж суудаг байв. Багадаа нүүрсний утаанд угаартсаны улмаас арван наснаасаа өмнөх ой дурсамжаа алдсан гэдэг. Тэрээр Ёнсэй их сургуулийг 1993 онд дүүргээд Сувоны нэгэн цагдаагийн хэсэгт туслах мөрдөгчөөр ажиллан цэргийн албаа дүйцүүлэн хаажээ. Харин 1995 оноос уран бүтээлийн замналаа тууштай эхлүүлж “Надад өөрийгөө егүүтгэх эрх бий” (1996), “Хар цэцэг” (2004), “Эх орон чинь чамайг дуудаж байна!” (2008), “Алуурчны ой санамжийн лавлах” (2017) зэрэг романууд туурвисан нь зохиогчоо ихэд алдаршуулжээ. Капиталист нийгэм, биеэ шүтэх үзэгдэл, хотын соёл, нягт суурьшлын эсрэг хүн хүнээсээ алсрах, харьшиж тусгаарлах үзэгдэл, амиа хорлолт, ижил хүйстний харилцаа гэх мэт орчин үеийн амьдралын өргөн сэдвүүдийг барьж аваад, түүнийгээ хуванцар урлал, культ кино, хөгжим гэх мэт хэрэглэгдэхүүнүүдээр дамжуулан тун хурц, чадмаг илэрхийлсэн түүний бичлэгийн сонирхолтой ур маягийг зохиолуудаас нь элбэг харж болно.

Эдвиж Дантика
/1969-/

Өнөө цагийн нэр хүндтэй зохиолчдын нэг Дантика 1969 онд Гайтийн нийслэл Порт-о-Прэнст төржээ. Эцэг, эх нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр охиныг мэдээ ороогүй байхад дүүтэй нь хамт орхиод АНУ руу цагаачлав. Тийнхүү охин дүүгийн хамт нагац эгчийндээ өсчээ. Дантика айлд тавиул хүүхэд болон үлдсэнээсээ хойш найман жилийн дараа, 12 настайдаа эцэг эхийнхээ араас АНУ-д очжээ. Өсөж томроод Брауны их сургуулийг мэргэжлийн зохиолчоор дүүргэж, Нью-Йоркийн их сургууль, Майамигийн их сургуульд туурвил зүй заахын зэрэгцээ эх орон Гайтийнхаа нийгмийн асуудлуудад идэвхтэй оролцон дуу хоолойгоо өргөдөг, нийгмийн зүтгэлтэн болжээ. Ерээд оны дунд үеэс уран бүтээлүүд нь албан ёсоор хэвлэгдэж эхэлсэн бөгөөд “Амьсгал, нүд, дурсамжууд” (1994), “Ясны ферм” (1998) зэрэг роман, олон өгүүллэгийн түүвэр, эсээний ном хэвлүүлжээ. Уран зохиолын нэр хүндтэй сэтгүүл Грантагаас 1996 онд түүнийг “Америкийн хамгийн шилдэг залуу зохиолч” хэмээн өргөмжилсөн байдаг. Хэдийгээр АНУ руу нүүж, тэнд боловсорсон ч Дантика өөрийгөө үргэлж Гайти хүн хэмээж, зохиол бүтээлдээ ч эх орон, ард түмнээ, тэнд төрж, өссөн өөрийн түүх, ахуй заншлаа голчлон бичдэг юм.

Ахил Шарма
/1971-/

Ахил Шарма 1971 онд Энэтхэгийн Дели хотод төржээ. Багадаа эцэг эхээ даган АНУ-д хөл тавьсан тэрээр эдүгээ цагийн өсч яваа, хамгийн авьяаслаг залуу зохиолчдын нэг юм. Принстоны их сургууль болон Станфордын их сургуулийн утга зохиолын ангийг дүүргэснийхээ дараа нэр хүндтэй олон сэтгүүлд бүтээлүүдээ хэвлүүлж, уншигчдын танил болж эхэлсэн юм. “Номхон эцэг”/2001/ нэрт анхны роман нь хэвлэгдсэн даруйдаа Хэмингүэйн нэрэмжит утга зохиолын шагнал хүртжээ. Удаахь роман нь “Гэр бүлийн амьдрал” нэртэй хэвлэгдэж 2016 онд утга зохиолын Фолио шагнал, Дублины олон улсын утга зохиолын шагнал тус тус хүртсэн юм.

