Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

The New York Times | Гоо үзэсгэлэн яагаад чухал вэ?

"Гэрэг" сэтгүүл нь The New York Times-ийн Turning Points оны онцлох дугаарыг албан ёсны эрхтэйгээр хэвлэн уншигчдадаа хүргэсэн. Энэ удаад бид онцлох нийтлэлүүдийг Ub.life сайтаараа цувралаар хүргэж байна.


"Гэрэг" сэтгүүл нь The New York Times-ийн Turning Points оны онцлох дугаарыг албан ёсны эрхтэйгээр хэвлэн уншигчдадаа хүргэсэн. Энэ удаад бид онцлох нийтлэлүүдийг Ub.life сайтаараа цувралаар хүргэж байна.


Орчуулсан Дашцэрэнгийн Мөнххишиг

БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ГОО ҮЗЭСГЭЛЭН ЯАГААД АМИН ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙ УРАН БҮТЭЭЛЧ, ЭРДЭМТЭН, ЗОХИОЛЧ, СЭТГЭГЧДИЙН ЭРГЭЦҮҮЛЭЛ 

Хүн төрөлхтөн гоо үзэсгэлэн гэж чухам юусан билээ хэмээн мянга мянган жил толгойгоо гашилгах мөртөө өнөө ухагдахуунаар өөрсдийгөө ч давхар цэгнүүлж ирсэн ажээ. 

Гоо үзэсгэлэнгийн талаар эргэцүүлнэ гэдэг “сэтгэлд жигүүр ургах”-ын үндэс гэж Платон үзжээ. Рафаэлийн “Хувирал”-ыг хараад Ральф Уолдо Эмерсон “Энэ зураг болбоос энэрэнгүй гоо үзэсгэлэнгийн биелэл, эмнэг зүрхийг ч уяраах шидтэй” хэмээн бичсэн байх юм. Лиззо харин “My Skin” дуундаа “Хэний ч анзаараагүй гоо үзэсгэлэнг ганцхан чи л олж харсан байж мэднэ” гэжээ.

Хүмүүс бид гоо үзэсгэлэнгийн эрэлд хатдаг. Тэмүүлж мөрөөсдөг. Харааж зүхдэг. Хайрлаж нандигнадаг. Гайхаж асуудаг, атаархаж хорсдог. Чухам яагаад?

Чингээд “Гоо үзэсгэлэн гэж юу ч бай, ер нь яагаад бидний амьдралд тийм чухал юм бэ?” хэмээх энгийн нэгэн асуултыг уран бүтээлч, эрдэмтэн, зохиолч, сэтгэгч нарт тавьсанд дараах хариултыг өгсөн юм. 

АНДРЕ АСИМАН 

“Намайг нэрээрээ дуудаач”, “Намайг ол” романы зохиолч Андре Асиман

Цэлмэг сайхан үдэш тэнгисийн эрэгт очиж, нар жаргахыг харахын төлөө бид яахаас ч буцдаггүй шүү дээ. Нуруугаа цэхэлж, дуугаа хураагаад, тэнгэрийн хаяанд улбар туяа татахыг шимтэн ширтдэг. Энэхэн мөчид нар ямар өнгө сонгохоошийдэж ядах уран зураач шиг хэдэнтээ тээнэгэлзсэний эцэст хув шар, ягаан өнгөөр буй бүхнийг будна, тэгснээ гэнэт цагаан гэгээтатуулаад нойрсож орхидог.  

Харин бид яагаад ч юм баясан догдолж, нэг л мэдэхэд эгэл жир, өчүүхэн энэ амьдралаас тасарч холдоод, хамаагүй баялаг, эрхэм дээд оршихуйд очсон байдаг бус уу. 

Ид шид илбэ жатга ч гэх үү, цаг хугацаат оршихуйгаас цаглашгүй мөнхөд, танил газраас тэс өөр ертөнцөд шилжчихсэн мэт ер бусын мэдрэмж төрдөг. Ер нь урлаг, гоо сайхны ачаар хүн цаг хугацааг хором ч атугай зогсоож, хорвоо ертөнцтэй уусан нэгдэх орон зайг олдог шүү дээ. Амьдралаас амсах аз жаргалын дээд нь энэ. 

