Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

The New York Times | 2019 онд зоривол зохих 52 газар орон


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм.

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.


1. Пуэрто-Рико


АНУ-ын Пуэрто-Рико хот болоод Карибын арлуудыг Мариа хуй салхи дайран гамшиг тохиосноос жил хагас өнгөрч, тус үзэсгэлэнт газар эргэн сэргээд байна. Өдөр тутмын нислэг өмнөх хэвийн давтамжаасаа багассан хэдий ч усан онгоцтой аялалууд хэвийн гольдролдоо орж, зочид буудлууд ч үүд хаалгаа нээж эхлээд байна. Энэ жилийн хувьд тус улс руу жуулчдыг татах нэгэн том шалтгаан нэмэгдсэн нь Лин-Мануэль Мирандагийн гол дүрийг нь бүтээх “Хамилтон” мюзикл юм. Сан-Хуан дүүрэгт шинэ энтертайнмент цогцолбор жилийн төгсгөлд үүд хаалгаа нээхээр барилгын ажил үргэлжилж буйг ч дуулгах нь зүй. Тус кино театр 6,000 хүний суудалтай тоглолтын танхим, ресторан зэрэг олон үйлчилгээг багтаажээ. Мөн усан онгоцны шинэ маршрут ч бий болсон. Гол нь яагаад заавал энэ газар луу аялах ёстой гэж? Халуун орны диваажин гэгдэх энэ газар өнөө үед хамгийн эмзэг ариун газруудын нэгд тооцогдоод байна. Далайн усны түвшин нэмэгдэх болон цаг уурын огцом өөрчлөлт тохиох эрсдэл тус хотыг ирээдүйд хүлээж буй. Цаг уурын өөрчлөлт маш хүчтэйгээр мэдрэгдэж эхэлснээс гадна муу төлөвлөлт нь аюулыг улам ч дэвэргэж байна. Иймээс л жил бүрийн “Аялах ёстой 52 газар” жагсаалтыг тус хот тэргүүлж байна.

-Мирея Наварро

2. Хампи (Энэтхэг)

XVI дугаар зууны үед Вижаянагарын эзэнт гүрэн хүчирхэгжээд байх үед Хампи тухайн үеийн хамгийн том болоод баян хотуудын нэг байв. Карнатака хэсэгт орших маш сайн хадгалагдан үлдсэн 1,000 гаруй чулуун хөшөө, сүм дуган, ордон гэх мэт архитектурын гайхамшгууд энд бий. Тунгабадра голын эрэгт ойрхон, далайгаар хүрээлэгдсэн энэ газар луу Хайдарабад хотоос шууд нислэг явж эхэлжээ. Эсвэл Бангалор хотоос Баллари хот руу нисээд, 40 км орчим давхихад л тус хотод хүрнэ. Жуулчид шинэхэн засвар хийгдээд буй “Evolve Back Kamalapura” ордонд байрлаж болохоос гадна ирэх арванхоёрдугаар сараас нээгдэх 10 гаруй том асар майханд байрлах боломжтой болно. Байгальтай илүү ойр аялал хийхийг хүссэн хүмүүсийн хувьд археологийн соёлтой танилцах аялал, хаданд авирах, завиар зугаалах зэрэг олон сонирхолтой зүйл нээлттэй байна.

-Нора Валш

3. Санта Барбара

Кино одод, саятнуудыг татдаг олон ресортууд энэ хэсэгт байрлах бөгөөд өнөөдөр хоолны соёлыг хамгийн хүчтэй түгээгч газруудын нэг болоод байна. Bibi Ji гэх нэгэн маш өвөрмөц энэтхэг хоолны ресторан тэнд байдаг. “Uni Biryani”-г нь Ражат Паррын танд санал болгож буй дарсны жагсаалттай хамт амтлаад үзээрэй. Шилдэг тогооч Филлип Франклэндын ресторан, тэнгисийн эргийг тольдож болох Санта Барбарагийн уушийн газрууд, Өмнөд Ази хоолоор үйлчилдэг өвөрмөц ресторан гэх мэт олон сайхан газрууд тэнд бий. Мөн уг хотод дарс амталгааны өрөө 30 гаруй бий. “Frequency”, “Melville” дарс амталгааны газрууд нь орчин үеийн хэв загвар бүхий дотоод засалтай, хэзээд ч үдэшлэг болж болохоор цоглог хөгжмийн хураангуй, пянз тоглуулагч гээд дарсыг мэдрэхэд шаардлагатай бүх зүйлийг цогцлуулжээ.

