Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

The New York Times | Инстаграмын хүүхэлдэйнүүдийн нууцлаг ертөнц


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд гэхчлэн сонирхолтой, өгөөжтэй бичвэрүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ.


By Chaseedaw Giles

Тэд өөрсдийгөө инстаграмын хүүхэлдэйнүүд гэж нэрийднэ. Үнэн хэрэгтээ, тэд гоо сайхны мэс засалд орсон эмэгтэйчүүд бөгөөд өөрсдийн мөрөөдлийн дүр төрх хийгээд хагалгааны дараах үр дүнгээ инстаграм хуудсандаа оруулдаг. Энэ нь ихэвчлэн гоо сайхны мэс засал хийлгэсэн болон хийлгэхээр зорьж буй хүмүүст зориулагдсан байх аж. Мөн тэд гоо сайхны мэс засал хийхэд оролцсон хүмүүсийн нэрсийг бичиж, хэштаг тавьдаг. Тухайлбал, KathySmithDoll гэх нэртэй инстаграм хэрэглэгч нь доктор Кэти Смитийн үйлчлүүлэгч байсныг мэдэж болно. 

Энэ мэт үйлчлүүлэгчдийн пэйжийг "Sx хуудас" гэж нэрийдэх бөгөөд Rx хэмээх инстаграмын нууцлаг бүлгэмийн нэрээс санаа авчээ. Эдгээр хуудас нэг ёсондоо гоо сайхны мэс заслын гарын тухай авлага, бодит туршлагад суурилсан боловсрол олгох “систем”-ийн үүрэг гүйцэтгэхийн сацуу болзошгүй эрсдлээс хүмүүсийг сэрэмжлүүлдэг байна. Түүнчлэн гоо сайхны мэс засалд орохоор төлөвлөж буй зарим “хүүхэлдэй” өөрийн хүсэмжит биеийн галбирыг харуулсан зургуудыг оруулж бусдад урам зориг өгдөг инстаграм хуудсуудтай төстэй байх ажээ.

“Ийм байдлаар л бусад охид өөртэйгөө төстэй бие галбиртай хэн нэгнийг олж, тэдэнтэй адил алхмуудыг хэрэгжүүлбэл ямар үр дүнд хүрэхээ харах боломжтой болдог” гэж Мэрилэнд мужид иллэгийн эмчээр ажилладаг Тай Холл ярьсан юм. Тэрбээр инстаграм хуудастаа галбиржуулах мэс заслын өмнөх ба дараах зураг постолж, фэйсбүүк групптээ мэс заслын дараа хэрхэн өөртөө иллэг хийх, эдгэрэх явцад хэрхэн гам барих, дэглэм сахих талаар зөвлөдөг. 

Эдгээр инстаграм хуудас чухал нөлөөтэй гэж Тай Холл нэмж хэлсэн юм. 

Инстаграмын Sx хуудсуудын ихэнх нь нүцгэн зургаа оруулдаг тул энэ хэвээр үлдэхийн тулд нууцлалаа тодорхой хэмжээгээр хадгалж, хатуу дүрмүүдийг дагаж мөрддөг байна. ("Finsta" буюу өсвөр насныхны зөвхөн ойр дотны найзууддаа зориулж хуурамч инстаграм хаяг нээдэгтэй төстэй. Ийм хаягуудын ард хэн байгааг, нийтэлж буй мэдээлэл нь баталгаатай эсэхийг ихэнх тохиолдолд мэдэх боломжгүй юм). Sx хуудсуудын олонх нь товч танилцуулгын (bio) хэсэгтээ эрэгтэй хүмүүсийг дагагчаар авахгүй гэдгээ мэдэгдсэн байх аж. Харин өндөр, жин зэрэг биеийн харьцааныхаа мэдээллийг дэлгэрэнгүй оруулдаг байна. Түүнчлэн “хүүхэлдэй” гоо сайхны мэс засалд орсон он,сараа жагсааж бичихийн сацуу хагалаа хийсэн мэс засалч, сэргээн засах төв, мэс заслын дараа үзүүлж буй эмч, хувийн сувилагч, иллэгийн эмч нарыг таг хийдэг. 

