Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

The New York Times | Кинонд Нью-Йорк л гэрэлтдэг


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд гэхчлэн сонирхолтой, өгөөжтэй бичвэрүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ.


A.O.Scott / The New York Times

“Хот бол кинон доторх чимээгүй нэгэн дүр” гэсэн үгийг кино шүүмжүүдээс их харж явлаа. Яг тийм шүү гэх баталгаа үгүй ч гэлээ хэрэв үнэн аваас энэ тодотгол Нью-Йорк хотод л чухам тохирох буй за.

Гэхдээ яг ч тийм биш л дээ. Нью-Йорк хот кино ертөнцийн жинхэнэ “од” боловч түүний хамгийн том өрсөлдөгч, дэлхийн сор болсон метрополис хотуудын нэг болох “хайрын” Парис уг нэр хүндийг хамт хүртэнэ. Нью-Йоркийн харизм яг л Бетте Дэвис, Кари Грант, Сидни Пуатье нарын дэлгэцийн хуучин одод шиг санагдана. Камерын өмнө энэ хот янз бүрийн л дүр төрхөө харуулдаг. Дэлгэцийн камерт гоёж гоодсон, гутарч шаналсан, гялгар чамин, гутаж цөхсөн түмэн янзын төрх, ааль маягаа харуулдаг ч гэлээ Нью-Йоркт хэзээд гайхмаар өөрийнхөө байж чаддаг.

Нью-Йорк хот нэгэн зэрэг сэтгэл татам бас хүнд хэцүүгээр оршиж чаддаг. Сэтгэл гижигдэж, эрч хүчээр буцлах энэ хотыг киноны дүр зургаас салгах боломжгүй ч юм шиг. Учир нь оршиж байгаа нь л өөрөө зогсолтгүй үргэлжилж бас бусдыг хуйлруулж байдаг мөнхийн театр гэлтэй.

Энэ хотод амьдарна гэдэг тэр гайхалтай бүтээлийн нэгэн дүрээр мөнхөд амьдарч буйн нэр юм. Толгой дотроо элдэв кино сцень ургуулан (Заримдаа “Таксины жолооч”, заримдаа “Тиффанид барьсан өглөөний зоог”) төсөөллийн камерийнхаа өмнө жүжин алхана. Чухам тийм мэдрэмжээр хөглөгдөн алхах зуур чинь толгойдоо холбогч зүүсэн кино ангийн оюутан “Зогс, энд зураг авч байна” гэх вий. Заримдаа байнга зорьж очин бяслагтай өндгөө авдаг булангийн мухлаг чинь дүр төрхөө солиод, хуучны хотын хэв маягт хувилчихсан байж ч мэднэ. Эсвэл зогсоолд тавьсан “Субару”-г чинь холдуулаад, хуучин муу “Buick”-т зай гаргачихдаа ч сийхгүй.

Хотын иргэд шинэ оноо угтаад удаагүй, бүгд л гэр орондоо амарч байх үеэр "Home Alone 2: Lost in New York" киноны зураг авалт нэвсгэр цаснаар Плаза зочид буудлын өмнө явагдаж байгаа нь. 1992.01.08

Роберт Редфорд, Клифф Робертсон нарын хамтран тоглосон "Three Days of the Condor" киноны зураг авалтын үе. 1975.02.20

Найруулагч Спайк Лий (хамгийн зүүн талд), зураглаач Эрнест Дикерсон (хамгийн баруун талд) хамтдаа "Do the Right Thing" киноны зураг авалтыг Бруклиний Бедфорд — Стайвесант гэх газар хийж байгаа нь. Тэд хоосон машины зогсоолыг "Салын Алдартай Пицца" гэх газар болгон хувиргаж, зураг авалтаа хийж байсан юм. 1989 он.

Нью-Йорк хотыг дэлгэцээс харах, энд кино зураг авах хоёр гэхдээ тэс өөр. Ид шидийн гайхамшгийг бидний амьдралд нэмдэг хэдий ч кино бүтэх явц нью-йоркчуудад гомдоллох шалтгаан, түвэг чирэгдэл учруулах нь олон. Кино зураг авалтаас болж та метроноосоо хоцорч мэднэ, замд түгжирнэ, тэрхүү үйл явцыг харж гайхсан жуулчид алхах замыг чинь хаана.