-Шэйла Марикар

4. Панам

Панамын баруун эрэг хавиар, Койва эргээс холгүйхэн хоёр шинэ амралтын газар бий болж байна. Мөн Пленке эрэг дээр Каюуга амралт сувиллын төв нээгдэж, 400 акр газрыг хамарсан том цогцолборыг бий болгоод байгаа билээ. Долоон эрэг дээр хялбар хүрэх боломжтойгоос гадна завиар хөвж, халим харж, тус газрын өөрсдийнх нь ургуулдаг ногоо жимснээс идэх боломжтой. Сүүлийн үед байгальд ээлтэй аялал болон амралтын газрууд ихээхэн бий болж эхэллээ. Энэ газар ч хуванцар огт агуулаагүй орчинг бий болгож, тавилгуудаа унасан модоор хийдэг. Нэгдүгээр сараас Чирикигийн булан орчимд “Islas Secas Reserve & Lodge” нээгдэн, нарны эрчим хүчээр тог цахилгаанаа хангаж, хоолны үлдэгдлийг ашигтай байдлаар ашиглан, усыг дахин цэвэршүүлэх технологийг ашиглаж байна.

-Элайнь Глусак

5. Мюнхен (Герман)

Түүх соёл, урлагийн талаасаа Мюнхен хотыг давж гарах хэцүү. Тив дундаа л эндхийн театрууд хамгийн бүтээлч, амбицтай гэдэгт тооцогдохоос гадна “Münchner Kammerspiele”, “Residenztheater” гэсэн хоёр том компани энэ оны нэгээс тавдугаар сар хүртэл 30 гаруй шинэ тоглолт зохион байгуулж буй. Хотын музей үзмэрүүд ч нэг нэгнээсээ хэдхэн алхмын зайтай байрладаг. Гэхдээ Мюнхен явах хамгийн сэтгэл хөдөлгөм шалтгаан нь Баварын Опера. "New York Times"-ийн сонгодог хөгжмийн шүүмжлэгч “Кирилл Петренкогийн гайхамшиг” хэмээн тус дуурийн найруулагч Петренкогийн тухай бичсэн байдаг. Энэ зургаадугаар сарын 27-нд тэнд Штраусын “Salome” тоглогдох гэж байна.

-Стюарт Эммрих

6. Эйлат (Израиль)

Улаан тэнгисийн дагуу оршдог учраас хотын амралтын газрууд шүрэн эрэг, хэдэн зуун төрөл зүйлийн загас, усны амьтадтай ойр оршино. Гэрэлтдэг загас, аварга загас, сувдан загас гээд та далай тэнгисийн амьтдыг хангалттай харах боломжтой. Тэнд очихын тулд жуулчид нэг бол Тел-Авиваас ховорхон нисэх онгоцонд багтаж суух эсвэл Мегевийн цөлийн 5,000 миль газар машинтай давхих гэсэн хоёрхон сонголттой байлаа. Гэхдээ Рамон нисэх онгоцны буудлын ачаар энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. Одоо Европын бараг хаанаас л бол хаанаас тийшээ нисэх боломжтой болж байгаа. Энэ жил Израильд “Eurovision 2019” дууны тэмцээн зохиогдож, энэ үеэр  "Six Senses Shaharut" гэх тансаг зэрэглэлийн шинэ зочид буудал нээлтээ хийнэ.