Сэргээн засах төв, мэс засалч, иллэгийн эмч нар ч үйлчилгээгээ сурталчлахын тулд хэштаг ашиглана. Зарим нь төлбөртэй зар сурталчилгаа, спамаар “бөмбөгддөг” бол бусад нь гоо сайхны мэс заслын тухай мэдлэг олгох замаар үйлчлүүлэгчээ татахыг хичээнэ. 

Гоо сайхны мэс заслын эрин үе 

Америкийн гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс мэдээлснээр 2018 онд АНУ-д 1.8 сая гаруй гоо сайхны мэс засал хийснээс гуравны нэгийг нь хөх томруулах, өөх соруулах мэс засал эзэлж байна. 

АНУ-д ботокс хийлгүүлэх, лазераар илүүдэл үсээ арилгуулах, зөөлөн эд шахуулах гэх мэт гоо сайхны жижиг мэс ажилбаруудын тоо хурдтай нэмэгдсээр байгаа юм. 2000 онд ийм төрлийн мэс ажилбарын тоо жилд таван сая хүрдэггүй байсан бол 2018 онд бараг 16 сая болж нэмэгджээ. (Эдгээрийн тал орчим нь ботоксын төрлийн мэс ажилбар.)

Өнгөт арьстнууд ч мэс ажилбар хийлгэх нь нэмэгджээ. Тухайлбал, 2005-2013 оны хооронд  өөх соруулах, өгзөг өргөх мэс засал хийлгүүлсэн африк-америк иргэдийн тоо 56 хувиар нэмэгдсэн ба цаашид өсөх хандлагатай байна гэж Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн тайланд дурджээ. 

Үйлчлүүлэгчид энэ талын ойлголт, мэдээлэл сайтай болохын хэрээр Sx хуудсууд хүмүүсийн төдийлөн анзаарч хардаггүй, гоо сайхны мэс заслын сүүдэртэй талыг харуулсан нарийн ширийн мэдээлэл ч хүргэдэг болжээ. Жишээ нь, удаа дараа мэс засалд орсны дараа бүрэн эдгэрэх хүртэл нэлээд урт хугацааг зарцуулдаг бөгөөд энэ явцад арьс хөхрөх, идээ бээр гадагшлах зэрэг хэн хүний хүсэмгүй зүйлсийг давж гарах хэрэгтэй болдог. 

Sx хуудсууд хүмүүсийн төдийлөн анзаарч хардаггүй, гоо сайхны мэс заслын сүүдэртэй талыг харуулсан нарийн ширийн мэдээлэл ч хүргэдэг болжээ.

Харин гоо сайхны мэс засалчид өвчтөнүүдийг онлайн зар сурталчилгаандаа ашиглана. Тэд тодорхой нэг төрлийн мэс засалд мэргэшсэн эсвэл, тухайлсан үндэстэн, ястнуудад дагнан үйлчилгээ үзүүлдэг гэхчлэн онлайн орчинд танигдах боломжийг эрэлхийлдэг. “Хүмүүс зовлон шаналал, бэрхшээл, амжилт гээд өөрийнхөө туулж буй бүхний тухай ярьж, онлайнд бичлэгээ оруулдаг. Ямартай ч зовлон нэгт бүсгүйчүүд тэдэнд урам зориг өгч, тусалдаг юм” хэмээн Тай Холл ярьсан билээ. 

Ер нь мэс засалчдын танилцуулгаас эхлээд хагалгааны үйл явц, сэргээн засах төвийн үйл ажиллагаа хүртэл ярих зүйл их бий. Ядаж л хагалгааны дараа корсет, зөөлөвчтэй өвчтөнүүд хэрхэн нисэх онгоцны буудлын шалганаар асуудал багатай нэвтрэх тухай зөвлөгөө хэрэгтэй гэв. 

