Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ТЭГШ ОРОЛЦОО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцож байна вэ? (2-р хэсэг)


Сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд иргэн бүрийг тэгш хамруулах, хүртээмжтэй байх нь ардчилсан нийгмийн суурь зарчим билээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ эрхээ эдэлж чаддаг уу? Мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх үйл явц хэр тэгш, хүртээмжтэй байж чаддагийг тэднээс асуулаа. 

Б.Ням-Очир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие дааж амьдрах нөхцөл, боломжийг дэмжсэн бодлого хэрэгжүүлээсэй гэж бодож байна

Би оюутан байхдаа осолд орж гэмтсэн юм. Дараа нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, ШУТИС-ийг авто замын инженер мэргэжлээр төгссөн. Хэрэв бие дааж амьдраагүй байсан бол өдийд мэргэжлийн диплом өвөртөлсөн бусдаас хараат нэгэн байх байлаа. Харин тусдаа гарч, хувийн туслах үйлчилгээг авснаараа хүн гэдэг утга учраа мэдэрч, бусадтай адил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа зохицуулаад явж байна. Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ, мониторинг, судалгаа, зөвлөмж, зураг төсөл боловсруулах хэмжээнд хүртэл ажиллаж байна. Хэрэв хувийн туслахын үйлчилгээг бодлогын түвшинд дэвжээд өгвөл оюутан, залууст цагийн ажил байр үүсээд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил олгогч болж, нийгмийн амьдралд саадгүй оролцох боломж нээгдэнэ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс халамж, тэтгэмж, асаргаа гэхээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие дааж амьдрах нөхцөл, боломжийг дэмжсэн бодлого хэрэгжүүлээсэй гэж бодож байна. 

“Миний асуудлыг надгүйгээр битгий шийд. Миний хэрэгцээ, шаардлагыг тусгах гэж байгаа бол эхлээд надаас асуу.”

Сонгууль өгөх үйл явцын тухайд ирж, очих явган зам, санал авах байрны хүртээмжгүй байдал хамгийн их хүндрэлтэй санагддаг. Сонгуулийн үеэр сургууль, цэцэрлэг, хорооны байрыг ихэвчлэн санал авах байр болгож ашигладаг. Гэтэл эдгээр барилгууд стандарт бус, нэгэн хэвийн загвартай байх нь элбэг. Уг нь хүний эрх, сонголтоо нууцлах талаас нь бодож үзсэн ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө очиж саналаа өгөх боломжоор хангана гэдэг бол тэдний нийгмийн оролцоог бүрдүүлж буй нэг хэлбэр шүү дээ. Зөөврийн хайрцгаар санал авдгийг зарим иргэд мэддэг ч үгүй. Ингэж өглөө гэхэд саналын хуудас дугуйлах үед намын төлөөллийн хүмүүс харж байдаг тул нууцлал алдагдах, дараа нь үүнээсээ болж ялгаварлалд өртөх тохиолдол хүртэл гарч байсан. Энэ мэт асуудлуудаас үүдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцох сонирхолгүй, боломжгүй байдаг. 

Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад “Миний асуудлыг надгүйгээр битгий шийд. Миний хэрэгцээ, шаардлагыг тусгах гэж байгаа бол эхлээд надаас асуу” гэж хэлмээр байна.

Б.Болдбаатар: Санал авах байранд ажиллаж буй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн туслах, ямар нөөц боломжоор хангахаа мэддэг байх хэрэгтэй

Нэг үеэ бодвол нам, нэр дэвшигчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгахаар оролддог болж, энэ жил АН, ХҮН-ын нэр дэвшигчид барель үсгээр хэвлүүлсэн материалаа бидэнд тараасан. “Оролддог” гэж хэлсний учир нь намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар асуудал тулгарч байна, цааш яах ёстой вэ гэдгийг биднээс асууж, саналыг нь харгалзаж үздэггүйгээс ихэнхдээ амьдралд хэрэгждэггүй, үр дүнгүй байгаа юм. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулна, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гээд ерөнхийлөөд биччихдэг. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг яаж нэмэгдүүлэх юм, ямар түвшинд хүргэх вэ гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр хараагүй хүн ямар хөдөлмөр эрхлэх боломжтой байна, ажлын байрыг яаж тэдэнд ээлтэй болгох юм, ямар тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглавал ажиллах боломжтой вэ гэдгийг бидэнтэй ярилцаж, нарийвчилсан бодлого гаргаж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. 