-Дебра Камин

7. Сэтоүчи арал (Япон)


Сэтоүчи орчим нь Сэто Инланд арал орчмын нэгэн хэсэг бөгөөд энэ жил “Setouchi Trienniale 2019” гэх асар том урлагийн наадам зохион байгуулж байна. Тус наадмын хүрээнд Тэшима, Хонжима гэх арлуудаар зочилж байгаль, урлаг хоёрыг хослуулан мэдрэх бүрэн боломжтой. Хирошимагийн энх тайвны дурсгалын музей бол Японд хамгийн олон хүн очдог газрын нэг. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу 8 жилийн дараа ахин нээгдэж, хүмүүст үзмэрүүдээ толилуулж эхлээд байна. Мөн байгалийн хамгийн үзэсгэлэнт газраар дугуйтай аялах зам харгуй, маршрутыг бий болгосноор дугуйчдын сонирхлыг ч татаад байгаа.

-Адам Х.Грахам

8. Ольборг (Дани)

Викингүүдийн уртаас урт усан завинууд нэгэнтээ Ольборгийн Лим-фьордын дэргэдүүр өнгөрч байжээ. Өдгөө харин энэ хот байгалийн үнэт өвөө хамгийн ухаалаг, артистик байдлаар хувиргаж чадсан газруудын нэгд тооцогдож байна. Ольборгийн эргээр хамгийн шинэлэг байшингууд баригдсан. Үүний нэгэн жишээ нь “Utzon” төв. Энэ барилгыг Сиднейн дуурийн театрыг барьсан Йорн Утзон барьж байв. Тэнд тавдугаар сарын дунд үеэс эхлэн Скандинавын орнуудын барилга байгууламжийн хэв загварыг үзүүлэх цуврал үзэсгэлэн гарна.

- Аннелиз Соренсен

9. Азорс (Португал)

АНУ-аас дөрвөн цаг нисээд хүрэх энэ газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийг өөрийн гайхамшигт байгаль, тогтоцоороо дүүргэсэн гэж хэлж болно. Ногоон өнгөөр эрээлжлэх байгаль, одоо нуур болон тогтсон галт уулын тогоонууд, байгалийн халуун рашаан, арал дээр ургах хамгийн тансаг, сайхан амттай кофе гээд ийшээ очих шалтаг мундахгүй. Тэнд шинэ ресторан болон зочид буудлууд ихээр баригдсан.  “Lava Homes”, долоодугаар сард нээлтээ хийх “Grand Hotel Açores Atlântico” зэрэг зочид буудлуудыг нэрлэж болно.

-Даниел Шэффлер

10. Онтарио мөсөн агуй (Канад)

Энэ бол Канадад байрлах хамгийн өвөрмөц тогтоц бүхий газруудын нэг. Гэвч цаг уурын өөрчлөлтөөс болоод уг мөсөн агуй ирээдүйд ямар байдалтай болж үлдэх нь тун бүрхэг байна. Цас мөснөөс бүтсэн энэ агуй хэлбэр хэмжээ, өнгө байдлаараа өөр өөр төрхийг илтгэнэ. Хоёрдугаар сар бол энэ агуйд зочлох хамгийн тохиромжтой үе гэгддэг. Уг агуйд очихын тулд Канадын хурдны зам дагуу хамгийн өнгө үзэмж бүхий байгальтай хэсгээр давхидаг. Мөн энд цанаар гулгах, өвлийн спортоор хичээллэх хамгийн өргөн сонголтууд бий. Та бүхэн өвлийн улиралд энэ газрыг зориорой.

-Иан Остен

Бусад улс орнуудыг уг "slideshare" дээрээс сонирхоно уу.

