Хайх зүйлээ бичнэ үү

18 мин

Тэтгэлэг хүртсэн залуус эссэ бичих, ярилцлагад бэлдэх талаар туршлагаасаа хуваалцлаа


Тэтгэлгийн улирал эхэллээ! Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд нэг, хоёрдугаар сараас өргөдлөө авч эхэлдэг билээ. Үүнтэй холбогдуулан бид Монгол Улсад зарлагддаг нэр хүндтэй тэтгэлгүүд болох Australia Awards, Чевнинг, Фулбрайтын тэтгэлгийг хүртсэн залуучуудтай холбогдож туршлагаас нь хуваалцлаа. Эдгээр залуус бүгд 2019 онд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан бөгөөд өдгөө магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа юм.

Холбоотой мэдээлэл: Жил бүр зарлагддаг 20 ЗАСГИЙН ГАЗРЫН тэтгэлэг /Магистр, доктор/


Мельбурнийн Их сургуулийн Хөгжил судлалын магистрантур Б.Золзаяа

1. Таны бодлоор Australia Awards тэтгэлгийн онцлог, өргөдөл гаргагчдаас хардаг гол зүйлс юу вэ?

Australia Awards тэтгэлэгт хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын хөгжлийн дэмжлэгийн хүрээнд явагддаг. Хөгжиж буй орнуудын нэн чухал салбарын мэргэжилтнүүдийг дэлхийн жишигт хүрсэн, өндөр чансаа бүхий Австралийн их сургуулиудад суралцах тэтгэлэгт хамруулдаг хөтөлбөр юм. Тухайлбал, жил бүр Монгол улсад нэн тэргүүний гэж үзсэн салбаруудыг тодорхойлж, тухайн чиглэлээр магистрын хөтөлбөрт сурах боломжийг олгодог билээ. Мөн нийгмийн бүх бүлгийн оролцоо, төлөөллийг тэгш хамруулахыг зорьдог тул үл ялгаварлах зарчмыг баримталдаг. 

2. Эссэ бичих үйл явцыг хэрхэн төлөвлөвөл зохимжтой вэ? 

Өргөдлийн материалын хамгийн чухал, жин дарах хэсэг эссэ учраас хянамгай хандаж, сайн бэлдэх нь чухал. Хамгийн түрүүнд өгөгдсөн асуулт, удирдамжийг сайн ойлгох хэрэгтэй. Миний хувьд, асуулт, удирдамжтайгаа бүрэн танилцсаны дараа л асуултад хариулах гол санаагаа чөлөөтэй ургуулан бодож, жагсаан болгон бичиж, эндээс уялдаж болох санаануудыг нэгтгэж, чухал бишийг нь хассанаар үндсэн багана санаагаа гаргаж авсан. Жишээ нь, гурван гол санаа гаргаж аваад тэдгээрийг боловсруулж, бодит жишээ, түүхээр дэмжихийг зорих хэрэгтэй. Гол нь, хэт ерөнхийлөх эсхүл хэт нарийвчлахаас зайлсхийж, таны дуу хоолой, үзэл бодол, итгэл үнэмшил, зорилго, авчрах өөрчлөлт зэргийг илэрхийлэх нь зүйтэй.

3. Анх удаа өргөдөл гаргаж буй хүмүүс эссэ бичихдээ ямар алдаанаас зайлсхийх хэрэгтэй вэ? 

Юун түрүүнд, нийгэмд авчрахыг хүсэж буй өөрчлөлтийг бий болгоход эсхүл, өргөжүүлэн тэлэхэд танд ямар мэдлэг, чадвар, нөөц шаардлагатай байгааг бодож үзээрэй. Дараа нь, тухайн мэдлэг, чадварыг олгодог хөтөлбөр, сургууль байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Мөн та уг сургуульд суралцсанаар ямар өөрчлөлт авчрах вэ, яагаад та тэр хүн нь вэ гэх мэтийг эргэцүүлж эцэст нь эдгээрийг эссэндээ гаргаж ирэх шаардлагатай. 