Гоо үзэсгэлэнтэй ойр байхдаа бид сэтгэл дүүрэх ховорхон мэдрэмжид автаж, өөр юунд ч шунаж дурлахаа больдог. Угтаа энэ бол сэрэл мэдрэмж төдийхөн биш юм. Мөн байлаа ч хайр шиг, яг л хайр шиг мэдрэгддэг. Ер нь хайр гэдэг чинь та бидний мэдэх хамгийн нандин зүйл мөн биз дээ. Өрөөл бусад, өөр зүйлтэй нэгэн цул болох мэдрэмжийг эрхэм дээд гэдэг үгээр илэрхийлэх ч багадна, харин үүнгүйгээр амьдрах ч амьсгалах ч аргагүй гэвэл сая ононо.

Бид жаргаж буй нар, тэнгисийн эрэг, теннис, урлагийн бүтээл, Тоскан муж, Хадат уул, Францын өмнөд нутаг шиг үзэсгэлэнт газар орон, мэдээж хэрэг бусад хүнийг хайрладаг. Чингэхдээ хэн, юу гэдгээс нь бус, харин цаг ямагт дотоод сэтгэлдээ мэдэрч асан ч хайхралгүй орхисон өөрийгөө нээхэд, оногдсон цаг хугацаагаа элээж дуусахаас өмнө амжиж өөрийгөө бүтээхэд, өөрийг чинь илүү сайн сайхан хүн болоход урин дууддаг болохоор нь хайрладаг билээ.  

КОНСТАНС ВУ

Кино жүжигчин, дэлгэцийн уран бүтээлч 

Ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхдагаа хаацайлах гэхдээ “Сексийн зорилго бол үр удмаа үлдээх явдал. Тэгэхээр ижил хүйстэндээ татагдах нь шинжлэх ухаан болоод биологийн хувьд гаж зүйл. Ямар ч зорилгод үйлчилдэггүй” хэмээн нэгэн сизжендэр эр надад тайлбар тавьж билээ. Би хэсэгтээ хэлэх үггүй болсон. Тэгээд би “Өө тийм үү. Тэгвэл эрхтэн хөхөхийн шинжлэх ухааны ач холбогдол нь юундаа байна вэ?” гээд амыг нь тагласан юм даг. 

Хүний оршихуйг биологийн үйл ажиллагаа төдийхнөөр хумьж тодорхойлоод, хүн төрөлхтөн болбоос амьд үлдэх, эс бөгөөс нөхөн үржих л гол зорилготой хэмээн цэц булаалдахыг би цөөнгүй сонссон. Ийм дүгнэлт хийхэд ургуулан бодох, хичээл зүтгэл гаргах өчүүхэн ч шаардлагагүй болохоор амар байдаг биз. Мэдээж ихэнх араатан амьтдын хувьд үүнээс өөр сонголт үгүй. Дууч шувуухай өлсгөлөнгөө дарах гэж л цэцгийн бал иддэг шүү дээ. Хөөрхий тэр шувуу өөрийн гоо үзэсгэлэнг гадарлахгүй, тэгж анзаарч ойлгох ухаан ч хүрэхгүй. Харин бид бол эсрэгээрээ. Хүмүүс бид урлаг, дуу хөгжим, яруу найргийг таашаадаг. Бид шувууны үүр хийдэг. Цэцэг тарьдаг. 

Зөвхөн хүн л гоо үзэсгэлэнг эрэлхийлж, бас илэрхийлдэг. Ийм өвөрмөц сайхан чадвар заяасаар атал дэмий үрэх гэж үү? Амьдралын цөмийг бүрдүүлэгч анхдагч нэгж кваркийг хүртэл “гоо үзэсгэлэн”, “үнэн” хэмээх үгээр анх нэрлэсэн юм шүү дээ. 

Иймээс гоо үзэсгэлэн надад чухал. Аливаа зүйлээс гоо сайхныг олж харна гэдэг, бид биологиос өгөгдсөн нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амьдралын гоо сайхныг мэдрэх үедээ бид хамгийн амьд сэргэг байдаг билээ. 

КРИСТИНА МИТТЕРМЕЙЕР, ПОЛ НИКЛЕН  

Байгаль хамгааллын гэрэл зурагчин, “СиЛегаси” ТББ-ыг үүсгэн байгуулагч

Орчин үеийн аж амьдралыг эрхшээсэн маркетингийн машинууд гоо үзэсгэлэн бол бие бялдар, гадаад үзэмж хэмээн итгүүлэхийг оролдсоор. Харин олон арван жил байгаль хамгааллын гэрэл зураг дарж, хорвоо дэлхийг хөндлөн гулд туучиж, нүд тайлсны ачаар бид хоёр энэ тухайд өөр бодолтой.  