ЗурагТайлбар
11. Задар (Хорват)

1964 онд энэ хотод зочилж асан Алфред Хитчкокийг ч алмайруулж чадсан үзэсгэлэнтэй нар жаргах мөчийг та эндээс үзэх боломжтой. “Би дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нар жаргах мөчийг эндээс л мэдэрлээ” гэж тэр хэлсэн байдаг. Бас тув тунгалаг устай эрэг дээр очмоор байвал энэ гарцаагүй таны сонголт.
12. Уильямсберг

Энд байрлах музей болоод бусад үзмэрүүд нь танд XVIII зууны үед амьдрал ямар байсныг шууд л мэдрүүлэх болно. Мөн адреналинаа ихэсгэх дуртай хүмүүсийн хувьд эндхийн тоглоомын төвд шинээр баригдсан шинэ галзуу хулгана, эргэлддэг тоглоомууд таалагдах нь лавтай.
13. Лас Вегас

Мэдээж хэрэг зугаа цэнгэлийн энэ газар танд хийх, үзэж харах зүйл асар олон байх болно. Хамтлаг дуучдын тоглолт, шинэ ресторанууд болон уушийн газрууд нь шөнө дөлөөр амарна гэж үгүй. Мөн намар болгон энд “Life is Beautiful” гэх хөгжмийн наадам зохиогддог. Өнгөрсөн жил "Weeknd, Florence and the Machine" зэрэг уран бүтээлчид оролцож байв.
14. Сальвадор (Бразил)

ЮНЕСКО-гийн өвд багтам тийм үзэсгэлэнтэй байдлаа авч үлдэхийн төлөө тэд тавин жилийн турш түүхэн бүтээлүүдээ сэргээж,  нүд гялбам үзэсгэлэнтэй гудамж талбай, далайн эргээр дүүрэн цэмцгэр хот болжээ. Энд та халуун цуст ард түмний урлаг соёл, бүжиг, дуу хөгжмийг хамгийн тодоор мэдрэх боломжтой.
15. Данан (Вьетнам)


Вьетнамын гурав дахь том хот болох Дананд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан Хой Ань гэх эртний суурин байдаг. Далайн элсэрхэг эрэг дээр хэвтэж, үндэсний хоолыг амтлах хамгийн таатай орчин. Тахиа, гахай болон далайн бүтээгдэхүүнээр хийсэн шөл болон бусад гудамжны хоолнууд нь 1 доллараас л эхэлнэ.
16. Косталегре (Мексик)

Хүмүүс тэр болгон суурьшаагүй 43 жижиг том арлуудыг багтаасан тус хэсэг нь усан дээгүүр гулгагчдын хувьд диваажин л гэсэн үг. Өмнө нь тус хэсэг рүү ирэхэд дор хаяж хоёр цаг машинаар явдаг байсан бол энэ оны хоёр дахь хагасаас нээлтээ хийх онгоцны буудал нь тус газар хүрч очих цагийг хэдхэн минут болгон өөрчлөх гэнэ.
17. Папароа Трак (Шинэ Зеланд)

Онгон зэрлэг байгальд зочилж, өөрийгөө гээх ховорхон боломж. Уулын дугуйчид болон хаданд авирагч, байгальд үүргэвчтэй аялал хийх дуртай хүмүүсийн хувь зорих газар. Маш бага өртгөөр та тэнд боломжийн буудлуудад буух боломжтойгоос гадна далай тэнгисийн гайхалтай үзэмж энд бий.
18. Пулья (Итали)

Эртний фермийн байшингуудад хоноглож, 1000 жилийн түүхтэй дарсны соёлыг мэдэрч, жинхэнэ итали хоолны амтыг мэдрээрэй. Энд Европын "Virgin Galactic" сансрын порт байрладаг бөгөөд энэ онд нээлтээ хийнэ хэмээн төлөвлөөд буй. Мөн зорчигчдыг сансарт аялуулж байх болно гэсэн амлалтыг өгөөд байгаа юм.
19. Татра уулс (Словак)

Цана, чарга болон гадаа талбайн спортоор хичээллэх сонирхолтой хүмүүсийг хамгийн ихээр татдаг газар. Зөвхөн өвлийн спорт ч гэлтгүй, ууланд авирах, дугуйтай аялал хийх, загасчлах, хотын өнгөлөг зургууд, гудамжийг тольдох гээд хийх зүйл олон.
20. Калгари (Канад)

