Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Тахлын үеийн театр

Китри гал тогоонд салат хутгангаа арабеск зогсохыг инстаграмаас харж болно.


Хоолны ширээнээ дэвтрээ дэлгэсэн дүрэмт хувцасгүй сурагчдын өмнөх дэлгэцэнд багш заримдаа хормогчтой харагддаг, дэлхийн театруудын тайзыг голж шилэн гэрээлж гардаг алдартнууд гэрийнхээ тагтан дээрээс энгийн хүмүүст үнэ хөлсгүй дуулж урам зориг тараасан онцгой өдрүүд тахлын үеийн урлаг бас боловсролын салбар дахь бодит өөрчлөлтүүдийг авчирсан. 2019-2020 оны хичээлийн жилд манай улсын 6-18 насны 647 мянган хүүхэд хичээллэсэн нь давхардсан тоогоор энэ тооны айл өрх теле болон онлайн сургалтад хамрагдсан нэгэн жил өнгөрчээ. Гэр гэрээсээ цагаан толгойн баярт онлайнаар нэгдсэн ч эрсдэлтэй цагт заавал танхимд очихгүй, ангийн хамт олны дунд суухгүйгээр гэртээ суралцаж болохыг, бие даах, өөртөө хариуцлага хүлээн гүйцэтгэх чадвар хүүхдүүдэд хэчнээн чухлыг ойлгуулав. К-тахал дэлхийг өөрчилж байгааг бид одоо тайвнаар харж дасчээ. Нийгэм, эдийн засгийн салбар бүр шинэ туршлага, сургамжуудтай боллоо. Одоо хоёр дахь давалгаа, сорилт удахгүй эхлэх гэж байна. 

Гоо галбирс, авьяас мэдрэмжүүд цогцолж урлан бүтээхийн хамтрал бол балетын урлаг. Энд нэг хүний үйл хэрэг, дур мэдэх, бие даах тухай ойлголтыг зөвшөөрдөггүй тул хөл хорионы дэглэм балетынхны өдөр тутмын бэлтгэлд хүнд тусав.

Киноны танхимууд үүдээ нээчихлээ, гэтэл театр..? Нөгөө алдарт “Анна Каренина”-гийн монгол анонс яалаа? Улсын театрт анхны дуурь тавигдсанаас хойш 70 дахь жил тохиож буй суут ой ямар чимээгүй өнгөрч байна аа? Сонгодог урлагийн үзэгчдээс дуурь, балет, драмын театрынханд асуултууд ирсээр байна. Үүнтэй яг ижил театрын жүжигчид ч тайз, үзэгчдэдээ тэсгэл алдан тэмүүлж байна. Дуурь, балет, эсвэл драмын жүжиг тайзнаа тавихын тулд театр нэг дор 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах шаардлагатай. Үзэгчид амны хаалттай, 2-3 суудлын зай барьж тухлаад ч коронавирусын эрсдлээс сэргийлэх дэглэм нүдэн дээр нь, тайзнаа шууд зөрчигдөх тул киноноос ялгаатай учраас энэ удаа зөвхөн кинотеатрууд л хаалгаа нээжээ. 

Гоо галбирс, авьяас мэдрэмжүүд цогцолж урлан бүтээхийн хамтрал бол балетын урлаг. Энд нэг хүний үйл хэрэг, дур мэдэх, бие даах тухай ойлголтыг зөвшөөрдөггүй тул хөл хорионы дэглэм балетынхны өдөр тутмын бэлтгэлд хүнд тусав. 2020 оны нэгдүгээр сараас хойш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа бүжгэн жүжиг тоглосонгүй. Мөн энэ оны гуравдугаар сараас хойш өнөөг хүртэл дэлхийн бүхий л театрын хаалганд тууз татагдсан нь сонгодог урлаг дахь коронавирусээс өмнөх ба хойших гэсэн заагийг ялгаж салгаж орхив.  

УДБЭТ-ын тайзнаа хамгийн сүүлд тоглосон балет 2020 оны нэгдүгээр сарын 19-ний огноотой “Уран хас” байсан бол нэгдүгээр сарын 26-нд “Үүлэн заяа” дуурь эгшиглэснээр театрт хөл хорьсон. Түүнээс хойших долоон сарын хугацаанд театрын жүжигчид онцгой дэглэмд захирагдан нэг ээлжиндээ 5-аас олонгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөр тутмын бэлтгэлд хамрагдаж байгаад энэ сард ээлжийн амралтаа авцгаав. Үзэгчдийн алга ташилтыг сонсолгүй долоон сар болсон балетынхны хувьд хэд хоногийн туршид фэйсбүүкт эрчээ авч буй монгол бүжгийн чэллэнж ид хаваа гайхуулах боломж олгов. Залуус хөдөөгийн замд сонгодог бүжгийн дэгээр өөрсдийн гэсэн Шарка-Барка бүжиглэсэн нь олны таашаалыг хүртэж, тэдний бичлэг долоо хоногт 7 мянган хэрэглэгчийн хуудаст хуваагдаж, хэдэн зуун мянган үзэлт даруй нэмэгдэн, лайк ч гэрлийн хурдаар үржигджээ. 

Большой театр, Парисын театрын балет ангийнхан гал тогооны өрөө, тагт, бүр ногооны талбайгаас сургуулилж буй зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд байрлуулсан байхыг харж болох бөгөөд төгс гоо тэдний дэргэд сонгодог урлаг ойлгохгүй нохой, муур, бага насны хүүхдүүд харагдах нь энгийн үзэгчдийн ахуй байдалд ойртсон дотно сэтгэгдлийг төрүүлэх аж.

Гадаадын балетчид ч бас тайзаа үгүйлж, бэлтгэл сургуулилалтаа гэрийн нөхцөлд үргэлжлүүлж байна. Большой театр, Парисын театрын балет ангийнхан гал тогооны өрөө, тагт, бүр ногооны талбайгаас сургуулилж буй зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд байрлуулсан байхыг харж болох бөгөөд төгс гоо тэдний дэргэд сонгодог урлаг ойлгохгүй нохой, муур, бага насны хүүхдүүд харагдах нь энгийн үзэгчдийн ахуй байдалд ойртсон дотно сэтгэгдлийг төрүүлэх аж. Михайловскийн театрын бүжигчид сонгодог балетын алдарт үзэгдлүүдээс гэрийн нөхцөлд гүйцэтгэж буйгаа цахим сүлжээнд тавьсан нь мэргэжлийн ур чадвар хийгээд хошин мэдрэмжийг хослуулжээ. Жизель зочны өрөөнд гартаа шүүртэй хөвөн дүүлэхийг, ваннад Эспада алчууртай тореадор үзүүлж, Китри гал тогоонд салат хутгангаа арабеск зогсохыг инстаграмаас харж болно. 

Тахлаас өмнө урлагийн дээд хэмжүүрийг илтгэж, тэр хэрээр эрхэмсэг театр, тансаг тайзнаа өндөр дээд мэдрэмжүүдэд зориулан тоглогдож асан балет тахлын дэглэмд нийцүүлэн зэрэг зиндаагаа бөхийлгөв. Энэ нь балетад дурлагч, сонирхогчдын хувьд ч, бэлтгэлээ урьдынх шиг хийж чадахаа больсон мэргэжлийн балетчдад ч хөл хорионд өдөр алгасахгүй хичээллэх, форм алдахгүй байх боломж юм. Дэлхийн балетын урлагийн энэ цагийн домог Ромын театрын уран сайхны удирдаач Элеонора Аббаньято, Английн үндэсний балетын захирал бөгөөд прима бүжигчин Тамара Рохо, Парисын театрын тэргүүн зэргийн залуу од Юго Маршан болон Оросын алдартай балетчидтай хэн хүссэн нь бөмбөрцгийн аль ч булангаас онлайнаар хамт хичээллэх боломж бий боллоо. Сонгодог урлагт дурлагсдын тоог цахим сүлжээн дэх хандалт, лайкаар хэмжвэл сая саяар нэмэгдэж байна. Муу хар тахалд муугүй талууд бас байх. Ганцхан Лондоны Ковент-Гарден театрын захиргаа л тахлаар далимдуулан интернэт хэрэглэгч мэргэжлийн бус хүмүүстэй харилцахыг жүжигчдэдээ хориглосон хэвээр.

УДБЭТ тахлын гутранги үеийг зогсонги өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа аж. “Фэйсбүүк дэх пэйж хуудсаараа дамжуулан олон нийтэд жүжигчин тус бүрийг танилцуулж эхэлснээр өмнө нь 13 мянгатай байсан хандалт богино хугацаанд өсөж, 19 мянгад хүрсэн” гэж театрын маркетингийн ахлах менежер Н.Отгонжаргал ярьлаа. Коронавирусын улмаас театрын 2019-2020 онд төлөвлөсөн 72 тоглолтын 40 нь цуцлагдаж, шинээр болон сэргээн тавих дуурь, балетын ажлууд хойшлогджээ. Хэдий болтол хойшлогдох талаарх мэдээлэл, 2020-2021 оны нээлт аравдугаар сард болох, эсэх тов Н.Отгонжаргалд алга. Театр даяараа Улсын онцгой комиссын есдүгээр сарын 1-ний шийдвэрийг хүлээж байгаа аж. 

“УДБЭТ-ын түүх 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Учиртай гурван толгой” дуурь Монголын тайзнаа анх тавигдсанаар эхэлдэг. Тиймээс манай хамт олон театрынхаа 70 жилийн ойг тохиолдуулан энэ оны зургадугаар сараас “Учиртай гурван толгой”, “Үйлийн гурван толгой” балет зэрэг үндэсний дуурь, балетуудыг сэргээн тавихаар өнгөрсөн онд төлөвлөчихсөн байлаа. Хархорум хотын 800 жилийн ойд зориулан Д.Дувсаншаравын “Хархорин” дуурийг тавьж, үндэсний их баяр наадмаар толилуулах байж. Түүнчлэн дэлхийн сонгодог Ж.Пуччиний “Турандот”, Ж.Вердийн “Трубадор” дуурийг сэргээн тавихаар бэлтгэж байлаа. Энэ дууриудад Италиас хоёр найруулагчийг ажиллуулахаар тавдугаар сард урьснаа цуцалсан” хэмээн УДБЭТ-ын маркетингийн ахлах менежер Н.Отгонжаргал өгүүлэв. Энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-д зохиогдох байсан олон улсын балетын бүжигчдийн “Арабеск” уралдаанд манай улсын бүжигчид оролцох байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан, тавдугаар сард Улаанбаатар хотод олон улсын балетчдын үдэшлэг зохион явуулахаар төлөвлөгдсөн нь мөн цуцлагджээ. Хэрэв тахлын эрсдэл бий болоогүй байсан бол энэ наймдугаар сард Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн үзэгчид УДБЭТ-ын жүжигчдийн тоглолтыг орон нутагтаа “амьдаар” сонирхох байлаа. 

“...байлаа” гэх харуусал дахиад ямар төлөвлөгөөг хойшлуулж, цуцлах, эсвэл ямар шинэ нөхцөл, боломж, сорилт авчрахыг одоогоор хэн ч мэдэхгүй байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.