Гоо үзэсгэлэн гэдэг хүрээлэн буй материаллаг эд зүйлсээс илүүтэй, хорвоо дэлхий дээр оногдсон цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлэхийн нэр. Өндөр дээд зорилгын төлөө хүчин зүтгэж, өрөөл бусдад сайнаар үлгэрлэж, илүү сайн сайхныг бүтээх урам зориг өгч, эх дэлхийгээ хайрладаг болсон цагт л бид жинхэнэ гоо үзэсгэлэнг бүтээдэг. Гоо үзэсгэлэн гэдэг чинь хамгийн сүүлийн үеийн гоо энгэсэг, загварын чиг хандлага бус, харин эх дэлхийтэйгээ зохирон аж төрөх, хайрлан хамгаалах юм шүү дээ.   

Өдөр бүр нүдний өмнө ан амьтад, байгалийн өвөрмөц тогтоц, уугуул соёл мэдлэг устан мөхөж байна. Өлгий болсон байгаль эхийнхээ эмзэг нандин гоо үзэсгэлэнг нэхэн сануулах үйлсэд энэ насаа зориулж яваа маань хүн төрөлхтний тусын тулд төдийгүй, дэлхийн амьд бодгаль бүрийн төлөө юм.

Энэ л зорилгын төлөө цаг хугацаа, нөөц боломж, хичээл зүтгэлээ зориулснаар бидний амьдрал утга учиртай, үзэсгэлэнтэй болдог. 

ЭЛИЗАБЕТ БЛЭКБӨРН

Физиологи, анагаах ухааны салбарын 2009 оны Нобелийн шагналтан 

Шинжлэх ухаан бидэнд гоо үзэсгэлэнг олон янз хэлбэрээр таниулж, амьдралд өнгө нэмдэг. 

Байгаль дээрх хамгийн эгэл оршихуйгаас ч гоо үзэсгэлэнг олж харж болно. Наад зах нь наутилис дунгийн бүрхүүлийн хээ угалз; цэцэг нахиагаа дэлгэсэн эквалит модны гоёмсог өнгө, хэлбэр; дуран авайд тодрон үзэгдэх мушгиа галактикууд (оддын ай) энгүй нууцлаг санагддаг шүү дээ. 

Нөгөөтээгүүр дэлхий дээрх эд эс, молекул, амьд организм, экосистемийн хараахан тайлагдаагүй ээдрээт нууцууд та бидний гайхширлыг төрүүлдэг. 

Тэрчлэн шинжлэх ухаанаар үнэнийг эрэлхийлэх, аль эсвэл шинжлэх ухааны судалгаа хийж, бүтээлч зан, ур ухаанаа дайчлан нэгэн цагт эмх замбараагүй, утга учиргүй мэт санагдаж байсан юмсын зүй тогтлыг тайлах үйл явц бол өөрөө хосгүй гоо үзэсгэлэн.  

ДНХ дэх дөрөвхөн нуклеотид өөр хоорондоо уялдаа холбоогүй, үй олон амьдралын хэлбэрүүдийг үүсгэгч генетикийн мэдээллийг бий болгохоор загварчлагдсан нь үнэнхүү гоо үзэсгэлэн биш гэж үү? 

ЛАЗАРО ЭРНАНДЕС, ЖЭК МАККАЛОУ

Проенза Шулер брэндийг үүсгэн байгуулагчид, дизайнер 

Гоо үзэсгэлэнг тодорхойлно гэдэг тухайн хувь хүний амьдралдаа баримталж ирсэн үнэт зүйлээс нь хамаардаг, ихээхэн барьцгүй, адармаатай явдал. Бид өөрсдийн гоё сайхан гэж итгэсэн зүйлдээ тэмүүлж, мөдхөн түүндээ хорхойсож, цаашлаад бүр байж сууж тэвчихээргүй гал халуунаар шунан дурладаг. Гоо үзэсгэлэн бол хүсэл тэмүүллийг өрдөх хүч, мөрөөдлөө биелүүлэх хөшүүрэг.  

