Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Ардчилал эрсдэлд орсон гол шалтгаануудын нэг нь Фэйсбүүк

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчийн Жоржтаун дахь илтгэл нь түүний хулчгар талыг харууллаа.


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд гэхчлэн сонирхолтой, өгөөжтэй бичвэрүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ.


Тимоти Эган / The New York Times 

Хэрвээ Фэйсбүүк шашин байсан бол энэ нь дэлхийн гуравны нэг хүн буюу 2.4 тэрбум хүн ерөнхийдөө ганц хүний удирдлагад байдаг сүлжээнд холбогдсон хамгийн том шүтлэг байх байжээ. Гэхдээ мэдээж Фэйсбүүк шашин биш бизнес, орлогынхоо нэлээд хэсгийг шавар шалбааган давлагааг сувагчилж, дандаа их гай тарьж мөнгө олдог моделтой бизнес.

Дональд Трампыг Ерөнхийлөгч болоход мөн масс аллагуудыг газар авахад нэмэр болсон, үнэн чихэнд хүрэхээс өмнө худал хуурмаг олны ам дамжчихсан байх орчинг бидэнд өгсөн ч гэсэн Фэйсбүүк сүүлийн үед сайн хүний дүрд тоглох болов. Тодруулбал, тэд дэлхийн хамгийн том мэдээллийн урсгалын залуур нь байхын тулд хууль тогтоогчид болон эрх мэдэлтнүүдэд тал засаж байна.

Энэхүү олныг татах аяных нь онцгойлох хэсэг Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукербергийн өнгөрсөн долоо хоногт Жоржтаунд тавьсан илтгэл байв. Тэрээр хүндэт Мартин Лютер Кинг болон Фредерик Дуглас нарыг иш татаж, олон ургалч үзэл санааны талбарт өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалагч гэж өөрийгөө дүрслэхийг хичээв.

Компани нь яагаад улс төрчид Фэйсбүүкийг ашиглаж худал мэдээлэл тараадгийг зогсоохгүй байгаа талаар Цукерберг тайлбарлахдаа “Бид энэ асуудал дээр зөв байр суурьтай байгаа гэж би бодож байна”, “Миний бодлоор хүмүүс өөрсдөө улс төрчид юу ярьж байгааг сонсож, ялгаж салгадаг байх хэрэгтэй” гэжээ.

Тэгэлгүй яахав, мэдээж. Иргэд өөрсдийн биеээр сонсож мэдэг, худлаа ч байсан үнэн ч байсан хамаагүй. Тэд өөрсдөө ялгаж салгаж чадна шүү дээ. Харамсалтай нь тэд чадахгүй, ялангуяа ахимаг насны хэрэглэгчид. ‘Science’ сэтгүүлд хэвлэгдсэн саяхны судалгаанд “Америкийн бүтэн нэг үе” Фэйсбүүк дэх зохиомол хогуудыг бодит үнэнээс ялгах дижитал мэдлэг дутмаг байх магадлалтай гэж үзсэн байна.

Тэгээд эдгээр улс төрчид fact checking-ээс чөлөөлөгдсөнөө гуйвуулан ашиглаж, сонгуулийн санал хураалтад нөлөөлөх хэмжээний их худал хуурмагийг тараах, санал авах цаг, байрыг төөрөгдүүлэх, эсвэл бүүр хүчирхийлэлд түлхвэл яах вэ?

Ардчилал эрсдэлд орсны гол шалтгаануудын нэг нь Фэйсбүүк юм. Сайтын алгоритм нь хэрэглэгчийнхээ уг хандлагыг л өөрт нь цуурайтуулахыг чухалчилдаг. Энэхүү хар нүх нь үнэн худал нь мэдэгдэхгүй уран зөгнөлөөр дүүрэн ба олон сая хүний хувьд мэдээлэлтэй шийдвэр гаргахад шаардлагатай наад захын баримтуудыг олж авах боломжийг олгодоггүй.

Нью-Йорк Таймс сонины хамтран зүтгэгч болох Мэттью Розенберг, Кевин Роуз нарын маань бичсэнээр Фэйсбүүк уур бухимдалтай болон улам өсөн нэмэгдэж буй ахимаг насны хэрэглэгчдийг бусад хэрэглэгчдээс илүүд үздэг, тэдгээр хүмүүс Фэйсбүүк дээр хуурамч мэдээ түгээх магадлал илүү өндөр. Gallup -ийн судалгаагаар, АНУ-д хамгийн хурдан өсөж буй Фэйсбүүк хэрэглэгчдийн бүлэг нь 50-64 насныхан байгаа бол 64 -өөс дээш насныхан дараа нь орж байна.

Тэд юу хуваалцаж байна вэ? Өнгөрсөн долоо хоногт Фэйсбүүкээр тархсан шилдэг 10 мэдээний эх сурвалжид хэт барууны үзлийн болон баримтгүй шар сонины төрлийн сурвалжууд багтсан байна. Олон нийтийн үзэл бодлын урсгалд шахаж түгээсэн вирусийн хамгийн сүүлийн жишээ нь Трампын кампаниас явуулсан Фэйсбүүк зар байв. Энэ нь АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байденийн талаар худал гэдэг нь нотлогдсон мэдээлэл байсан ба 5 саяас дээш хүнд хүрчээ.

