Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ТЭГШ ОРОЛЦОО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцож байна вэ? (1-р хэсэг)


Сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд иргэн бүрийг тэгш хамруулах, хүртээмжтэй байх нь ардчилсан нийгмийн суурь зарчим билээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ эрхээ эдэлж чаддаг уу? Мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх үйл явц хэр тэгш, хүртээмжтэй байж чаддагийг тэднээс асуулаа.

А.Энхбаатар: Нийгмийн нэг бүлгийг тэр чигээр нь орхигдуулаад эдийн засаг, боловсрол, дэд бүтцээ төлөвлөөд байна 

Сонсголгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ташаа ойлголт их байдаг. Сонсголгүй хүмүүсийг оюун ухааны чадамжгүй гэж харах нь ч элбэг. Яг үнэндээ бид харах мэдрэхүйгээр л бүх мэдээллийг хүлээж авдаг онцлогтой болохоос оюун ухааны хувьд цоо эрүүл, ажиллаж хөдөлмөрлөх, хийж бүтээх бусадтай адил чадвартай хүмүүс. Гэтэл халамжийн асуудлыг нь шийдчихэд л энэ хүмүүс болчихно гэж харж байна. Тэгвэл халамжийн мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдрах уу, халамжийн мөнгө авдаг хүмүүс бие дааж төсөл, хөтөлбөрт хамрагдах уу, бизнес эрхэлж чадах уу? Үгүй шүү дээ. Бодлогын хэмжээнд энэ бүхэн алдагдчихаад байхад хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж яриад байгаа нь уриа лоозонгийн төдий. Энэ бол маш олон жил амаараа ярьж, бидний өмнөөс шийдвэр гаргасны гор. 

Бодлого боловсруулах түвшинд ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж чадахгүй байна. Бүхэл бүтэн нийгмийн нэг бүлгийг тэр чигээр нь орхигдуулаад эдийн засаг, боловсрол, дэд бүтцээ төлөвлөөд байна шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойг хүргэж, оролцож байж л тэр бүлгийн асуудлыг гаргаж ирэх боломжтой. Олон улс үүнд хэдийн анхаараад эхэлчихсэн. Жишээлбэл, Европын холбооны парламентын гишүүн нь сонсголгүй эмэгтэй байдаг. Мөн Унгар, Шинэ Зеланд, Өмнөд Африк, ОХУ, Румын зэрэг улсад сонсголтгүй хүн парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Бодлогын хэмжээнд энэ бүхэн алдагдчихаад байхад хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж яриад байгаа нь уриа лоозонгийн төдий. Энэ бол маш олон жил амаараа ярьж, бидний өмнөөс шийдвэр гаргасны гор.

Би дөрвөн жилийн өмнө дүүргийн ИТХ-д бие даан нэр дэвшиж байлаа. Тухайн үед янз бүрийн асуудал ярьж намайг маш удаан шүүхээр явуулж байгаад сонгууль болохоос долоо хоногийн өмнө штабаа нээж, юмаа хийх эрхийг олгож байсан. Эндээс би туршлага хуримтлуулж, урт хугацааны өмнөөс бэлтгэлээ ёстой гэдгийг ойлгосон. Цаашид бие даан нэр дэвшихээс илүүтэйгээр намын бодлого, мөрийн хөтөлбөрүүдийг судалж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй намыг сонгож, нийслэлийн ИТХ-д нэр дэвшинэ гэж бодож байгаа. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хоёр ч хүн УИХ-ийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Дараа дараагийн арван жилд хөгжлийн бэрхшээлтэй олон залуучууд сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин нам, эвслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харах өнцгөө өөрчилж, тулгамдсан асуудлыг тусгахдаа санаа бодлыг нь сонсож, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай юм. 