Бид хоёрын мэргэжил загвар зохион бүтээгч болохоор гоо үзэсгэлэнг гол төлөв бие махбодтой холбож ойлгох нь бий. Гэхдээ гоо үзэсгэлэн хүний сэтгэл хөдлөл, бүтээлч байдал, дотоод мөн чанарыг тэтгэх хүч болдог. Уг чанартаа гоо үзэсгэлэн маш олон хэлбэрт оршдог. Хязгааргүй олон хэлбэртэй болохоор нь та бид өөр өөрсдийнхөөрөө тодорхойлж байна шүү дээ.  

Бид арьсны өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, итгэл үнэмшлээс үл хамааран, илүү хүртээмжтэй, өвөрмөц олон жишиг тогтсон, гоо сайхны өөр өөр хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үнэлдэг болсон цаг үед амьдарч буй нь юутай аз завшаан бэ. 

Гоо үзэсгэлэнд хүний урмыг бадраах хүч бий. Ер бусын нууцлаг энэ хүч бидэнд өөрийгөө дайчлах, хичээж зүтгэх онгод хайрладаг. Энэ утгаар нь авч үзвэл, өнөө цагт бидэнд гоо үзэсгэлэн л юу юунаас илүү амин чухал юм даа. 

ЖАМИЛА ЖАМИЛ

Жүжигчин, “I Weigh” хөдөлгөөнийг эхлүүлэгч 

Гоо үзэсгэлэн гэдэг чинь хүмүүсийг зэрэглэж дугаарлах гэдэг манай нийгэмд тогтсон  хандлагын нэг илрэл. Хүмүүсийн даган дуурайх гоо сайхны жишгийг байсхийгээд өөрчлөөд байвал санаанд оромгүй ашигтайг ухаарсан зарим нэг хувь хүн, бизнесийн байгууллагууд өнгөрсөн зуунд ямар их хор уршиг тарьсан гээч. 

Яагаад ч хүршгүй өв тэгш, төгс төгөлдөрийг магтан дуулах нь хоолны дэглэм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг суурь болдог. Энэ л шалтгаанаар бид нийгмийн жишигт нийцэхийн төлөөнөө санаа сэтгэлээ чилээж, байдаг мөнгө төгрөг, үнэт цагаа үрж суудаг шүү дээ. Юун түрүүнд бид үндэстэн ястны уг царай төрхийг тоохоо больсон. Одоо бүгд л уруулаа томруулж, зовхио татуулж, жартгар нүдтэй болохыг хүсэмжилдэг. Арьс цайруулах эмчилгээ хийлгэж, аль эсвэл борлуулдаг тос хэрэглэнэ. Харин өнөөх төгс төгөлдрийн илэрхийлэл болсон идеал байнга өөрчлөгдөж, гүйцэх аргагүй болчихдог шүү дээ.

Гоо үзэсгэлэн хэмээх ойлголт дэлхий даяар элдэв соёлыг түгээгч мөнхийн шаналгаа юмсанж.

ЖОЙ ХАРЖО 

Нэгдсэн Улсын яруу найргийн шагналтан Жой Харжо нь тус шагналыг хүртсэн анхны уугуул америк хүн

Үзэсгэлэн төгөлдөр амьдрал 

Хувь заяаны тохиолоор

Хүмүүний түүхийг бичилцэх нэгэн амь бүрэлдэв.

Анхдагч гоо үзэсгэлэн тэр.

Амаржих дөхсөн бүлээн хэвлийд

Анхлан сонссон ижийнх нь хоолой гоо үзэсгэлэн.

Энхэр үрээ энгэртээ тэврэх 

Эцгийн гар ч гоо үзэсгэлэн.

Бүрэнхий цонхоор тусах саран 

Бүүвэйн дуу аялах нь гоо үзэсгэлэн.

Энэ насанд юм бүхэн үзэсгэлэн төгөлдөр

Буй байгаа нь л сонин сайхан.

Ногооноос ногоон, тийм гүн ногоон өнгө,

Өглөөний шүүдэр буусан нялх ногоо анхилах салхины амт,

Өөрийн л мэдэх хэлээр элдвийг шулганах бяцхан охин.

Удаах гоо үзэсгэлэнгийн

Уураг шимийг ханатал хүртэв гэнэ, охин.

