Хайх зүйлээ бичнэ үү

28 мин

“Томүжин”-гийн Б.Батжинтай танилц!


Бид Б.Батжингийн үүсгэн байгуулсан “Томүжин” академийн байранд уулзахаар тохиров. “River Garden”-д байрлах оффис нь чимээгүй нам гүм, хоосон өрөөнүүдэд нэг нэг хүн суугаад дэлгэцтэй ярилцаж байгаагаас харахад цахим хичээл орж буй бололтой. Энэ бол бүх нийтийн карентинийн үе, өөр юу хүлээх билээ. 

Доторх засал чимэглэлийн гол хэсэг нь сэтгэлийн үгс бичсэн цааснууд байгаа нь содон харагдана. “Амьдралыг минь өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд тусалсанд баярлалаа”, “Хамгийн шилдэг гэр бүл”, “I love Tomujin” гэх үгс бичсэн жижигхэн шар цааснууд ханаар дүүрэн. Энгийн мэт санагдах эл үгс энд бичигдэхийн тулд энгүй олон үйл явдал ар араасаа тохиож, чухам тэдгээрийн зүй тогтлууд гольдролоороо явсаар энд хүрсэн болохыг ярилцлагын дараа мэдэрсэн билээ.  

Б.Батжингийн аль хүүхэд байхаас нь дотор нь ургасан мөрөөдөл, зан характер, хүүхдийнхээ боловсролын төлөө бүхнээ зориулсан ээж нь, арван жилдээ танилцаж амьдралыг нь өөрчилсөн найз нь, хэцүү сонголтууд, бэрх цаг, бүтэлгүйтлүүд, хувь хүний ялалтууд дээр өнөөдрийн “Томүжин” угсрагдан босчээ. “Хийж бүтээсэн маань хэзээд надаас “том” байх ёстой. Би Батжингийн “Томүжин” биш, “Томүжин”-гийн Батжин гэж дуудуулахыг эрхэмд үзнэ” хэмээн хэлсэн нь одоо тод санагдаж байна. Тиймийн тулд таныг “Томүжин”-гийн Б.Батжинтай танилцуулмаар байна.  


-Яг одоо Монголд төдийгүй, дэлхий даяар коронагаас болж хүмүүсийн ажил амьдралд олон өөрчлөлт гарч байна. Үйлчилгээний газрууд хязгаарлалтад орж, хүмүүс гэрээсээ ажиллаж, сургууль цэцэрлэг үүдээ барилаа. Энэ бүхэн таны ажил амьдралд хэр их нөлөө үзүүлж байна вэ? 

-Өдийд манай “Томүжин”-гийн байранд хүүхдүүд бужигнаад, ганцаарчилсан ярилцлагуудаа аваад завгүй сууж байх байлаа. Харин одоо хичээлүүд онлайнаар ороод, манай байр хов хоосон шахуу л байна. Жаахан эвгүй хэдий ч нөхцөл байдлаас болж ингэхээс аргагүй. 

Нийтээр карентинд орох тухай яриа гарахад бид хоёр долоо хоног цахим хичээлээ боловсруулаад, сургалтуудаа бэлтгээд эхэлсэн. Яагаад гэвэл бидний хувьд цаг алдах хайран байсан, цахим хөгжлийн давуу талууд өмнө маань бэлэн учраас алгуурлах хэрэг байгаагүй. Одоо бол сурагчид болон багш нартайгаа бид Slack-аар харилцаж, түргэн хугацаанд сургалтуудаа цахим болгож, бичлэг болгоныхоо гурван минутад асуултууд шингээгээд явж байна. 

Ямар ч юм сайн, муу хоёр талтай. Цахимаар хичээл орж буй нь манай боловсролын салбарт олон жилийн дараа л туршиж үзэх байсан зүйлийг цаг үеийн шаардлагаар илүү эрт мэдрүүлж байна. Нэг ёсондоо корона биднийг дижитал систем рүү түлхчихлээ гэсэн үг. Ийм байдал үсээгүй бол цахим хичээлийн тухай бид төлөвлөж, бодож, судалж байна гээд маш их цаг алдах байсан болов уу. “Томүжин”-гийн бид эхний хэдэн өдөр программ дээрээ алдсан зүйлс бий боловч зогсоогүй, засаж сайжруулж явсаар хэвийн болсон. Эцэг эхчүүдэд та бүхний мөнгө, цагийг үрмээргүй байгаа учраас цахимаар хичээлээ орно гэж тохироод эхэлсэн. 

Гэрээсээ ажиллах, суралцахаас аргагүй болсон энэ үе бидэнд зайнаас ажиллах, цахимаар ажил төрлийн харилцаагаа амжуулах үнэтэй хичээл болж байна. Slack-ийг бол манайхан одоо маш сайн ашиглаж хэвшсэн. Хэлсэн санаа, үзэл бодол, даалгавар бичигдэн үлдэж, хуралд оролцож амжаагүй нь нөхөж авахад илүү амар, ойлгомжтой гэхчлэн давуу тал их л дээ. Бусдаар бол бидний үндсэн ажилд бараг өөрчлөлт гараагүй. 

-Хувийн амьдрал, гэр бүлийнхэндээ зарцуулах хугацаа болон өөрийн сонирхлоо хөгжүүлэх тал дээр хэр их цаг гаргаж байна вэ?

-Яг хувийн сонирхол, хоббидоо гаргах цагийн хувьд сөргөөр нөлөөлж байгаа. Би өглөө болгон 06.00-08.00 цагийн хооронд фитнест бэлтгэл хийдэг. Сүүлийн хоёр жил гаруй өдөрт 1.30 цаг дасгал хийж, 20 минут саунд орж өглөөг эхэлдэг хэвшилтэй болсон. Одоо тэр маань алдагдаж, фитнест явж чадахгүй байна. Тэр хэмнэлдээ бараг донтчихсон байсан хүний хувьд маш их санаж байна. 

Манайхан гэрээсээ ажиллаж байгаа ч гэсэн, миний хувьд ажил дээрээ ирж очоод л яваа. Саяхан харин долоо хоног гэрээсээ ажиллаж үзсэн. Ажлын дундуур тодорхой цаг зав гардаг шүү дээ. Тэр үед гялс гэр рүүгээ хариад, хүүхдүүдтэйгээ уулзах боломж байхгүй. Харин гэрээсээ ажиллаж байвал ажлын дундуур хүүхдүүдтэйгээ ярилцана, тоглоно, тэдэндээ цаг гаргана. Энэ нь надад их таалагдсан. 