Австралийн Засгийн газрын тэтгэлгийн зорилго нь эргэж ирээд орон нутаг, улс орныхоо хөгжилд өөрийн мэдлэг, мэргэжлийн чадвараараа хувь нэмэр оруулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой тул таны зорилго, төлөвлөгөө нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах, энэ нь хэр чухал болохыг сайтар эргэцүүлэх нь амин чухал асуулт юм.

4. Таны эссэ чухам юугаараа ялгарч чадсан гэж боддог вэ? 

Тэтгэлэгт хөтөлбөрийн эссэ тодорхой асуултуудад хуваагдсан байдаг тул би илэрхийлж бичсэн гол санаануудаа хуваалцаж байна. Тухайлбал, би өнөөдрийг хүртэл нийгмийн ямар асуудалд санаа зовниж, түүний төлөө юу сурч мэдсэн, тэр мэдлэгээ ашиглан яаж ажиллаж ирсэн тухайгаа дурдсан. Цаашдаа энэ асуудлаар ажиллахад юуг түлхүү анхаарах шаардлагатайг, мөн тодорхой үр дүнд хүрэхийн тулд хэрхэн мэдлэг, чадвараа гүнзгийрүүлэх шаардлагатай байгаа, түүнд нийцсэн ямар хөтөлбөрт би суралцах хүсэлтэй байгаагаа бичсэн бөгөөд эцэст нь, энэ мэдлэгийг өвөрлөж ирснээр хувь хүний хувьд, хамт олны, улс орны түвшинд ямар өөрчлөлт бий болгохыг зорьж буйгаа илэрхийлэхийг хичээсэн. 

5. Тодорхойлох захидал бичүүлэхдээ баримтлах зарчмууд? 

Таныг сайн мэддэг, мэргэжилтний хувьд хамтарч ажиллаж байсан тэр хүнээсээ захидал авах хэрэгтэй. Дээр өгүүлсэнтэй адил, хэт ерөнхий бус тодорхой байх нь чухал. Жишээлбэл, ямар судалгаа эсхүл, төсөл дээр хамтарч ажиллахад таны ямар мэдлэг, чадвар, зан чанар, хандлага амжилтад хүрэхэд нөлөөлсөн, чухам яагаад энэ тэтгэлгээр амжилттай сурч ирээд нийгэмдээ хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байгааг илэрхийлсэн захидал байх нь зүйтэй болов уу.

6. Ярилцлагад уригдсан өргөдөл гаргагчид ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? 

Ярилцлагад очихдоо ажил, мэргэжлийнхээ замнал, зорилго, төлөвлөгөө, хамгийн гол нь таны зорилго яагаад нийгэмд чухал бас хөгжилд хувь нэмэр оруулна гэж бодож буй тухайгаа товч, ойлгомжтойгоор илэрхийлэхэд бэлдээрэй. Мөн таны суралцахаар зорьж буй хөтөлбөр таны зорилгод хэрхэн хувь нэмэр оруулах талаар эргэцүүлж, өгөх хариултаа бэлдээрэй гэж зөвлөе. 

7. Таны зүгээс сануулж хэлэхийг хүссэн бусад анхаарах ёстой зүйлс? 

Эцэст нь хэлэхэд, Австралийн Засгийн газрын тэтгэлгийн зорилго нь эргэж ирээд орон нутаг, улс орныхоо хөгжилд өөрийн мэдлэг, мэргэжлийн чадвараараа хувь нэмэр оруулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой тул таны зорилго, төлөвлөгөө нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах, энэ нь хэр чухал болохыг сайтар эргэцүүлэх нь амин чухал асуулт байх гэж бодож байна. Түүнчлэн яагаад та энэ өөрчлөлтийг авчрах хүн мөн бэ гэдгээ өнөөдрийг хүртэлх замнал, амжилт, сургамж хийгээд ирээдүйн төлөвлөгөөгөөрөө илэрхийлж гаргах нь чухал юм шүү. Мөн яагаад Австрали улс гэж, яагаад энэ сургууль, энэ хөтөлбөр гэж, энэ бүхэн хэрхэн уялдаж байна вэ гэдгийг харах нь дамжиггүй. Дахин сануулахад, тэтгэлэгт хөтөлбөрөө сайн судлах шаардлагатай ба тэрэн дундаас бүх шаардлагатай мэдээлэл, таны хайж буй асуултын хариулт олдоно. Танд амжилт хүсье!