Бас нэг гоо үзэсгэлэн харин

Баатрын булшинд үүрд нойрсов гэнэ.

Эх нь охиныхоо гэзгийг нямбайлан сүлжиж, сувдан сондор хатгав. 

Эгэлгүй гоо үзэсгэлэн мөн ажээ тэр.

Эрчит галын дөл охины дотор дүрэлзэж, үзэсгэлэнт цэцэг дэлбээгээ дэлгэв.

Эмэгтэй хүн болжээ тэр.

Энэ л гоо үзэсгэлэнг

Эгнэгт санаж яваарай гэж аминчлан түүнд захив гэнэ.

Нэг мэдэх нь ээ өнөөх бүсгүй гоо үзэсгэлэнг умартсан байлаа.

Амьдралын эргүүлэгт төөрч будилаад ухаан, сэтгэл нь уймарсан байлаа. 

Гоо үзэсгэлэнг мартаж орхитол, учирсан бүхэн увайгүй муухай санагддаг болов.

Гэвч тэр бууж өгөлгүй, гоо үзэсгэлэнг түшиж өндийдөг байлаа.

Эргэн тойрон, энэ бие нь гоо үзэсгэлэнгээр бялхахад

Эрдэнэ шиш, нар, сар болно гэдгээ ойлгов гэнэ.

Ийм нэгэн түүх бичиж үлдээгээд одохдоо тэр

“Үхэл ч үзэсгэлэнтэй” хэмээн дуулсан юм гэнэ.

Яс нь хүртэл 

Ондоо нэг гоо үзэсгэлэнгийн үүтгэл болсныг 

Он цаг гэрчилсэн юм гэнэ. 

МАССИМО БОТТУРА 

Тогооч, “Food for Soul” ТББ-ыг үүсгэн байгуулагч 

Гоо үзэсгэлэн бол сэтгэл хөдлөлийг илтгэх, хувь хүн хийгээд хамтын онцлог шинжийг ч илэрхийлэх чадалтай эерэг эрчим хүч. Гоо сайхныг бид аль ч мэдрэхүйгээрээ мэдэрч болох ч, таван мэдрэхүйг зэрэг өдөөсөн тохиолыг өөр юутай ч зүйрлэшгүй. 

Гуч гаруй жил тогооч хийсэн хүний хувьд би хоол хийх, шинэ жор зохиох үедээ гоо үзэсгэлэнг олонтоо мэдэрсэн. Гоо үзэсгэлэн гэдэг чинь ганц орц, ганц зүйл, ганц санаа бус, харин олон хэсгээс бүрдэж бий болдгийг би хоолны жор судалж явахдаа олж мэдсэн. Хоол болгон өөрийн гэсэн үзэмж, амт, хэм, үнэр, нийцэл, тэжээллэг чанарыг агуулдаг боловч энэ бүхэн нэгдэж нийлээд юуг мэдрүүлж буй нь хамгийн чухал. 

Бид орон гэргүй иргэдийг хооллож ундлах зорилгоор Милан хотод Рефетторио Амбросиано хэмээх олон нийтийн гал тогоог 2015 онд анх нээсэн юм. Чингэхдээ гоо үзэсгэлэнг бүтээнэ гэсэн гол зарчмыг баримталж байлаа. Бид зураач, архитектор, дизайнер, тогооч нартай хамтарч, тэр газрыг халуун дулаан, хүн бүрийг хүндэтгэж, найрсгаар хүлээж авдаг газар болгохыг зорьсон. Өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг авчраад нэг ширээнд суулгахад гайхалтай хамт олон бүрдэж болдог юм билээ. Ийм найрсаг сайхан орчинд ирсэн хүмүүс ирээдүйд хэн болмоор байгаагаа чөлөөтэй төсөөлж, амьдралаа ч өөрчилж эхэлсэн. Гоо үзэсгэлэн аливаа зүйлийг үндсээр нь өөрчлөх чадалтайг энэ газраас харж болно.