Олон жилийн турш өсч, буурч явсаар одоо л нэг “бүүм” хийж буй кино продакшн өнөө цагийг тусгахын ялдамд өнө хойно дуурсагдах дурсамжийг давхар бүтээж байдаг. “The New York Times”-ийн архиваас сонгон авсан энэ зургууд тэр парадоксийг сануулах биз. Энэ бол цаг хугацааны капсулд торж үлдсэн тэр нэгэн агшин, хором мөчүүд…

Уг гэрэл зургуудад агшин нь таарсан, эсвэл зураг авалтын баг, сэтгүүлчид, зурагчид нэгэн цаг үед, нэгэн гудамжинд цугларахад авч үлдсэн мөчүүд хадгалагдан үлдсэн. Продюсерууд, жүжигчид гэрэл зургийн сэтгүүлчдийг зураг авалтын талбайд оруулдаггүй, дээрээс нь сэтгүүлчид ч илүү яаралтай мэдээ рүү хошууран алга болдог байсан болохоор энд Нью-Йоркийн хамгийн алдартай кино бүтээлүүдийн зарим нь багтаж чадаагүй байж мэднэ. Гэхдээ төсөөлж бол та чадна аа. Кино хорхойтнууд Нью-Йоркт чанагдсан кино бүтээгчдийн адил хором мөч, зураглал, ургуулсан түүхийн архивтай байдаг. Бид хотын нууц газрууд, энд орших залийг Мартин Скорсез, Вуди Аллен, Спайк Лий зэрэг найруулагчдаас сурч авсан. Александр Маккендрикийн “Sweet Smell of Success” дээр бид Тони Кёртис, Берт Ланкастер хоёртой хамт 1950-аад оны Тайм Скуэрийн шөнийн утаатай агаарыг амьсгалж явсан. 80-аад онд хуучны “Lower East Side”-ийн гудмаар Розанна Аркетт, Мадонна хоёртой хамт Сьюзен Сайделманы “Desperately Seeking Susan” дээр гунхалзан алхаж явсан.

Найруулагч Сьюзен Сайделман “Desperately Seeking Susan” киноныхоо зураг авалтыг алдарт Бэттери-паркт хийж байх үе. 1984 он. 

67-р гудамжинд Нью-Йорк хотын цагдаагийн 19-р байрны гадаа "The Detective" киноны зураг авалтад орж буй Фрэнк Синатра. 1967.10.17

1960-аад оны эхэн үеийн хээнцэр байдал, 1970-аад оны дунд үеийн бохир заваан үе ч бусдыг татах увдистай. Рок Хадсон, Дорис Дэй; Аль Пачино, Жин Хэкмен гэх домгууд энэ үеийг төлөөлнө. Би 110-р гудамжаар алхахдаа Яфет Котто, Энтони Күинн хоёрын “Across 110th Street” дууг бодохгүй байж чаддаггүй. Брүүклиний модон хүрээтэй элсэрхэг чулуун байшингуудын дэргэдүүр явахад “The Squid and the Whale”-ийн хэсгээс шууд л толгойд буудаг. Сентрал парк кино зурагт бараг мянгантаа ашиглагдсан ч надад Уильям Фридкиний 1968 онд хийж байсан “Symbiopsychotaxiplasm: Take One” хамгийн түрүүнд бодогддог. Сентрал паркт кино зураг авахаар чармайж буй залуугийн тухай өгүүлэх эл кино тухайн цаг үеийн уур амьсгалыг мэдрүүлэх чадалтайг яана.

"Shaft" киноны зураг авалтын үеэр орлон тоглогч Томми Лейн дэлгүүрийн хоёрдугаар давхраас үсэрч байгаа нь. 1971.02.05  

Жүжигчин Майкл Кейн 1982 онд Сидней Луметын "Deathtrap" гэх кинонд дүр бүтээж байх үе. Кейн тэр үед өөрийн нэр хүндийг сэргээхийн тулд арга сүвэгчилж буй Бродвейн жүжгийн зохиолчийн дүрийг бүтээсэн. 1981.03.30

"Funny Girl" киногоор жүжигчин Барбра Стрейзанд өөрийн дэбютийг хийж байгаа нь. 1967.07.18

"La Mortadella" киноны зураг авалтын тест хийх үе. Жүжигчин Софиа Лорен. 1971.07.13

Зарим кино энэ цаг үеийг өөр хугацалтай давхцуулан харуулах нь бий. Хөтөлгөө морьд, явуулын мухлаг, байр дамнуулан өлгөсөн хувцасны хэц, гэрэлтүүлэг, кран зэрэгцсэн гудамжийг та эндээс харж байгаа байх. Энэ зургаас та 1920-иод оныг харуулах “The Night They Raided Minsky’s” киноноос харна. Нью-Йорк хотод зургийг нь авсан анхны мюзикл бүтээл гэдгээрээ онцлог. 1968 онд нээлтээ хийхэд нь “Times”-ийн ахлах кино шүүмжлэгч Рената Адлер “Бүх зүйл дээр нь онцгой анхаарч, ‘Lower East Side’-ийг яг л бодит мэт харагдуулсан” хэмээн магтан тэмдэглэсэн байдаг.

