Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | Нэрээ нууцлан түүхээ хуваалцах шинэ тайтгарал


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ. 

Бид зуны саруудад түр хугацаагаар завсарласны дараа "The New York Times Licensing Group"-тэй дахин хамтран ажиллаж, уншигчдадаа хүргэж байсан дэлхийн шилдэг нийтлэлүүдийг үргэлжлүүлэн хүргэхээр боллоо. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


Devi Lockwood / The New York Times

“The Strangers Project”-ийн хүрээнд урлагийн бүтээл хэмээн тооцогдож болох энгийн хүмүүсийн гараар бичсэн эгэлгүй түүхүүд галерей болоод гудамжаар дүүрэн.

"Fountain House Gallery"-д гарсан "The Strangers Project Year 10 Show" үзэсгэлэнгийн зочин.

Гар бичмэлүүд үгүй болоогүй. Тамын гал тогооны “Fountain House Gallery”-д өнгөрөгч пүрэв гарагт ханаар дүүрэн хувцасны өлгүүрт байрлуулан тогтоосон 800 гар бичмэлийг 70 хүн уншиж, гайхшран байхтай би таарав. Эгнээ болгонд байрлуулсан түүхүүдийг дагуулан жижигхэн гэрлүүд өлгөсөн нь чамин. Хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүс энэ мэт түүхүүдийг уншихаар саатаж байх:

Амьдрал яг л цэлцэгнүүр шиг санагдаж байна. Юм бүхэн барьцгүй, хайш яайш, бас тодорхойгүй.

Би трансжендер байж магадгүй юм. Олж мэдэх гэж хичээж л явна.

Анх удаа нэгэн охиныг үнсэхэд тэр надад өөрийгөө үнэндээ стрэйт гэдгийг хэлсэн.
Анх удаа нэгэн хөвгүүнийг үнсэхэд тэр надаас холдож модны ард бөөлжиж эхэлсэн. Би үнэхээр азгүй охин юм. 

Харин хэсэг хүмүүс нэгэн булангийн “L” хэлбэртэй сандал дээр бөөгнөрөн сууж гартаа бал, цаас бариад өөрсдийн түүхийг “The Strangers Project Year 10 Show”-д зориулан бичнэ. Тэр болгон нь тун удахгүй Брүүклин дэх нэгэн байшинд хадгалагдаж буй 50,000 түүхтэй нэгдэн хадгалагдах юм.

Уг төслийг санаачлагч Брандон Доман хот болгоноос хүмүүсийн гараар бичсэн түүхүүдийг 10 жилийн турш цуглуулж байв. Түүний хамгийн дуртай цэг нь Нью-Йорк хотын Вашингтоны талбай. Үйл явц нь маш энгийн. Ноён Доман “Таны түүх юу вэ” гэх бичигтэй самбарыг 20 хавтас, хоосон цааснуудын хамтаар бариад зогсож байх юм. Хүмүүс бичихээр зогсдог. Бас хэн ч нэрээ дурдахгүй. Маш олон хүн өмнөх түүхүүдийг уншихаар тэмүүлдэг нь гарцаагүй.

Тэр энэ ажлаа “The Strangers Project” хэмээн нэрийдсэн бөгөөд 30,000 гаруй дагагчтай Инстаграм дээрээ долоо хоног болгон түүхүүдийг хуваалцдаг байна. Доман эдгээр түүхүүдийг 2015 онд "Харпер Коллинз" хэвлэлийн компанитай хамтран ном болгон хэвлүүлж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. “The Strangers Project” бол гарцаагүй Инстаграмын эриний урлаг - үл таних олон нийтийн орон зайг ойр дотно байдалд хувиргагч.

Жижигхэн цаасан дээр өөрсдийн хүслийг бичиж модны мөчирт өлгөх зорилготой Ёко Оногийн “Хүслийн мод”-ыг санагдуулам. 

2005 онд Френк Уоррены эхлүүлж байсан “PostSecret” буюу өөрсдийн нууцыг нэрээ нууцлан бичиж илгээдэг төслийн нэгээхэн хэсэг ч бас харагдана. Ханна Бренчер гэх бүсгүй 2011 онд “More Love Letters” буюу яг хэрэгтэй байгаа хүнд нь танихгүй хүмүүс захиа бичдэг төслийг мөн хэрэгжүүлж байв. Жилл Кубит, Триша Шрум нар 2015 онд “Dear Tomorrow Project” буюу цаг уурын өөрчлөлтөд ямар нэгэн байдлаар нөлөөлөх зорилготойгоор ирээдүйдээ зориулж захиа бичих төслийг мөн эхлүүлж байсан.


Энэ дөрвөн төсөл бүгд онлайнаар дамжин явагдсан бол ноён Доман уламжлалт арга барилыг илүүд үздэг нэгэн. Бүх түүхүүдийг тэр дороо сууж гараараа бичих нь л энэ төслийн гол зүйл.

Нэгэн ярилцлагын үеэр хүмүүс түүхээ араас нь бичиж илгээх боломжтой болбол яах вэ гэхэд ноён Доман “Тэгэх юм бол бүх зүйлээ засварлаж, хадгалж, дахин өөрчилдөг сонин эсвэл сэтгүүлийн бичвэр шиг болно” хэмээжээ. Тэр ийм зүйлийг хүсээгүй. 

“Хүмүүс төсөөлөөгүй байх үедээ л өөрийн жинхэнэ түүхийг үнэнээр өгүүлж чадна байх.”

