Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | Сэтгэл гутралтай хийсэн Дипика Падуконийн тэмцэл

2014 онд энэтхэгийн жүжигчин дипика падуконе сэтгэл гутралтай хэмээн оношлогджээ. Тэрбээр өдгөө сэтгэцийн өвчний талаар энэтхэгт тогтсон олон нийтийн бурангуй хандлагыг засахаар тэмцэж байна


Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг Нью-Йорк Таймсын Монгол дахь хамтрагч “Гэрэг” сэтгүүл нь тус сонинтой хамтарсан гурав дахь дугаар болох “Turning Points-2020”-ийг эрхлэн гаргаж байна. Энэ дугаарт бизнесмэн Жэк Ма, зохиолч Саяака Мурата, нэрт найруулагч Даррэн Аронофски тэргүүтэй авторууд 2020 оны өнгө төрхийг зурагласнаас Болливудын жүжигчин Дийпика Падуконийн нийтлэлийг хүргэж байна.

Орчуулсан Ж.Тэгшзаяа

Та сэтгүүл захиалах бол энд дараарай.



2014 ОНД ЭНЭТХЭГИЙН ЖҮЖИГЧИН ДИПИКА ПАДУКОНЕ СЭТГЭЛ ГУТРАЛТАЙ ХЭМЭЭН ОНОШЛОГДЖЭЭ. ТЭРБЭЭР ӨДГӨӨ СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ТАЛААР ЭНЭТХЭГТ ТОГТСОН ОЛОН НИЙТИЙН БУРАНГУЙ ХАНДЛАГЫГ ЗАСАХААР ТЭМЦЭЖ БАЙНА.

Огт санаандгүй байхад энэ бүхэн эхэлсэн. Гэнэт л би шаналж, уйлж суух чимээгүй буланг сэтгэлийнхээ мухраас эрдэг боллоо.

Нэг удаа киноны зураг авалттай байсан үе. Дууны хэсгийн зураг авалт болохоор кино багийнхны маань эрч хүч дээд цэгтээ тулсан байлаа. Хэн хүнгүй л цовоо цолгиун, баяр хөөртэй. Би тийм олон хүний дунд байгаа хэр нь л ганцаардаад байв. Тэгээд хувцас солих чиргүүл рүүгээ гүйж очоод дотроос нь түгжиж аваад угаалгын өрөөндөө ганцаараа баахан уйлж суусан.

Болливудын жүжигчнээр ажиллаж буй эл хугацаандаа би цоглог шоучин охиноос эхлээд үзэсгэлэнт хатан, уй гунигт автсан бэлэвсэн эхнэр гээд түмэн янзын дүрд тогложээ. Харин бодит амьдрал дээрх ганц дүр л намайг үндсээр нь өөрчилж орхисон юм: сэтгэл гутралаар шаналж буй эмэгтэй. Нөхцөл байдлаа ухамсарлах нь эдгэрэх үйл явцад зайлшгүй шаардагдах эхний алхам байлаа.

2014 оноос эхний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Хоёр сарын дундуур өдөржин ажилласан урт өдрийн дараа би гэнэт л ухаан алдсан. Маргааш өглөө нь харин ходоод учиргүй хонхолзож сэрээд асгартал уйлмаар болсон.

Өнгөн талаасаа тэр бол амьдралын маань хамгийн гайхалтай үе байлаа. Мартагдашгүй дүр бүтээсэн кинонууд маань дөрвөн одын үнэлгээ авч, гэр бүл маань намайг чадлаараа дэмжиж, хожим нөхөр маань болсон эртэй болздог байсан үе. Сэтгэл гутралд автах ямар ч шалтгаан байгаагүй. Гэвч шалтгаангүй хэр нь л тийм зүйл болсон юм.

Цаг ямагт ядарч туйлдан гуньж гутна. Намайг сэргээх гэж  хэн нэг нь цоглог дуу тавих аваас байдлыг улам дордуулахаас хэтрэхгүй. Өдөр бүр нойрноос сэрнэ гэдэг л хамгийн том сорилт байлаа. Байнга унтаж байхыг л хүснэ. Унтаж байхдаа бодит байдалтай нуур тулах шаардлагагүй болохоор тэр.

Өөрийнхөө яачихаад байгааг мэдэхгүй би хэдэн сарын турш дотроо чимээгүй л шаналсан. Би тийм олон хүн буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар бол 300 гаруй сая хүн надтай ижил зовлон туулж байгааг тэгэхэд хараахан мэдээгүй байлаа.