Лара Вапняр
/1971-/

Лара Вапняр 1971 онд Москвад төржээ. Оросын еврей гэр бүлд төрж өссөн тэрээр бусдын л адил илүү таатай амьдралын нөхцөл эрэн 21 настайдаа нөхрийн хамт Америкийн нэгдсэн улсыг зорьжээ. Америкт буухдаа гурван сартай жирэмсэн байсан Лараг хүний нутагт үр хүүхдээ өсгөх, гэр орноо босголцох хүндхэн даваа тосчээ. Америкт цагаачилж очсон оросууд ихэнхдээ компьютерийн программчид, засварчид болдог. Лара ч тэр жишгийг даган олон жил компьютерийн программчнаар ажиллажээ. Бусдын нутагт ганцаардаж гуниглах үедээ хааяахан номын хуудас эргүүлнэ. Тэгж байхдаа “Би үүнээс арай л дээр бичнэ дээ” гэсэн итгэл төрөөд байж. Тэгээд л бичиж эхлэсэн нь хоёр мянгаад оны эхэн үе.
Одоо бол тэр олон улсад танигдаж эхлээд буй Оросын уран зохиолын шинэ од. Лара “Шилмүүсний үнэр” (2014), “Эндээ л байсаар” (2016) нэрт романууд хэвлүүлсний дээр хоёр ч өгүүллэгийн түүвэр, нэг дурсамжийн ном бичжээ. Эдүгээ тэрээр Колумбын их сургуульд уран зохиолын туурвил зүйн хичээл зааж байна.


Июнь Ли
/1972-/

Хэдэн жилийн өмнө Нью-Йоркер сэтгүүлийн тун найдлага төрүүлэхүйц гэж цохон нэрлэсэн “Дөч хүртэлх насны хорин зохиолч”-ийн нэг, Хэмингвэй, Франк О’Коннер, О.Хенригийн нэрэмжит шагналт, МакАртурын тэтгэлгийн эзэн, Дублины утга зохиолын дээд шагналт Июнь Ли 1972 онд Бээжин хотноо цөмийн физикч эцэг, багш эхийн охин болж мэндэлжээ. Цөмийн зэвсэг хөгжүүлэх нууцын зэрэглэлт ажил хийдэг эцгийнх нь хувьд гэр бүлээ аваад Америк дүрвэх тухай ярих нь түгээмэл байв. Тэднийх 1996 онд Хятадаас гарч, Июнь Ли Америкийн Нэгдсэн Улсын Айова мужийн Айовагийн их сургуульд дархлал судлалаар суралцжээ. Сургуулиа төгсмөгцөө мөн сургуулийнхаа нэр хүндэт утга зохиолын тэнхимд элсэж мэргэжлийн зохиолч болсон байна. “Алтан хүү, маргад эрдэнийн охин”, “Мянган жилийн чин сүзэгт залбирал”, “Тэнүүлчид”, “Ганцаардлаас ч өр зөөлөн” зэрэг богино өгүүллэгийн түүврүүд нь зохиолчийнхоо алдар хүндийг өргөж, дээр дурдсан нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртжээ. Тэрээр зохиол бүтээлээ англи хэлээр туурвидаг бөгөөд “Миний тархи хятад хэлийг минь алгуурхан сэгсрээд гаргачихсан. Би англиар зүүдэлж, өөртэйгээ англиар л ярьдаг. Эх хэлнээсээ хүй тасална гэдэг миний гаргасан хамгийн хэрцгий шийдвэр байсан” гэж дурссан нь бий.

Юүко Саката
/1977-/

Юүко Сакатаг зохиолчийнх нь хувиар Японд, эсвэл Азид таних хүн ховор биз ээ. Гэвч тэрээр хойд Америкт уран бүтээлээрээ чамгүй танигдаад буй, шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг юм. Вискинсон-Мэдисоны их сургуулийн мэргэжлийн зохиолчийн хөтөлбөрийг 2013 онд дүүргэсэн тэрээр богино өгүүллэгүүдээрээ Жеффри Е.Смитийн шүүмжлэгчдийн шагнал, Август Дерлетийн шагнал хүртэж, МакДоуэл Колонийн тэтгэлэг горилжээ. Дор танилцуулж буй өгүүллэг нь 2015 оны Америкийн шилдэг өгүүллэгүүдийн нэгээр нэрлэгдэж байлаа. Орчуулагч бээр Японы нэгэн нэр хүндтэй зохиолчоос өнөө цагийн япон уран зохиолын голлох сэдэв юу болохыг асуухад манай зохиолчид “Gender Identity” буюу хүйсийн шинж чанарын тухай давамгайлж бичих болсон гэж хариулсан юм. Тиймээс ч орчин цагийн япон уран зохиолын гол сэдвүүдийн нэгийг бүрэн илэрхийлэх болуужин хэмээн энэ өгүүллэгийг онцолж сонголоо.