Жоржтаунд хэлсэн үг нь Цукерберг Фэйсбүүкийн худалчийн индэр дээр карьер нь тогтдог улс төрчдийг гомдоохоос хэр их эмээдгийг харуулсан. Энэ нь хулчгар байдлын тод жишээ.

Мэдээж бас Фэйсбүүк үзэн ядалт, залилан, эрүүл мэндийн буруу зөвлөгөөнүүдийг зогсоохын тулд бас бус зүйл хийсэн. 35,000 хүний армийг “бодит аюул учруулж болзошгүй тохиолдолд контентыг устгах” зорилгоор ажилуулж эхэлсэн гэж Цукерберг хэлэв. Мөн энэ долоо хоногт Фэйсбүүк засгийн газрын оролцоотой мэдээллээр төөрөгдүүлэх дөрвөн кампанит ажлыг зогсоосноо мөн жинхэнэ fact-check хийдэг сэтгүүлчдийн тохируулсан мэдээ багцлах үйлчилгээтэй болж байгаагаа мэдэгдэв.

За бүгдээрээ Фэйсбүүк Иран, Орос тэргүүтэй гадны хутган үймүүлэгчдийн үйл ажиллагааг “зохион байгуулалттай жинхэнэ бус зан үйл” гэж нэрлээд, тэрийгээ олж зогсоох гэж оролдсонд нь алга ташъя. Харамсалтай нь улс төрчдийн зохион байгуулалттай жинхэнэ худал яриа нь нээлттэй хэвээр л байна. Үүгээр зогсохгүй, Фэйсбүүк нь захиран засаглахыг хүсэгчдийн тарьсан хамгийн том худал хуурмагийн ургацын талбай болсон байж магадгүй юм.

Одоогийн Ерөнхийлөгч маань худал хуурмагаар овоолсон Эверест уулын орой дээр сууж байсан гэдгээрээ дурсагдахыг нь бодож үзвэл Фэйсбүүк Трампын ахин сонгогдох оролдлогод нь нэмэр болж байна гэхэд гайхах зүйлгүй. Мөн албан тушаалаас нь огцруулах санал асуулга эхэлснээс хойш Трампын баг Фэйсбүүкийг гэмгүй ахимаг насныхан маань бусад гэмгүй ахимаг насныхантайгаа хуваалцдаг хуурамч мэдээллээр дүүргэсээр л байна.

Яагаар Цукерберг худал хуурмагийг түгээхийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэж тэвдэн хамгаалж, бөмбөрцгийг бүрхсэн агуу бүтээлээ улс төрийн бузар булайд нээлттэй орхино вэ? Сенатор Элизабет Уоррен Фэйсбүүкийг "ашгийн төлөө мэдээллээр төөрүүлдүүлэгч" машин гэж нэрлэжээ. Энэ нь зөвхөн нэг талаараа л үнэн. Цукерберг Жоржтаунд хэлсэнчлэн, улс төртэй холбоотой зар сурталчилгаа нь бизнесийнх нь багахан хэсгийг л эзэлдэг. 

Гэхдээ Цукерберг улс төрчид түүний компанийг татан буулгахвий гэж айдаг нь тодорхой. Бараг бүх улсын ерөнхий прокурор Фэйсбүүкийн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг удирддаг хэмжээнээсээ хэтэрсэн эрх мэдлийг нь хараандаа авсан байх шиг байна.

Цукербергийн хамгийн том айдас Хууль Зүйн Яам байх нь гарцаагүй. Трамп ч яамыг дайснуудаа дарах хувийн улс төрийн хэрэгсэл мэт ашигладаг. Трамп болон бусад улс төрчдийг Фэйсбүүк дээр хүссэнээрээ бодит байдлыг гуйвуулах боломжийг олгох нь Цукербергийн Хууль Зүйн Яамны нохдоос холуур өнгөрөх хамгийн сайн хөшүүрэг нь юм.

Өнгөрсөн сонгуулиар Фэйсбүүк оросуудын тоглоомын талбай болсон нь мэдэгдэхэд Цукерберг анхандаа энэ тийм ч том асуудал биш гэж мэдэгдэж байв. Тэрбээр хожим нь хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Гэхдээ тэр том зургаар хараагүй хэвээрээ л байна.

Хэрэглэгчид, хүлээн авагчдынхаа өмнө хариуцлагаа хүлээдэг ямар ч сонин, онлайн мэдээний сайт, радио, телевизийн суваг байсан зөв зүйлийг хийж, худал гэдэг нь маргаангүй, батлагдсан улс төртэй холбоотой зар сурталчилгааг нийтлэхээс татгалзана. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш.

Цукерберг Жоржтаунд хэлсэн үгэндээ, Фэйсбүүкийн үндсэн зорилго нь “хүмүүсийг нэгтгэж, уулзуулах” гэсэн. Энэ нь үнэн бол тэр өөрийн гар дор байх нийгмийг хагалагч пуужингийнхаа мэдээллээр төөрөлдүүлэгч хошууг аюулгүй болгож эхэлж болно шүү дээ.

c.2019 The New York Times Company

Орчуулсан Б.Баттогтох

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
1
0