Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Нобелийн Шагналтныг Тойрсон Дуулиан

Бид урлагийг идеологиос, уран бүтээлчийг улс төрөөс ялгаж харах чадвараа алдсаар байгаа цаг үед амьдарч байна.


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд гэхчлэн сонирхолтой, өгөөжтэй бичвэрүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ.


Брет Стивенс / The New York Times 

Шүтэн бишрэгчийн хувьд бичсэн анхны захиагаа би “Danny, the Champion of the World” номын зохиолч Роалд Дальд илгээж байлаа. Зохиолчоо яг хаана амьдардгийг мэдэхгүй болохоор дугтуйн дэрээ “Роалд Дальд, Англи улс” гэж хаяглаад, нэмэлт шуудангийн марк нааж байв.

Надад хэзээ ч хариу ирээгүй. 

Олон жил өнгөрсний дараа би Далийг anti-semite буюу еврейчүүдийг үзэн яддаг хүн байсныг мэдсэн. 1983 онд тэрээр, “Еврейчүүдийн зан чанарт нэг тийм өшөө хорсол өдөөсөн тал байдаг, магадгүй энэ нь еврей биш хүмүүст төдийлөн өгөөмөр ханддаггүйтэй нь холбоотой байх” гэж хэлж байсан бөгөөд “Хитлер шиг хог новш хүртэл тэднийг ямар ч шалтгаангүйгээр зүгээр нэг сонгоогүй” гэжээ.

Энэ бол жигшмээр үзэл. Гэхдээ англи хэл дээрх хамгийн сайн хүүхдийн уран зохиол гэж маргаангүй хэлэгдэх Далийн номуудыг би хэзээ ч тавиураасаа авч хаяхгүй. Асар бүдүүлэг үзэл бодолтой хүмүүс ч гэсэн мундаг зохиолчид байж болно. Өөрийнхөө л санал нийлэх ёс суртахуун болон улс төрийн итгэл үнэмшилтэй зохиолчдоор өөрсдийн утга зохиолын сонголтоо хязгаарладаг хүмүүс ямар ч сонголтгүй үлдэнэ гэдэг бараг баталгаатай. 

Өнгөрсөн сард Австрийн үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч Петер Хандкед энэ жилийн утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг гардуулсан нь олны шуугиан дагуулсныг харвал дээрх нь бас бодууштай зүйл юм. АНУ дахь Германы элчин сайд асан Волфганг Ищингер энэхүү сонголтыг "Ичгүүртэй!" гэв. PEN America мэдэгдэхдээ “Олон нийт дэх нөлөөгөө түүхийн үнэнийг гуйвуулах мөн хоморголон устгах гэмт хэргийн буруутнуудыг ил тод өмөөрөхөд ашигласан зохиолчийг сонгосон явдал нь гайхшруулж байна” гэжээ. The New York Times сонинд Босни гаралтай Америкийн зохиолч Александер Хемон "Хандкегийн улс төрийн үзэл бодол урлагийн ажлыг нь ямар ч маргаангүйгээр хүчингүй болгосон” гэж бичжээ.

Хандкегийн улс төрийн үзэл үнэхээр л ичгүүртэй. Тэрээр 1990-ээд онд, Балканы дайны үед Сербийн талын үйл ажиллагааг хамгаалснаараа улс төрийн хувьд зартай нэгэн болсон ба Сербийн дайны гэмт хэргүүдийн талаарх баримтуудаас бултахаас авахуулаад бараг үгүйсгэхдээ тултал хамгаалж байсан гэдэг. Мөн 2006 онд тэдгээр гэмт хэрэгт нь үндсэндээ буруутай Сербийн дарангуйлагч Слобадан Милошевичийн оршуулга дээр түүнийг магтан дуулсан байдаг. 1995 онд Сребреница хотод алагдсан мусульман хүмүүсийн цогцосны талаар асуухад Хандке: "Та нар тэр цогцоснуудаа бөгсөндөө чих" гэж хариулж байсан удаатай.

Бас нөгөөтээгүүр, Хэрвээ Хандкегийн үзэл бодлууд доромжлох, уурлуулах зорилготой, зарим талаараа үнэхээр тийм байсан ч гэсэн нэг үнэн гэвэл тэр бусдыг уурлуулахдаа үнэхээр мэргэшсэн хүн юм. Түүний хамгийн эхний бүтээлүүдийн нэг нь “Үзэгчдээ Доромжлохуй” гэдэг нэртэй жүжиг байдаг. Үүнээс гадна дараагийн бүтээлүүд нь (хамгийн алдартай нь “The Goalie’s Anxiety at the Penalty Kick”, хожим найруулагч Wim Wenders дэлгэцийн бүтээл болгосон) түүнийг Сербийн тухай хэнээрхлээс нь бүр өмнө Европын хамгийн алдартай зохиолчдын нэг болгоод байсан юм. Түүнээс өмнөх бусад уран бүтээлчдийн адил, Колетт шиг, Хандке дуулиан шуугианыг алдар нэр, алдар нэрийг дуулиан болгож хувиргажээ.

