УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Зөв хүн электорат эвслээс сонгогдсон Т.Доржханд УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардах үеэр өмссөн хувцаслалтынхаа талаар тайлбар өглөө.
Тэрээр “Өмнө нь Сангийн яаманд ажилладаг байхдаа Төрийн ордонд ажлынхаа хувцастай ирдэг байсан л даа. Өнөөдөр тойрогтоо ажиллаж байгаад шууд ирсэн. Сүүлийн гурав дөрвөн хоног тойргийнхоо хүмүүстэй уулзаж, талархлаа илэрхийлж байна. Ер нь ийм л хувцастай байнга яваад байгаа л даа. Өнөөдөр пүүзэн гутал өмсчихлөө гээд нэлээн шүүмжлүүлж байх шиг байна. Шүүмжлэлийг хүлээн авнаа. Мэдээж төрдөө хүндэтгэлтэй хандалгүй яахав. Цаашид хуулийнхаа дагуу ажиллана. Харин Монгол төр маань монгол хүндээ ээлтэй байгаасай. Дэлхийн олон парламентын байшингаар орж байсан. Хувцасны хязгаарлалт гайгүй байдаг шүү дээ. Мэдээж хуулиа дагалгүй яахав. Гэхдээ монголчууд харилцан адилгүй амьдралтай. Тэр хүмүүс хүрч ирэхэд нь заавал ийм хувцастай байх ёстой гэсэн шаардлага нь жаахан хүндээ ээлгүй юмуу даа гэж бодож байна.
Өнөөдрийн хувьд яараад байгаагаараа хүрээд ирлээ. Түүнээс биш ямар нэгэн шоу байхгүй шүү. Энэ гутлыг манай эхнэр бэлэглэсэн. Би өөрөө гутал хувцасанд нэг их анхаардаггүй. Ер нь болхидуу хүн. Цаашдаа хувцас хунар гэхээс илүү бодлогоор өрсөлдөж, улсаа хөгжүүлэх зарчим, хуулийн төслүүд, яаралтай шийдэх асуудал нь юу байх вэ гэдэгт анхаарна” гэлээ.