Боловсролд 33:33:33 гэсэн систем байх хэрэгтэй гэж би боддог. Сурагч, багш, эцэг эх нар адилхан 33 хувийн оролцогчид шүү дээ. Гэтэл энэ харьцаа алдагдсан.

-Хэрвээ карентин болоогүй байсан одоо бидний уулзаж байгаа “Томүжин”-гийн оффис ямар байдалтай байх байсан бэ? 

-Өнөөдөр баасан гариг. Хэрвээ карентин болоогүй бол энд байгаа бүх хоосон өрөөнд хичээл орж, workshop-ууд явж байх байсан. Хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдүүд дүүрэн оффист чи ирэх байлаа. Харин одоо манай оффис бараг хоосон, арай “зоригтойнууд” нь ажилдаа ирчихсэн байна. Хэдийгээр анги танхим хоосон байгаа ч гэсэн хичээлийн явц бол алдагдаагүй. Багш нар хичээлээ бичлэгээр болон лайваар зааж, бид шинэ ахлах сургуулийн төслөө явуулж урьдын адил завгүй байгаа. Өдрийн хоолоо хамт идэж, өглөө болгон ажлаараа фитнест явдаг л нь өөрчлөгдсөн. Манай байгууллагын цаг бүртгэж, хурууны хээ уншдаг арга нь фитнесс байсан. 

-Хөл хорионоос үүдэн улс даяараа хүссэн хүсээгүй цахимаар хичээлээ заах шаардлагатай болсон. Энэ бүхэнд эерэг, сөрөг олон тал бий. Магадгүй сайхан туршлага болж байх шиг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Саяхан твиттер дээр багш нарыг сайжруулъя, дэмжье гэсэн утгатай аян явж байхыг харсан. Боловсролын салбар “гоё” сэдэв, хүн болгон маш их ярьдаг болсон. Цөм хөтөлбөр, Кембрижийн боловсрол гэхчлэн олон янзын хөтөлбөр бий болсон ч хоёр зүйлийг анхааралгүй, орхигдуулдаг шиг санагддаг. 

Боловсролд 33:33:33 гэсэн систем байх хэрэгтэй гэж би боддог. Сурагч, багш, эцэг эх нар адилхан 33 хувийн оролцогчид шүү дээ. Гэтэл энэ харьцаа алдагдсан. Яг одоо эцэг эхчүүд теле хичээлийн ачаар анх удаа хүүхдийнхээ үзэж буй хичээлтэй танилцаж байна. Ийм юм үздэг юм уу, багш нар нь ийм юм уу гэхчлэн анх удаа анзаарч байх шиг. Эцэг эхчүүд хичээлийн агуулгыг голж, янз бүрээр санал хэлж байна. Энэ бол сайн хэрэг. Ихэнх ээж аав хүүхдээ зургаан настайд нь сургуульд хөтөлж оруулаад, 12 жилийн дараа уулздаг. Тэр дунд хүүхдийнхээ хичээлд оролцож, анхаарал тавьдаггүй, хааяа нэг багштай уулзахаас өөрөөр хамтардаггүй. Гурван хувьцаа эзэмшигчтэй компани байлаа гэхэд нэг нь огт оролцдоггүй хэрнээ ашиг хүртэх гээд байгаатай адил. 

-Энэ бүхэн дууссаны дараа ч гэсэн цахим хичээлийг авч үлдэх, боловсролын салбарыг дижитал болгох боломж хэр байгаа гэж та харж байна вэ? 

-Монголчууд дижитал системээр сурч болохоор санагддаг. Энэ мэдээж амархан биш, хэцүү. Гэхдээ том том юм ярьж, попорч байснаас хийж эхлэх, оролдож үзэх хэрэгтэй. Бидний хувьд энэ жилийн IX сарын 1-нд ахлах ангийн 250 хүүхэд өргөдлөөр авч, альтернатив ахлах сургууль нээхээр ажиллаж байна. Сурагчдаа өөрсдийн потенциалдаа хүрч, мөрөөдлөө биелүүлэхэд туслах зорилгоор өмнөх програмууддаа маш олон заах болон суралцах аргуудыг туршиж үзэж байсан. Энэхүү туршлагаасаа бид PBL болон Interdisciplinary Learning аргууд хамгийн үр дүнтэй гэдгийг олж мэдсэн. Эдгээр аргууд нь сурагчид өөрсдөө төсөл санаачилж гүйцэтгэх дээр тогтдог бөгөөд өөрийгөө таньж мэдэх, заагдаж буй хичээлийг бүрэн гүйцэд, ахисан түвшинд ойлгоход их үр дүнтэй байдаг. Эдгээр аргуудыг бид ахлах сургуульдаа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хичээл нь ихэвчлэн төсөл төлөвлөлт, гүйцэтгэл байх учраас үүн дээр нэмж дижиталаар хичээлүүдээ бэлтгэхээр шийдсэн билээ. Дижитал хичээлүүд нь төслөө гүйцэтгэхэд шаардлагатай бүх үндсэн ойлголтуудыг өгнө. Харин тэнхимийн хичээлүүд нь төслүүд хийгдэхэд, сурагч өөрийн чадвараа таньж мэдэн хөгжүүлэхэд илүү төвлөрөх болно. Мөн сурагчдынхаа цөөнгүй хувийг 21 аймгаас сонгосон хүүхдүүдээр бүрдүүлэхээр зорьж байна.

-Таныг бага байхад эцэг эх тань өөрийн тань хичээлд яаж оролцдог байсан бэ. Магадгүй хувийн туршлага тань одоо хийж буй ажилд нь их нөлөөлдөг болов уу? 

-Би дундаж айлын хүүхэд. Манайхан боловсролыг их дээдэлдэг хүмүүс. Аав маань цагдаа, ээж их сургууль төгсөөгүй хэдий ч миний хувьд хамгийн супер энтрепренер. 