Миний үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага болох “Food for Soul” өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар ийм рефетториос олныг нээсэн. Эдгээр гал тогоонд очиход хамгийн сэтгэл хөдөлгөм, сайхан санагддаг зүйл нь сандал, ширээ, хананд өлгөсөн зургийн аль нь ч биш. Харин санаандгүй таарсан танихгүй хүмүүс талхаа хувааж идэхийг харах сайхан. Хорвоо дээр очих газартайдаа баярлан, нүүр бахдам инээмсэглэхийг нь харах сайхан. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол тухайн мөчид төрсөн сэтгэл хөдлөл, тэр өрөөг амьдралын баяр баяслаар дүүргэх хүч чадал юм.

НИЛ ДЕГРАСС ТАЙСОН 

Америкийн байгалийн түүхийн музейн астрофизикч, мөн тэндхийн Хейден одон орон судлалын төвийн захирлаар ажилладаг. Тэрээр “Астрофизикчийн захидлууд” номын зохиогч

Зарим юмс үнэнхүү гоо үзэсгэлэнтэй гэдэгтэй хэн маргах билээ? Жаргаж буй нар, мөнх цаст уулс, хүрхрээ, зэрлэг цэцэгс гээд л байгаль дэлхий дээрх ихэнх юмс гоо үзэсгэлэнтэй. Хүний мэдрэхүйг хөглөдөг энэ мэт үзэгдлийн дүр зургийг бүх л соёл иргэншил түмэнтээ хуулбарласан.

Мэдээжийн хэрэг хүмүүс бид цэцэгст татагддаг цорын ганц бодгаль биш. Зөгий, эрвээхэй ялгаагүй л цэцэгт дуртай, гэхдээ амьд үлдэхэд нь зайлшгүй хэрэгтэй болоод тэр. 

Хэвлээр явагчид гоо үзэсгэлэнгийн эсрэг туйл гэгддэг. Хөөрхий тэд зүс гундуу, муу нэртэй. Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдэд тэдний царай төрхийг Годзилла, “Хар нуурын мангас”-ын мангас, “Оддын аян” киноны Горн гэхчлэн үзэшгүй муухай мангасын дүрд бишгүйдээ нэг ашигласан. 

Хүмүүс бид зарим нэг зүйлд зөнгөөрөө татагдаж, нөгөөг нь жигшдэгт ончтой шалтгаан байх л учиртай. Өнөөгийн сүүн тэжээлтнүүдийн өвөг дээдэс хэвлээр явагч үлэг гүрвэлээс айж болгоомжилдоггүй байсан бол нүд ирмэх зуур идүүлчих байсан нь лавтай. Үүний нэгэн адил элдэв хал балгүй эрвээхэй хатгуураар зэвсэглэсэн зөгийнөөс хамаагүй гоё санагдах нь зүй. Зөгий үржүүлэгч нар арай өөрөөр бодохыг үгүйсгэхгүй л дээ.

Бие махбодыг гэмтээх эрсдэлтэй эсэх нь тухайн зүйл гоо үзэсгэлэнтэй эсэхийг үнэлэхэд томоохон хүчин зүйл болдог бололтой. Тэгэхээр аюул заналаар дүүрэн хорвоо ертөнцөд амар амгаланг мэдрэх боломжийг гоо үзэсгэлэн олгодог болж таарлаа.

Хэрвээ тийм бол хорвоо дэлхийг танихад тусалдаг таван мэдрэхүйгээс маань хэтийдсэн гоо үзэсгэлэн хаа сайгүй нуугдаж байгаа даа гэж бодогддог юм. 

РЕШМА САУЖАНИ 

“Код бичдэг охид” ТББ-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “Төгс бус, зоригтой бай” номын зохиолч 

Гоо үзэсгэлэн бидний замд хөндөлсөж чадна. Биднийг урам зоригоор тэтгэж, сэтгэлийн утсыг хөндөж, нүднээс нулимс бөмбөрүүлж чадна. Гоо үзэсгэлэн эх захгүй эмх замбараагүйг үүсгэснээ, эргээд үүнийгээ эмхэлж цэгцлэн ил тод болгож дөнгөдөг. Энэ дундаас зүрх сэтгэл, оюун бодлыг өөрчилдөг гоо үзэсгэлэн хамгийн үнэ цэнтэй.  

Тиймээс охид эрмэг зоригтой байх шиг сайхан зүйл үгүй, энэ чинь аливааг хийж бүтээх үндэс шүү дээ. 

