UBLife Logo
Newsfeed

Цуврал 2: IELTS-ийн сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ?

Б.Саруул
Б.Саруул
Цуврал 2: IELTS-ийн сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ?

Өнгөрсөн удаагийн нийтлэлээр IELTS шалгалтанд бэлдэхийн өмнө юу анхаарвал зохих талаар мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа сонсох хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн сацуу тус хэсэг хэрхэн өндөр оноо авах талаар зөвлөгөө хүргэх болно.

IELTS шалгалт нийт 4 хэсгээс бүрдэх бөгөөд сонсох буюу Listening хэсэг хамгийн түрүүнд эхэлдэг. Энэхүү хэсэг ойролцоогоор 30 минут үргэлжлэх ба дуусаад нэмэлт 10 минут турш хариултаа бөглөх хугацаа өгдөг. Нийтдээ 40 асуултанд хариулна.

Сонсох хэсэгт олон сонголтоос зөвийг нь сонгох, хооронд нь тааруулах, газрын зураг, диаграмд гарчиг өгөх, хүснэгт болон бусад текстийг бөглөх, тэмдэглэл нөхөж бичих, график, схем зурагт таарах үг болон тоог сонсож бичих, өгөгдсөн сэдвийн талаарх дүгнэлтийг гүйцээх, өгүүлбэрт таарах үгсийг нөхөх, богино хариултын асуултанд хариулж бичих гэх мэт олон төрлийн даалгавар гүйцэтгэх бөгөөд тэр хэмжээгээр шалгуулагчаас ур чадвар шаарддаг.

Cонсох хэсэг нь дотроо дөрвөн дэд хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт өдөр тутмын холбогдол бүхий олон төрлийн энгийн сэдвээр хоёр хүн хоорондоо ярилцах бөгөөд ярьж буй агуулгаас хамаарч сонсогч гэрийн хаяг, утасны дугаар, хүний нэр, үйлчилгээний төрөл, ажил олгогч талын мэдээлэл, цаг хугацаа, он сар өдөр, ажлын туршлага, мөнгөн дэвсгэрт, нас хүйс, хичээл, сургууль гээд байж болох маш олон төрлийн сэдэв бүхий хариултыг сонсож бөглөхийг шаарддаг.

Хоёр дахь хэсэгт эхний хэсгээс арай урт, нэг хүний яриа гарна. Энэхүү яриа нь мөн л өдөр тутмын үйл ажиллагаа, өдөрлөг, хичээлийн төлөвлөлт, даалгавар, төсөл хөтөлбөр зэрэг сэдвийг хамардаг.Гурав дахь хэсэгт олон хүмүүсийг хамарсан хэлэлцүүлэг, харилцан яриа гарна. Тухайлбал, энэ хэсэгт их сургуулийн холбогдол бүхий багш оюутны яриа, хичээл дээрх даалгаврын тухай, судалгаа, инновацитай холбоотой хэлэлцүүлэг гэх мэт ихэвчлэн судалгаа, сургалт, хичээлтэй холбоотой академик түвшний яриа гарна.

Харин сүүлийн хэсэгт их сургуулийн багш болоод байгууллагын удирдах албан тушаалтны урт хэмжээний лекц гардаг. Сонсох хэсэг нь хялбараас хүнд гэсэн дарааллаар яриануудыг сонсож, даалгавар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, эхний хэсэг хамгийн хялбар сүүлийн хэсэг хамгийн хэцүү гэсэн үг юм.

Яриаг зөвхөн нэг л удаа сонсох боломжтой учир анхаарлаа бүрэн төвлөрүүлж даалгавраа гүйцэтгэхийг шаардана. Иймд шалгалт өгөхөөс өмнө сонсох хэсгийг тогтмол эхнээс нь дуустал маш анхааралтай сонсох, олон дахиж давтаж сонсох дадлага хийх нь зүйтэй. Сонсох явцдаа хариултаа бичиж авах, яриаг сонсохын өмнө богино хугацаанд асуултуулаа гүйлгэж хараад сэдвийн талаар урьдчилан таамаглах нь хугацаандаа багтаж даалгавраа гүйцэтгэхэд чухал үүрэгтэй. Хэрэв сонсож чадалгүй, сонссон ч ойлгоогүй тохиолдолд тухайн сэдэвтэй холбоотой боломжит хувилбарыг таамгаар бичих нь зөв байх магадлалтай байдаг. Шалгалтын үеэр болж өгвөл хариултыг том үгсээр бичих хэрэгтэй бөгөөд жижиг үгсээр бичсэнээс илүү хариулт зөв байх боломж их байдаг.