Дөнгөж нээлтээ хийгээд буй төв номын сангийн барилгаар та заавал зочлоорой. Зөвхөн ганц удаа ч очих биш маш олон удаа очих хэрэг ч гарч магадгүй. Учир нь энд тоглолтын танхим, кафе, хүүхдийн тоглоомын талбай, гадаа талбайн баримлууд гээд үзэж харах, зочлох зүйл их.
21. Ойхон арал (ОХУ)

Дэлхийн хамгийн гүн нуур бол Байгал нууранд орших энэ арал дээр жинхэнэ зэрлэг ан амьтад болон байгалийн гоо сайхан бий. Том үйлдвэрүүд болон нэн ялангуяа Хятадаас олноороо ирэх жуулчид, цаг уурын өөрчлөлтөөс болоод энэ газар нэг хэсэг аюулд байсан гэж хэлж болох ч маш их хичээл зүтгэлийн ачаар байгалийн үзэсгэлэнг хэвээр нь авч үлдэж чаджээ.
22. Хантсвилл

Аполло 11 газардсаны 50 жилийн ойн баяртай холбогдуулан асар олон хүн энэ газар луу тэмүүлж байна. АНУ-ын сансар огторгуйн түүхийг эндээс өөр хаана ч бүрэн дүүрэн мэдрэхгүй болов уу. Ойн баяртай холбогдуулан тус хот баярын жагсаал, тоглолт, машины шоу, гудамжны үдэшлэг зэрэг олон арга хэмжээгээр бялхана.

23. Фолкленд арлууд

Таван төрлийн оцон шувуу, зуу гаруй шувууд, далайн хав, халим гээд амьтдыг та эндээс л ойроос харах боломжтой. Ердөө 2,563 хүн оршин суудаг энэ газар онгон зэрлэг байгалийг мэдрэх хүсэлтэй хүн болгоны зорих газар.
24. Абердин (Шотланд)

Лондонгоос Шотландын хойд хэсэг хүртэл шөнөжин явдаг унтлагын галт тэрэг энэ зуны аяллын онцлох зүйлсийн нэг болж байна. Өглөөний цайгаа та нар мандахтай зэрэгцэн галт тэргэнд ууж, буусан даруйдаа эртний цайз, нарс моддоор хүрээлэгдсэн Абердин хотыг сонирхож болно.

25. Гольфо Парадизо (Итали)

Портофино, Чинкве-Терре, Портовенере зэрэг хэсгүүд одоо жуулчдаар дүүрээд буй. Гэхдээ хэдхэн км зайтай орших энэ газар жуулчид тэр болгон очдоггүй бөгөөд далайн эрэг дээр нь та хүссэнээрээ амарч болох юм. Эндээс та гараар элдэж бэлдсэн паста, бяслагаар дүүргэсэн фокачча зэрэг жинхэнэ итали хоолыг амтлах боломжтой.

26. Дессау (Герман)


Германы “Баухаус” институтийг 1919 онд анх байгуулж байсан бөгөөд өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэх болоод байна. Үүнтэй холбогдуулан Герман даяар тоглолт, бүжиг, дуурь, лекц гээд урлаг болон урчуудтай холбоотой олон арван арга хэмжээ зохион байгуулагдах юм.

27. Тунис


Тунисийг онцгой болгож буй зүйл нь эрх чөлөө юм. Картаж гэх эртний хотын балгас гэх мэт түүхэн дурсгалт газруудаа яг тэр хэвээр нь авч үлдэж чадсан нь бас нэгэн онцлог. Таксигаар жаахан давхиад л үзэсгэлэнт далайн эрэг, Ла Марсагийн шөнийн цэнгээний газруудад очиж болно.
28. Гамби