Барель хавтас бол зөвхөн хараагүй хүмүүст ч биш өндөр настай, тархины саажилттай иргэдэд бие даасан, хараат бус сонголт хийхэд тусалж, тэгш хүртээмжийг бий болгож байгаа сайн жишиг.

Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэд бие даасан сонголт хийх боломжоор хангахад зарим нэг ахиц гарч буйг дурдах хэрэгтэй. Тухайлбал, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо СЕХ-той тав дахь удаагаа хамтран ажиллаж, хараагүй болон сул хараатай иргэдэд зориулсан санал өгөх гарын авлагыг томруулсан формат, барель үсгээр хэвлэж, санал авах байруудад барель хавтсыг ашиглаж байна. Барель хавтас бол зөвхөн хараагүй хүмүүст ч биш өндөр настай, тархины саажилттай иргэдэд бие даасан, хараат бус сонголт хийхэд тусалж, тэгш хүртээмжийг бий болгож байгаа сайн жишиг. Одоогоор хэрэгжилт хараахан 100 хувь байж чадахгүй л байна. Жишээ нь, хөдөө орон нутагт саналаа өгөхөөр очсон иргэд барель хавтас асуухад юу байдгийг нь мэддэггүй, цаашлаад хараагүй хүн саналаа өгөх гэж байна гээд зарлах жишээний. Угтаа санал авах байранд ажиллаж буй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн туслах, ямар нөөц боломжоор хангахаа мэддэг байх хэрэгтэй. 

Г.Ганцэцэг: Мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй болгоосой гэж хүсэж байна

Би энэ жил график дизайны чиглэлээр их сургуулиа төгссөн. Өмнө нь нэг удаа саналаа өгч байсан. Тухайн үед сонгууль, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн талаар мэдээлэл олж авах хүндрэлтэй байсан. Зурагтаар баахан яриад л, гудамжаар дүүрэн зурагт сурталчилгаа тавьдаг боловч дохионы хэлээр орчуулдаггүй учраас доторх агуулгыг нь мэдэхэд хүндрэлтэй. Хэвлэмэл хэлбэрээр ирсэн материалууд нь уриа лоозонгийн шинжтэй байлаа. Тэр олон нэр дэвшигчдээс чухам хэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гээд байгаа юм, тэд бидний талаар ямар ойлголттой байгаа юм гэдгийг мэдэхгүйгээр харанхуй сонголт хийж байсан. Үүнээс гадна саналын хуудас дээр зөвхөн нэр дэвшигчдийн овог, нэр л байдаг учраас сонголт хийхэд хэцүү байсан. Хэрэв зураг нь давхар байсан бол бага ч болов мэдээлэл авсан, итгэл даахуйц хүнийг сонгоход хялбар болох байсан болов уу. 

Энэ жил сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн материалууд их гарсны үр дүнд намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийх, харьцуулж харахад дөхөм байна.

Харин энэ жилийн сонгууль их онцлогтой явагдаж байна. Урьд нь сонгуулийн холбогдолтой мэдээлэлд дохионы орчуулга огт ашигладаггүй байсан бол энэ жил зарим намын мөрийн хөтөлбөр дохионы орчуулгатай явж байгааг хараад их гайхсан. Нэр дэвшигчид фэйсбүүк лайваа хүртэл дохионы орчуулгатай явуулж байгаад сэтгэл хангалуун байгаа. Нөгөөтэйгүүр, энэ жил сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн материалууд их гарсны үр дүнд намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийх, харьцуулж харахад дөхөм байна.

Би залуу хүн, бусдын адил л ажиллаж, амьдармаар байна. Хүн л болсон хойно энэ бүхэнд харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Гэвч сонсголгүй иргэд харилцааны асуудлаа хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдэг одоо ч гэсэн тулгамдсан асуудлуудын нэг байсаар байна. Би жирийн хүнтэй адил хийж, бүтээж чадна. Гол нь бидний эх хэл бол дохионы хэл, хоёр дахь хэл бол бичгийн хэл. Миний бичгийн хэл хангалттай өндөр түвшнийх биш учраас зарим зүйл дээр дутуу болон үл ойлголцол үүсэж мэднэ. Иймд бидний эрхийг хүндэтгэж харилцааны асуудлыг шийдэж өгөөсэй, мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй болгоосой гэж хүсэж байна. 

(С.Бямбадэлгэр дохионы хэлмэрчээр ажиллав)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Таны нэр 2020.06.22 162.158.6.229

Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг хэллэгээ өөрчилчихмөөр байгаа шүү.

0 Хариулах