Гоо сайхны мэс заслын үйлчилгээг орчин цагт хэрхэн авч байна вэ?

Америкийн гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Нью-Йорк хотод мэс засалчаар ажилладаг Алан Матарассогийн үзэж буйгаар, инстаграмын Sx хуудсууд шударга байж чадвал хүмүүст зөв сонголт хийхэд нь тусалдаг, үр дүнтэй хэрэгсэл байж чадах гэнэ. Тэрбээр “Ийм байх боломжтой. Учир нь энэ зах зээл цөөн хүмүүсийг л хамруулдаг. Бразилийн өгзөг өргөх мэс заслыг тийм ч олон мэс засалч хийхгүй шүү дээ. Харин үйлчлүүлэгчид үүнийг рестораны хоолонд үнэлгээ өгдөгтэй адилхан бодож болохгүй” гэв. 

Доктор Матарассо зөвхөн Sx хуудсуудын мэдээлэлд найддаг хүмүүст илүү гүнзгий судалгаа хийж, бусад хүчин зүйлсийг харгалзаж үзэхийг уриалдаг. 

“Хэрэв та цөсний хүүдийн өвчтэй бол шаардлагаа бүр л дээгүүр тавих хэрэгтэй. Ер нь заавал гоо сайхны мэс засалд орох албагүй шүү дээ. Энэ бол зочид буудлын өрөө сонгохтой адилгүй. Тиймээс болгоомжтой хандах нь зүйтэй” 

Тэрбээр биедээ мэс хүргэхээр төлөвлөж буй хүмүүст мэс засалчаасаа хамгийн сайн бас муу хийсэн мэс заслынх нь тухай асууж байхыг зөвлөдөг.

Тэрбээр биедээ мэс хүргэхээр төлөвлөж буй хүмүүст мэс засалчаасаа хамгийн сайн бас муу хийсэн мэс заслынх нь тухай асууж байхыг зөвлөдөг. "Эсвэл санамсаргүйгээр нэг хагалгааг сонгож, ямар үр дүнд хүрснийг нь харж болно" гэв. Жишээ нь, нэгэн үйлчлүүлэгч түүнээс 37 дахь мэс заслынх нь үр дүнг асууж байсан гэнэ. Түүнчлэн Америкийн гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн вэб сайтаар зочилж, мэс засал хийх албан ёсны зөвшөөрөлтэй эсэх, тухайн эмч өмнө нь ямар нэгэн хууль, дүрэм зөрчиж байсан эсэхийг нягталж, нийгэмлэгийн сертификаттай эмч нараас ямар төрлийн мэс заслаар мэргэшсэнийг тодруулах хэрэгтэй гэсэн юм. 

"Магадгүй та төсөөлж байснаас ч богино хугацаанд эдгэрч эсвэл, төлөвлөж байснаасаа өөр үр дүнд хүрсэн эмэгтэйчүүдийг харж болох юм" гэж Тай Холл эмч анхааруулжээ. Учир нь, бүсгүйчүүд инстаграм дээр асуудал, бэрхшээлээс илүүтэй аятай, таатай үр дүнгээ хуваалцах нь олонтаа. 

Бүсгүйчүүд инстаграм дээр асуудал, бэрхшээлээс илүүтэй аятай, таатай үр дүнгээ хуваалцах нь олонтаа.

Өвчтөнүүд өвчтөнүүддээ л анхаарал тавьдаг 

Гадаад оронд гоо сайхны мэс засал хийлгэхээр зорьж буй хүмүүст Sx хуудсууд бүр ч хэрэгтэй байж мэднэ. Олон хүн мөнгөө хэмнэх зорилгоор ийм сонголт хийдэг аж. Тиймээс Sx хуудсууд үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг, мэс засалчдын тэр бүр анзаардаггүй асуудлуудын тухай хүмүүст сэрэмжлүүлдэг ажээ. 