Тэгэхэд эцэг эх маань Мумбайн гэрт маань зочилж ирээд байсан үе. Аав, ээжийнхээ дэргэд би юу ч болоогүй царай гаргаж байлаа. Харин тэднийгээ онгоцны буудал явахаар ачаа бараагаа баглаж эхлэхэд л тэсэлгүй цурхиртал уйлж орхисон.

Ээж маань надаас юу болсныг шалгаахад надад хэлэх үг олдоогүй. Ажил төрөл чинь зүгээр үү, найз залуутайгаа хэвийн харилцаатай байгаа юу гэж асуухад нь би гагцхүү толгой л сэгсэрч байлаа. Ээж намайг хэсэг ажиглаж байснаа “Дипика, чамд мэргэжлийн тусламж хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Клиник сэтгэл гуртал гэдэг оношийг сэтгэлзүйч тавьсан. Байдгаараа цөхөрчихсөн байсан би “Та клиник сэтгэл гутралтай болжээ” гэж эмчийг хэлэхэд яагаад ч юм тайвшираад явчихсан. Эцэст нь ядаж нэг хүн намайг юу туулж буйг ойлголоо. Яачихаад байгаагаа мэдэхгүй байх нь хамгийн том сорилт байсан. Оношлуулсан цагаас л миний эдгэрэл явагдаж эхэлсэн гэж болно.

Өөртөө хийсэн хамгийн сайн үйл бол нөхцөл байдлаа шударгаар хүлээн авсан явдал. Би сөрж тэмцээгүй. Эмч надад эм бичиж өгч, амьдралын хэв маягаа өөрчилж, сайн унтаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, оюун санаагаа сэрүүн тунгалаг байхыг зөвлөсөн. Энэ үйл явцад би өөрөө өөрийгөө илүү гүнзгий таньж мэдсэн.

Эдгэрэх явцдаа би нөхцөл байдлаа эргэцүүлж тунгаахтайгаа болов. Энэ өвчний талаар яагаад би огт мэдээгүй байдаг билээ? Ээжээс өөр хүмүүс өвчний шинж тэмдгийг яагаад огт анзаараагүй юм бол? Яагаад би өөрийн мэдрэмжээ илэрхийлэхдээ тийм хойрго, хөшүүн хандсан юм бол? Энэ асуултууд намайг сэтгэл гутралаа ил зарлах шийдвэрт хүргэсэн юм. Сэтгэцийн өвчнөөр шаналж буй нэг ч гэсэн хүн миний түүхийг уншаад ганцаараа биш гэдгээ мэдэх аваас надад хангалттай.

Би өөрийн багтайгаа Энэтхэгт аль болох олон хүнд хүрэхийг хичээх болсон. Бид Энэтхэгийн "Times" сэтгүүлд ярилцлага өгч, үндэсний телевизийн сувгаар ч гарсан. Тэр бол 2015 он.

Ингэхдээ би киноны дүрээ юм уу, бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглох эрхээ алдах зэрэг үр дагаварт хүрч болохыг огт тооцоолоогүй. Гагцхүү шударга байж өөрийнхөө түүхээ бусадтай хуваалцахыг л хүссэн. Мэдээж намайг цөөн ч гэсэн хүмүүс сайшааж байсан. Олны анхаарлыг татах гэсэн башир арга гэж муулах хүмүүс ч байсан. Эмийн компаниас мөнгө авсан гэж хардах хүмүүс ч гарсан. Гол нь миний түүхийг сонсох ижил асуудалтай хүмүүст л нөлөөлж чадвал тэр бүхэн надад огт хамаагүй байлаа.

Азаар намайг дэмжих хүн чамгүй гарсан. Миний туулсан бүхэн олон хүний хувьд ижил зовлон байсан болохоор тэр биз.

Үдэшлэг, зураг авалтын талбай, спа гээд хаа явсан газар маань хүмүүс надтай сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаг боллоо. Дундын шүүгээнийхээ мухарт нуучихсан байсан нууц гэнэт л ил гаран задрах шиг болсон.

Олон хүнд хүрэх тусмаа ингээд зогсож болохгүйгээ би улам ухаарах болсон. Илүү ихийг хиймээр санагдсан. Тэгээд “Амьдар, Хайрла, Инээ” сангаа байгуулсан түүхтэй.

Хэдий өргөн тархсан ч гэсэн сэтгэцийн өвчин гэдэг Энэтхэгт бол хориотой сэдэв. 2017 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай орны 57 сая хүн сэтгэл гутралаар шаналж буй гэсэн тооцоо бий. 2016 оны Энэтхэгийн Засгийн газрын явуулсан судалгаагаар сэтгэцийн асуудалтай хүмүүсийн 85 хувь нь зохих ёсны тусламж, эмчилгээ авч чаддаггүй болох нь ил болсон. Амиа хорлогчдын тоо өндөр байдаг орны хувьд мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэлзүйчдийн дутмагшилтай хэр нь 1,3 тэрбум хүн амтай гэхээр асуудал үнэхээр сэтгэл зовоох түвшинд хүрсэн.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Амьдар, Хайрла, Инээ” сан олон нийтийн нөлөөллийн ажлаас эхлээд Энэтхэгт тогтсон сэтгэцийн өвчинтэй холбоотой олон нийтийн буруу хандлагыг эерүүлэхээр тасралтгүй ажиллаж байна. Бид олон нийтийн компанит ажил зохион байгуулах, сургуулийн хөтөлбөр, судалгаа явуулах, алслагдсан буйд хот, тосгонд сэтгэцийн эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ажил хийдэг.

Бидний гол зорилго бол хүмүүст илүү сайхан амьдрах боломж буйг сануулах. Тиймээс ч сангаа “Амьдар, Хайрла, Инээ” гэж нэрлэсэн юм. Өвчнөө анагаахын аргаар эдгээх нь чухлын адилаар хүмүүсийн өөрсдөө юу мэдэрч буй дотоод шалтгаан ч мөн чухал. Бид сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүмүүст итгэл найдвар өгөхийг зорьдог, эл зорилгын маань хамгийн том хэсэг нь хүмүүст өөрөө өөртөө энэрэнгүй хандахыг заах юм.

Бид сул дорой, эмзэг, мэдрэмтгий хүмүүс гэдгээ, хоёр үгээр бол амьд, орлуулшгүй хүн гэдгээ өөрсдөдөө сануулж байх учиртай. Эдгэрнэ гэдэг сэтгэлзүйн тэнцвэрээ олохыг хэлнэ. Би хувьдаа өөрийн дотор амар амгалан, ая тухаа цогцлоож чадсан гэж боддог. Надад шударга ханддаг хүмүүсээр хүрээлүүлж, өөрөө өөрийгөө шүүж чичлэхээ больсон.

Сэтгэл гутрал дахихвий гэж айгаагүй өнгөрүүлсэн өдөр гэж үгүй. Гэхдээ л одоо бол миний эл зовлон өөрийн бие болоод оюун санаатайгаа илүү гүнзгий холбогдоход хүргэсэн гэдгийг мэддэг болсон. Би ахиад сэтгэл гутралтайгаа тэмцэх хэрэг гарах аваас тэр үед зоригтой нүүр тулж чадахаар хүчтэй болсон гэдгээ мэдэрдэг.

Захиалах


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
14
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mon 2020.03.18 172.69.252.149

Zgeer l Beyonce bgaz dee. Hair shvv deepika ch. Setgel gutral ch amargui ovchin shvv. Mongol erchvvdiin diilenh huvi bas osvor nasniihanii amia horloltiin gol shaltgaan bolj bgaa. bid ch bas erthen temtseh argaa oloh heregtei. etseg ehchuud setgel gutraliin talaar bolowsroloo nemegduuleh heregtei l gj bodoj bna. Bolowsrolgui etseg ehchuud huuhduudee oorsdiin husleer amidruulah mongo ol gj daramtalsanaas bas uudeltei bh shvv

0 Хариулах


Зочин 2020.02.27 66.181.190.92

Setguul zahialah gesen yumaa. Khan banknii dans bval ogooch. Nomiin delguuruuded bgaa yumuu?

0 Хариулах


Зочин 2020.02.16 202.9.40.106

Би сэтгэл гутралтай. Заримдаа зүгээр л бүхнийг орхиод явчихмаар үхчихмээр санагддаг. Дотроо ямар их шаналж гутарч явдгыг минь хүмүүс ойлгодоггүй. Харин ч атаархаж миний талаар янз бүрийн хов жив яриа гаргадаг, атаархдаг.

0 Хариулах


Зочин 2020.02.16 202.9.46.129

Сэтгэл зүйчид хандах хэрэгтэй байх аа.

0 Хариулах


.gl 2020.02.14 122.201.22.217

Iim saihan emegtei gutrahaar mani met ni yanaa. Yaj amia horlochihgui yavaad bdgiin. Haha

0 Хариулах


Зочин 2021.06.03 5.231.146.201

Сэтгэл гутралд тэр хүн сайхан байна уу амжилттай байна уу хамаагүй. Юунд нь гутарсын, юу дутлаа гэж, дайчин бай гэх мэт үгс маш хол хөндий мэдрэмжгүй харгис үгс

0 Хариулах