Өвөө маань манай ээж, аавд гурван өрөө байр авч өгсөн байдаг. Ээж тэр байраа зараад, адилхан гурван өрөө хэрнээ хямд орон сууц олоод зөрүүгээр нь намайг хувийн сургуульд оруулж байсан. Тэгээд гуравдугаар ангидаа гэр бүлээрээ Англи явж хоёр жил, зургаан сар амьдарч, би бага ангиа тэнд дүүргэсэн. Буцаж ирээд “Хобби” сургуульд орсон. Тэр сургуульд би амьдралыг минь өөрчлөхөд үнэтэй хувь оруулсан найзтайгаа таарсан юм. 

Билгүүн намайг IX ангид байхад шилжиж ирсэн. Олимпиадад алтан медаль аваад манай сургуульд элсэх эрх авсан юм билээ. Тэр биеэр жижиг, дуу цөөтэй ер нь л надаас шал эсрэг тэсрэг хэрнээ яагаад ч юм бид хоёр найзалж эхэлсэн. Түүнээс би анх торрентоор кино татахаас эхлээд олон юм сурсан. Нью-Йорк руу хамт мэтгэлцээний тэмцээнд явж, намайг номонд дурлуулсан. Хичээлдээ маш сайн, үнэхээр их мэрийдэг. Найзад маань АНУ-ын том их, дээд сургуулиудаас урилга ирж байсан. Тэгэхэд нэг ангид сурч байсан надад хүртэл АНУ-ын тэр том сургуулиудад элсэх ойрхон, биелэх боломжтой мөрөөдөл мэт санагдаж байлаа. 

Тэр үед би ээждээ Монголд их сургуульд ормооргүй байна, гадагшаа явж сурах бодолтой байгаагаа хэлсэн. "Gap year"-ийн тухай интернэтээс олж мэдээд ахлах сургуулиа төгсөөд шууд их, дээд сургуульд оролгүйгээр нэг жил өнжиж, өөрийгөө бэлдэж, амьдрал үзмээр санагдаж байгаагаа ээждээ хэлсэн. 

-Сургуулиа төгсөөд нэг жил өнжье гэхэд шууд уухайн тас дэмжих эцэг эх ховор шүү дээ. Дэмий тэнэх нь, амьдралаа алдах нь гээд л загнах болов уу...  

-Тэр мэдээж, гэхдээ манай ээж бол тэгээгүй. Ээж маань Gap year гэж юу байдгийг ч мэдэхгүй. Гэсэн хэдий ч “Миний хүү өөрөө зөв гэж бодоод, итгэлтэй байвал тэгээд үз” гэж хэлсэн. Энэ бол хамгийн том итгэл байлаа. Би анх тийм хариу хэлэхэд нь гайхсан. 

Төгсөөд би нэг жил өнжиж, тэр зуураа МҮОНТ-д хэсэг зуур ажиллаж, “Хобби” сургуульдаа буцаж очиж, доод ангийнхныхаа хичээлд хамт суудаг байсан. Номын сандаа орж үзлээ, хамгийн инээдтэй нь сурч байхдаа хэзээ ч орж байгаагүй юм билээ. Шалгалтууддаа бэлдэж, эсээгээ бичих зуураа өмнө нь хийж үзээгүй олон зүйлд цаг гаргасан. 

Ээжийнхээ хувьд хэлэхэд, тийм ч баян цатгалан гэр бүлийн хүн биш хэрнээ хүүхдүүдээ юугаар ч дутаалгүй өсгөж, боловсролд маань их мөнгө зарцуулсныг харахад маш их өндөр IQ-тэй хүн шиг санагддаг. Өөрөө их сургууль төгсөөгүй, дипломгүй байсан болохоор амьдралд нь маш олон зам хаагдаж байсан байх. Тиймээс намайг тийм амьдралыг битгий туулаасай гэж бодсон болов уу. 

Хүнд боловсрол хэрэгтэй, энэ чамд өөрийн үнэ цэнээ дээшлүүлэхэд тусална, үнэ цэнтэй хүн хүссэн зүйлээ хийж сайхан амьдарна гэдгийг маш багаас надад ойлгуулсан. Гэхдээ байнга хичээлээ хий, ингэ тэг гэж үглэдэггүй. Харцаараа, үйл хөдлөл, хандлагаараа надад ойлгуулдаг байсан. Би их зөрүүд, хурц характертай хүн л дээ. Хэрэв ээж намайг хичээлээ хий гэж загнах, байнга гэрийн даалгаварт оролцдог байсан бол надад шиг зөрүүд хүн яг эсрэгээр нь л хийх байсан болов уу. Ээж надад итгэдэг нь хамгийн том дэмжлэг байсан. 

Би их сургуульд шууд элсэлгүй нэг жил өнжье, Gap year авч өөрийгөө бэлдье гэхэд юу ч хэлэлгүйгээр надад итгэснээс би маш их урам авч, өөрийгөө дайчлан зүтгэсэн. Тэр итгэлийг би тултал нь ашигласан. Одоо бодохоор давруу ч юм шиг санагддаг. Шалгалтдаа бэлдэж, сайн төвлөрмөөр байна гээд гэрийнхнийгээ хоёр сар хөдөө явуулж байлаа. 16-тай хүүхдийн энэ хүсэлтийг хүртэл ёсоор болгоод, надад итгэж дэмжсэнийг бодохоор одоо ч баярламаар болдог. Би тийм эрх, эсвэл хүссэн болгоноо нэхдэг хүүхэд байгаагүй юм шүү. Гэрийнхнийхээ юу чадах, бидэнд ямар боломж байгааг сайн мэддэг байсан учраас тодорхой мөчүүдэд боломжтой зүйлс л хүсдэг байсан. 

Анзаараад байхад олон эцэг эх хүүхдүүддээ итгэл өгдөггүй, зөвхөн шаардлага тавьдаг. Хүн чамд итгэхгүй байх үнэхээр хэцүү. Итгэл гэдэг маш чухал. Эцэг эхчүүд хүүхдэдээ заавал өөрийн хүссэнийг тулгах нь маш буруу. Хүүхэд өөрөө хүссэнээ л бий болгодог. Ийм ухагдахууныг манай ээж суулгаж өгсөн юм шиг санагддаг.

