Хайх зүйлээ бичнэ үү

Саяхан нээлтээ хийсэн “Хөөрхөн ээжтэй охин” МУСК-ны продюсер, гол дүрийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төрбатын Бархүүтэй ярилцлаа. Түүний шинэ уран бүтээлийн тухай, уран бүтээлч хүний амьдралын онцлогийн талаар ярилцсаныг хүлээн авна уу.

-"Хөөрхөн ээжтэй охин” МУСК нээлтээ хийлээ. Шинэ уран бүтээлийн тухай яриагаа эхэлье.

-Одноо бид хоёрын “Тэнгэр” продакшны дөрөв дэх уран бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” кино маань үзэгчдэд хүрлээ. Бид өмнө нь “Худалч залуу”, “Танхай тээгч”, “Алтан өндөг” уран сайхны киног бүтээсэн. “Хөөрхөн ээжтэй охин” кино бол гэр бүлийн романтик, инээдмийн кино. Киноныхоо зураг авалтыг өнгөрсөн 7-9 дүгээр сард хийлээ. Найруулагчаар И.Одончимэг, миний бие продюсерээр ажилласан. Манай кинонд гавьяат жүжигчин Баярмагнай, жүжигчин Онон, Баттөмөр, дуучин Нара, загвар өмсөгч Билгүүн зэрэг уран бүтээлчид оролцон тоглолоо. Киноны гол дүрд манай охин Сундари буюу Сууний тоглосон. Мөн гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Ариунцэцэг болон Бархүү миний бие оролцон тоглолоо.

-Охинтойгоо хамт кинонд тоглож, гол дүр бүтээхэд ямар мэдрэмж төрсөн бэ? Охин нь аав ээжтэйгээ хамтран уран бүтээлд тоглосондоо баяртай байсан байх.

-Охинтойгоо хамт кинонд тоглоно гэдэг ховор аз завшаан. Киноны зураг анх авч эхлэхэд 80-аад хувийг нь бүрдүүлэх ачааллаа Сууний маань даахгүй бол яана, ядраад залхах вий гэж эмээж байсан. Урьд нь бүрэн хэмжээний кинонд тоглуулж байгаагүй болохоор бид яахыг нь мэдэхгүй байсан л даа. Гэтэл бид нараас илүү ачаалал дааж жүжиглэсэн. Зарим тохиолдолд биднийг чирсэн шүү. Миний мартсан өгүүлбэрийг сануулж хэлэх жишээний. Төсөөлснөөс 100, 200 дахин илүү ачааллыг дааж ажиллалаа. Энэ киног хийх үеэр л хүмүүсийн надад хэлдэг “Танай охин авьяастай шүү” гэдэг үгэнд итгэсэн. Яг үнэнийг хэлэхэд урьд нь нэг их ач холбогдол өгдөггүй байлаа.

-Энэ киноны гол онцлог нь юу вэ. Уран бүтээлээрээ дамжуулан ямар сэдэв хөндөхийг зорьж ажиллав?

-Шинэ уран бүтээлээрээ дамжуулж, хосуудын салалтын талаар хөндөхийг хүссэн. Залуус жижигхэн асуудлаас болж салдаг, хүүхдээ өнчрүүлж явчихаад төд удалгүй өөр амьдрал зохиодог болж. Гэр бүлийн үнэ цэнийг мэдрэхгүй байгаа учраас залуучуудад ухаарал хайрласан гэр бүлийн сэдэвтэй кино хийхээр Одноо бид хоёр шийдсэн. Үүнийгээ инээдмийн жанраар гаргаж, охиноо тоглуулахаар болсон юм. Киноныхоо тухай аль хоёр жилийн өмнө ярилцаж төлөвлөж байлаа. Бидний хоёр гурван жилийн хөдөлмөр талаар өнгөрсөнгүй. Энэ кино маань олон ангит болох боломжтой. Хэзээ нэгэн цагт энэ уран бүтээл маань олон нийтийн сувгаар үнэгүй цацагдана. Тэр үед яг одоо кино театраар цацагдаж байгаа хувилбараар биш хоёр ангит болгож гаргахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний материал бидэнд бий. Киноны нэг онцлог маань энэ.

-Намрын улиралд хүмүүсийн сэтгэл хөдөлж, хөнгөн гунигт автах нь ихэсдэг шиг санагддаг. Танд намар цаг хэр нөлөөлж байна. Ер нь та хэр их сэтгэл хөдлөлтэй вэ, ямар улиралд дуртай вэ?

-Би дулаахан зуны улиралд дуртай. Хөдөө гадаа явна, аялна, амарна. Энэ жил “Яг түүн шиг” шоунаас эхлээд кино зураг авалт гээд зогсоо зайгүй ажиллаж, ямар ч амралтгүй байлаа. Зуныг мэдэрч амжсангүй. Намрын сэрүү ороод удахгүй цас хаялж, хүйтэрнэ гэж бодохоор жаахан гунигтай байна. Мэдээж навч шарлаж, модноос унахыг харахад гунигтай ч энэ жилийн хувьд түүнийг анзаарч, гуниглах завгүй л явна. “Хөөрхөн ээжтэй охин” киноны дууг Сууний бид хоёр дуулж, клипээ Хонконгод хийсэн. Хүмүүс харахад амарч, аялаад байгаа мэт боловч тийм биш л дээ. Байнгын ажилласаар байгаад таарлаа. Киноны ажлаа дуусгаад дараагийн ажилдаа ханцуй шамлан орно. Манай “Х-Түц”-ийнхэн шинэ жил болгоноор контент хийдэг. Энэ жил ч “Өвлийн инээмсэглэл” контентоо хийнэ. Одоогоор төлөвлөгөөгөө гаргаад явж байна.

-Гэр бүлийн үнэ цэнийг бусдад ойлгуулж, мэдрүүлсэн сайхан уран бүтээл болжээ. Таны хувьд гэр бүлийнхээ үнэ цэнийг алдахгүй авч явахын тулд баримталдаг зарчмаасаа хуваалцана уу?

-Би үнэнч байхыг л хүсдэг. Юу ч болсон хамгийн нэгдүгээрт гэр бүл байх ёстой. Өдий зэрэгтэй босгосон амьдралаа нурааж болохгүй шүү дээ. Найз нөхөд, гэр бүл, хүмүүсийн амьдралаас, ахмад настнуудын үгнээс тэвчээртэй байхад суралцаж байна. Хэн хэндээ уучлах орон зайг нь үлдээх хэрэгтэй. Одноо бид хоёрт маргалдах зүйл мэдээж гарна. Бид хоёрын баримталдаг нэг зарчим бол хэн нэгнийгээ уурлаж байхад нөгөөх нь чимээгүй, хүлээцтэй хандах юм. Дараа нь зөв буруугаа хэлэлцдэг. Үүний үндсэн дээр манайх тогтвортой гэр бүлийн тоонд багтдаг болов уу.

Залуучууд халуун дулаан уур амьсгалтай ууж идэж сууж байгаад л төгсгөлд нь зодоон цохион хийдэг. Маргааш нь уучлалт гуйж, тэврэлдээд л улам сайн найзууд боллоо гэнэ. Үүнийг би хамгийн тэнэг асуудал гэж боддог. Миний найзууд дунд ийм хүн байдаггүй. Эр хүн ууж идсэн ч, эрүүл байсан ч яг нэг зангаараа байх ёстой. Би амьдралдаа үнэнч байхыг зарчмаа болгодог.

-Таныг “Сэргээш-3”-т тоглож байхад анх харсан. Хамгийн анхны уран бүтээл нь юу байсан бэ. Жүжигчин бол миний хийх ажил мөн гэдгийг та хэзээ, яаж мэдэрсэн бэ?

-Миний хамгийн анх тоглосон уран бүтээл бол гавьяат жүжигчин, дуучин Сарантуяа эгчийн “Ихэр саран” дууны клип. Тайгын залуу болж, цаа буга унаж байлаа. Намайг жүжигчний амьдрал руу хөтөлсөн уран бүтээл бол “Сэргээш-3”. Би энэ уран бүтээлд тоглочихоод “Х-Түц”-ээс гарч, жил гаруй хугацаанд явсан. Швед рүү сурахаар гараад чадалгүй ажилласан. Энэ тухай яривал бүтэн өдөр ч хүрэхгүй, юм юм үзэж явсан даа. Тэр үед “Сэргээш-3” Монголд нээлтээ хийж байлаа. Тэгэхэд кино театрт монгол кино гардаг ч үгүй байсан. “Тэнгис” кинотеатр анх “Сэргээш-3”-ыг гаргаснаас хойш монгол кино гаргах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм билээ. Түүнээс хойш монгол киног мэр сэр гаргадаг болсноор өнөөгийн хэмжээнд хүрсэн байна. Сошиал сүлжээ хөгжөөгүй байхад л намайг хүмүүс таньж эхэлсэн. Тэгж л “Сэргээш-3” намайг хаа байсан Скандинавын орноос Монгол руу эргэж ирэх сэтгэгдэл төрүүлж, буцаж жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах, сайхан гэр бүлтэй болох замыг минь заасан. Тэгээгүй бол би тэнд рестораны тогооч юм уу, ямар нэгэн юм хийгээд л явж байх байсан. Хувь заяатай минь холбосон уран бүтээл яах аргагүй “Сэргээш-3” юм.

-“Яг түүн шиг” шоу таны авьяасыг улам ихээр үзэгчдэд таниулсан. “Бархүүг барах уу” гэдэг үг ч гарлаа. Та ирээдүйд дуучны дүр бүтээх үү. Өөрийгөө сорьж үзнэ гэсэн дүр байдаг уу?

-Яг ийм тийм дүрд тоглоно гэхээс илүү Монголдоо дэлхийн стандартын дагуу мюзикл кино хийхийг хүсдэг. “Сэргээш-4” буюу мюзикл кино хийе гэж Одноо, Онон ах хоёрт хэлээд л байдаг юм. Энэ хоёр маань арай хөглөгдөхгүй байгаа л даа. Хугацаа нь арай болоогүй юм болов уу. Тэр цагийг би хүлээж байна. Маш сайн хийцтэй мюзикл киноны ард л гарчихмаар байна. Кино маань үнэхээр сайн болж чадвал дараа нь тайзны бүтээл болгох байх.

-Таны хамгийн үзэх дуртай уран бүтээл, жүжигчин хэн бэ. Хамгийн сүүлд ямар бүтээлд сэтгэл тань хөдлөв?

-Леонардо Ди Каприо, Брэд Питийн тоглосон кинонуудад дуртай. Ямар ч хөдөлгөөн хийхгүй байхад л нүднээс нь бүхнийг мэдэрдэг. Төрмөл авьяас гэж тэр л байх. Үнэхээр гайхалтай. Тэдний жүжиглэлтийг бодож л би “Солиот эх” киноныхоо дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд “Аладдин”-ыг үзэж сэтгэл хөдөллөө. Би мюзикл кино үзэх дуртай. Ядаж энэ хэмжээнд дөхсөн уран бүтээл хийх юмсан гэсэн сэтгэл хөдлөлтэй үзсэн.

Энэхүү ярилцлага ХААН Банкны "Харилцагчийн сонин"-д нийтлэгдсэн болно. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.