Сассeксийн их сургуулийн Хөгжлийн бодлого судлалын магистрантур Б.Ариунсанаа

1. Таны бодлоор Чевнингийн тэтгэлгийн онцлог, өргөдөл гаргагчдаас хардаг гол зүйлс юу вэ?

Чевнингийн тэтгэлгийг 1983 оноос Их Британийн Гадаад Харилцаа Хамтын Нөхөрлөлийн яамнаас санхүүжүүлэн хөгжиж буй орны мэргэжилтнүүдэд олгож байгаа ба дэлхийн удирдагч, манлайлагчдыг Английн нэр хүнд бүхий их сургуулиудын 12 мянган магистрын хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлэх зорилготой засгийн газрын тэтгэлэг юм. Тэтгэлэг хүртэгчдийн суралцах боломжтой 240 орчим их сургуулийн дотор дэлхийн топ 10-т бичигддэг Оксфорд, Кембридж, Лондонгийн Эдийн засгийн их сургууль зэрэг нэр хүндтэй институтууд багтдаг бөгөөд эдгээр сургуулиуд оюутнууддаа нэмэлт санхүүжилт олгодгоороо онцлогтой. Өдийг хүртэл нийт 50 мянга орчим хүн Чевнингийн тэтгэлгээр суралцаж төгссөнөөс 15 нь өөрийн орны төрийн дээд албан тушаал болох ерөнхийлөгч, ерөнхий сайдын үүргийг нэр төртэйгээр биелүүлж, улс орноо удирдаж байна. Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал болон миний суралцаж буй Хөгжлийн бодлого судлалын институтийн төгсөгч Коста Рикагийн ерөнхийлөгч Карлос Алвадора Куседа нарыг онцлон дурдмаар байна. Мөн дэлхий хэмжээний үндэстэн дамнасан 230 корпорацийг Чевнингийн төгсөгчид удирдаж байна. Нийгэмдээ асар их өөрчлөлтийг авчирсан ТББ, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын удирдагчид ч Чевнингийн үе үеийн төгсөгчид байдгийг 35 жилийн нөлөөллийн тайлангаас үзэж болно. 

Энэ жил Лондонгийн Ексел төвд Чевнингийн тэтгэлэгт шалгарсан 1750 хүнийг хүлээн авах өдөрлөг болж Монголоос сонгогдсон 7 оролцогч эл баярт үйл явдалд очсон юм. Сонгогдсон хүмүүсийг харахад 3-аас дээш жилийн ажлын туршлагатай, академик болон хувь хүний зорилгоо бүрэн тодорхойлж, түүндээ хүрэх арга замаа тооцоолсон, сурах арга барилыг сайн эзэмшсэн, өндөр түвшний мэргэжилтнүүд байсан юм. Түүнчлэн хийж буй ажлаараа дамжуулан байгууллага, хүй олон (комьюнити), нийгэмдээ тодорхой зүйл хийж, хувь нэмэр, ажил үйлсээрээ манлайлагчид байв. Ер нь Чевнингийн тэтгэлэг зөвхөн ажил мэргэжилдээ сайн биш, сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, нийгэмд хувь нэмрээ оруулж, өөрчлөлт бий болгож, ажлыг гардан гүйцэтгэх чадвартай хүмүүсийг сонгодог болохыг ярилцлага, эссэний асуултуудаас төвөггүй мэдэж болно. Нэг хүний бүтэн жилийн сургалтын төлбөр, амьдрах зардал, очих тасалбарыг дааж, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа учраас тухайн хүний “үржүүлэх чадвар” буюу буцаад нийгэмдээ үзүүлэх эерэг нөлөө, өөрчлөлтөд хамгийн их ач холбогдол өгдөг юм шиг санагдсан. 

Өнгөрсөн жил л гэхэд 500 гаруй өргөдөл ирсэн тул хэрхэн тэр олон эссэнээс эхний 20 секундэд ялгарах вэ гэдгээ нухацтай бодолцох хэрэгтэй.

2. Эссэ бичих үйл явцыг хэрхэн төлөвлөвөл зохимжтой вэ? 