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Адама Бэрроу сонгогдсоноос хойш тус улсын аялал жуулчлал нээлттэй болж, зорин очих хүмүүсийн тоо нэмэгдсэн юм. Африкийн хамгийн жижигхэн улс хэдий ч энд үзэж харах зүйл ихтэй. Та жинхэнэ онгон зэрлэг байгаль, зэрлэг амьтдыг дэргэдээс нь харахыг хүсвэл хүний хөлд тэр болгон дарагдаагүй энэ улсыг зорьж болох юм.
29. “Northern Rivers” (Шинэ Өмнөд Вэльс, Австрали)

Бүхнээс холдож, өөрийн гэснэ ертөнцийг хайж буй хүмүүс болон аялагчид энэ газрыг зорьдог байна. Голын эрэг хавиар гэр бүл, найз нөхөд цугларч усанд сэлцгээн, уушийн газраар зочлох бөгөөд Австралийн хамгийн амттай хоолнуудыг энд байрлах ресторанууд танд санал болгоно.

30. Фризийн арлууд (Нидерланд, Герман, Дани)


Гурван улсын залгаа орших Фризийн арлуудад жуулчид ихээхэн татагдаж эхлээд байна. Хясаа, шувууд, Европын зүүн эргийн тас хар тэнгэр.

31. Нью-Йорк

Энэ том хот тэр чигтээ л өндөр барилгуудаар дүүрэн. Гэхдээ энэ хавраас эхлэн хотыг соёл талаас нь илүү сайн харуулах төслүүд хэрэгжиж эхэлжээ. Модерн урлагийн музей 400 сая ам.долларын хөрөнгөөр сэргээн босголт, шинэчлэл хийгдсэн бөгөөд галерейн зай талбайг гурав дахин нэмэгдүүлсэн байна.

32. Чунли (Хятад)

Дараагийн өвлийн олимп Бээжин хотод зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор ойр орчмын хот суурингууд ч тэр сэтгэл татам өнгө төрхөө бусдад улам дэлгэж эхлээд байна. Чунли анх Хятадын хамгийн ядуу, хөгжил дэвшилгүй хэсэг байсан бол одоо олимпийн цанын хэсэг байрлах гялалзсан тансаг хэсэг болон хувирч байна. Бээжингээс Чунли хүрэх хурдны галт тэрэг удахгүй нээгдэх бөгөөд хоромхон зуурт л тэнд очих боломжтой болно.


33. Оркас арал


Энэ арал эрэг дээр орших хоолны газрууд, өвөрмөц дарсаараа алдартай болж байна. Мөн Опра Винфри 2018 онд энэ үзэсгэлэнт газар 8 сая гаруй ам.доллараар газар худалдан авсан байдаг.
34. Узбек улс


Торгоны замаар аялахыг хүсдэг байсан бол одоо таны явах цаг үнэхээр ирсэн байх. Түүхийн замналын хамгийн сонирхолтой гэсэн бүхнийг өөртөө агуулсан энэ газар луу 100 гаруй улс орон 5 хоног визгүй зорчих эрхтэй болсон юм.
35. Вестланн (Норвеги)


Байгальтай ойр аялал хийхийг хүсдэг болон шар айрганд нугасгүй хүмүүсийн зорих газар. Хэрэв аравдугаар сарын үеэр очвол тэндхийн уламжлалт аргаар хийсэн 100 гаруй төрлийн шар айргийг амтлах боломжтой юм.

36. Лион (Франц)


Хөлбөмбөгийн улаан фэнүүд энэ зун Францыг зоривол ээлтэй. Хэдийгээр та хөлбөмбөгийн тоглолтын тасалбарыг авч чадахгүй байлаа ч тэнд байх хагас сая хүн, 4,000 ресторан нь зочлох хангалттай шалтгаан болно. Бас зайдсаараа ихээхэн алдартай шүү.
37. Доха (Катар)


Хөлбөмбөгийн ДАШТ 2022 онд Катар улсад зохиогдох гэж байгаа бөгөөд улсын нийслэл хотод олон улсад алдартай хөшөө баримлуудаа цуглуулж байна. Мөн үндэсний музей болон түүхэн дурсгалт газрууд хамгийн сонирхолтой үзмэрүүдээ дэлгэж, Прицкерийн шагналт Норман Фостер, Заха Хадид нарын барьж буй томоохон барилгууд эд дундаа явж байгаа аж.

38. Батуми (Гүрж)

Гүржийн нийслэл хэдэн арван жилийн турш жуулчдын хөлд дарагдсан үзэсгэлэнт газар гэдгийг бид бүгд мэднэ. Харин Хар Тэнгисийн чулуун эрэг рүү налсан уулсын дунд орших энэ жижигхэн хотыг Орос, Иран, Турк, Израиль зэрэг улсууд хэдийнэ мэддэг болж, зорьж очих нь ихэссэн бөгөөд дэлхийн бусад улс орнуудын хувьд шинэхэн нээлт болж аялал жуулчлалын салбарт тэсрэхэд бэлэн болоод байна.

39. Марсель (Франц)


2013 онд Марсель хотыг Европын соёлын төв цэг болгосноос хойш 6 жил өнгөрчээ. Энэ хотын уур амьсгал Францын өнцөг булан бүрээс залуухан, шинэлэг уран бүтээлчдийг өөртөө татсаар байна. Пянз тоглуулагчтай кофе шоп болон ресторан, дэлгүүрүүдээр нь заавал зочлохоо мартав аа.
40. Вайоминг

1869 онд АНУ-ын түүхэнд анх удаа энэ газарт л эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болж байжээ. 150 жилийн ой нь энэ онд тохиож буй бөгөөд энэ үеэр та олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой. Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан аяллын янз бүрийн хөтөлбөрүүд байгаагийн дотор явган аялал хийх, загасчлах, нум сум харвах гэх мэт сонирхолтой арга хэмжээнүүд олон болох нь ээ.

41. Лос Анжелес

Энэ хотыг зорих шалтгаан үргэлж л Холливуд байдаг. Энэ жил Лос Анжелесыг зорих нэгэн том шалтгаан бий болж байгаа нь “Academy Museum of Motion Pictures” энэ жил тэнд нээгдэх гэж буйтай холбоотой. Кино бүтээлч, сонирхогчдын хувьд энэ бол байж болох хамгийн сайхан боломж. 12 сая гэрэл зураг, 61,000 зурагт хуудас, 190,000 бичлэгийн цуглуулга тэнд дэлгэгдэх нь ээ.

42. Дакар (Сенегал)

Африкийн баруун эрэгт орших далайн эргийн энэ хот хипстерүүдийн хувьд бол мөрөөдлийн газар л гэсэн үг. Нгорын бяцхан арал дээр усанд сэлж, тавцангаар хөвөхөөс гадна амтат шарсан загас зооглон далайн эрэг дээр амрах боломжтой. Мөн энэ жил “A Museum of Black Civilizations” дээр Африкийн контемпорари урлагийн бүтээлүүд толилуулна.

43. Перт (Австрали)

Арав гаруй жилийг шаардсан их өөрчлөлт, дахин шинэчлэл Перт хотыг тэр чигт нь өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Томоохон барилгууд ч нээлтээ хийж кино театр, дэлгүүр, ресторанууд тоогоо нэмэв. Амтат хоол зооглон, 100 гаруй жижигхэн уушийн газраар амар тайван хэсэх боломж энд олдоно.

44. Хонконг


Бээжингээс Хонконг руу 1900 гаруй км замыг одоо хурдны галт тэргээр ердөө 9 цагт туулах боломжтой болжээ. Бээжингээс нийт 30 гаруй чиглэлд галт тэрэг хөдөлж буй энэ үед хаашаа ч гэсэн аялахад хамаагүй амар болсон юм. Хамгийн өнгөлөг, тансаг бас дээд зэрэглэлийн мэдрэмж төрүүлэх зочид буудлууд Хонконгт олон бий.
45. Иран


Эртний Персийн балгас, Шираз болон Исфахан дахь бунхнууд, “Grand Bazaar” буюу том зах, Тегераны түм бужигнасан цэг дээрх ордон гээд очиж үзэх зүйл энд барагдахгүй.