Өнгөрсөн жил охид галт зэвсгийн хяналт, бэлгийн хүчирхийлэл, цаг уурын өөрчлөлтийн талаар илтгэл тавьж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд одоогийн энэ бугшмал нөхцөл байдлыг шүүмжилж, ирээдүйд хаана байж болохыг тод томруунаар ойлгуулсан. Өөрсдөөс нь ахмад боловч ухаалаг бус үеийнхний зүрх сэтгэл, оюун бодлыг өөрчилсөн. 

Грета Тюнберг, Исра Хирси нар шиг охид байгаль орчноо хамгаалахын төлөө тэмцэж байна. “Код бичдэг охид” хөтөлбөрийн төгсөгчДиана Крис Наварро тэргүүтэй залуу бүсгүйчүүд технологийн салбар дахь дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг оройлон зүтгэж байна. Парклэндийн зэвсэгт халдлагаас амьд үлдсэн Лорен Хогг, “Black Lives Matter” (Хар арьстны амь үнэ цэнэтэй) хөдөлгөөний активист Тандиве Абдулла шиг охид галт зэвсгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж байна. Нэрлээд байвал энэ жагсаалт дуусахгүй. 

Эдгээр охид насандаа ахадсан хэрсүү ухаантай, зүрх зоригтой. Тэд камерын дуран, олны хараанд өртөх гэж бус, чин сэтгэлээсээ санаа тавьдаг болохоор дуугарч байна. Хэтэрхий залуу, балчир, сул дорой гэж шүүмжлүүлсэн ч тэд тэмцсээр байна. Яагаад гэвэл хэлээд байгаа шиг нь сул дорой биш гэдгээ тэд мэддэг. 

Ийм хатан зоригийг л гоо үзэсгэлэн гэх байна. Чухам энэ л яг одоо бидэнд юунаас ч илүү хэрэгтэй. 

ЗАК ПОСЕН 

Загвар зохион бүтээгч 

Би сэрүүн байдаг ихэнх цагаараа (шөнө зүүдэндээ ч тэр) гоо үзэсгэлэн, түүний утга учрын талаар эргэцүүлдэг. Би гоо үзэсгэлэнг загвараар илэрхийлэхэд ажил амьдралаа зориулсан хүн.

Гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэх аргагүй ч олон янзаар мэдэрч болно. Жишээ нь, би цэцэрлэгээ арчлах дуртай. Цэцэгсийн өнгө, хэлбэр дүрсийг хараад учиргүй хөөрч баярладаг. Цэцэрлэгтээ өнгөрүүлсэн цаг хугацаа миний зохиох хувцасны загвар, мөн өөрийгөө ямар эд зүйлсээр хүрээлүүлэхэд нөлөөлдөг. Тэр ч бүү хэл ижил сонирхолтой хүмүүстэй минь ойртуулж дотносуулдаг. 

Хүн л болсон хойно биднийг гоо үзэсгэлэн ямар нэг хэмжээгээр хөглөдөг. Тийм ч болохоор байгальтай ойр байх, яруу найраг унших, хайрлаж дурлах зэргээр бид бүгд яаж ийгээд гоо сайхныг амтлах гэдэг. Ганц нэгээрээ үүнийг мэдэрч болно л доо. Гэхдээ ижил сонирхолтой хүмүүсийг холбож өгдөг нь бүр ч олзуурхмаар. 

Гоо үзэсгэлэнгийн ачаар бид эргэн тойрондоо орших ер бусын гайхамшгуудыг нээдэг. Үүнийг мэдэрнэ гэдэг өөрийн дотоод руу өнгийхийн сацуу гадаад ертөнцөд ч нэвтрэхийн нэр. Гоо үзэсгэлэнд дорд муу чанар өчүүхэн ч үгүй, амьдралд зөвхөн гэрэл гэгээ л нэмдэг. 

холбоотой мэдээ
1
2020.08.19
The New York Times | Бидний сексийн амьдралын ирээдүй
2
2020.04.09
"Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан дугаарыг онлайнаар уншаарай
3
2020.02.11
The New York Times | “Turning Points-2020” дугаарыг заавал УНШИХ 10 ШАЛТГААН
санал болгох
1
10 цагийн өмнө
СУДАЛГАА: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй болно
2
10 цагийн өмнө
"Black Panther" киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх онд эхэлнэ
3
11 цагийн өмнө
Ачааны гадаргуу дээрээс арчдасын шинжилгээ авах үүрэг өгөв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.