Тэтгэлгийн материалыг наймдугаар сараас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл авдаг тул энэ жилийн оролцогчдод хангалттай хугацаа байна. Юун түрүүнд эссэний дөрвөн асуулттай эртнээс танилцаж, хэрхэн хариулах вэ гэдгээ одооноос бодож эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Цөөхөн асуулт юм шиг санагдаж байгаа ч хариулж эхэлмэгц чи өөрийнхөө тухай маш олон зүйлийг ойлгож, магадгүй өмнө нь хэзээ ч бодож байгаагүй зүйлсээ өөрөөсөө асуух, түүнийгээ эссэндээ тусгах хэрэгтэй болно. Тиймээс аль болох эрт эхлээрэй гэж зөвлөе. 

Би дөрөвдүгээр сараас эхлэн Чевнингийн тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг интернэтээр судалж, эссэний асуултууддаа хэрхэн хариулах талаар бодож эхэлсэн. Шинэ санаа орж ирэх бүрд тэмдэглэж авсаар есдүгээр сард эссэний нооргоо гаргаж, найз нөхдөдөө уншуулж засуулсаар арваннэгдүгээр сард илгээсэн. 

Тэтгэлгийн үндсэн зорилго, тус тэтгэлгийг монголчуудад өгч буй шалтгаан, чухам яагаад би энэ тэтгэлгийг хүртэх ёстой вэ гэдгийг гүнзгий ухамсарлаж, дээрх шалтгаануудыг хооронд нь уялдуулж байж чиний тэтгэлэг авах боломж нэмэгдэнэ. Тиймээс тэтгэлгээ маш сайн судал. Өнгөрсөн жил л гэхэд 500 гаруй өргөдөл ирсэн тул хэрхэн тэр олон эссэнээс эхний 20 секундэд ялгарах вэ гэдгээ нухацтай бодолцох хэрэгтэй. 

Та ирэх 5 жилийн төлөвлөгөө, хэтийн зорилго, үнэт зүйлсээ 2500 үгэнд багтаан илэрхийлэх гэж байгаа тул албаны гэхээсээ амьтай, хүсэл тэмүүлэлтэй, үнэн түүхээ эссэндээ харуулах нь чухал.

3. Анх удаа өргөдөл гаргаж буй хүмүүс эссэ бичихдээ ямар алдаанаас зайлсхийх хэрэгтэй вэ? 

Анх өргөдөл гаргаж байгаа хүмүүс дараах гурван төрлийн алдааг түгээмэл гаргадаг.

  1. Хэт их мэргэжлийн туршлага, улс орны тулгамдсан асуудлыг хөндөж бичсэн хэрнээ энэ бүхэн чамтай хэрхэн холбогдож байгааг илэрхийлдэггүй. Та ирэх 5 жилийн төлөвлөгөө, хэтийн зорилго, үнэт зүйлсээ 2500 үгэнд багтаан илэрхийлэх гэж байгаа тул албаны гэхээсээ амьтай, хүсэл тэмүүлэлтэй, үнэн түүхээ харуулах нь чухал. Эссэний эхэнд өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах, анхаарал татахуйц өнцгийг өргөдөл уншиж буй хүнд өгөх хэрэгтэй. Яг ийм дутагдлын улмаас эзэмшсэн мэргэжилдээ шилдэг, манлайлагч залуус ч эхний шатнаас хасагдах нь олонтаа. 

  2. Жижиг алдааг үл тоомсорлодог. Жишээ нь, үг үсэг, дүрмийн алдаа, фонтын зөрүү гэх мэт жижиг алдаа таныг мэргэжлийн бус харагдуулдаг. CV, намтартаа оруулсан мэдээлэл эссэнийхээс зөрөх зэрэг болчимгүй үйлдлүүд шууд оноо алдахад хүргэнэ. Тиймээс би эссэ, CV-гээ маш сайн хянуулж, улаан эрээн болтол нь засуулж байж эцсийн хувилбараа гаргаж авсан. Таны материал уншиж буй хүнд амархан уншигдахаар цэгцтэй, энгийн байх ёстой. Иймд, Grammarly, Hemingway Editor гэх мэт алдаа шалгагч ашиглаад жижиг алдаануудаа засах хэрэгтэй шүү. 