(С.Бямбадэлгэр дохионы хэлмэрчээр ажиллав)

Э.Отгонбаяр: Урьд нь хүмүүсээс ичээд гэртээ бүгдэг байсан бол одоо хүмүүсийн урдуур ч болов ороод саналаа хэлэх гэж хичээдэг болсон

Би 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа бие даан, хараат бусаар саналаа өгч үзсэн. Тухайн үед орон нутгаас Улаанбаатар хот руу шилжиж ирээд байсан юм. Хөдөө орон нутаг ялангуяа малчин өрхөд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох, мэдээлэл авах, тэр бүү хэл саналаа бие даан өгөх боломж ихээхэн хомс байна. Хот суурин газар амьдарч буй иргэдийн хувьд ч зарим нэг саад бэрхшээл ажиглагддаг. Жишээ нь, би өнгөрсөн сонгуулиар байрнаас гараад нэр дэвшигчидтэй уулзаж чаддаггүй байлаа. Уулзалт руу тэргэнцэртэйгээ орохоор хүн амьтны хөл, гар дайрчих гээд хүндрэлтэй. “Гэртээ байж байхгүй яасан юм” гэж төвөгшөөх хүмүүсийн яриа ч мэр сэр сонсогдоно шүү дээ. Тэгэхээр хэн ч байсан гарах, хүмүүстэй уулзах, өөрийгөө илэрхийлэх сонирхолгүй болчихдог. 

Уулзалт руу тэргэнцэртэйгээ орохоор хүн амьтны хөл, гар дайрчих гээд хүндрэлтэй. “Гэртээ байж байхгүй яасан юм” гэж төвөгшөөх хүмүүсийн яриа ч мэр сэр сонсогдоно шүү дээ.

Харин “Түгээмэл хөгжил төв”-д ажилладаг болсноос хойш хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаанд орж, энэ удаагийн сонгуульд ч харьцангуй мэдээлэлтэй оролцож байна. Урьд нь хүмүүсээс ичээд гэртээ бүгдэг байсан бол одоо хүмүүсийн урдуур ч болов ороод саналаа хэлэх гэж хичээдэг болсон. Хоёр дахь удаагаа бие даан саналаа өгөх гээд бэлдэж байна. Дэмжиж байгаа нэр дэвшигч ч бий. 

Өнгөрсөн сонгуулиар би Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдаж байсан юм. Тухайн үед санал авах байрны хүртээмж тааруу байлаа. Сургуулийн заал, танхим руу ихэвчлэн шатаар өгсөж, уруудаж орно. Тэр бүрд хүмүүсээр өргүүлэх, бусдын тусламж авахаас өөр сонголтгүй байсан. Энэ жил би Баянгол дүүрэгт саналаа өгнө. Санал авах байр нь манай ажлын хажууханд юм билээ. Манай төвийнхөн зөөврийн налуу шат ч болов тавьж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж, гарахад хүндрэл багатай болгоё гэж ярилцаж байна даа.

М.Батзул: Саналаа өгөх гэж буй иргэн өөрт тулгарч буй асуудлаа нээлттэй илэрхийлж, шаардлагатай тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй

Сонгуулийн мөрийн хөтөлбөр, тараах материалууд ихэвчлэн хэвлэмэл хэлбэрээр ирдэг шүү дээ. Гэтэл стандарт хэмжээгээр хэвлэсэн материалууд сул хараатай хүмүүст уншихад бэрх байдаг учраас гарчгийг нь хараад өнгөрөхөөс биш цааш дэлгэрүүлж уншиж чаддаггүй. Түүнчлэн сошиал медиагаар цацагдаж байгаа мэдээллүүдийг үнэн зөв, бодитой эсэхийг мэдэхэд хүндрэлтэй, ихэнх нь худлаа сенсаци, хуурамч мэдээлэл байдаг болохоор тийм мэдээлэл уншиж цагаа гарздах, нүдээ өвтгөх дэмий гэж боддог. Уг нь сонгогчдод өгч буй мэдээлэл хүртээмжтэй, үнэн зөв байвал хэн ч байсан түүнийг уншихыг, сонсохыг хүсэлгүй яахав. 

