Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | “IT: Chapter Two” кино шүүмж: Алиалагч эргэн ирлээ


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ. 

Бид зуны саруудад түр хугацаагаар завсарласны дараа "The New York Times Licensing Group"-тэй дахин хамтран ажиллаж, уншигчдадаа хүргэж байсан дэлхийн шилдэг нийтлэлүүдийг үргэлжлүүлэн хүргэхээр боллоо. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


A.O.Scott / The New York Times

Өнгөрсөн долоо хоногт Венецийн кино наадам “Joker”-оор амьсгаллаа. Агуу бүтээл үү, эсвэл аюул уу? Аравдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр нь та өөрөө олж мэдэж болно. Гэхдээ яг одоо танд алуурчин алиалагчийн адал явдал хэрэгтэй байгаа бол “IT: Chapter Two”-д тавтай морил. Бусдыг нь харин бүгдийг нь мартаж болно оо.

“IT” киноноос хоёр жилийн дараа, бодит үйл явдлаас 27 жил өнгөрсөн хойно мэндчилгээний хуудсан дээрх зураг шиг л хөөрхөн харагдах жижигхэн суурин болох Деррид хар дарсан зүүдэнд ч мөшгих аймшигт чөтгөртэй учирч байсан 7 хүүхэд урт хугацааны дараа дахин нэг тулаанд эргэн нэгдэнэ. Пеннивайз алиалагч буюу тэрхүү алиалагчийн дүрээр гарч ирсэн ер бусын хүчин хэсэг хугацаанд “ичээндээ нуугдаж байгаад”, бусдыг мунхруулан урхидах чадвараа ашиглан шинэ үеийн хохирогчдыг хороохоор эргэн ирсэн нь тэр. 

Хоёрдугаар ангиас бидний мэдрэх хамгийн эхний айдас бол багт наадмын үеэрх аймшигт аллага. Энэ хэсэгт Пеннивайзын үйлдсэн аймшигт аллагууд энэ хорвоо дээрх цорын ганц аймшиг биш юм гэдгийг бас та харж болно. Түүнээс ч илүү аймшигт зүйлсийг хүмүүс хийж чадах болохоор тэр шүү дээ. Заримдаа асар том аалз шиг болж хувирдаг Пеннивайз аймшигт хурц соёогоороо эгэл нэгэн хүний биеэр хооллож буй хэсгийг та айдаст автан, арайхийн харж зүрхэлнэ.

Байж болох хамгийн уйтгартай газар болон өвөрмөц содон үйл явдал хоёрын холбоо нь яг л Стивен Кингийн номны зүйрлэлээр хийгдсэн гэж хэлж болно. Уйтгарт хот дахь аймшигт үйл явдал. Найруулагч Энди Мускетти, кино зохиолыг бичсэн Гари Дауберман нар номын гол үйл явдлуудыг өөрчилсөн ч Кингийн үндсэн санаануудыг орхигдуулаагүй аж. Гэнэн томоогүй зан үйл явдлын дунд хэрхэн гээгдэж бас сүйдэх тухай; ухамсаргүйн болон байгаль ертөнцтэй холбоотой нууцлаг зам мөр; найз нөхөрлөлийн итгэмээргүй хүч чадал гэх мэт. Кинонд Стивен Кинг өөрөө хүртэл гарна. Хуучны эдлэлийн дэлгүүрийн худалдагчийн дүрд тоглон хэсэгхэн ч атугай кинонд гарсан нь Кинг өөрөө энэ киног хүлээн зөвшөөрсөн гэдгийг нь ч харуулах биз ээ. 

Мускетти киноны хэд хэдэн сценээр Кингийн бүтээлийг хүндэлж, түүнд зохисон кино хийхийг оролдсон нь харагдана. Жишээ нь үргэлжлэх хугацаа. Номын хуудас киноны цаг гэдэг гарцаагүй өөр асуудлууд. 1100 нүүртэй “It” бол гайхалтай сэтгэл хөдлөм ном. Гэхдээ 2 цаг 49 минутын кино гэдэг гарцаагүй төгсгөл рүүгээ ойртох тусам таны тэвчээрийг шаардах болно. Аймшгийн кино иймэрхүү урт байх нь ховор зүйл шүү дээ.

