UBLife Logo
The New York Times

The New York Times | 2020 онд аялж үзэх 52 газар орон (Бүрэн жагсаалт)

The New York Times | 2020 онд аялж үзэх 52 газар орон (Бүрэн жагсаалт)

Та бүхэнд "The New York Times"-ийн 2020 онд аялж үзэх 52 газар орон нийтлэлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна. Аялах ёстой улсуудын нэрс дунд Монгол Улс маань ч багтжээ.


1. Вашингтон

АНУ-ын нийслэл хотод шинэхэн ресторан, түүхэн театрууд, үзэж сонирхох дурсгалт газар олон бий. 100 жилийн өмнө буюу 1920 оны наймдугаар сарын 18-нд америк эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрхтэй болсноос хойш сонгууль болох жил болгонд энэ түүхэн явдлыг эргэн дурсдаг билээ. Мөн Конгрессын номын сан, Америкийн түүхийн музей, Архивын музей энэ онд олон сонирхолтой үзмэр нээж, олонд толилуулна. Сонгуулийн жил учир АНУ-ын төв болсон энэ хот амь амьдралаар дүүрэн байж, завгүй холхилдох учир зочлоход хамгийн таатай байх болно.

-Zach Montague  

2. Британийн Виржинийн арлууд

Ирма, Мариа гэх хар салхинд 2017 онд өртөж, ихээхэн хор уршиг амссан ч одоо тэр бүх үйл явдлыг ардаа орхисон гэдгээ нотлон, үзэсгэлэнт төрхөө эргүүлэн олоод байна. Олон тооны тансаг амралтын газрууд үүдээ дахин нээх гэж байгаагаас гадна тэнд үйл ажиллагаа явуулдаг газрууд орчин тойрноо илүү анхаарах болж, аялан очиход таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Хуванцар хог хаягдлыг дахин ашиглаж бүтээсэн шинэхэн байгууламж, үйлчилгээний төвүүд нээлтээ хийж, хөвдөг уушийн газар, усан онгоцны аялал гэх мэт жуулчдыг татах бүх үйлчилгээ эргэн ирж байна.

-Elaine Glusac

3. Рурренабаке, Боливи

Хамгаалалтад авсан зэрлэг онгон байгальд очиж ховор сармагчин, ягаан далайн гахай зэргийг үзэх боломжтой. Боливийн хойд хэсэгт орших энэ жижигхэн суурин бол жинхэнэ зэрлэг байгаль, ариун дагшин мэдрэмж, түүхэн дурсгалын жишээ юм. Зуу зуун хүрхрээ, төрөл бүрийн ан амьтан, жимс ногоо зэрэгтэй ойр байж, байгал эхийг илүүтэйгээр мэдрэх гэсэн хүмүүс энэ газрыг зориорой.

-Nell McShane Wulfhart

4. Гренланд

Энэ газрыг яг л Исланд шиг гэж хэлж болно. Гэхдээ илүү бага хүн зочилдог, бас илүү алслагдмал. 2020 онд энэ улс завиар зугаалах аяллын хөтөлбөрүүдэд маш их анхаарч байгаагаас гадна байгаль орчноо хамгаалах сэдэв дор эко аялал зохион байгуулж байна. Цахилгаанаар ажилладаг шинэхэн усан онгоцны аялалд хамрагдах боломжтойгоос гадна тэнд ямар ч нэг удаагийн хэрэглээний хуванцар сав, соруул, аяга, халбага сэрээ зэрэг зүйл байхгүй. 

-Ratha Tep

5. Кимберли, Австрали

Австралид зорин очих жуулчдын тоо энэ газар орчимд хамгийн бага. Тийм ч учраас зэрлэг байгальд, сатаарах зүйлгүй аялахыг хүссэн хүмүүсийн хүслийн жагсаалтад заавал багтана. Далайн эргийн хөвөөг мэдэрч, хадан хавцал дээгүүр авиран, загасчлах гээд жинхэнэ утгаараа амралтыг мэдрэх боломжтой.

-Daniel Scheffler

6. Пасо Роблес, Калифорни

Калифорни мужийн хамгийн алдартай, амттай дарснуудыг эндээс хүртэх боломжтой. Энд дор хаяж 300 гаруй дарс үйлдвэрлэгч байдгаас гадна амталгааны ресторан, аялал, үзвэр ихтэй. Тансаг зэрэглэлийн жижигхэн зочид буудлууд, дарс, олив, бяслаг бас цэлмэг тэнгэр. Усан сан болон спа газруудаар дүүрэн, хамгийн эрүүл тансаг хоолоор баялаг, жинхэнэ зуныг мэдрэх тансаг сонголт энэ байх болно.

-Danielle Pergament

7. Сицил

Этна уулаас гадна энд үзэж харах зүйл асар их. Хог хаягдалгүй эко аялал газар аваад буй энэ үед халуун орны уур амьсгалыг мэдэрч, эко аялалд нэгдэхийг хүссэн хүмүүсийн сонголт. Хуучны хот суурин, цэнхэртэн харагдах далай тэнгис, моддоор дүүрэн уул толгодоос гадна энэ оны онцлох нэг зүйл нь хоолны арга хэмжээнүүд юм. Хоол болон дарсны маш олон өдөрлөг, аялал зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

-Adam Harney Graham

8. Зальцбург, Австри 

Энэ газрыг дуу хөгжмийн өлгий гэж нэрлэхэд болно. "The Salzburg Festival" бол сонгодог хөгжмийн хамгийн том, сэтгэл хөдлөм наадмуудын нэг билээ. Моцартын төрсөн нутагт болох энэхүү наадмаар та хамгийн тансаг аялгуунуудыг сонордож, таашааж болно. Мөн автобус унаагаар л зориод очиж болох хөрш хотуудад нь кафе, гудамжны хоол, ресторанууд олон бий.

-Michael Cooper

9. Токио 

Энэ зун бүх хүний анхаарал Токиог чиглэх болно. Зуны Олимпийн үеэр жуулчдаар дүүрэх нь тодорхой болсон энэ газар бүх л соёл урлагийн арга хэмжээ ээлж дараалан болж, хоолны газрууд, музей, дурсгалт газрууд хүмүүсийг хүлээн авахдаа бэлдэнэ. Тоёосү загасны зах дээр очиж, "Flipper's"-ийн амттанг идэхээр дугаарлан зогсож, Китакоред хамгийн гоё хувцаснуудыг үзэж, Яанака гудамжаар зочлон уламжлалт ахуйг сонирхож, "Skytree" дээр очин хотыг бүхэлд нь сонирхоорой. Энд хийж болох зүйлсийн жагсаалт дуусашгүй их!

-Ingrid K.Williams 

10. Кесария, Израиль

Археологийн хамгийн гайхалтай олдворуудыг үзэж, очиж мэдрэхийг хүссэн хүмүүсийн топ сонголт. Ром, Грекийн үеийн сүр жавхлантай мэдрэмж одоо ч хадгалагдан үлдсэн тус газар хуучны хэв маягтай зочид буудал, ресторан их бий.

-Casey Hatfield-Chiotti 

Та бүхэн бусад 42 газрын тухай энэхүү слайд дээрээс гүйлгэн үзэж, сонирхоно уу.

 c.2020 The New York Times Company

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
2
9
0
0
2
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.