-Gap year авсан тэр жилдээ эргэлзэж байсан тохиолдол бий юу. Тэгэхэд Монголд энэ ойлголт шинэ байсан, үеийнхнээсээ хоцроод ч байгаа юм шиг мэдрэмж төрж байв уу? 

-Тэр үед азаар инстаграм стори байгаагүй дээ (инээв). Би чадна, хийх ёстой, хүссэн сургуульдаа элсэн орох нь тийм ч тэнгэрийн мөрөөдөл биш гээд л зүтгэсэн. Эргэлзэж суусан үе бараг үгүй дээ. Билгүүн найз маань надад их тусалж, эсээ өргөдөл дээр маань зөвлөгөө өгч байсан. Хэрвээ найз маань байгаагүй бол би харин чадахгүй байсан болов уу. Яг одоогийн энэ үед байсан бол ч бас хэцүү. Сатаарах юм ихтэй, дээр нь сошиал медиагаас болж амьдралыг уралдаан мэт харах, бусдын дор орсон, хоцорч байгаа мэдрэмж их тээг болох байсан байх. 

-Ахлах сургуулиа төгсөнө гэдэг хүний амьдралын хамгийн чухал үе шатуудын нэг, мэргэжлээ зөв сонговол насан туршийн амьдралын баталгаа болно гэдгийг хүүхдүүдэд яаж ойлгуулдаг вэ? 

-Таны хэлж байгаатай би санал нийлдэггүй. Ялангуяа яг энэ цаг үед бүр санал нийлэхгүй. Манай аав, ээжийн үед их сургуулиа төгссөний дараа улсаас хуваарилсан тогтвортой ажилд очих нь  ойлгомжтой байдаг байсан. Харин одоо бол өөр. Мэргэжил байнга өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнө арван хурууны бичээч гэдэг мэргэжил байсан бол одоо байхгүй. Олон мэргэжил арчигдсан, хүмүүс тодорхой чадваруудыг өөрсдөө эзэмшиж, тэр хэрээр олон талын мэдлэг, мэдээлэл, ур чадвартай болж байна. Тэгэхээр бид хүүхдүүдэд мэргэжил сонгох талаар яаран зөвлөхөөс илүү чиний дотор юу байгаа вэ гэдгийг нээн илрүүлэх нь эхлээд чухал. 

Тухайн хүүхдийн дотор юу байна вэ, юу түүнийг хөдөлгөөд байгаа вэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой юм шиг санагддаг. Жишээ нь, би Англид байхдаа сургуулийнхаа хөлбөмбөгийн багт зүтгэж байж орсон. Үнэхээр хөлбөмбөгт дуртайдаа биш, Монголоос огт танихгүй газар, танихгүй хүрээлэлд очсон жаахан хүүхэд ганцаардахгүйн тулд, хамт олонтой байх дуртайдаа орсон байдаг. Тэнд байхдаа мөн би ойр хавийн хүмүүсээ үргэлж хөгжүүлэхийг хүсдэг гэдгээ ойлгосон. Багаасаа л бусдад зааж зааварлах дуртай, түүнээсээ болж олон удаа таагүй байдалд орж байсан ч дотоод юм нь өөрчлөгдөөгүй. Би хөлбөмбөгчин болоогүй. Гэхдээ бөмбөг хөөгөөд явж байхад хүртэл дотор байсан тэр чанар маань одоо ч миний дотор бий. 

-Энэ бүхнийг танайд ирж байгаа хүүхдүүд болон эцэг эхчүүдэд ойлгуулахад хэцүү байдаг уу? Тэд юу гэж хүлээж авдаг вэ? 

-Бидний хувьд сургалтын төлбөрөө төлсөн хүүхэд болгоныг элсүүлж, анги танхимаа дүүргэдэггүй. Урт хугацааны үе шат бүхий өргөдлөөр элсэлт авдаг учраас яг санал нийлсэн, зорилго үзэл бодолтой нь таарсан хүүхдүүд л орж ирдэг. Эцэг эхтэй ч бид ярилцдаг, хүүхдийнхээ боловсрол ирээдүйг юу гэж харж байгааг сонсох нь нэг шалгуур. Зөвхөн ээж ааваасаа болоод элсэж чадаагүй хүүхдүүд ч бий. Яагаад гэвэл сургууль, эцэг эх, сурагч гурвуул нэг цэг дээр огтолцож байж бидний ажил цааш явна. 

Бид АНУ-ын тэтгэлэгтэй, топ 60 сургуульд орох зорилготой хүүхдүүдтэй ажилладаг. Шууд л Харвард, Колумбиагийн сургуульд орноо гэсэн том зорилготой хүүхдүүд ирнэ. Эхлээд бид нэг бүрчлэн ярилцдаг. “Чи хэн бэ”, “Өглөө хэдэн цагт босдог вэ”, “Ямар кино үздэг вэ” гэхчлэн энгийн зүйлс асуухаар тэд их гайхдаг. Тэгж зөөлөн эхлээд, хүүхдүүдээс хэрвээ чи “Харвардад ормоор байгаа бол миний мэдэхийн лав ийм зүйл хийдэг” гэж хөнгөхөн эхэлдэг. Мэдээж хүссэн хүн бүр Харвардад орж чадахгүй. Гэхдээ тэр хүүхдүүд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг. Харвардад орж чадаагүй ч гэсэн дараагийн эрэмбийн сургуулиадад орох хэмжээнд бэлтгэгддэг. Энэ бол сайн үзүүлэлт. 

Томүжин академийн гадаад зорилго нь дэлхийн топ их сургуулиудад монгол хүүхдүүдийг бэлтгэж оруулах. Харин дотоод зорилго бол мөрөөдөлтэй, тархитай, зүрхтэй, санаачлагатай, нийгэмдээ тустай зүйл хийхийг хүсдэг хүмүүсийг бэлтгэх. Тэр нь тийм сүржин биш, заавал мянган мод тарих албагүй ч эргэн тойрондоо байгаа зургаан хүнд нөлөөлж чадах, тэдэнд мэдлэг чадвараа хуваалцаж, илүү сайн болоход нь тусалдаг тийм л хүмүүс бий болгох. Ийм хүүхдүүдийг олж, нээж, сургаж дараа нь тэднийг дэмжих АНУ-ын их сургуулиудыг бид хайдаг. 