Кинонд инээд хөөр, айдас, дотно дулаан мэдрэмж бас туйлын таагүй мөчүүд гээд аль аль нь багтсан. “It” киноны эхний анги олонд маш алдартай болох болсон нэгэн шалтгаан нь залуухан жүжигчид байсан. Харин тэд энэ ангид бүгд дурсамж болон эргэн ирж байгаа юм. 40 шахаж яваа “Азгүйчүүдийн клуб”-ийнхан түүхийн гол хэсэг байх бөгөөд үүнд Жессика Честейн, Билл Хейдер, Жеймс Макэвой, Исайя Мустафа, Жэй Райан, Жэймс Рансон, Энди Бин нар тоглосон юм. 

Мэдээжийн хэрэг энэ кинонд маш олон гол дүр гарах хэдий ч эргэн нэгдэх тэр том уулзалтаас түрүүлээд найзуудын нэг нь тоглоомыг орхих болно. Мөн Дерри хотыг бүгд орхисон ч Майк тэнд үлдэж, нийтийн номын санд хэдэн арван жилийг уугуул америкчуудын түүхийг судлан, 1989 онд найзууд болон өөрт нь юу тохиолдсон тухай үнэн бодит мэдээллийг олж авахын төлөө амьдралаа зориулсан байдаг.


Бусад нь тэр үед болсон үйл явдлыг мартахыг хичээн тэр хот болон нэг нэгнээсээ хүртэл холдон амьдарч байдаг аж. Билл Холливудад амжилттай яваа кино зохиолч, Бен архитектор, Ричи комедиан, Эдди эрсдэлийн шинжээч, найзууд дундаа цор ганц эмэгтэй нь болох Беверли харин өөрийг нь хүчирхийлдэг мангас шиг нөхөртэйгөө цуг амьдарч байх болно. Тэр дундаас хамгийн бага мэдээлэл гарсан нь Нью-Йорк хот дахь том гэртээ амьдарч байсан Станли юм.  

Үүнээс та бүхэн насанд хүрсэн хойно нь ч тэдэнд хүүхэд үеийнх нь холбоо байсаар байгааг харж болно. Беверли бага байхдаа аймшигтай хэрцгий эцэгтэй байсан бол бусад найзууд нь ч бас гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байв. Тэр болгон нь өнөөгийн амьдралыг нь дагана. Хуучин дурсамжуудыг кинонд шигтгээ болгон оруулж өгөөгүй байлаа ч “хүмүүс огт өөрчлөгддөггүй” гэх таатай басхүү эвгүй баримт энд өөрийн эрхгүй дурдагдаж таарна. Хүүхэд ахуй болон насанд хүрсэн үед нь тоглосон жүжигчид нэг нэгнээ сайхан нөхөж байв. Хейдер болон Финн Волфхард, зогсолтгүй чалчиж гарах том амтай Ричи гэх хүүгийн дүрийг бүтээсэн энэ хоёр жүжигчин хамгийн таатай хослол болжээ.

Майк эцэст нь нэг Пеннивайзыг зогсоох аргаа олж чадлаа гэж бодох бөгөөд та бүхэнд киноны үйл явдлаас хэтэрхий ихийг задлахыг хүсэхгүй байгаа учир “Азгүйчүүд бүгд түүний харуусал, ичгүүр, айдас болон улангассан хүсэлдээ автсан үйлдэлд улам гүн шигдэнэ” гэхээс илүүг хэлж чадахгүй нь. Найруулагч өмнөх киноноос аймшигт хэсгүүдийг авч, хэрхэн хоршуулж чадсан нь танд ухаалаг үйлдэл хэмээн санагдана. Мэдээж энэ кинонд гардаг “хувь тавиланг хэлдэг жигнэмэг” гэх мэт зүйл өмнөх кинотой хамаарал холбоогүй л дээ. Тийм хэсгүүд мэдээж мэр сэр бий. 

Бид мөн бүх үйл явдал хэрхэн дуусахыг мэднэ. Мэдээж хэрэг угаасаа л таамаглаж байсны дагуу киноны төгсгөлд том тулаан өрнөх нь гарцаагүй. Яг л бусад өндөр өртөгтэй, том кинонуудын тулааны хэсэг шиг л байх болно гээч. Киноны гол зүрх, дүр байдал нь хуучин кинотойгоо адилхан болохоор тэр болгон аймшигтай, гайхширмаар биш байсан ч үзэгч таны зүрх сэтгэлд гүн мэдрэмж төрүүлж чадахаар кино болсон гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.

Эцэст нь хэлэхэд:

It Chapter Two

R үнэлгээтэй. Маш хэрцгий алиалагч. Маш таагүй үг хэллэг. Нийт хугацаа: 2 цаг 49 минут

c.2019 The New York Times Company


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.30 202.21.109.34

R unelgee gj yu gsn ug yum bol?

0 Хариулах