Хариулт бичихэд бас учир бий. Асуулт биднээс хоёр үг юм уу нэг тоо бичихийг шаарддаг бөгөөд жишээ нь 1450 гэсэн он нэг тоонд тооцогдох, 2,500,450 гэх тоо нэг үгэнд тооцогдох, part-time гэсэн үг нэг үгэнд, tennis glove гэх үг хоёр үгэнд тооцогддог зэргийг мэдэхгүй бол хариултаа мэдсэн ч илүү эсвэл дутуу үг бичиж оноо алдах нь бий. Зарим тохиолдолд буруу article, preposition хүртэл бичсэн байдаг. Энэ тохиолдолд дүрмийн хувьд article эсвэл preposition бичих шаардлагатай эсэхийг сайн бодолцож үзсэний дараа хариултаа бичээрэй.  

Анх удаа шалгалт өгөхөөр зорьж буй хүмүүс шалгалтын талаар хангалттай судалгаа хийж, дор хаяж 10-аас дээш бүтэн тест дээр ажиллаж, туршлагатай болсны дараа шалгалтаа өгвөл өндөр оноо авах магадлал нэмэгдэнэ.

Үүнээс гадна сонсох хэсэгт зөв хариултыг бөглөхдөө үг бич гэсэн байна уу үсэг бич гэж байна уу гэдгийг анхаарах ёстой. Жишээ нь: A. Mirror B. Handbag C. Comb гэсэн хариултуудаас B хувилбар зөв байгаад даалгаврын заавар дээр үсэг бичээрэй гэснийг анзааралгүй Handbag гэж бичвэл буруу хариултанд тооцогдож, оноогоо хасуулна.

IELTS шалгалт шалгуулагчийг яриагаа бүрэн сонсож байгаа эсэхийг шалгахын тулд төөрөгдүүлэх нь элбэг тул хариултаа сонгохдоо тухайн хэсгийн яриаг анхааралтай, дуустал нь сонсоны дараа сонгоорой. Тухайлбал,-Is if fine to reach there at 4 pm?-Yes, 4 pm works great for me. Oh, I have just realised that I have another meeting , could we make it half past instead? гэх мэтээр биднийг төөрөгдүүлдэг. 

Хүмүүс эхний сонсолтоороо 4 цаг гэж ойлгоод уг хариултыг сонгох боловч дараагийн өгүүлбэрт 4 биш 4.30 болж цаг өөрчлөгдсөнийг анзаардаггүй.

Тэгвэл асуултын хариултыг сонсож чадалгүй өнгөрсөн тохиолдолд тухайн хэсгийг алгасаж дараагийн хэсэг рүү ороорой. Үгүй бол дараагийнхаа хариултыг алдаж мэдэх эрсдэлтэй. Хариултаа сонсож чадалгүй өнгөрөөсөн л бол орхиж, дараагийн асуулт руу шилжихийг зөвлөж байна.

Мөн сонсох хэсэгт танаас анхаарлаа төвлөрүүлэх чадварыг маш их шаардана. Хэдхэн секунд анхаарлаа сарниулвал хоёр гурван асуултын хариултыг сонсож чадалгүй өнгөрөөс эрсдэлтэй. Тиймээс шалгалтанд бэлдэх явцдаа анхаарлаа сайжруулах, төвлөрүүлж сурах дасгал болоод дадлага сайтар хийгээрэй.Эцэст нь зөвлөж хэлэхэд, дээр дурьдсан чадваруудыг өөрийн болгохын тулд маш их бэлтгэл, сургуулилт хийж, дасгал ажиллах, ном сурах бичгээс олон төрлийн сэдвийн хүрээнд текст бөглөх  хэрэгтэй. Ингэж байж тест бөглөх өөрийн гэсэн арга барил, техниктэй болох юм.

Анх удаа шалгалт өгөхөөр зорьж буй хүмүүс шалгалтын талаар хангалттай судалгаа хийж, дор хаяж 10-аас дээш бүтэн тест дээр ажиллаж, туршлагатай болсны дараа шалгалтаа өгвөл өндөр оноо авах магадлал нэмэгдэнэ.

Шалгалтанд бэлдэх явцдаа өгөгдсөн текст, өгүүллэг, харилцан яриаг сонсохдоо ойлгоогүй, тодорхой үг, хэллэгийг барьж сонсож чадаагүй хариултыг бүрэн гүйцэд сонсох хүртлээ олон дахин давтажи сонсох нь үр дүнтэй байдаг.

Миний хувьд сонсох даалгаврыг гүйцэтгэхдээ хэсэг бүрийг дуусгаад дор бүр нь хариуг нь тулгаж, алдсан хэсэг байвал ухраан сонсох замаар зөв хариултыг олох хүртлээ бэлтгэл хийдэг байсан нь хүссэн оноондоо хүрэхэд нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог.

Хамгийн гол нь шалгалт өгөхийн өмнө системтэйгээр суралцаж, бусад хүмүүсийн шалгалтад үзүүлсэн амжилтуудыг судлах, арга техникийг бий болгох, даалгавруудыг бүрэн гүйцэтгэдэг болтлоо ахин дахин хийх зэргээр тууштай бэлдэж чадваас амжилт ирэх нь гарцаагүй юм.    

Өсөхбаяр овогтой Рэнцэндорж

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
4
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.