1925 оны "Lower East Side"-ийг харуулах "The Night They Raided Minsky's" киноны зураг авалт 26-р гудамжинд өрнөж байх үе. 1967.10.09

Энэ зургаас бид орчин үеийн метрополитан хотын 1960, 1920-оод оны хоёр өөр төрхийг нэгэн зэрэг харж байна. Энэ зургаас “Hair” киноны зураг авалтын үйл явц болон, “Age of Aquarius” дуу тоглогдож байх үеийн хосолмол үйл явцыг олж харж болно. Энэ бүхэн санхүүгийн их хямрал тохиосноос ердөө арав хүрэхгүй жилийн дараа гээд бодоод үз дээ.

Энэ зураг дээрээс та бүхэн "Hair" киноны зураг авалтын үеэр төгөлдөр хуурын ард жүжигчин Шарлотта Рэй сууж байгааг харах боломжтой. Рэй, “Diff'rent Strokes” болон “The Facts of Life” киноны дүрүүдээрээ ихээхэн алдартай. Милл Нек, Лонг-Айленд. 1977.12.08

Эли Макгроу 59-р гудамжинд байрлах Делмонико зочид буудалд "Goodbye, Columbus" кинонд зориулан нүүрээ будуулж байна. Уг барилга одоо Трамп Парк Авеню гэх тансаг зэрэглэлийн сууц болон хувирсан. 1968.08.07

Жүжигчин Меррел Жексон Долдугаар өргөн чөлөөний замаар хувцасны өлгүүр барин алдаж байна. "Godspell" гэх мюзикл киноны зураг авалтын эхний өдөр байв. 1972.08.14

Нью-Йорк хотын “одоо цаг” нь үргэлж “хожим”-ынхоо хөвөөтэй зэрэгцдэг. “Penelope” кино зургийн үеэр уйдаж цөхсөн, 1960-аад оны гэрийн авгайн дүрийг бүтээж буй Натали Вудийн үлээсэн бохь чухам хором мөчийн тэр залгааны гэрч болно. Үлээсэн бохь юу юугүй хагарах гэж байгааг би харж болох ч, хэзээ ч тэр мөчийг үзээгүй. Түүний энэ л дэгжин хэрнээ хайхрамжгүй төрх Орчин үеийн урлагийн музейн гадаа хоногшин үлджээ.

Натали Вуд болон  Питер Фальк "Penelope" киноны зураг авалтын үеэр Орчин Үеийн урлагийн музейн гадаа. 1966.05.26

“The Night They Raided Minsky’s” киног Уильям Фридкин найруулсан бөгөөд өнөө цаг үед “The French Connection” киногоор нь хүмүүс түүнийг илүү сайн мэддэг. Түүний кинонууд 1970-аад оны Нью-Йорк хотыг илэрхийлэх сор төлөөллүүдийн нэг байгаад зогсохгүй хэзээ ч хуучиршгүй. Элэгдэж хуучирсан хотын хэсэг зусаг газрууд үзэх тусам улам уран яруу харагдах болно. Мөн Бенсонхерстын галт тэрэгний гүүрэн зам доогуур метронд суусан сэжигтнийг даган мөрдөж, машинаар хурдлах Жин Хэкмен, Попай Дойл хоёрын сцень өдгөө кино урлагийн түүхэн дэх хамгийн зэвүүн машинтай хөөцөлдөөний хэсэг болон үлдсэн.