  3. Эссэний асуултыг ойлгож, оновчтой хариулахгүй байх. Өөрөөр хэлбэл, эссэнийхээ гол асуултад шууд, тодорхой хариулт өгөлгүй, тойрч бөөрөнхийлөх нь түгээмэл гаргадаг алдаануудын нэг. Хэдэн зуун эссэ уншиж буй шалгаруулалтын комисс түлхүүр үгсийг хөөж хараад гол асуултдаа оновчтой хариулсан эсэхийг шалгачихдаг. Түүнчлэн улс орныхоо аль нэг салбарын дутагдалтай талыг шүүмжилж, гомдолтой байгаагаа илэрхийлсэн хэрнээ энэ асуудлыг шийдэхийн тулд ямар үйлдэл хийсэн, тохиолдсон саад бэрхшээлийг хэрхэн давснаа илэрхийлж бичдэггүй. Ямар ч тэтгэлэг уран цэцэн, сайн бичдэг хүнийг биш бодитоор үйлдэл хийж, алдаж оносон, туршлагатай хүний сонгохыг чухалчилдаг. 

4. Таны эссэ чухам юугаараа ялгарч чадсан гэж боддог вэ? 

Анх удаа өргөдөл гаргаад тэнцсэн нь миний хувьд тун их завшаан юм. Би миний амьдрал, үйл хэргийг хамгийн сайн илэрхийлж чадах, дуртай зохиолчийнхоо эшлэлээр эссэгээ эхлүүлж, цаашлаад өдийг хүртэл хуримтлуулсан туршлага, хэрэгжүүлсэн төслүүд, амжилт ба алдаанаасаа сурсан зүйл, мөн яагаад бакалаврын дараах боловсрол надад чухал болохыг, сурч боловсрох нь миний нөлөөлж чадах хүмүүст яагаад хэрэгтэй гэдгийг эссэндээ тусгасан юм. Түүнчлэн академик, ажлын, хувийн амьдралын туршлагаа аль болох тэнцвэртэй оруулахын зэрэгцээ амжилттай болон амжилтгүй болсон төслүүдийнхээ талаар идэвхтэй үйл үгсийг ашиглан илэрхийлж, гомдоллохын оронд санаа зовниж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийсэн, цаашид юу хийх хүсэлтэй байгаагаа бичсэн. 

Хамгийн чухал нь, би хийхээр зорьж буй зүйлийнхээ суурийг тавьчихсан, газрын зургаа нарийн төлөвлөчихсөн бөгөөд үүнд Чевнингийн тэтгэлэг хийгээд сонгосон сургуулийн хөтөлбөр хэрхэн хувь нэмэр оруулахыг тун сайн уялдуулж бичсэнээр бусад өргөдөл гаргагчдаас ялгарч чадсан болов уу. 

5. Тодорхойлох захидал бичүүлэхдээ баримтлах зарчмууд? 

Чевнингийн тэтгэлгийн тодорхойлох захидал, сургуулиас шаарддаг тодорхойлох захидал хоёр хоорондоо ялгаатай гэдгийг онцлон хэлье. Чевнингийн тодорхойлох захидал чиний манлайлах, бусдад нөлөөлөх, харилцааны ур чадвар хийгээд суралцах чадвар, их сургуулийн шахуу хөтөлбөрийг дуусгаж чадах сахилга баттай эсэхийг харах зорилготой байдаг. Харин их сургууль нэгд, академик буюу өмнөх сургуультай холбоотой хоёрт, мэргэжлийн буюу ажил мэргэжлийн тал дээр тодорхойлолт өгөхийг шаарддаг. Тиймээс би Чевнингийн тэтгэлэгт тодорхойлох захидал бичүүлэхдээ, миний манлайллын ур чадварыг тодорхойлж чадах нийгмийн сайн дурын төслийнхөө тухай бичүүлэхээр төслийн удирдагчийг, харин мэргэжлийн тал дээр намайг маш сайн мэдэх, олон жилийн өмнөөс таньдаг болсон нэг хүнийг сонгосон юм. Харин суралцах хүсэлтэй байгаа гурван их сургуульдаа зориулж тодорхойлох захидал бичүүлэхдээ өмнө сурч байсан сургуулиасаа бас ажлаасаа тус тус тодорхойлолт гаргуулсан. Ингэхдээ, өөрийнхөө ямар талыг тусгах сонирхолтой байгаагаа эртнээс хэлж, тухайн хүндээ тодорхойлох захидал бичих хангалттай хугацааг өгсөн. Тусгахыг хүссэн санаагаа Bullet point хэлбэрээр урьдчилж өгсөн. 