Уг нь сонгогчдод өгч буй мэдээлэл хүртээмжтэй, үнэн зөв байвал хэн ч байсан түүнийг уншихыг, сонсохыг хүсэлгүй яахав.

Саналаа өгөх тухайд өмнө нь барель бэлдэц байдгийг мэддэггүй, мэдсэн ч хэрхэн ашиглах зааварчилгааг авч байгаагүй учраас саналаа дугуйлахдаа үүнийг ашиглаж байгаагүй. Будахдаа тойрог зурааснаас илүү гаргачих гээд байдаг учраас гэрийнхнийхээ тусламжийг авдаг байсан. Энэ жил харин барель хавтас ашиглаж саналаа өгнө гэж бодож байгаа. Ер нь санал өгөх үйл явцыг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд холбогдох байгууллагууд төрөл бүрийн алхмуудыг хэрэгжүүлж байна. Харин бид өөрсдөө тэдгээрийн талаар асууж, шаарддаггүйгээс болж боломжийг эдэлж чадалгүй үлдэх нь элбэг юм шиг санагддаг. Иймд саналаа өгөх гэж буй иргэн өөрт тулгарч буй асуудлаа нээлттэй илэрхийлж, шаардлагатай тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй.

Ж.Батаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой шийдвэр гаргахдаа бидний саналыг харгалзаж үздэггүйгээс болж тэр нь бодит амьдралд хэрэгжихгүй байна 

Би нам, нэр дэвшигчдийн мэдээллийг фэйсбүүк, телевизээс голчлон авч байна. Гэхдээ энэ нь хангалттай мэдээллийн эх сурвалж болж чаддаггүй. Ялангуяа цахим орчинд ихэвчлэн сөрөг мэдээлэл цацагддаг тул үнэн зөв, бодитой мэдээлэл дутмаг байна. Үүнээс гадна саналаа бие даан, нууцаар өгөхөд ч зарим хүндрэлтэй нүүр тулдаг. Тухайлбал, тархины саажилттай хүн гар, хөлөө удирдаж хөдөлгөхөд бэрхшээлтэй байдаг болохоор саналын хуудсыг дүүргэж будахад их хүндрэлтэй. “Өөр хүнээс туслалцаа авсан чинь миний сонгосон нэр дэвшигчээс өөр хүний нэрийг дугуйлчихсан” гэж нэг найз маань ярьж байсан. Тиймээс өнгөрсөн сонгуулиар саналаа өгөхөөр очихдоо гэр бүлийнхээ гишүүнийг дагуулж явсан. 

Тархины саажилттай хүн гар, хөлөө удирдаж хөдөлгөхөд бэрхшээлтэй байдаг болохоор саналын хуудсыг дүүргэж будахад хүндрэлтэй байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой шийдвэр гаргахдаа бидний саналыг харгалзаж үздэггүйгээс болж тэр нь бодит амьдралд хэрэгжихгүй байна шүү дээ. Бидний саналыг сонсож, тусгаад явбал илүү хүртээмжтэй байж чадна гэж бодож байна. Үүнээс гадна бидэнтэй бусдын адил тэгш харилцаж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангаасай гэж хүсдэг. Би Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд компьютер графикийн чиглэлээр суралцаж төгссөн ч ажлын байр олдохгүй л байна. 

холбоотой мэдээ
1
2020.06.24
Сонгогчийн тэмдэглэл: Саналаа өгөхөөр явсан нь
2
2020.06.24
Надад нэг санал байна | Редакцын зурвас
3
2020.06.22
Надад нэг санал байна | Live session at Fat Cat #5 Дуучин Ц.Тэмүүлэн
санал болгох
1
3 цагийн өмнө
Илүү аз жаргалтай байх 9 аргыг шинжлэх ухаанаар батлан гаргажээ
2
6 цагийн өмнө
Зөвхөн интроверт буюу “дотогшоо” хүмүүсийн ойлгох 9 зүйл
3
Өчигдөр
Охидод зориулсан зун, намрын арьс арчилгааны үр дүнтэй 6 зөвлөгөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.