Америкийн сургуулиудын бизнес модель өөр. Тэд сургалтын төлбөрөөс ашиг олдоггүй. Харин ч олон хүүхдийг тэтгэлэгтэй сургаад алдагдалтай байдаг. Тэтгэлэг авлаа гэхэд чиний хоёр талын онгоцны тийзнээс эхлээд сургалтын төлбөр, байр, хоолыг хүртэл даана. Харин тэнд сурсан, төгссөн хүмүүс амжилттай явж байж тэд мөнгөө босгодог. Тийм болохоор л Америкийн сургуулиуд хүүхдүүдийг бусад орны сургуулиас өөр шалгуураар авдаг. 

Нийт манай хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 40 хувийн санхүүжилтийг “Томүжин сан” бүрэн даасан. Би энэ санг байгуулна гэж 2015 оноос хойш бодсон. Сүүлийн таван жилд 530 гаруй сая төгрөгийг бид өөрсдөөсөө өгсөн байна. Боломжгүй айлын 138 хүүхдийг топ их сургуулиудад оруулсан байна. Одоо манай сурагчдын 50 орчим хувь нь улсын сургуулийн хүүхдүүд. 

Мэдээж хүссэн хүн бүр Харвардад орж чадахгүй. Гэхдээ тэр хүүхдүүд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг. Харвардад орж чадаагүй ч гэсэн дараагийн эрэмбийн сургуулиадад орох хэмжээнд бэлтгэгддэг. Энэ бол сайн үзүүлэлт.

-“Томүжин”-г байгуулъя гэсэн санаа яаж төрж байсан бэ. Эхний үеүд мэдээж амаргүй, хүнд хэцүү байсан болов уу. 

-2011 оноос хойш би багшлах гэж оролдож эхэлсэн. Зуныхаа амралтаар Монгол ирээд тэр үед BEST гээд сургалтын төвд дадлагын ажил хийж байлаа. Мөн “Зориг сан”-гийн хөтөлбөрт сонгогдсон хүүхдүүдтэй хамт Найрамдал руу 10 хоногийн сургалт орж байсан. Тэгэхэд дөнгөж 18 настай, одоо нарийн ширийн зүйлсийг санадаггүй ч гэсэн надад их гоё, тухтай, миний хийж чадах, болмоор зүйл шиг санагдсан. Миний доторх сонирхол, хүсэл мөрөөдөлтэй ойр байсан гэх үү дээ. 

Буцаад сургуульдаа явсны дараа миний фэйсбүүкээр нэг хүүхдэд зурвас бичсэн. Тийм ч урт биш, богинохон тэр зурваст “Тантай ярилцсан 15 минут миний амьдралыг өөрчлөхөд нэмэр болсон шүү” гэсэн өгүүлбэр байсан. Энэ үг надад гоё санагдаж, дотроо бодоод л явсан. Тэр цагаас хойш Монголдоо ирэхдээ дандаа залуучуудтай холбоотой мэдээлэл түгээх, арга хэмжээнүүд зохиох ажилд сайн дураараа оролцдог болсон. 

Тэгээд 2014 онд өвлийн амралтаараа Монголд ирээд А.Хулан гээд найзтайгаа уулзахад “Томүжин академи”-ийг үүсгэн байгуулах талаар ярилцаад хамтрахаар болсон. Хийж болмоор, хэрэгтэй санаа байсан учраас би зөвшөөрч, 2015 оны нэгдүгээр сард АНУ руу очиж сургуулиа дуусгах зуураа хүүхдийн өргөдлийг цахимаар уншаад л, бизнес санаагаа ярилцаад, ажилдаа оролцож эхэлсэн. “Томүжин академи” надад анхнаасаа сургалтын төв шиг санагдаагүй, сургалтын төв үү гэхээр нь бараг уурладаг байлаа (инээв). Яагаад гэвэл манай үйл ажиллагаа, модель өөр байсан. 2015 оны есдүгээр сард Монголд буугаад л маргаашнаас нь “Томүжин”-гийн ажилдаа гар бие оролцож эхлэсэн. А.Хулан гадагшаа явахаар болж, бас бус олон шалтгаанаар оролцохоо больж, үндсэндээ ганцаараа авч явахаас аргагүй болсон.  

-Ганцаараа үлдээд, санаа зорилгоо бодит болгох үйл явц хэр байв? 

-Миний хувьд АНУ-д Виллямс либерал артс коллежийг төгсөөд, Норт-Адамс хотын гарааны бизнесийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаад эхэлсэн байсан. Тэр үед эхнэр маань дөнгөж төрчихсөн, гэр бүл хайртай хүмүүсээсээ хол тавгүй, сэтгэл санааны хувьд ч таагүй байгааг харах хэцүү байсан. Тэгээд л тэндэх карьераа хаяж, эхнэр хүүхдээ аваад эдийн засаг нь унасан, утаатай хэдий ч боломжоор дүүрэн Монголдоо ирж байлаа.

13-р хорооллын нэг байрны подволоос анх эхэлсэн. 170 м/кв байрандаа 20-хон сурагчтай. Баахан эзэнгүй анги, хоосон өрөөнүүд. Анх бид TOEFL-ийн сургалт явуулдаг байлаа. Гэвч надад сургалт явуулж буй систем нь буруу санагдаад өөрчлөх хэрэгтэй гэж үзээд өөрчилсөн. TOEFL-ийн шалгалт өгөхөөс арван хоногийн өмнөх сургалт санал болгосон. Өдөр болгон гурав, нийт 30 цагийн сургалтын дараа 45 оноотой хүүхэд 85 болж өсч байсан. Үр дүнгүүд үнэхээр сайн гарсан. Давхар бид SAT зааж эхэлсэн. Тэгэхэд нэг юм анзаараагдсан л даа. Төлбөрөө төлсөн хэрнээ хүсэлгүй, хичээл зүтгэлгүй хүмүүстэй ажиллах их хэцүү байсан. 