Чевнингийн тэтгэлгийг авахын тулд өргөдөл гаргасан гурван сургуулийнхаа ядаж нэгд нь тэнцсэн байх ёстой учраас тэтгэлэгт өргөдөл гаргахтай зэрэгцэн сургуульд элсэх өргөдлөө явуулах шаардлагатай.

Хоёр тодорхойлох захидал явуулах учраас нэгэнд нь манлайллын ур чадвараа түлхүү илэрхийлүүлж, нөгөөд нь мэргэжлийн ур чадвараа тодорхойлуулах байдлаар мэдээллээ аль болох давхцуулахгүй байхыг хичээгээрэй. Гэхдээ хоёр захидал хоёулаа чамайг тухайн тэтгэлгийг авах шаардлага хангасан хүн мөн гэдэг мессежийг өгөх ёстой. Тодорхойлох захидлаа өөр өөр сургууль руу илгээх гэж байгаа бол нэг хувийг нь Чевнинг, нөгөөг нь ерөнхий байдлаар хаяглуулаад авчихвал дараа нь хэн хэндээ амар. Чевнингийн тэтгэлгийг авахын тулд өргөдөл гаргасан гурван сургуулийнхаа ядаж нэгд нь тэнцсэн байх ёстой учраас тэтгэлэгт өргөдөл гаргахтай зэрэгцэн сургуульд элсэх өргөдлөө явуулах шаардлагатай юм. Энэ үед сайн бичсэн хэд хэдэн тодорхойлох захидал хэрэг болно. 

6. Ярилцлагад уригдсан өргөдөл гаргагчид ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? 

Өнгөрсөн жил 500 өргөдөл гаргагчаас 30 хүн ярилцлагын шатанд дуудагдсан гэж сонссон. Ярилцлага өргөдөл авснаас хойш 3-4 сарын дараа болдог. Тэгэхээр өргөдлөө илгээсний дараа суралцах хүсэлтэй байгаа сургуулийнхаа тухай, очих улсынхаа соёл, онцлогийн талаар сайн судалж мэдээрэй. “Яагаад чи гэж” гэдэг асуулт хүн бүрд тавигдах учраас өгөх хариултаа тусгайлан бэлд. Тэтгэлгийн ярилцлагад ирдэг түгээмэл асуултуудын жагсаалт интернэтэд бий. Түүнийг олж аваад урьдчилж бэлдээд очсон нь зүйтэй. Ярилцлага 20-30 минут үргэлжлэх бөгөөд шалгаруулалтын бүрэлдэхүүнд байгаа 3-4 хүнтэй ярилцахад сандарч мэгддэг тул бэлтгэл маш чухал юм. 

Би өнгөрсөн жил тус тэтгэлгийг хүртсэн Ж.Номин, "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын О.Гэрэлээ гэх мэт ярилцлагын туршлагатай найзуудтайгаа 2-3 удаагийн туршилтын ярилцлага хийж, ярих зүйлсээ төлөвлөж, бэлдсэн учраас сандрал бага байсан. Заримдаа санаанд оромгүй энгийн зүйлсийг ч асуудаг юм билээ. Жишээ нь, яагаад Их Британид суралцахаар шийдэв, юу нь чухам тэгтлээ их таалагддаг вэ гэж надаас асуусан. Би энэ асуултад бэлдээгүй ч хоолны нэвтрүүлгүүд, англи хүний шогч зан, цайны соёл нь таалагддаг гэж хариулсан юм. Тэгэхээр огт тооцоолоогүй асуулт ирэх магадлалтай тул тухайн улсыг, тэтгэлгийн онцлогийг, сургуулийнхаа талаар аль болохыг ихийг судалж мэдээрэй. 