Хандке бусад зохиолчидтой, тодруулбал Нобелийн шагналтнуудтай аймшигтай улс төрийн үнэлэмжтэй гэдгээрээ мөн төсөөтэй. Британийн жүжгийн зохиолч, талийгаач Харольд Пинтер (Нобелийн 2005 оны шагналтан) Милошевичийг хамгаалахдаа арай ч Хандке шиг махруу байгаагүй аж. 1999 оны шагналтан Гюнтер Грасс хоёр Германыг нэгтгэхийг эсэргүүцдэг байсан ба амьдралынхаа ихэнх хугацааг нутаг нэгтнүүдээ өмнөх Нацист түүхтэйгээ нүүр тулж чадахгүй байгааг зэмлэж өнгөрүүлсэн авч өөрөө амьдралынхаа төгсгөлд л Waffen SS -ийн цэрэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 1998 оны шагналтан Португалийн Хосе Сарамаго зөрүүд, хатуу чиг шугамтай зүүний үзэлтэн байсан ба сонины эрхлэгч байхдаа Коммунист Намын эгнээнд нэгдээгүй сэтгүүчдийг зайлуулж, адлаж байсан. 1982 оны шагналтан Габриэль Гарсиа Маркес Кубын дарангуйлагч Фидел Кастротой дотны найзууд байв. 1964 оны шагналтан Жан-Пол Сартр 1954 онд Зөвлөлт Холбоот Улсад айлчилж, “шүүмжлэл авдаг бүрэн эрх чөлөө” -нийх нь төлөө магтаж байв.

Урьдах эдгээр жишээнүүд байх атал яагаад Хандке Нобель авсанд үзүүлэх реакц тархи хатгуулж өвдөм байна вэ?

Хариултын нэг хэсэг нь мэдээж Хандке фашист үзэлтэн гэж харагддагт бий (хэдийгээр түүний бүрэн улс төрийн үзэл баримтлал бараг тодорхой биш ч гэсэн). Харин Пинтер, Грасс болон бусад нь бүгд зүүний үзлийн хүмүүс байсан. Тэднийг дарангуйлагчтай дэр нэгтгэсэн ч тэр дор нь уучилж болно. Ядаж л бусад зүүнтнүүд нь идеализмаас хэтэрсэн зүйл гээд өмгөөлнө. Сарамагог 2010 онд нас барсны дараа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахад онцгойлон зориулагдсан байгууллага болох PEN America Сарамагогийн цензурдэгч түүхийг нь нэг ч дурдалгүйгээр түүнд зусар хүндэтгэл үзүүлж байв.

Гэхдээ хариултын нөгөө хэсэг нь бас л бид урлагийг идеологиос, уран бүтээлчийг улс төрөөс ялгаж харах чадвараа алдсаар байгаа цаг үед амьдарч байгаатай холбоотой. Өнгөрсөн Мягмар гаригт Хандке хэвлэлийнхэнд гомдоллохдоо: “Би цэцэрлэгийнхээ хаалган дээр 50 сэтгүүлчтэй хамт зогсож байна. ...Тэгээд тэд нар бүгд л чамтай адилхан асуулт асуудаг, над дээр ирсэн ганц ч хүнээс миний бичсэн уран бүтээлүүдийн аль нэгийг нь уншсан гэж сонссонгүй” гэжээ. Нэг талаараа түүний зөв, тэр Нобелийн Энхтайвны шагнал эсвэл өөр бусад хүмүүнлэгийн шагнал хүртээгүй шүү дээ. Түүний урлагийн бүтээлүүдийг зөвхөн урлагийн, уран сайхны шалгуураар нь л шүүж үнэлэх хэрэгтэй.

Өөр сонголт байгаа гэж үү? Урлагийн үндсэн үүрэг нь нийгэм улс төрийн сургаал байх ёстой эсвэл ёс суртахууныг дээшлүүлэх үүрэгтэй гэж боддог хүмүүс социалист реализм эсвэл шашны догма маягийн зүйлтэй л болж дуусна. Мөн урлагийн үнэ цэнэ бүтээгчийнх нь ёс суртахууны болон улс төрийн итгэл үнэмшлээс шалтгаална гэж үздэг хүмүүс эцэст нь бүх урлагийн бүтээлийг хогийн сав руу хаяхад хүрнэ, учир нь хамгийн авангард уран бүтээлчид ч тухайн цаг үеийнхээ боол нь байдаг.

Миний хувьд бол би Хандкегийн ганц хоёр номыг тавиуртаа нэмэхээр зэхэж байна, ядахдаа улс төртэй холбоогүй номнуудыг нь. Тэднийгээ Пинтер, Сарамаго, Грасс, мөн мэдээж Даль гэсэн зохиолчидтой хамт байршуулж, энэ хүмүүст үргэлж талархаж байх болно, ялангуяа эдгээр уран бүтээлчид улс төрийг уран бүтээлийн онгод болгож яваагүй болохоор тэр.

c.2019 The New York Times Company

Орчуулсан Б.Баттогтох 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2