Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“The New York Times”: Аз жаргалын эрэлд цөхрөгсдөд


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ. 

Лаура М.Холсон 

Өнөө цагт аз жаргал эргэн тойронд дүүрэн буй мэт санагдана. 

“Ikea”-ийн хайрцаг дотроос, “McDonald’s”-ийн ундаанаас, зөрөөд өнгөрөх нэгний богино цамцан дээрх жаргалтай үгс, эшлэлээс харж болмоор. Бас “Аз жаргалыг мөшгих нь” подкаст бий. За тэгээд энэ жил хэвлэгдэн гарсан баяр хөөртэй амьдрал, жаргалтай гэрлэлт, урам зориг дүүрэн бүтээлч болох, бүр хэрхэн Хью Жэкмэн шиг өөдрөг байх тухай номнуудыг ч дурдаж болно. 

Гэвч байзаарай, аз жаргал бидний эргэн тойронд хаа сайгүй бий юм бол яагаад түүнийг “барьж авах” ийм хэцүү байна вэ? 2014 онд Мари Кондо хувцасны шүүгээгээ жимбийтэл сайхан цэгцлэх нь хүртэл аз жаргалд хүргэнэ гэж хэлж байснаас бид юу ч ойлгож ухаараагүй хэрэг үү? Тийм ээ, тэр цагаас хойш олон юм өөрчлөгджээ. Доналд Трампийн эриний улс төр америкчуудыг хоёр төрөлд хувааж орхив: Ууртай, тэгээд бүр илүү ууртай. Цаг уурын өөрчлөлт оршин буй дэлхийг маань заналхийлж байна. Өөд тэмүүлж явсан АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтийн муруй эсрэг зүг рүү гудайж эхлэлээ. 

Сэтгэл амар мөчүүдээ тооны машин дээр ширхэгчлэн бодох нь холгүй цаг үе нэгэнт иржээ. “Цөхрөлөөр дүүрэн энэ үед аз жаргалыг эрэлхийлэх нь хувьсгалын дайтай үйл хэрэг болж байгаа нь үнэн” хэмээн Далай лам, Десмонд Туту нартай хамтран бичсэн “Аз жаргалын ном: Хувьсан буй ертөнцөд ховордсоор байгаа жаргал” бестселлер номын зохиогч Дуглас Абрамс хэлж байна. “Аз жаргал бидний дотор биш, биднийг тойроод байгаа мэт санагдаж эхэлсэн” гэж тэр тодотгов. 

Тэгэхээр бид чинь аз жаргал гээчийг ардаа орхисон дэлхийд амьдарч байгаа хэрэг үү? Иргэдийнх аз жаргалтай, сэтгэл хангалуун байдлыг хувьчилж, 156 орныг хамруулсан “Дэлхийн аз жаргалын индекс” дэх АНУ-ын эрэмбэ ухарсаар байгаа. Америкчууд 2018 онд урьд жилийнхээсээ бага “жаргасан” гэдгийг жагсаалтаас харж болох бөгөөд Австрали, Канадын ард 19 дүгээрт эрэмбэлэгджээ. 24 цаг тасралтгүй хөврөх мэдээллийн урсгал, удаа дараа хавсарсан байгалийн гамшиг, нийгмийн тогтворгүй байдал, улстөрийн тэмцэл америкчуудыг хангалттай цөхрүүлж орхив. Биднийг хэдэн талаас бүслэх стресс намжих янзгүй, америкчуудын зовнил өссөөр буйг сэтгэлзүйчид сануулсаар. 

Энэ бүхний учрыг багахан ч болтугай ойлгохоор би “Баяр хөөр: Ер бусын аз жаргалыг бий болгох ерийн жижиг зүйлсийн гайхам хүч” номын зохиогч Фетелл Лийтэй холбогдов. Аз жаргал гэж чухам юу вэ гэдгийг ихэнх хүн мэддэггүй гэж тэр хэлээд, энэ гэж хэлэх хариу олно гэдэг боломжгүйг сануулсан. Харин аз жаргал дотроо субъектив чанарыг агуулдаг гэв. Сэтгэл хангалуун байдал болоод утга учиртай амьдрал нь аз жаргалтай байдлыг бий болгодог гэж судлаачид үзэж байна. 

Харин баяр хөөр бол хором, мөчийн гэнэхэн тохиолоос үүсдэг аж. “Баяр хөөрийг мэдрэхийн тулд заавал жаргалтай байх албагүй” хэмээн Фетелл Лий хэлсэн. Саа цацаж, эсвэл гадуур жаахан алхаад л та баяр хөөрийг мэдэрч болох тийм энгийн. “Би амьдралын маань бүх зүйл асуудалгүй, давгүй байхыг хүсдэггүй” хэмээн тэр хувийн туршлагаасаа мөн хуваалцсан. 

Аризонагийн үндэсний их сургуулийн нийгмийн сэтгэл судлалын туслах профессор Мишель Шинота өнгөрсөн нэгдүгээр сард нэгэн туршилт хийжээ. “Би өдөр бүр баяр хөөртэй мөчийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Гэвч тэр маань хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн дээ” гэж хэлсэн тэрбээр өдөр тутмын баярт мөчийг тоолохын эцэсгүй гэдгийг олж мэджээ. 