Хуан Чон Кай
/1981-/

Тайванийн зохиолч Хуан Чон Кай (黃崇凱)-тай би АНУ-д, Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт хамрагдаж байхдаа танилцаж дотно нөхөрлөсөн юм. "Цаг хугацааны агуулга", "Шар зохиол", "Дэлхийн Ванаас цааш" зэрэг роман, “Түрий” нэрт өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн. Тайванийн Их Сургуульд Түүхийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан тэрээр өдгөө Франц цагаан толгойн үсэг нэг бүрээр эхлэсэн философийн нэр томъёонуудыг тал талаас нь задлан зохиол бичдэг “Цагаан толгойн лаборатори” (字母會」)нэрт Тайванийн экспериментал зохиолчдын бүлгийн гишүүн юм. Кай бол зохиол бүтээлүүд нь үндэсний хэмжээний томоохон шагналууд, санал асуулгуудад дандаа тэргүүлдэг, Тайванийн хамгийн алдар хүндтэй, залуу зохиолчдын нэг билээ. Хамгийн сүүлд биднийг Айовад байх хугацаанд “Цаг хугацааны агуулга” ном нь Тайванийн үндэсний утга зохиолын шагнал хүртэж, баярыг нь хамт тэмдэглэж байв. Дашрамд дурдахад түүний Кай хэмээх нэр дайн тулаанаас ялалтын дуутай гэртээ эргэж буй баатар эр гэсэн утгатай.
 

Фатима Бхутто
/1982-/

Фатима Бхутто Пакистаны Кабул хотод, тус улсын дөрөв дэх ерөнхийлөгч Зульфикар Али Бхуттогийн хүү, Муртаза Бхуттагийн гэр бүлд мэндэлжээ. Гуравхан настайд нь эцэг эх нь салж, эцэг нь охиноо авчээ. Охиныг төрөхөөс өмнө Мухаммед Зия-уль Хак хэмээх генерал төрийн эргэлт хийж, Пакистаны засгийн эрхийг авсан тул цэргийн эргэлтийн үеэр цаазаар авахуулсан хуучин ерөнхийлөгчийн гэр бүлийн хувьд тэднийхэн эх орноосоо дүрвэхээс аргагүйд хүрч, Фатима охин аавыгаа даган улс улс дамжин амьдрах болжээ. 1979 оноос эхэлсэн Зия-уль Хакийн арван жилийн ноёрхлын эцэст охины авга эгч Бенизер Бхутто Пакистаны ерөнхий сайд болов. Энэ зуур Аль-Зулфикар нэрт цэрэг, улс төрийн гэмт бүлэглэл байгуулж амжсан эцэг нь цэргийн шүүхээс цаазын ял сонссон ч мултарч чаджээ. Чингээд 1993 онд нутагтаа эргэн очсон ч тухайн үед Ерөнхий сайд байсан эгчийнхээ тушаалаар, терроризм үйлдсэн хэрэг тулгуулан баривчлагдсан байна. Эгч, дүүсийн хагарал 1996 онд орон нутгийн сонгуульд хүчтэй өрсөлдөж явсан Муртазаг цагдаа нар буудан хороосноор төгсөв. Фатима Бхутто эцгийнхээ үхэлд авга эгчийгээ буруутай гэж үздэг юм. Тэр хэдий өнчирч үлдсэн ч төрсөн эх дээрээ очихоос татгалзаж, хойт эх, эцэг нэгт дүү хоёртойгоо амьдрах болжээ. Фатима АНУ-д Колумбиагийн их сургуулийг дүүргэсэн. Арван тавхан насандаа “Цөлийн шивнээ” нэрт анхны номоо хэвлүүлснээс хойш “Хавирган сарны сүүдэр” (2013), “Зугталт” (2018) зэрэг роман, “Цус ба сэлэмний дуун” (2010) нэрт дурсамжийн ном хэвлүүлжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
6
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.02 122.201.21.156

haanaas avah ve?

0 Хариулах