Тухайлбал, олон нислэг дамжих шаардлагатай бол мэс заслын дараа сэргээн засах төвд хэд хоног хэвтэж, биеэ тэнхрүүлэх хэрэгтэй. Өгзөг томруулах мэс засал хийлгэсэн хүмүүс хөдлөх, суухад хүндрэлтэй байдаг, зарим тохиолдолд эмч танд шингэнээ гадагшлуулах катетир суулгаж ч мэднэ. Сэргээн засах төвөөр үйлчлүүлбэл, асрагчид усанд орох, хооллоход тусалж, өвчин намдаагч тарьж, шаардлагатай тохиолдолд иллэг хийж өгдөг. Энэ мэт зүйлсийг дурдвал урт жагсаалт хөвөрнө. 

Өнгөрсөн тавдугаар сард, загвар өмсөгч Ятнаа Риверагийн ээж Доминиканы Бүгд Найрамдах улсад гоо сайхны мэс засал хийлгэж байхдаа нас баржээ. Эл явдлын дараа Ривера инстаграмын хэрэглэгчдээс сэтгэл санааны тусламж хүсэхийн зэрэгцээ үүн шиг болзошгүй аюулаас хүмүүсийг сэрэмжлүүлэхээр удаа дараа бичлэг хийсэн билээ. Хагалгааг хийсэн мэс засалч Хектор Кабрал өмнө нь АНУ-д тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсныхаа төлөө торгуулж байсан аж. Түүний хэд хэдэн өвчтөн хагалгааны үеэр амиа алдсан ч Кабрал үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм. (Бид Кабрал эмч рүү сошиал сүлжээгээр холбогдохыг хичээсэн ч хариу өгсөнгүй. Оффис руу нь утасдахад түүнийг амралтаа авсан гэв.)

Пост оруулсныхаа төлөө мөнгө, үнэгүй гоо сайхны бүтээгдэхүүн авдаг сошиалд нөлөөлөгчдийн тултал нь засварлаж, өнгө будаг нэмсэн зургууд бодит дүр төрх нь мөн эсэхийг ялгахад ч хэцүү.

Инстаграмын хуудсууд Кабрал эмчийг таг хийж (#CabralDoll), хүмүүсийг сэрэмжлүүлж эхэлсэн байна. 

Инстаграм эмэгтэйчүүдийг өдөр бүр үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр бүсгүйчүүдийн зургаар “бөмбөгдөж” байна. Пост оруулсныхаа төлөө мөнгө, үнэгүй гоо сайхны бүтээгдэхүүн авдаг сошиалд нөлөөлөгчдийн тултал нь засварлаж, өнгө будаг нэмсэн зургууд бодит дүр төрх нь мөн эсэхийг ялгахад ч хэцүү. Харин гоо сайхны мэс заслын үр дүнг илүү дутуу хэтрүүлэггүй, байгаагаар нь харуулж буй нь эмэгтэйчүүд мэс заслын ширээний араас чухам ямар дүр төрхтэй босож ирэхээ мэдэх боломжийг олгож байна. 

Америкийн мэс заслын коллеж өнгөрөгч тавдугаар сард мэс заслын эмч нарын сошиал медиад дагаж мөрдөх сайн дурын ёс зүйн удирдамжийг гаргажээ. Хэдийгээр үүний дийлэнх хэсэг нь өвчтөнүүдийн нууцлалын асуудалд чиглэсэн байсан ч найдвартай эх сурвалжаас зөвлөгөө авахыг үйлчлүүлэгчдэд уриалж, инстаграм гэх "боловсролын хүчирхэг хэрэгслийн" эргэн тойронд өрнөж буй мэдээлэлд болгоомжтой хандахыг давхар сануулжээ. Юутай ч энэхүү цаг үеэ мэдэрсэн краудсорсинг систем (олон нийтийн дэмжлэгээр мэдээлэл цуглуулж, ямарваа нэгэн асуудлыг шийдвэрлэх) нь гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлэгчдийн зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаанд нухацтай хандах боломжийг хүмүүст олгож байна. 

c.2019 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.