Түүний сонсдог хамгийн түгээмэл зүйл нь: “Үүнийг бичих үнэхээр ямар их хэрэгтэй байсныг та төсөөлөхгүй дээ. Баярлалаа.” 

Өөрийн түүхийг бичиж, бас бусдын түүхийг унших нь хүмүүсийн хувьд тайвшрал, бүр эдгэрэл болж чадаж байна.

“Гараар бичнэ гэдэг дотоод ажиллагаа юм” хэмээн Вашингтоны их сургуулийн боловсролын коллежийн профессор Виржиниа Бернингер дурдаж байсан. 

“Өөрийн түүхийг бичих нь тухайн хүн өөрийгөө удирдаж сурахад тусалдаг.”

Боловсролын салбарт бие даасан зөвлөхөөр ажилладаг Кэтлин Врайт “Бичсэнээр та аливаа ажил дээр төвлөрч чадна. Компьютерын гар дээр бичихээс өөрийн гараараа бичих нь илүү удаан байдаг шүү дээ. Бас гараар бичих үед юу гэж хэлэхийг зорьж байгаагаа илүү нухацтай боддог” хэмээн гар бичгийн тал дээр өөрийн бодлоо хэлжээ.

Нэгэн удаа ноён Доман гар бичмэлүүд дундаас амиа хорлох захиа гарч ирж байсныг дурслаа. Өөрийн түүх дээр нэрээ бичих боломжгүй учир эргэж тэр хүнтэй холбоо барихыг хүссэн ч чадаагүй байж. Хэд хоногийн дараа нэгэн эмэгтэй харин түүн рүү тэрхүү тэмдэглэлийг бичин үлдээх болсноор амьд үлдсэн тухай мэйл бичсэн байна.

Уг төсөл зөвхөн АНУ гэлтгүй дэлхий даяар хүмүүсийг татсаар. Өнгөрөгч долоодугаар сард Сент-Луист амьдардаг 17 настай Жордан Барр 13 жил найзалсан сайн найзтайгаа цуг Нью-Йоркоор зочилжээ. Тэр 2017 оноос хойш “Strangers Project”-ийг инстаграм дээр дагасан бөгөөд нэгэн орой Вашингтоны талбайд очиж ноён Домантай уулзжээ.

“Би өөрөө зохиолч болохоор намайг энэ бүхэн үргэлж урам зоригоор тэтгэдэг. Би бусад хүнээс суралцах дуртай. Яг л түүний хэлснээр хүн болгонд өөрийн түүх бий.”

“Маш энгийн. Зүгээр л хувцасны өлгүүрийг ашигласан байсан шүү дээ. Гэтэл энэ тухай өмнө нь хэн ч бодоогүй. Энэ бүхнийг харахын төлөө хэчнээн хүн ирж байгаа нь гайхалтай юм даа” гэж тэр ярьсан юм.

Барр хоёр түүх бичжээ. “Нэг нь итгэл найдвараар дүүрэн, нөгөө нь зүгээр л өсвөр насны их тэсрэлт дундуур явж буй миний түүх.”


Яг тэр нэгэн орой Теннесси мужийн сэтгэцийн эмч Кэйт Карусо өсвөр насны охинтойгоо цуг Нью-Йоркоор зочилж явахдаа тэрхүү төслөөр дайрсан юм. Охин нь өөрийн түүхийг бичихийг хүссэн болохоор тэр ч бас эхнэртэйгээ хэрхэн учирсан түүхээ хуваалцахыг хүсжээ.

“Надад үнэхээр таалагдсан. Бид гэрлээд 22 жил болж байна. Их завгүй байдаг болохоор тэр болгон бичээд байх боломж олддоггүй юм. Гэхдээ тэр надад ганц нүүр бичихэд л хангалттай гэж хэлэхэд ‘Тэгж бол амжих байх аа’ л гэж бодсон” гэв.


“Хүмүүс бал цаас аваад өөрийн түүхийг олон нийтийн газар бичихдээ огтхон ч дургүйцэхгүй байгаад гайхаад байх зүйлгүй” хэмээн эмч Виржиниа Бернингер нэмэн өгүүлэв. Нэгэн судалгаанаас харахад хүүхдүүд бусдаас илүү бичих сонирхолтой байдаг бөгөөд ямар нэгэн зүйл бодож олсон л бол түүнийгээ бичихээс дургүйцдэггүй болохыг тэр нэмэн онцолсон юм. 

“Өөрийн бодол мэдрэмжийг бичгээр дамжуулан хуваалцахын тулд та заавал зохиолч байх албагүй шүү дээ.”

Түүхээ гараараа бичин буулгах нь энэ хөшингө, дижитал эринд бүхнийг зөөллөж, “амьд” болгож болох нэгэн боломж гэдгийг “The Strangers Project” харуулж байна.

Өөрийн түүхийг гараар буулгаж эсвэл бусдын түүхийг уншихаар жаахан ч болтугай цаг гаргах нь биднийг арай илүү “хүн” болгох юм. 

c.2019 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зул 2019.09.11 79.122.109.90

Үнэхээр гоё санаа... Өөртэйгөө ярилцах, бусдын чин сэтгэл, дурсамж, бодрол, нууцыг мэдэх боломжтой,,, бас бусдын алдаанаас суралцах, үлгэр жишээ авах, урам зориг авч болох юм.

0 Хариулах