"The Taking of Pelham One Two Three" киноны зураг авалтыг хийхийн тулд Боерум болон Шермерхорн гудамжны метрог олон нийтэд түр хугацаагаар хаасан байдаг. 1974.01.16

"The F.B.I. Story" киноны зураг авалтад зориулж Коурт гудамж тэр чигтээ өнгө төрхөө өөрчилж байгаа нь. 1958.11.26

Найруулагч Гордон Паркс (гараа өргөсөн байгаа нь) Рузвельт арлын хаягдсан барилгыг "Shaft" кинонд зориулан Грийнвич зочид буудал болгон өөрчилжээ. 1971.03.10

Мэгги Чун "Ren zai Niu Yue" буюу "Нью-Йоркийн тэргэл сар" киноны зураг авалтын үеэр. Киног Стэнли Кван найруулж байв. 1989.12.06

Попай бол Фрэнк Синатрагийн “The Detective”-д бүтээсэн Жое Леландын дүр, “The Taking of Pelham One Two Three”-д Уолтер Маттаугийн бүтээсэн Закари Ливайн дүрийн хамтаар Нью-Йорк кинонуудын ширүүн, гөжүүд, увайгүй мөрдөгчдийн дүрийн үлгэр жишээ болж чадсан нэгэн. “The Taking of Pelham One Two Three” Нью-Йоркийн нийтийн тээврийг харуулсан хамгийн шилдэг бүтээл гэж би боддог. Тийм ч болохоор Дензел Вашингтон, Жон Траволта нарын хамтаар 2009 онд дахин нэг бүтээсэн биз.

1974 онд театруудад нээлтээ хийж байхад нь “Times”-ийн Нора Сэйр “Бид жинхэнэ Нью-Йорк хот, энэ хотын хүмүүсийг харуулсан кино үзээгүй удсан байж шүү” хэмээн зарласан. “Pelham” үнэхээр тэгж чадаад зогсохгүй, өнөөг хүртэл энэ нэр хүндээ авч үлдсэн хэвээр. Энэ бол зөвхөн дүүрэн хүнтэй метрог барьцаалж, хотоос их хэмжээний мөнгө нэхэх нарийн боловсруулсан төлөвлөгөөний тухай кино байсангүй, гэмт хэргийн харилцан үйлчлэл, хотын аж амьдралыг тойрсон авлига, дэд бүтэц, бүхэл бүтэн системийн тухай бүтээл.

Нью-Йорк хотын төвөөс зайдуу орших Маттонтаунд жүжигчин Бетте Дэвис өөрийн 11 настай ач хүү Ашли Хайманы хамтаар "Family Reunion" кинонд тоглож байх үе. 1981.03.25

Франц найруулагч Анри Вернёй “L’ennemi publique nº 1” киноныхоо зураг авалтыг хийхийн тулд Нью-Йорк хотод найман өдрийг өнгөрүүлжээ. Фернандель, Николь Мори нар НҮБ-ийн байрны гадаа зогсож буй нь. 1953.06.11 

"For Love of Ivy" киноны анхны болзооны хэсгийг бичиж буй үйл явц. Сидней Пуатье, Эбби Линкольн нарыг та энэ зургаас харж байна. Томпсон, Блийкер гудамж 1967.10.11

“Where Were You When the Lights Went Out?" киноны зураг авалт шөнө дундаас үүр цайх хүртэл үргэлжилж буй байдал. Франд Сентрал Терминал. 1967.08.04

“La Mortadella” киноны хэсгийг 1-р Фронт гудамжинд байрлах байшингийн дээвэр дээр хийж байна. Бруклинд байрлах уг байшин одоо Грималдигийн пиццаны газар болон хувирсан. 1971.07.13

Эдгээр гэрэл зургууд киног бүхэлд нь бодит амьдралд авчирч чадсан тэр бүх энгийн ажилчдын нөр их хөдөлмөр, хөлс хүчийг танд мэдрүүлнэ. Кино камер бодит биет зүйлс болох барилга, гудамж, замын тэмдгүүдийг тэр дор нь уран зөгнөлийн ертөнц рүү хувиргаж чаддаг. Камер чухам зөгнөл төсөөлөл, бодит байдлын голоор дурангаа тусгадаг. Гэхдээ энд эгэл нандин чанар ч бий. Кино одод хэзээд кино од л байдаг. Тэднийг зургийн талбайд чухал царайлан байх, нүүр зүсээ янзлуулан суух, зургийн дундуур хайнгадуухан тамхилахдаа ч тэд нэг л хүн байдаг.

Тэдний төрөхөөс заяасан хээнцэр оршихуй нь үгээр илэрхийлшгүй. Гэхдээ чи юу мэдэрч буйгаа мэддэг. Үгээр илэрхийлж чадахгүй байгаа ч гэсэн чи дотроо үнэн мөн чанарыг нь мэдэрдэг.

Хот ч гэсэн яг тийм л байдаг.

c.2019 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.09 192.82.66.25

newyork yvj uzmeer bn. baahan baishin l baidag gej duulsan ch goy baih aa. Gertee gantsaaraag uzmeer baina

0 Хариулах