Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

The New York Times | Коби Брайнтын агуу бөгөөд ээдрээт замнал


Марк Штейн / The New York Times

Ахлах сургуулиас мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцөд ямар ч саадгүй орж, Лос Анжелес Лейкерс багт 20 жилийн гялалзсан карьерыг үргэлжлүүлэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг гэдгээ тунхаглаж чадсан Коби Брайнт Ням гарагт Лос Анжелес хотын хойд хэсэгт нисдэг тэрэгтэйгээ сүйдэж, хамт явсан найман хүний хамт амь үрэгдлээ. Тэр 41 настай байв.

Эхнэр Ванесса, Брайнт хоёрын дундаас төрсөн дөрвөн охины хоёрдахь нь 13 настай Жианна Брайнт эцгийн хамт осолдов. Тэд Калифорнийн Орэнж каунти дахь гэрээсээ 30 бээрийн зайд, хойд Лос Анжелесын Таусанд Оэкс руу нисэж явсан юм. Өсөж яваа од гэгдэж байсан Жианна тухайн өдрийн үдээс хойш аавынхаа Мамба спорт академи дээр тоглох тэмцээний хуваарьтай байж. Тэдний багийг Коби Брайнт дасгалжуулж байв.

Брайнтын нас барсан тухай мэдээлэл Үндэсний сагсан бөмбөгийн ассоциацийг доргиолоо. Арга ч үгүй юм, учир нь энд түүний Лэйкэрсийг таван удаа аваргын цомд хүргэж, нэг тоглолтод 81 оноо авахыг үзэж өссөн тамирчид л дүүрэн байна шүү дээ. Дундаршгүй өөртөө итгэх итгэлээр жигүүрлэсэн өсвөр насны хүү 1996 онд 17-хон настайдаа NBA драфтын 13 дахь сонголтоор лигт орсон цагаасаа эхлээд л гайхалтай тамирчин болохоо таниулсан онцгой нэгэн байлаа.

NBA-гийн тоглогч асан Жое Брайнтын хүү Коби Брайнт анх Лэйкерст биш Шарлотт Хорнетс багт драфтаар сонгогдсон ч Лэйкерсийнхэн түүнийг Владе Дивацаар солих зөвшилцөл хийснээр Лос Анжелест ирсэн юм. Тэр домогт Майкл Жорданы амжилтыг эвдэх амбицаа нуулгүй, хичээл зүтгэлтэйгээр тоглож эхэллээ.

Түүнээс хойших 20 улиралд Брайнт 18 удаа Бүх оддын тоглолтод сонгогдож, 2008 онд улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж, цаашлаад хоёр удаагийн аваргын цувралын үнэ цэнэтэй тоглогч цолыг таван удаагийн аваргын цомтой хамт гардсан юм. Энэ зуур, 2003 онд тэр бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон нь олон хүний түүнд хандах хандлагыг өөрчилсөн ч сагсан бөмбөгийн фенүүд дунд, тэр дундаа түүний тоглож ирсэн цорын ганц баг болох Лэйкерсийн бэлгэдэл болохынхоо хувьд Лос Анжелесчуудын дунд нэр хүндтэй хэвээр үлдэж билээ. 

Брайнтыг Лэйкерсийн тоглогч болгох солилцоог хийсэн гол хүн нь тухайн үеийн багийн менежер Жерри Уэст байлаа. Учир нь, тэр Кобигийн аймшиггүй дайчин зан төрх, гоц авьяасыг анх хармагцаа л таньсан гэдэг. Брайнт Пенсилвани мужийн Филаделфи хотоос жаахан зайдуу, Ардмор дахь Лоуер Мерионы ахлах сургуулийн сурагч байхдаа Лэйкерс багийн драфтын өмнөх бэлтгэлийн шалгаруулалтад оролцож, тухайн үеийн багийн туслах дасгалжуулагч 40 настай Майкл Куперын эсрэг хэд хэд тоглож шалгуулж байж. Ахлах сургуулиасаа шууд NBA-д орж ирсэн тоглогч цөөхөн төрсний анхных нь Коби байлаа. Тус бэлтгэлийг ажиглаж зогссон Жерри Уэст Лэйкерсийнхэнд хандан “Тэр хүү манай багт буй хэн хүнээс илүүтэй сайн тоглож байна” хэмээн хэлсэн нь Брайнтын ур чадварыг шагшсан алдарт эшлэлүүдийн нэг болон үлдсэн юм. 

Уэстийн урьдчилан харснаар Брайнт үнэхээр л Лэйкерсийг алдрын оргилд хүрэхэд тусалсан билээ. Энэ замд өгсөх уруудах даваа нугачаа олон байсан. Тэр алдарт Шакил О’Нилын хамт багаа 1999-2000, 2000-01, 2001-02 онуудад гурван удаа аваргат хүргэсэн бол дараа нь 2008-09, 2009-10 онуудад багийнхаа цор ганц тулах цэг нь болж зүтгэсээр аваргын цол авч чадсан билээ. Ганцаараа бөмбөг эзэмшлээ, эсвэл оновчгүй шидэлт гүйцэтгэлээ гэж шүүмжлэх хүмүүсийг үл анзаарах чадвартай, Жордантай өрсөлдөх асар эрмэлзэлтэй Брайнт орчин цагийн мэргэжлийн спорт дахь сонирхолтой ‘савангийн дууриудын’ хамгийн тэсвэр хатуужилтай, анхаарал татсан гол дүр байж.

2016 оны дөрөвдүгээр сард тэр сүүлчийн тоглолтоо Юта Жазз багийн эсрэг хийж, мартагдашгүй сайхан үдэлтийн тоглолт үзүүлэн, 60 оноо авч, зодог тайлсан билээ. Энэ үед тэр сагсан бөмбөгт аль хэдийн дахин давтагдашгүй хувь нэмэр, өв дурсамжаа үлдээсэн нь Лэйкерс баг түүний тус бүр 10 жил өмссөн 8 болон 24 дугаартай өмсгөлийг нь мөнхлөн залахад хүргэжээ. Тэр шөнө Голден Стэйт Уорриорс аваргын цомоо хамгаалан, Мемфис Гриззлис багийг хожиж, тус улиралд 73 хожил, 9 хожигдолтойгоор рекорд тогтоосон түүхэн тоглолт хийсэн авч бүх хүний анхаарал зөвхөн Коби Брайнтын зодог тайлах тоглолтод тусаж, түүнийг цаг үеийнхээ хамгийн тод гялалзах од гэдгийг баталж билээ. 

Брайнтыг наймдугаар сарын сүүлээр Найсмитын сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхлөх тухай ярьж байна. Тэр карьерынхаа туршид 33 мянга 643 оноо авснаар NBA-гийн онооны тэргүүлэгчид болох Карим Абдул Жаббар, Карл Малоне нарын араас гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бөгөөд өнгөрсөн Бямба гарагт Филаделфид Леброн Жеймс оноогоороо түүнийг гүйцсэнээр дөрөвт бичигдэх болсон. 

Брайнт тэр орой буюу осол болохоос 15 цагийн өмнө твиттертээ Жеймст баяр хүргэж “Амжилтаа ахиулаад байгаарай Хаан Жеймс. Хүндэтгэж явдаг шүү дүү минь.” хэмээн жиргэсэн юм.

Тэр өсвөр насны хөвгүүн байхаасаа онооны жагсаалтад байр урагшилж, эрчтэй өсөж байлаа. Түүний шазруун занг ажигласан  О’Нил “showboat” буюу “өөрийгөө тунхаглагч” хэмээн хочилсон нь үнэндээ магтаал биш шүүмж байсан юм. Тухайн үеийн багийнхан нь залуу тоглогчийнхоо амбицыг хазаарлах гэж оролддог байсны дээр О’Нилын хувьд өөрийгөө багийн гол, тэргүүн тоглогч гэдгээ харуулах гэж хичээдэг байв. 

Гэвч Брайнт хэзээ ч бусдын нөлөөнд автаж байсангүй. Тэр хэд хэдэн амжилтгүй Плэй Офф-ын дараа, дөрөв дэх улирлын тоглолтоос эхлэн жинхэнэ аварга шиг сайн тоглосон нь Фил Жэксоны удирдлагад, О’Нилтой гар нийлсний  үр дүн байлаа. 

Брайнтыг NBA-д тоглосон эхний хоёр улиралд дасгалжуулагч нь байсан Дел Харрис “Коби огт зугаа цэнгэл хөөцөлддөггүй байсан. Хамаг анхаарал нь зөвхөн шилдэг тоглогч болоход төвлөрч, Жордантай өрсөлдөхүйц сайн тамирчин болохыг хүсэж, гол зорилгоо болгосон байсан” хэмээн 2017 оны 12 дугаар сард Нью Йорк Таймсд ярьж байж. Тэрээр үргэлжлүүлэн “Хүмүүс түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд тун ойрхон байж дээ гэцгээх магад. Миний хувьд бол тэр мөрөөдлөө бараг бүгдийг биелүүлсэн” гэжээ.

2006 оны нэгдүгээр сард Брайнт Торонто Рапторс багийн эсрэг хийсэн тоглолтонд 81 оноо авч нэг тоглолтод авсан оноогоороо лигийн түүхэнд Уилт Чамберлейны 1962 онд авсан 100 онооны араас хоёр дугаарт бичигдэх тамирчин болов. Хэдий тэр ийм гайхалтай амжилттай тамирчин байсан ч түүний нэр хүнд амжилт шигээ өндөр, амьдрал нь дардан байгаагүй. 

Тэр 2003 онд Колорадо зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан 19 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж, санаатай бэлгийн халдлага үйлдсэн хэргийн яллагдагчаар татагдав. Гэхдээ шүүхийн шатанд хохирогч эмэгтэй яллагдагчийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Брайнт энэ бүхний дараа олон нийтэд хандан уучлал гуйж, тухайн үед өөрөө харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаа үүсгэсэн гэж бодсон ч тэр эмэгтэйн хувьд өөр байсныг мэдээгүй, хожим нь ойлгосон болохоо ярьжээ. Ийнхүү тус хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн юм. 

Брайнт карьерынхаа сүүлийн жилүүдэд “Өөрийгөө тунхаглагч” байхаа больж, Хар Мамба хочтой болсон билээ. Заримдаа “Вино” буюу “Дарс” хэмээн хочлуулдаг байсан нь наслах тусмаа амт чанар нь чангардаг энэхүү ундаатай зүйрлэснийх. Спортод түүний нэрийг алдаршуулсан бас нэг зүйл нь бэртэлтэй үедээ ч тоглолтоосоо явдаггүй гайхалтай тамирчин байв. Түүний тоглолтыг завсарлуулсан цорын ганц гэмтэл нь 2012-13 оны улиралд авсан Ахиллессын шөрмөсийн гэмтэл байжээ. Шөрмөс нь тасарч, ноцтой гэмтээд байхад тэр чангахан боогоод талбайд гарна гэж зүтгэж байсан тухай Лэйкерсийн дасгалжуулагч Гарри Витти хожим ярьсан байдаг. 

Брайнтын сагсан бөмбөгийн карьерыг анхааралтай ажиглаж судалсан хүмүүс түүнийг зодог тайлаад хэрхэх бол хэмээн зовнингуй байсан ч талбайгаас явснаасаа хойш удалгүй уран бүтээлчийн авьяасаа таниулж, өөрийн бичиж, өгүүлсэн “Хүндэт сагсан бөмбөг минь” хэмээх богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Академийн шагнал авсан билээ. 

Мөн охин Жианнагийн сагсан бөмбөгийн авьяас сонирхлыг дэмжихийн хажуугаар үе үе охинтойгоо NBA-д зочилдог байв. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 29-нд Стэйплс ордонд болсон Лэйкерс, Далласын тоглолтыг охинтойгоо нүүрний эгнээнээс үзэж, тоглолтын дараа Мавериксын залуу Словени од Лука Донжичтой зургаа авахуулжээ. 

Брайнтын бага насны шүтээн, Лэйкерсийн хамгаалан тоглогч асан Мэжик Жонсон “Миний анд нөхөр, домогт тамирчин, сайн аав, сайхан хань, Оскарын шагналт бас Лэйкерсийн хамгийн агуу тоглогч нэгэн биднээс явлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хүнд байна” хэмээн жиргэсэн юм. 

c.2020 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.