Ярилцлагын шатанд тэнцэх эсэхээс үл хамаарч аль болох эртнээс элсэхийг хүсэж буй сургуулиуд руугаа материалаа илгээх нь олон талын ач холбогдолтой.

7. Таны зүгээс сануулж хэлэхийг хүссэн бусад анхаарах ёстой зүйлс? 

Би гурван сургуульдаа оройтож өргөдлөө гаргасан нь алдаа болсон. Ярилцлагын шатанд тэнцэх эсэхээс үл хамаарч аль болох эртнээс элсэхийг хүсэж буй сургуулиуд руугаа материалаа илгээх нь олон талын ач холбогдолтой. Би ярилцлагад орсныхоо дараа шалгарна гэдэгтээ төдийлөн итгэлтэй байгаагүй учраас ярилцлагын шатны дүнг хүлээж сургуульд явуулах өргөдлөө 4,5 сар хүртэл хойшлуулсны улмаас эхний хоёр сонголт болох Лондоны их сургууль, Манчестерийн их сургуулиас урилга авч чадалгүй хүлээх жагсаалтад орсон. Харин азаар Сасексийн их сургууль маш хурдан шийдвэр гаргаж нөхцөлгүйгээр элсэх урилга явуулсан тул Чевнингийн тэтгэлэг хүртэх эрх үүссэн. Оройтож сургуульд өргөдөл гаргах нь сургуулийн дотуур байранд орох боломжоо алдах зэрэг эрсдэлийг дагуулдгийг мэдүүштэй юм байна лээ. Мөн IELTS-ийн шалгалтаа эртхэн өгч хариугаа авах нь чухал. Хэдийгээр Чевнинг IELTS-ийн 6.5 оноотой байхыг шаарддаг ч зарим сургууль, курсууд 7 ба түүнээс дээш оноотой байх шаардлага тавих, мэргэжлийн шалгалт өгөх гэх мэт нэмэлт шаардлага тавьдаг тул суралцах хүсэлт гаргахаар зэхэж буй сургуулийнхаа шаардлагыг эртнээс судалж мэдэхийг зөвлөе. 

Эцэст нь, Чевнингийн тэтгэлэг жил тойрсон сонгон шалгаруулалт явуулж нөр их цаг, тэвчээр, хөдөлмөр шаарддаг учраас сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, тухтай бүсдээ “баяртай” гэж хэлэхдээ бэлдээрэй. 

Колорадо мужийн их сургуулийн Бизнесийн удирдлага, нийгмийн энтрепренершип хөтөлбөрийн магистрантур О.Амартүвшин

1. Таны бодлоор Фулбрайтын тэтгэлгийн онцлог, өргөдөл гаргагчдаас хардаг гол зүйлс юу вэ?

Юун түрүүнд, би зөвхөн хувийн үзэл бодол, туршлагаа хуваалцаж байгаа гэдгийг хэлье. Би сүүлийн 8 сарын дотор 15 улсыг төлөөлөн Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй 60 гаруй оюутан залуустай уулзаж, танилцсан. Эдгээр хүмүүсийн эзэмшсэн боловсрол мэргэжил, сонирхож буй салбар нь өөр өөр ч бараг бүгд салбарынхаа талаар нарийн мэдлэгтэй, аливаа асуудлыг өргөн хүрээнд хардаг, дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй байхыг эрмэлздэгээрээ нийтлэг байв.  

2. Эссэ бичих үйл явцыг хэрхэн төлөвлөвөл зохимжтой вэ? 

Фулбрайтын тэтгэлгийн ярилцлагад уригдах эсэхийг шийдэх гол шалгуурын нэг нь эссэ. Иймд эссэ бичихдээ хангалттай хугацаа зарсан нь дээр. Хугацаагаа сайн төлөвлөхийн хэрээр эссэний чанар сайжирна. Би эссэгээ бичихдээ эхлээд үндсэн санаа, ерөнхий бүтцээ гаргасан. Дараа нь эссэний эхний драфтаа гаргаад хамгийн сүүлд хэл найруулга, өгүүлбэрийн бүтэц, үгийн сонголтоо сайжруулсан.