Тэгээд ерөөсөө хүсэлгүй хэрнээ төлбөрөө төлсөн хүнтэй ажиллахгүй байя, заавал өргөдөл авч, эсээ бичүүлж байж элсэлт авъя гэсэн дээр хатуу тогтсон. Дөнгөж эхэлж байгаа жижигхэн компани төлбөр дээр нэмж заавал өргөдөл авч элсүүлнэ гэхээр хэцүү, олон л асуудал гарч байлаа. Үнэхээр чин хүсэлтэй, зүтгэлтэй хэрнээ төлбөрөө төлж чадахгүй хүүхдүүд ч олон байсан. Тэр үед нэг анги ердөө 12 хүүхэдтэй, тэдний 30 хувь нь төлбөрийн чадамжгүй хүүхдүүд сонгоно. Ямар ч хэцүү зүйл тохиосон энэ зарчим өөрчлөгдөхгүй шүү гэсэн дүрэмтэй. Мэдээж амар байгаагүй, түрээсийн зардал, хүмүүсийн цалин тавих гээд л хамаатнуудаасаа зээл тавьж санхүүгийн асуудлаа шийдэж байсан үе ч бий. Гэхдээ анхны зорилгодоо үнэнч хэвээр байсан учраас аяндаа л бүх зүйл бүтэж, одоо бид өдий хүрсэн байна. Олон ч найз нөхдийнхөө тусламжийг авсан, тэдний хамтын хүчээр боссон. 

Хүсэлтэй зорилготой хүүхдүүдтэй ажиллахаар хичээл заахад ч урамтай, үр дүн сайн гараад ирэхээр манайхыг зорих хүмүүсийн тоо ч нэмэгдсэн. “Томүжин”-г өдий зэрэгтэй явахад үнэтэй хувь нэмэр үзүүлсэн Бадруун ах маань шинээр нээж буй “CLUB coworking”-доо биднийг оруулж, хэрэггүй том өрөөнүүдээсээ гарч, тийш нүүсэн. Тэнд бид хөл дээрээ боссон, “CLUB coworking” бол Томүжингийн түүхийн салшгүй том хэсэг гэж одоо ч боддог. “Summer school” цогц хөтөлбөрөө эхлүүлж, АНУ-ын топ их сургуулиудад тэнцсэн анхны хүүхдүүд гарч ирж байсан үе. 

 “Summer school” амжилттай болсон учраас хавар, намар, өвлийн гээд бүх улиралд цогц хөтөлбөрөө гаргаж, тус тусдаа байсан хөтөлбөрүүдээ нэгтгэсэн. Сүүлийн дөрвөн жил энэ моделиор үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэгтэй бүх хичээл, сургалтуудыг нь багтаасан хөтөлбөртөө нэг хүүхэдтэй 60-70 цаг ганцаарчилан тулж харилцахаар үр дүн их сайн гардаг. Хүүхэд бүрийн сонирхол, онцлог өөр учраас 30 хүүхэд нэг дор суулгаад нэг л юм ярих биш, тус тусыг онцлогт нь тааруулж зөвлөгөө өгдөг. Энэ сургалтаас маань Монголд анх удаа улсын сургуулийн хүүхэд Харвардын баклаварын хөтөлбөрт орсон. 

Сургууль цэцэрлэг бол хүүхдийг амьдралд бэлтгэдэг газар. Зургаан настайдаа сургуульд ороод 18 хүрээд төгсөхдөө угтах амьдралын бүхий л сорилтод бэлтгэгдсэн байх учиртай.

Манайхан TOEFL, SAT өндөр оноотой өгчихвөл л хүссэн сургуульдаа орчихно гэсэн буруу бодолтой байдаг. Гэтэл Америкийн топ сургуулиуд дүн биш характер хардаг. Харвард тооны хичээл дээр 100 авсан хүүхдийг биш характер л хайдаг. 

-Яагаад “Томүжин” сургууль байгуулахаар болов? 

-Манайд сурч буй хүүхдүүдийн туйлын хүсэл мөрөөдөл заавал Америкийн топ их сургуулиудын нэгд орох биш. Тийм байх албагүй. Бид өөрийн амьдралыг өөрөө авч явдаг, өөртөө итгэдэг, ямар ч мэргэжил сонгосон түүндээ аз жаргалтай байх тийм хүмүүсийг бэлтгэхийг хүсдэг. 

Сургууль цэцэрлэг бол хүүхдийг амьдралд бэлтгэдэг газар. Зургаан настайдаа сургуульд ороод 18 хүрээд төгсөхдөө угтах амьдралын бүхий л сорилтод бэлтгэгдсэн байх учиртай. Гэвч тийм биш, бодит амьдрал дээр хэзээ ч хэрэглэгдэхгүй онол, томьёо цээжлэхэд хамаг цагаа зарцуулж, эсрэгээрээ зорилго, хүсэл тэмүүлэл, доторх галыг нь асаахыг хэн ч зааж сургаагүй тийм хүүхдүүд хэдэн мянгаараа төгсөж байна. Хүүхдүүдэд багаар ажиллах, бусдыг ойлгох, өөрийгөө ойлгуулах хичээл ордоггүй. Нэг ч удаа хүүхдээс чиний мөрөөдөл юу вэ гэж асуудаггүй. 

Тийм учраас бид төгссөний дараа нь ажиллах биш, 10, 11, 12-р ангийн хүүхдүүдтэй өөрсдөө ажиллаж үзье гээд ахлах сургуулиа нээхээр болсон. Онолын мэдлэгээс гадна өөрийгөө мэддэг, өөрийгөө таньсан хүүхдүүдийг бэлдэнэ. Тэр бүхэнд нь тусална, чиглүүлнэ. Өөрийн бурууг мэддэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, олон хүнтэй харилцаж чаддаг, Youtube ухаад хэрэгтэй чадвараа өөрөө олоод эзэмшдэг хүүхдүүдийг бий болгомоор байна. Тийм хүүхэд сэтгүүлч болохыг хүсвэл болно, тогооч, тамирчин, эдийн засагч гээд ямар ч мэргэжил эзэмшсэн чадна, түүгээрээ аз жаргалтай, өөртөө итгэлтэй амьдарч чадна. Энэ л бидний зорилго. 

Ер нь амьдрал дээр амжилттай яваа хүмүүс бол дуртай юмаа хийсэн хүмүүс л байдаг. Хүн бүгдийг нь хийж үзэж байж дуртай юмаа олдог. Дуртай юмаа хийж байгаа хүн жаргалтай байдаг. Миний хүүхэд аз жаргалтай сэтгэл хангалуун байгаасай гэж л ээж, аавууд хүсэхээс биш өндөр цалинтай хэрнээ ажилдаа дургүй, стресстэй, бухимдалтай хүн болж хувирахыг зөвшөөрөхгүй шүү дээ. “Netflix”-ийн “American Crime Story: The Assassination of Gianni Versace” киног үзэж байхад Жанни Версаче хувцас загварын тухай ярьж байгаа нь яг л дурласан хүн шиг автмаар байсныг анзаарсан. Хийж буйдаа бүх сэтгэл зүрхээ гаргадаг нь мэдрэгдэж байсан. Үүн шиг гуталчин, цэцэгчин, засварчин ч гоё мэргэжил. Хэрэв чи үнэн зүрхнээсээ сонгосон бол… 

 -Бэлтгэл ажил нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Бид багш нарын багаа бүрдүүлээд явж байна, хөтөлбөр, бизнес моделио гаргаад, хөрөнгө оруулагч нараа ч олсон. Хамгийн анхны хөрөнгө оруулагч гэвэл “APEX Capital”. “Томүжин академи” ТББ-аар,“Tomujin Schools" мааньХХК-аар явна. Бид Монголын анхны social enterprise үүсгэнэ гэсэн том зорилготой байгаа. 

Манай ахлах сургуулийн сурагчдийн 40 хувь нь үнэгүй сурах ёстой гэсэн зарчимаа барина. Манай боловсролын сангаас тэнцсэн өргөдөлтэй хүүхдүүдийг санхүүжүүлэх болно. Тиймдээ ч бид энэ боломжийг дан ганц Улаанбаатар хотын хүүхдүүд гэлтгүй 21 аймгийн хүүхдүүдэд олгож байгаа.

Хэрвээ карантин болоогүй байсан бол өдийд эцэг эхчүүдийн сургалтаа явуулж байх байсан. Манай хөтөлбөр дөрвөн шаттай өргөдөл хүлээж авдгийн дөрөв дэх нь эцэг эхтэй хийх ярилцлага байдаг. Дээр хэлсэнчлэн ээж аавын зорилго, бидний зорилготой нийлэхгүй бол бид тухайн хүүхдийг сургаж чадахгүй. 

-“Томүжин” сургууль алтернатив сургууль гэгдэж байгаа. Чухам юугаараа өөр вэ? 

Хүн шинэ юм сурахад орчин их чухал юм байна л даа. Чи 45 минутын зайтай физик, математик, монгол хэл, шугам зураг үзээд дараа нь түүнийгээ ойлгох нь амаргүй байдаг. Үүний эсрэгээр хэрэв чиний дөрвөн найз шар айраг уудаг бол чи уушийн газар ороод шар айраг захиалах магадлал өндөр. Чиний дөрвөн найз фитнесст явдаг бол чи ч гэсэн фитнесст явдаг, үгүй юмаа гэхэд оролдож үзсэн байх магадлал өндөр. “Томүжин” дээр яг ижил зорилготой, яг ижил мэдлэг, чадвар, зүтгэлтэй хүүхдүүдийн дунд ороод ирэхээр өөрийн эрхгүй дунд нь ороод хичээгээд эхэлнэ. 

Бид физик, математик, химийн хичээлүүдийг бодит практик дээр хольж заана. Амьдрал дээр тохиодог ситуаци дээр түшиглэн хичээлээ орно. Төсөл дээр ажиллах зуураа бүх талын мэдлэгийг олж авна. Жишээ нь, приус машины мотор угсрах төсөл байлаа гэхэд хоосон цааснаас эхлээд судалгаа явуулна, "Google"-ээс бүтцийг нь судална, мэдээж англиар тайлбарууд нь гарч ирэх учир монгол руу түүнийг хөрвүүлнэ, мотор яаж ажилладаг гэдгийг мэдэхийн тулд физик орж ирнэ, зардлын тооцоо гаргахад математик, санхүүгийн мэдлэг тулгарна гэхчлэн явна. Бодит жишээ, бодит кэйс дээр заагаад эхлэхээр хүүхдийн мартах нь бага. 

Арван жилдээ физик дээр онц дүн авсан хэрнээ одоо хүртэл разетка янзалж чаддаггүй хүмүүс бий. Биологи дээр онц дүнтэй хэрнээ дутуу шарсан өндөг идэхээр хүний ходоодонд ямар юм болохыг мэддэггүй. 

Ихэнх сургуулиуд хичээл болгоныг салангид орж ойлголтуудыг нь тусгаарладаг. Гэвч бодит амьдрал дээр болж буй үйл явдал болгон тухайн салгасан ойлголтуудын нэгдэл байдаг бөгөөд шийдэхэд өргөн хүрээний цогц мэдлэг хэрэг болдог. Харин салгаж суралцсанаас болж бид аливаа асуудалд дутуу хандаж, гүйцэд ойлгож чаддаггүй. Бид сурагчдаа эдгээр асуудлыг олон талаас нь харж, өөр өөр чадваруудыг нэгтгэн шийдэж чаддаг нэгэн болгохыг зорьж байгаа. Тийм ч учраас хичээл, төслүүд нь өөр өөр хичээлүүдийг нэгтгэн тодорхой нэгэн үр дүнгийн төлөө хичээллэх болно. Ингэснээрээ сурагчдад тэнхимд олж авсан олон төрлийн мэдлэгээ амьдралд ашиглах, өөрийн болгох, нэгтгэх, мөн өөр өнцгөөс харах нөхцөл бүрдэх бөгөөд аливаа ойлголтыг илүү гүнзгий түвшинд өргөн хүрээтэйгээр суралцах юм. Тиймээс бид хичээлийг салангид заах нь үр дүн муутай хэмээн үзэж, төсөл хэрэгжүүлэхтэйгээ уялдуулан хичээл хоорондын холбоо хамаарал, амьдрал дээрх практикийг сурагчиддаа таниулна хэмээн төлөвлөж байна. 

-Миний хийж байгаа юм ер нь зөв юм байна гэж итгэл өгсөн тэр мөч хэзээ байсан бэ? 

Хүүдхүүд яаж өсөж хөгжиж байгаа нь нүдэн дээр ил байдаг. Тэрийг харах, мэдрэх л хамгийн гоё. Анх дуугүй, даруухан хүүхэд орж ирээд задраад, өөрийгөө илэрхийлдэг болоод, бусадтай харилцаж эхлэхийг харах надад урам зориг өгдөг. Зөв зүйл хийж буйдаа, бодит өөрчлөлт авчирч буйдаа итгэдэг. 

-Өөрийн хувьд хийж буй ажил болоод карьераа цаашид юу гэж хардаг вэ?  

Надаас хамааралгүйгээр оршин тогтнодог бизнес үүсгэхийг хүсдэг. Зөвхөн би л байгаа цагт явдаг, үгүй бол гацдаг биш. “Томүжин”-даа би цаашдын 25 жилээ зарцуулна гэдэг дээрээ хатуу шийдсэн. Тэрний дараа би юу ч хийж магад, шинэ юм руу ч орж мэднэ, эсвэл зүгээр л гэр бүлдээ цаг гаргаад, гэрэл зураг дарах хоббигоо хөөгөөд явж магадгүй. Тэр үед ч гэсэн “Томүжин” явж байх ёстой. Надаас хамааралгүй бие даасан мөртлөө миний бодсон үнэт зүйлийг хадгалаад, цааш хөгжөөд явдаг систем байгаасай гэж хүсэж байна. 

Мөн хийж буйгаасаа би хэзээ ч том байхгүй гэж боддог. Батжингийн “Томүжин” биш, “Томүжин”-гийн Батжин гэж хэлүүлэхийг би хүснэ. Энэ систем үргэлж надаас том байх ёстой. 

 -Ээж нь амьдралын тань олон чухал шийдвэрт нөлөөлж байсан нь анзаарагдаж байна. Одоо хүү нь бизнесээ өргөжүүлж, бүр сургууль байгуулахаар зорьж байгааг хараад юу гэж хэлж байна вэ? 

-Миний хамгийн том эмзэглэлүүдийн нэгийг чи асуулаа. Би дундаж гэр бүлийн хүүхэд. Айлын том нь, дороо хоёр дүүтэй. Ээж аав маань хоёр дүүгийн боловсролд анхаарч АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. 50 гарсан ээж маань хоёр ч ажил зэрэг хийж буй. Угтаа бол тэгүүлэх ёсгүй юм шиг санагддаг. Сүүлд би ээж рүүгээ “Хүү нь удахгүй дуртай юмаа эхлүүлээд, таныг энэ их ажлаас чинь чөлөөлнө өө” гэж мессеж бичсэн (уйлав). 

Ээж маань хэзээд адилхан юмаа л хэлсэн. “Хүүдээ итгэдэг шүү” гэж...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
1
36
0
0
1
0
4

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.09 172.69.252.137

Шал худлаа гадаад явж сурах гэсэн хүсэлтэй хүүхпүүпийн мөнгөөр тоглодог газар.

1 Хариулах


Зочин 2020.05.22 172.68.254.81

Business-oriented

0 Хариулах


Зочин 2020.04.14 172.69.252.151

Амжилт хүсье.!!!

0 Хариулах


Zochin 2020.04.11 172.69.252.149

Uneheer mundag zaluu shuu, hiisen ajiluudiig ni mednee, minii huud lav mash tom uurchlult avchirsan hun. Bayarlaj yavdag shu Batjind!

0 Хариулах


Urtna 2020.04.10 172.69.33.78

Yag minii haidag inspirational hun. Ergen toirnoosoo haidag zuiliig min dotroos olohiig zaaj ugsund bayarlalaa.

0 Хариулах


Zochin 2020.04.09 162.158.178.238

Xudlaa zaluudoo

9 Хариулах


Эцэг Эх 2020.04.08 172.69.252.149

Хүүхдээ их зѳв хүмүүжүүлжээ. Үнэхээр их бахархаж байна. Сургуульд нь хүүхдээ ѳгѳх талаар бодож байна. Амжилт хүсье Батжин!

0 Хариулах


Н.Бат-Эрдэнэ 2020.04.07 172.69.54.186

Батжин шиг 100 залуу гараад ирвэл 3.2 сая хүнийг чирээд л явна. Дээр дурдсан дүн биш характер хайдаг гэдэг нь чухал санаа. Одоо цагт +А дүнтэй мөртлөө улс орны ирээдүйг баллах алуурчид ихэссэн. Үүнийг л характер, төлөвшил засаж чадна. Өөр юу ч биш. Танд баяр хүргэмээр байна. Болдогсон бол Өргөн олон Монголчууд, төр засаг дэмжээд сургууль байгуулалцаж (Ид-шидийн орон адил) менежментийг нь Томүжин шиг чадварлаг багт өгмөөр байна. Хайран сайхан Монгол хүүхдүүдийн ирээдүйг чадваргүй нөхдүүд үгүй хийж байна. Нэг ч гэсэн гэрэл асаж буйд туйлын баярлаж байна. Амжилт хүсье. Итгэл, үнэмшил, хүсэл, зорилгодоо үнэнч, хэзээ ч битий няцаарай.

0 Хариулах


Зочин 2020.04.07 172.69.252.149

За ёстой ганц хайж хайж өөлөх юм олсон нь савтай ус битгий ажил дээрээ хэрэглэж байгаарай. ус цэвэршүүлэгч, эсвэл баллонтой ус хэрэглээрэй. эко байя кк

0 Хариулах


уншигч 2020.04.07 172.68.226.119

-Миний хийж байгаа юм ер нь зөв юм байна гэж итгэл өгсөн тэр мөч хэзээ байсан бэ? Хүүдхүүд - гээд typo байна шүү. засах блгүдэ тэ тэгээд бас танай сайтан дээрх бар доороос гарч ирж байгаа shadow маягийн хар саарал сүүдэр шиг юм нь текст уншихад аягүй annoying байгаа болхоор тэрийг нэг эргэж харж үзээрэй! otherwise nice interview :D

0 Хариулах


Zochin 2020.04.07 162.158.119.52

Ymar urt yriltslaga omg. Jaahan bagasgaldaa. Sonirhood harsan ch iim urt yum unshihad jaahan hetsuu bnaaaa

1 Хариулах


Зочин 2020.04.07 172.69.252.137

Stupid

5 Хариулах