Гэтэл нийгмийн сүлжээ биднийг хором мөч тутамд сэтгэл ханамжтай байхад хүчээр түлхэх болов. “Бид сэтгэл хангалуун байдлыг нарийн ширхэгээр харж, байнга тийм байх ёстой мэт болж байгаа” гэдгийг Калифорнийн их сургуулийн “Greater Good Science Center”-ийн захирал хэлэв. 

Гэхдээ аз жаргал, баяр хөөрт тэмүүлэх нь сайн зүйл боловч үүгээр уур бухимдал, гуниг гутралаа халхавчлах нь буруу гэдгийг Шиота хэлж байна. “Бидний сөрөг хандлага хэмээн нэрлэдэг мэдрэмжүүд ч үнэндээ муу зүйл биш, тэр нь биднийг ямар нэг зүйл буруу байна, үүнийг өөрчлөх ёстой гэсэн сэдэлд хөтөлж, бид тэндээс суралцаж байдаг” гэдгийг тэр онцлов.

Сайхан юм аа гээд дэлгэцийн цаанаас харах, хөөх ямар гоё вэ гэж яг дэргэдээс нь мэдрэн инээхийн хооронд асар их ялгаа бий тухай тэр энд хэлж буй.

Өнөө цагт компанийн маркеторууд таныг аз жаргалгүй байна, үүнийг л хэрэглэвэл аз жаргалтай болно гэсэн сурталчилгаа их явуулж байгаа. “Сэтгэл ханамж өгөх гэдэг өөрөө тусдаа зах зээл болж байх шиг. Үр дүн нь эсрэгээрээ ч байж болох зүйлсэд хүртэл аз жаргалд хүргэнэ гэсэн шошго нааж бүтээгдэхүүнээ зарах нь ихэсссэн” гэж Шиота хэлсэн. 

Шинжлэх ухааны үндэсний академийн 2017 оны судалгаагаар хүргэлт, дуудлагын цэвэрлэгээ мэтийн цаг хэмнэдэг үйлчилгээ авахдаа хүмүүс дарс, эсвэл гацуур модны чимэглэл авахаас илүү сэтгэл ханамжтай байдгийг тогтоожээ. Нэг ёсондоо, бага ч болтугай илүү цаг хэмнэж, өөртөө чөлөө зав гаргах нь стрессийг бууруулдаг болох нь судалгаанаас харагдаж байна. 

Гэвч аз жаргалд хүрэх замыг хамтын оролцооны дутмаг байдал хааж байдаг тухай Келтнер хэлсэн юм. Тэр сүм, шашины цугларалт зэрэг хамтын оролцоо шаарддаг газруудыг цохон тэмдэглээд “Сүм чамд баяр хөөр, сэтгэл ханамж өгдөг. Чи нийтийн дунд орж, тэдэнтэй хамт дуулж, багахан хандив өргөж, мөргөл уншсанаар сэтгэл чинь хөнгөрч, баяр хөөрийг мэдэрдэг” гэв. 

“Фэйсбүүк, инстаграм тэргүүтэй нийгмийн сүлжээний хэрэглээ өсөөд ирэхээр цахим нийгэмлэг бодит уулзалт, биеэр оролцох оролцоог орлох боллоо. Үүнээс үүдээд нэг нэгэнтэйгээ холбогдох хамаарал ч өөрчлөгдөж байна. Инээд, догдлол энэ хэрээр алга болж байгаа”-г ч онцолсон юм. Сайхан юм аа гээд дэлгэцийн цаанаас харах, хөөх ямар гоё вэ гэж яг дэргэдээс нь мэдрэн инээхийн хооронд асар их ялгаа бий тухай тэр энд хэлж буй. 

Харин “Loving-Kindness: The Revolutionary Art of Happiness,” номын зохиогч, буддын бясалгалын багш Шэрон Залзберг аз жаргалын талаар арай өөр бодолтой байна. “Миний ном гарах үед би аз жаргалын талд байсан” гээд “Тэр үед хүмүүс надаас зүгээр л баяр хөөрийн тухай ярьж болдоггүй юм уу? Аз жаргалд хүрнэ, мэдэрнэ гэдэг амаргүй шүү дээ гэж байсан. Үүнээс хойш би аз жаргал гэдэг ойлголтын хүрээн дэх зүйлсийг судлах, анзаарах дуртай болсон. Илүү тодорхой, гүн гүнзгий ойлголттой болохын тулд” гэв. 

Фетелл Лий америкчууд аз жаргал үгүй ертөнцөд амьдарч байна гэж бодож байна уу? Тэр үгүй гэж хариулна. Гэхдээ тэр үүнийг нэмж хэлсэн. “Би аз жаргалын тухай огт бодохоо больсон. Харин би баяр хөөртэй мөчийг эрэлхийлдэг болсон. Баярт мөчүүд дүүрээд ирэхэд хамгийн сайхан амьдрал гэж тэрийг л хэлнэ дээ”. 

c.2019 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
1