46. Хьюстон

Харви хуй салхины дараа энэ хот хурдан сэргэж буй бөгөөд “Техас мужид бүх зүйл илүү том байдаг” гэх хандлагыг жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Хьюстоны урлагийн музей асар олон шинэ үзмэрүүдийг тавьж, XX зууны Поп Арт соёлыг таниулах Менилийн цуглуулга тэнд нээгдээд байна.
47. Колумбус (Охайо)

Америкийн хэмжээнд Колумбус нь хамгийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг болоод байна. Үүнийг АНУ-ын ирээдүйн хотуудын эхлэл загвар гэж хүртэл ярилцаж байна. Өндөр хөгжилтэй энэ хот мөн Итали болон Герман хэв загвар бүхий тосгодтой ойр бөгөөд шинийг сэтгэгч, мөрөөдөгчид тэнд хамгийн өвөрмөц дэлгүүр, уушийн газруудыг нээн ажиллуулдаг байна.

48. Пловдив (Болгар)


Болгарын хоёр дахь том хот болох Пловдив улсын зүрхэн хэсэгт, долоон толгодын голд байрладаг. 2019 оны Европын соёлын төв цэг болон сонгогдсон учраас энэ жил нийт 500 гаруй арга хэмжээг тэнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Родоп уулсын хормойг дэрлэн орших хотын үзэмж үлэмж тансаг.
49. Веве (Швейцар)


“Fête des Vignerons” гэх дэлхийд алдартай фестивалийг ЮНЕСКО хүртэл онцолсон байдаг. Тус фестивалийн тасалбар анх удаа онлайнаар зарагдаж байгаа юм. Тэр чигтээ дарсыг магтан дуулсан энэ арга хэмжээтэй цагаа тохируулан очвол дарсанд дурлагч хэн бүхний хувьд хамгийн сайхан цаг үе байх нь гарцаагүй.
50. Кадис (Испани)

Европын хамгийн эртний хотуудын нэг, өөрийн өвөрмөц хуучны өнгө төрхөө авч үлдсэн энэ газар дахин олныг татаж эхэллээ. Гэвч хамгийн үзэсгэлэнтэй, нууцлаг бас сэтгэл татам бүхэн Эль Пуэрто де Санта Мариягийн эрэг орчимд өрнөнө. Тэнд яг л уянгалаг шүлэг шиг амтат далайн хоолыг танд санал болгох “Aponiente”, “León” Зэрэг ресторанууд шил дараалан байрлаж байна.

51. Эльки тосгон (Чиль)

Энэ тосгон тэр чигтээ дарсны хорхойтон, од ширтэх дуртай хүмүүс, байгальд аялагчдыг өөртөө татдаг. Энэ оны долоодугаар сарын 2-нд нар бүтэн хиртэх үзэгдэл болох бөгөөд хамгийн тод харах боломж энд олдоно. Нар хиртэлт хамгийн тод үзэгддэг учир тухайн цаг үеэр дор хаяж 300,000 хүн ирдэг гэх тооцоо байдаг.
52. Таитигийн арлууд

Таитигийн цэнгэг, дулаахан ус болон 1,000 гаруй төрлийн далайн амьтан, хамгийн нам гүм тайван амралт энд бий. Арлын зарим хэсгүүд цаг уурын өөрчлөлтөөс болоод аюулд өртөөд байсан бөгөөд оршин суугчид болоод тэнд байрлаж буй буудал, үйлчилгээний газрууд бүгд эко-аялал гэх зүйлийг ихээхэн дэмжиж, бүх зүйлийг байгальд ээлтэй байдлаар шийдэж байна.

 Дизайн: Родриго Хонивелл, Адриана Рамик, Румсэе Тэйлор, Ами Виршуп болон Жош Виллиамс.

Зураг: Паэдра Браун

Орчуулсан Б.Мөнхнаран 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.