3. Анх удаа өргөдөл гаргаж буй хүмүүс эссэ бичихдээ ямар алдаанаас сэргийлэх хэрэгтэй вэ? 

Ер нь тэтгэлэгт хөтөлбөрийн эссэ бичнэ гэдэг өөрийгөө илэрхийлэх, цаашлаад ярилцлагад уригдах том боломж. Эссэнд өгүүлж буй гол санаанууд хоорондоо зөрчилдөхгүй, уялдаа холбоо сайтай байхад анхаарах хэрэгтэй. Нийгмийн энтрепренершип нь харьцангуй шинэ салбар боловч Монгол улсын мал аж ахуйн салбарын нөөц бололцоог бүрэн ашиглахад дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутагт тулгамдаж буй орлогын тэгш бус хуваарилалт, бэлчээрийн доройтол, нийгмийн асуудлуудыг шийдэхэд урт хугацаанд тогтвортой хувь нэмэр оруулах боломжтойг эссэндээ дурьдсан.   

Эссэнд өгүүлж буй гол санаанууд хоорондоо зөрчилдөхгүй, уялдаа холбоо сайтай байхад анхаарах хэрэгтэй.

4. Таны эссэ чухам юугаараа ялгарч чадсан гэж боддог вэ? 

Америкт суралцах чиглэл, цаашдын зорилго минь миний амьдрал, ажлын туршлагатай яаж холбогдож байгааг онцолж харуулахыг хичээсэн нь давуу тал болсон байх.

5. Тодорхойлох захидал бичүүлэхдээ баримтлах зарчмууд? 

Юуны өмнө тодорхойлох захидал бичиж өгөх хүн чинь чамайг сайн мэддэг, ажил мэргэжлийн болон хувь хүний хандлага, давуу талыг чинь үнэлдэг байх ёстой. Бас сайн тодорхойлох захидал бичихэд хугацаа хэрэгтэйг мартаж болохгүй. Иймд тухайн хүнээсээ анх удаа тодорхойлох захидал авч буй бол цагийг нь тулгалгүй эртнээс хэлээрэй. 

6. Ярилцлагад уригдсан өргөдөл гаргагчид ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? 

Фулбрайтын ярилцлагын хугацаа богино. Иймд ярилцлагад орохдоо яагаад АНУ-д сурах хүсэлтэй, сургуулиа төгсөөд юу хийж бүтээх хүсэлтэй талаараа богино хугацаанд товч ярьвал дээр байх. Бас ярилцлага өгөхдөө өөртөө итгэлтэй, сандралгүй ярих нь чухал. 

7. Таны зүгээс сануулж хэлэхийг хүссэн бусад анхаарах ёстой зүйлс? 

АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар зорьж буй хүмүүс GMAT, GRE-ийн шалгалт өгөх хэрэгтэй байдаг. Эдгээр шалгалтад хүссэн оноогоо авахад ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардана. Бас ямар чиглэлээр суралцахаас шалтгаалж, GRE, GMAT шалгалтын аль нэгийг өгнө. Иймд GRE, GMAT-ийн талаар нарийн ойлголттой болж, аль болох эртнээс бэлдэх хэрэгтэй. Сайн дурын ажлын хувьд, тэтгэлэг авахын тулд гэхээсээ шинэ хүмүүс, шинэ боломжоор дамжуулж нийгэмд хувь нэмрээ оруулах, өөрийгөө таньж мэдэх гэдэг өнцгөөс харвал зөв болов уу. 

Холбоотой мэдээлэл: Тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын бусдадаа өгөх ЧУХАЛ зөвлөгөө

Ж.Тана: Амжилтанд хялбархан хүрэх 3 алхам

Өөрт тохирсон тэтгэлэгт хүрэх 3 АЛХАМ

Тэтгэлэгт мэдээллийг цаг алдалгүй авах хэрэгцээт 15 ЭХ СУРВАЛЖ

UB LIFE ЗӨВЛӨГӨӨ: “CHEVENING тэтгэлэгт өрсөлдөхдөө заавал анхаарах 13 ЗҮЙЛ”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dr pradhan 2021.10.31 102.89.0.26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах